• 2025-05-05

ЖА ЛАМЫГ устгах ажиллагаа

ХХ зуунд Монголчууд Манжийн дарлалаас гарч өөрсдийн тусгаар тогтнолыг зарласан нь дэлхийд тархан суусан монгол туургатнуудын анхаарлыг татаж, улмаар тэдний зарим төлөөлөгчид Монгол улсад ирж тухайн үед өрнөөд байсан улс төрийн үйл хэрэгт биечлэн оролцох болов.

Тэдний нэг бол Астархан мужийн Халимагийн Бага дөрвөд улсаас гаралтай Дамбийжанцан юм. Монголын баруун хязгаарын түшиц газар болох Ховд хотыг Манж, Хятадаас чөлөөлөхөд идэвхийлэн оролцсон түүний гавьяа зүтгэлийг Богд Хаант Монгол Улсын засгийн газраас өндрөөр үнэлэн “Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр догшин ноён худагт номун хан цол, тамга сайдын зэргээр шагнасан  байдаг. Энэ үеэс эхлэн түүний алдар цуу Монгол газарт улам түгэв.

Ямар хүсэл зоригтой, ямар санаа агуулж явдаг нь бүү хэл, хаанаас гаралтай хэн болох нь одоо хүртэл нарийн тодорхой бус тэрээр ховдыг чөлөөлсний дараа баруун хязгаарын сайдаар томилогдон ард олонд ихээхэн хатуу хандан, дур зоргоороо аашлах болсноор Автономит Монголын засгийн газраас “баруун хойт монголд оршин суухдаа ардуудыг өдөөн хатгах, хууран мэхлэх ажиллагаа явуулан асар их хохирол үзүүлэх болсон”  гэдэг үндэслэлээр бүх хэргэм цол мяндагыг хураан авч  хаант оросын засгийн газарт мэдүүлэн баривчлуулж хориулсан. Гэсэн хэдий ч тэрээр Орос улсад гарсан хувьсгалын дараа 1918 онд дахин Баруун монголд ирж урьдын адил захиран суув. Улмаар 1920 онд Барон Унгерн нийслэл хүрээг чөлөөлсөн үйл явдалд түүний оролцоо байсан гэж үздэг. 1921 онд Монголд ардын хувьсгал ялсны дараа ардын засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо баруун монголд ихээхэн нэр хүндтэй түүний амрыг эрсэн бичгийг хадгийн хамт хүргүүлсайн байдаг. Монголын ардын засгийн газар түүний баруун монгол дахь нэр хүндийг ашиглахыг хүсэж байв. Гэвч Жа лам нь ардын засгийн газартай хамтран ажилалагүйгээр барахгүй Монгол, Шинжаан, Алшаагийн нутгийн зааг Маажаасан (Маажинсан ч гэдэг) ууланд бэхлэлт байгуулан суужээ.

Энэ нь шинээр тусгаар тогтнолоо зарласан Монгол улсын бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх болсноор түүнийг устгах шаардлагатай болсон. Энэхүү ажиллагаанд тухайн үед Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч нар бас оролцсон. Энэ нь түүнийг зарим судлаачид Хаант Оросын тагнуул хэмээн үздэг байсантай холбоотой байж болох юм. Тухайн үед Зөвлөлтийн засгийн газар өөрсдийн сургагч нараараа дамжуулан ардын засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж, түүнийг ардын засгийн газрын хүчирхэг дайснуудын нэг хэмээн зарласан. Мөн өөрсдийн үйл ажиллагаанд саад болсон Бодоо зэрэг улс төрчдийг түүнтэй хамсаатан гэдэг үндэслэлээр хилсээр яллан хороож байв.

Иймээс Жаа ламыг устгах нь ардын засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болсон. Түүнийг устгасан хүмүүсийн тухай “монголд ажиллаж байсан халимаг сургагч Х.Б.Кануков, А.В.Хомутников нар далай ламын адислал авч ирлээ хэмээн хууран уулзаад буудан алсан”,  “Монголын дотоодын хамгаалахын дарга Балдорж өвчтэй хүн болж хууран адис авахдаа буудан алсан”,  “Дугаржав, Нанзад баатар нар 4 цэргийн хамт очиж Нанзад баатар буудан алсан” гэх мэтээр зөрөөтэй тэмдэглэсээр ирсэн.

Баримтаас харахад энэхүү ажиллагааг нийслэл хүрээний комендант хийж байгаад ховдын хязгаарын цэргийн штабын зөвлөх, штабын тагнуулын болон улс төрийн хэлтсүүдийн зөвлөхийн ажилд томилогдон ажиллаж байсан халимаг сургагч Х.Б.Кануков нууц төлөвлөгөө боловсруулан монголын засгийн газарт тавьсан -д Ардын засгийн газар 1922-10-7 нд Мишигдорж бэйл болон ноён лам Дамбийжанцан нарыг хуйвалдан эх орноосоо урвасан гэдэг үндэслэлээр цэргийн шүүхээс цаазаар авах ял оноосныг үндэслэн түүнийг устгах тухай №87 тоот дэлгэрэнгүй захирамж гарган уг ажиллагаатай холбогдуулан ховдоос татан авч ирж улиастай хотын комендант болгоод байсан энэхүү ажиллагааны удирдагч, зохион байгуулагч Х.Б.Кануковд маш нууцаар яаралтай явуулжээ. Уг захирамжид зааснаар бол “бүрэн эрхт төлөөлөгчид Дамбийжанцантай хэлэлцээ хийх дүр үзүүлэн түүнийг баривчлан аль болох түргэн устгаж, ард олныг зовлон гамшгаас салгах” ёстой байлаа. Мөн Зүүн хязгаарын цэргийн даамал Дугаржав бэйс, хороон дарга Нанзад, дотоодыг хамгаалахын дарга Балдандорж нарыг дотоодын хамгаалахын 50 цэргийн хамт нууцаар томилон явуулсан тэд газар дээр нь очиж нууц төлөвлөгөө боловсруулан Жа ламыг баривчилж, шүүхэд шилжүүлэн цаазаар авах  даалгавартай байсан. Уг ажиллагаанд оролцох төлөөлөгчдийг нууцлахын тулд Дугаржавт засагт хан аймгийн цэргийг шалган байцаах түшмэл, Нанзадыг өөрийн эрхэлж байсан Улиастайн хуучин ажилдаа эргэн очихоор яваа, Балдандоржийг Улиастай зэрэг газрын цэргийн хороонуудад суртал нэвтрүүлэгч комиссар гэсэн үнэмлэх бичиг шийтгэн олгосон  байна. Ийнхүү энэ ажиллагаа маш нууцаар эхэлсэн хэдий ч 1922-10 сарын 10 өдөр ардын засгийн газраас “ард олонд хандан Дамбийжанцаны урьдаас аван үйлдсэн муу хэргүүдийн тухай өгүүлэн түүнд цэргийн шүүхээс цаазаар авах ял оноосон тул ардын засгийн газар түүнийг устгах арга хэмжээ авч байгаа. Дамбийжанцанд туслахыг хүссэн хэнийг ч болов буудан алах болно гэсэн” №77 тоот тунхгийг гарган  тараасан байна.

Балдандоржийн бүлэг Улиастайд ирж Х.Б.Кануковтай уулзан төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэд Жа ламын итгэж хүндэлж явдаг улиастайн сайд гүн С.Ламжав, Дилав худагт В.Жамсранжав нарын нэрээр “Өргөөгийн засгийн газар Жа ламын дэмжлэгийг хүсэж байгаа бөгөөд баруун хязгаарыг тохинуулах сайдын албан тушаал хашихыг урин түүнд хошуу нутаг, тамга тэмдгийн хамт олгох” болсон тухай хуурамч захидал бичин засагт хан аймагт морилон ирэхийг урьлаа.

Жа лам хариуд нь “миний бие өвөл болгож байгаад очъё, харин одоохондоо хошуу ноёны тамга, тэмдэг, мөн түүнчлэн хэлэлцээ хийх төлөөний хүнийг яаравчлан хүлээе ” гэсэн хариу явуулсан байлаа.

Ингэснээр Жа ламыг Засагт ханы өргөөнд ирэхэд нь баривчлан устгах төлөвлөгөө бүтэлгүйтлээ. Энэ нь магадгүй Жа лам өөрт нь цэргийн шүүхээс цаазаар авах ял оноон нууцаар даалгавар биелүүлэх хүмүүс явуулсан. Түүнд туслахыг хориглосон тухай тунхгийг олж үзсэнээс хаширласан байж болох талтай.

Иймд засгийн газрын тусгай төлөөлөгчид Засагт хан аймгийн өмнөд нутгуудаар цагаантны дээрэмчид байгаа тухай худал мэдээлэл тараан түүнийг устгах нэрийн доор 1922-11 сард ховдын хорооноос тэнд сургагчаар ажиллаж байсан халимаг сургагч нар болон цэргүүд бүхий тавин хүний бүрэлдэхүүнтэй отръядыг халимаг сургагч М.Лиджиевээр удирдуулан Жа ламын цайзын чиглэлд байх Гүн тамга гэдэг газар луу явуулсан. Мөн улиастайгаас 50 цэргийг Баяр вангаар удирдуулан Итгэмжит бээлийн хошуу руу илгээсэн. Тэд Засагт хан аймгийн нутгийн урд талаар байх цагааны дээрэмчидтэй тэмцэх нэрийн доор Жа ламын цайз руу дөхсөөр байв.

1922-12 сард Дугар бэйс, Нанзад баатар нар дөрвөн цэргийн хамт Жа ламын бэхлэлт рүү явсан тэд Жа ламыг урьсан урилгаас гадна салан тусгаарласан Тува нарыг номхруулж өгөхийг хүссэн гуйлттай явж байв. Энэхүү төлөөлөгчид хэрвээ амь эрсэдвэл тэдний араас 25 цэргийн хамт явсан Балдандорж цагаантны дээрэмчидтэй тэмцэх нэрийн доор явж байсан 100 цэргийн хамт дайран орж эзлэх ба мөн улиастайн комендант, энэхүү ажиллагааны ерөнхий зохион байгуулагч Х.Б.Кануков улиастай, ховдоос цуглуулсан 50 цэргийн хамт нэмэлт хүчээр очих байлаа.

Мөн энэ үед улиастайн сайдын тушаалаар Итгэмжит бээлийн хошуунд Жа ламтай санал бодол нэгтэй хүмүүс болох Сартуул цэцэн ван, Засагт хан зэрэг хүмүүсийг цуглуулсан нь нууц харуул хамгаалалтын доор Жа ламтанд газар нутгийг таслан өгөх зөвлөгөөн хийх гэж байгаа гэж итгүүлэх хэрэг байсан. Нөгөө талаар эдгээр хүмүүсийг Жа ламд туслахаас сэргийлсэн хэрэг.

Нанзад нарын төлөөлөгчдийг эхний өдөр Жа лам харуул хамгаалалтын хамт хүлээн авсан бөгөөд тэдэнд ямар нэгэн үйлдэл хийх боломж гараагүй. Дугар бэйс түүнд итгэл олохын тулд “Халхын ард түмний байдал муу байгаагаас ардын засгийн газар итгэлгүй болж байгаа, өөрийг нь урьд цагаантантай нийлсэн гэдэг нэрээр гадуурхан хандах болсон ба улааныхныг дэмжигчдээс салах аргаа олохгүй байсан” зэргээр ярихад Жа ламын байдал эрс өөрчлөгдөн харуул хамгаалалтаа гарган, “Баруун монголыг тохинуулах бүрэн эрхт сайдын тушаалыг хаших болно… энэ нь эргэлт хийхэд дөхөмтэй… монголыг эзлэх талаар Бээжинтэй ярьж тохирсон …  зэргээр ярьсан байна. Дугар бэйст итгэсэн тэрээр өөрийн хүрээний байдал, бахархал болсон өөрийн хүмүүсийн буу зэвсгийн агуулах, үнэт зүйлс, хувийн буу зэвсгээ хүртэл үзүүлэн 9 цагааны бэлгийг тэдэнд өгсөн байна. Эцэст нь Дугар бэйс өөрт нь зориулан барьсан гэрт Жа ламыг урин газрын зургаар баримжаа олдог арга заана гэхэд тэрээр бие хамгаалагчаа орхин орсон байна. Тэднийг ороход цэрэг Даш адис авахаар сөхрөн унахад Жа лам уншлага уншин Дашийн толгой дээр адис тавихаар гараа сунгахад цэрэг Даш тэр гараас нь Дугар бэйс нөгөө гараас нь барьж авахад гал түлж байсан Нанзад баатар үсрэн босонгуутаа тулган буудахад сум хүзүүнд нь тусаж үхсэн байна. Уг үймээнээр гаднаас бие хамгаалагч нар нь орж ирсэн ч болж байгаа явдлыг хараад гарч зугтсан ба гадна үлдээсэн цэргүүд зэвсгийн агуулахыг эзлэн авч хий буудан сүрийг үзүүлснээр тэднийг буулган авсан байна. Жа лам нь хүнд итгэхдээ ихээхэн муу байсан тул энгийн үед хүмүүсийнхээ буу зэвсгийг хураан авч зэвсгийн агуулахад хадгалдаг байсан ба энэ агуулахаа Дугар бэйс нарт итгэн үзүүлсэн нь Дугар бэйсийн цэрэг хамгийн түрүүнд уг агуулахыг эзлэн авах боломжийг олгож улмаар энэ ажиллагаа ихээхэн үр дүнтэй болоход нөлөөлж, үймээн, зэвсэгт эсэргүүцлээс сэргийлж чадсан. Тэд Жа ламын ойрын 5 хүнийг олны нүдэн дээр буудан хороож түүний хөрөнгө хогшил зэргийн хураан авчээ. Дугар бэйс хамгийн үнэтэй зүйлсийг нь 6 хэсэг болгон хуваан авахаар шийдсэнээс Нанзад баатартай зөрчилдөв. Улмаар Балдандоржийг ирэхэд энэ тухайгаа Дугар бэйс илтгэхэд Жа ламын бүх хөрөнгө болон 6 хэсэгт хуваан авахаар бэлдээд байсан зүйлсийг бүртгэн улсын санд хураан авсан байна. Ийнхүү энэ ажиллагаа амжилттай болсонд уг ажиллагааг зохион байгуулсан Х.Б.Кануков 1923 оны 1 сард энэхүү ажиллагааны тухай илтгэлийг засгийн газарт бичсэн ба 2 сарын сүүлээр Богдын хатны толгойлсон хувьсгалын эсэргүү хэргийг илрүүлэх хэргийн учраас өргөөд дуудагдан очсон байна.

Эндээс харахад Дамбийжанцаныг устгах ажиллагаанд тухайн үед монголд ажиллаж байсан халимаг сургагч нар оролцсон нь тодорхой байна. Ажиллагааг санаачлан төлөвлөгөө зохиож, зохион байгуулан удирдсан хүн бол Х.Б.Кануков байх талтай. Тус ажиллагаанд Ховдын цэргийн хороонд сургагчаар ажиллаж байсан халимаг сургагч нар Монташ Лиджиевын отръядын бүрэлдэхүүн оролцсон бөгөөд эдгээр сургагч нараас Эренцэн Каблунов, Павел Жамбанов  нарын нэр мэдэгдэж байна. Мөн тухайн үед байгуулагдаад байсан дотоодын хамгаалах газрын цэргүүдийн ихэнхийг халимагаас туслахаар ирсэн сургагч нар бүрэлдүүлж байсан бөгөөд эдгээр цэргүүдээс Дугар бэйс, Нанзад баатар нар дагуулж очсон байна.

Энэ ажиллагааны тухай Рерих болон Хансленд нар “Монгол Орос цэргийн хамтарсан хүчирхэг баг очиж устгасан тухай өгүүлсэн. Энэ орос цэргүүд гэдэг нь Халимагууд аж.

Тэрээр 1932-10-22 нд бичсэн “Кануков Харти Бадимовичийн иргэний дайны байлдааны ажиллагаануудын тойм” гэсэн намтар даа …1922 оны 11 сард төв ази даяар алдаршсан луйварчин, амьд бурхан хэмээгдэгч Дамбийжанцаныг Монгол улс болон Шинжаан, Алшаагийн торгууд нарын хилийн заагт байх өөрийнхөө байгуулсан цайзад 300 айлын хамт бүгэн суухад нь очиж устгах ажиллагааг удирдсан… гэсэн байдаг.

Уг ажиллагаа дууссаны дараа армийн тагнуулын хэлтэст явуулсан түүний илтгэл 1924 оны 1 сард өргөөд хэвлэгдэж байсан Туяа сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Мөн 1922 оны 12 сард Дамбийжанцаныг устгасан тухай мэдээ авсан Сүхбаатар Балдандорж, Нанзад, Дугаржав, Сандуйжав нарт хандан баяр хүргээд “… эрхэм түшмэдийн бие Вакунаев болон нийслэл хүрээнээс гарсан монгол торгууд цэргүүдийг авч гарсан зэвсгийн хамтаар даруй ирцгээхийг хүсэж, их баярын зүгээс эрхэм түшмэл Ба, На, Ду, Са нар танаа амрыг эрж бариулав” гэсэн захиаг явуулсан байдаг.

Дотоодыг хамгаалах газрын үйл ажиллагааг 1922-7-16 нд эхлүүлсэн. 1922 оны эцсээр орос цэргүүдийг буцааж оронд нь ардын журамт цэрэгт байсан халимаг цэргүүдээс авч ажлуулсан нь одон тэмдэгт тусгай хорооны эх үүсвэр болжээ .

Дамбийжааг устгах ажиллагаатай холбогдсон өөр нэгэн халимаг хүн бол Дорж Дарминов юм. Тэрээр халимагаас монголд туслахаар ирсэн хоёр дахь хэсгийн бүрэлдэхүүнд багтан ирсэн юм. Түүнийг Жа ламыг устгах тусгай даалгавар гүйцэтгэж байгаад баригдаж буудуулсан гэж  ЗХУ-ын бүрэн эрхт элчин төлөөлөгч Виталий Иванович Юдин мэдэгдсэн  байдаг.

Н.Наранжаргал