Бух ноолдоон, тууль, халз тулаан
Бух ноолдоон гэх бөхийн нэгэн төрлөөр дөрвөд, баяд, захчин, урианхай, торгууд , хошууд, өөлдүүд хорьдугаар зууны эхэн хүртэл барилдаж байсан бөгөөд эдүгээ ч ОХУ-д суух Халимагийн дөрвөд торгуудын дунд эрийн гурван наадмын нэгэн төрөл болон уламжлагдаж байна. Энэхүү барилдааны нэгэн хэлбэр нь эртний уламжлалыг хадгалсан, хоёр аймаг буюу овгийн хоорондох тэмцэл, тэмцээний үлдэц бололтой. Бух ноолдооны бөхчүүд хоорондоо гурван удаа барилдах бөгөөд эсрэг бөхөө далаар нь хөдөлгөөнгүй дарах, толгойгоор нь газарт хатган, хоёр гар хөлийг дээш хумин тэвэрч хөдөлгөөнгүй тогтоох, дээрх хоёр болзлын аль алинаар нь нэгнийгээ ялалгүй удсан тохиолдолд хоёр бөхийг өөд өөдөөс нь харуулж сөхрүүлэн суулгаад ээлжлүүлэн нөгөө бөхийнх нь шалбуураас хоёр гараар нь бариулаад, эсрэг бөхөө бие дээгүүрээ давуулж шидэх барьцыг хоёр бөхөд тус бүр гурван удаа өгөх бөгөөд хэн олон давуулж шидсэн нь ялсанд тооцогдоно. Бух ноолдооны барилдаантай холбогдсон ёс журам, зан заншил, ялалт авах болзол зэргээс үзвэл:
Ойрад монголчуудын бух ноолдоон нь их эрт цагт, магадгүй овгийн байгууллын задралын үед анх үүсч, ХХ зууны эхэн хүртэл уламжлагдан хөгжиж ирсэн байна. (А.Очир, 2011, хуудсд. 69-73).
Тэгвэл баатарлаг туулийн баатруудын хүч чадлын гол илэрхийлэл нь эрийн олон толгой зэр зэвсгээс гадна эсрэг тэсрэг хоёр баатар эцэг эхээс заяасан ээм дал, уран заяачийн хайрласан, ээм далын хүчийг сорих атаа маргаан болдог. Туулийн баатрууд эхлээд ирт мэс, нум саадгаар харвалдан цавчилдах бөгөөд илдний ир элэн мөрөгтөө тулах, эрчит нумаас шившин тавьсан сум нь хад чулуунд харгасан мэт хүч өгөлгүй хард ярд хэмээх бутран унаж олон тэрэг түлээ болдог. Улмаар хоёр баатар хэн хэнгийгээ дийлж чадаагүй тохиолдолд, эцэг эхээс заяасан ээм далаар үзэлцдэг. Тэхдээ энэ нь мөн өөрийн гэсэн дэс тодорхой дэс дарааллыг өөртөө агуулдаг байна. Ер нь аль ч туульд баатрууд эхлээд ирт мэс зэр зэвсгээр хүчээ үздэг. Ингээд нэгнийгээ эс дийлсэн тохиолдолд хүлэг мориноос буугаар хоёр хүлэг морио хад мэт хантарч, хайрцаг мэт туших буюу, харгай, зандан модноос уяад, хуяг дуулгаа тайлж, бухын хүзүү, магнай, царын зоо, бугын арьсан шалбуураа өмсөөд, үс гэзгээ тухайлан засаад хоног өдрийн газраас хэвлэн хээрч барилддаг тухай өгүүлэмж ойрад туульд нийтлэг байдаг. Барилдаан тэр халз тулаан /барилдаан/ нь жил сараар үргэлжлэх бөгөөд халдаггүй бие нь халж аль илүү хувь заяатай нь ялдаг түүхтэй байдаг. Нэг талаараа хүч чадлын илэрхийлэл боловч нөгөөтэйгүүр хувь тавилангийн хүчин зүйлс бас нөлөөлдөг байна. Ялсан баатар нь эсрэг баатраасаа гурван гомдлыг заавал сонсдог. Тэр гурван гомдол нь эсрэг дайснаа үгүй хийх, эсвэл өршөөхийг шийддэхэд чухал нөлөөтэй юм.
Улмаар эсрэг баатраа дарж үгүй хийх буюу ах дүү болж буй тухай өгүүлдэг. Ялсан баатар эр заавал эр хүний гурван гомдлыг сонсох нь бух ноолдооны бөхчүүд гурван удаа барилдаж байгаа зан үйлд шингэн үлдсэн гэж таамаглаж болохоор байна. Өөрөөр хэлбэл ялагдсан баатраас гурван гомдлыг сонсох, гурван удаа барилдах хоёр утга чанарын хувьд нэг бөгөөд ялагдаж байгаа бух ноолдооны бөхчүүд ч гурав барилдаад ялагдах нь гомдлыг барж байгаа хэрэг гэж үзэж байна. Мөн туулийн гол баатар эсрэг талын баатрыг долоон тохой газарт шигдтэл тохойгоороо дарж ам өчиг авч байгаа нь бух ноолдооны үндсэн дийлбэр барих үйл явцын илэрхийлэл болох бөгөөд барилдахаар хэвлэж байхдаа уулын харгайг үндсээр нь сугалан байгаа нь бух ноолдооны бөхчүүдийн бэлтгэл лүгээ дүйцэх ойлголт юм. Түүнээс гадна бусад үндэстэн ястны туулиас гойд ялгарах нэгэн зүйл баядын “Бум-Эрдэнэ” зэрэг туулиас ажиглагдаж байгаа нь бух ноолдооны бөхчүүдийн магтаал шүлэглэл юм. Энэ талаар тодруулбал уг Хажир Хар, Бум-Эрдэнэ хоёр хуяг дуулгаа тайлж өөр өөрийн шалбуурыг өмсөн бэлдсэний хойно:
… Балчир Бум-Эрдэнэ
Босоо Зандан мод мэт хэвлэн кээрээд
Хэнз модон мэт
Хэвлэн хээрээд
Элээ шувуу мэт
Эргэн хээрээд
Элсэн мэт
Нуран хээрээд
Бух цах мэт
Буран сэжин баилдаад оч (Номинханов, 2016, хууд. 152) гэх буюу
…Хажир Хар
Атан тэмээ мэт алцайн зогсоод
Алтан шар хөтөл мэт дүнхийж зогсоод
…өнчин яргай мэт хөшин барилдаад
Алтан хачиг шиг шигдэн барилдаад
Бух цар мэт булгин барилдаад
Хажир харыг ташаалдаад
Есөн тохой газар шигдтэл унагаад
Өвчүү дээр нь өвдөглөөд
Өргөн/эрүү/ толгой хоёрыг тасартал татаад (Б.Катуу, 2011, хууд. 140) гэх буюу нарийн бүдүүн булчиндаа дэгээ ороолдуулаад, хангал хар ташаа дээрээ өргөөд хэмээн бух ноолдооны үндсэн мэх болох дэгээ ороож байгаа тухай дүрслэн өгүүлж байна. Баатарлаг туулийн энэхүү дүрслэл нь хүрлийн үеийн гоёл чимэглэлд ч мөн шингэн үлдсэн нь археологийн дурсгалаар илэрч гарсан байдаг.
Улмаар бух ноолдооны үндсэн өмсгөл болох шалбуурыг баатарлаг туульд, …Хажир хар түмэн бухын магнайгаар хийсэн түүгээд хийсэн түүхий мяндсан зодог, ховд болсон гуяын дотоор өмсөн тааруулваа, цэргүй цагаан мөнгөн шахлууртай, зуун гогцоо мяндсан утсан өлктэй, андал хар түргүүний хойт цох дээр, арван таван салаа тэвгийн гол дундах, андал хар гэзгийн үзүүрээс, дөчин дөрвөн салаатай шуркраа хар боодгийг, тахилгат хангайн овоо мэт уян бэлдэв. Замын хүн гайхмаар залхуу хүн тайлж чадашгүйгээр, баатар чанга уян бэлдэв гэх буюу Бум-Эрдэнэ …зуун царын арьсаар зоолоод хийсэн, зодлон цагаан шалбуурыг эвлэг сайхан маханд, эвлэн ёслон тааруулав. Зэсгүй шижир алтан шахлууртай, тавин гогцоо ёнхор мяндсан өлктэй, сэгсэс гэсэн хонгор шар өрлөгийг, хоёр чихнийх нь хойт биеэр, эвий нь дараад, сэвий нь нийлүүлээд, тахилгат хангайн орой мэт шуун бэлдэв ээ (Ц-Д.Номинханов, 2016, хууд. 151). Гэх зэргээр бух ноолдооны бэлтгэл, хээрэн дэвэх, бух ноолдооны бөхийн магтаал зэргийг өөртөө агуулж байна.
Тиймээс бид энэ удаад туулийн баатар ба бөхийн ерөнхий шинжийг харьцуулан үзэж болох ба бух ноолдооны утга бэлгэдлийг баатарлаг туулиас тодруулахыг эрмэлзэж байна.
- Бөхийн шинж ба туулийн баатрын шинж
- Бөхийн бэлгэдэл юу болох? /гараа дэвээ шаваа, цол, магтаал, барилдах учир холбогдол, ялах ялагдах зан үйл, хувцас, үс засал гм/ зэргийг авч үзэж болохоор байна.
1. Асар хүчтэнийг шинжих “Маш тод” гэдэг сударт монгол бөхийн галбир шинжийг “ Чих жижиг мэт, хүзүү бүдүүн, шилэнд хонхоргүй, нуруу модны гол лугаа, цээж түхгэр, хөх мах модны ур мэт, бөгс товгор, булчин үндэс адил бажгар, тойг товгор, шөрмөс ил, шагай данхар, хуруу урт, магнай агуу, эрүү шанаа зузаан, өрц гэдэс нум мэт, бөгс цээж тэгш” хэмээн тодорхойлсон байна (Т.Содной, 2018).
Харин судлаач Б.Буяндэлгэр “Монгол бөхийн барилдааны хөгжлийн түүхэн тойм, өвөг Монгол бөхийн онцлог” гэх өгүүлэлдээ бөх хүнийг, “Хүзүү бүдүүн, буулга мах их, хацар овгор, түүшин том, нүүр нь дөрвөлжин хэвтэй, шүд бахим чигжүү, углуурга сайтай, магнай хөнхөр, чих нь хулгардуу бөгөөд жижиг гэсэрийн товорцог мэт нүд онигор, хамар монхор, үс буржгар, ширхэг бүдүүн, усны уйлга мэт аржгар долгиотой, хуруу гар урт, хөх мах модны ур мэт, дал мөр өргөн бөгөөд зузаан тул үл мэдэг бөгтөрдүү, болцуу яс нь том овгор, шуу нь бүдүүн” (Б., ,,,,, хуудсд. ,,,) гэх зэргээр тодорхойлсон бий.
Тэгвэл баатарлаг туульд тухайн баатруудыг олон бурхад, тэнгэр лусын хаадын хүчин чадал эр биед нь цогцлон төрсөн, алдар нэр нь алтай хангай өргөн уудам нутгаар цуурайтсан, хэмжээгүй их зориг зүрхтэй, ам тангарагтаа үнэнч, нас бага цус шингэн хэмээн эхэлдэг. Түүний таарч тулалдах дайсан нь ч мөн адил аль нэг тивийг эзлэн төрсөн дайсан мангас, тэнгэрийн хүү, хааны хүү зэргээр гарна.
Жишээлбэл: “Бум-Эрдэнэ” туульд гол баатрыг магнайдаа Махгал бурхан төгсгөсөн, Шанаа дундаа Шагжтив бурхан төгсгөсөн, дөл мөрөнд нь далан барын хүч бүрдсэн, бөгсөн биенд нь, баян лусын хаадын хүч төгссөн, эрийн сайн гунан настай балчир Бум-Эрдэнэ хэмээн олон бурхад лусын хаадын хүч төгс шингэн төрсөн хэмээн өгүүлж байгаа нь ихэнх туульд адилавтар боловч зарим туульд дээд гучин гурван тэнгэр, доод далан долоон лусын хаадын хүч бүрдэн төрсөн хэмээх ба ямар нэгэн далдын хүчин зүйлээс бүрэлдэн төрсөн тухай өгүүлэмж ховор байна.
Үйл хөдлөл
Бух ноолдооны бөхчүүд хөлөө тэвэг өшиглөх мэт ээлжлэн урагш хаян явдаг нь тухайн бөхийн хүч чадлыг нэгэн бэлгэдэл болж байна. жишээлбэл: Урианхайн туульд /Хүрэл Алтан Дөш/
Артай хүрэн зодгоо өмсөөд
Нарин цагаан өлкөө /өмдтэй байгааг илэрхийлж байна./
Далай болсон давсгийн эхээр
Баталж уяад явна.
Дөчин дөрвөн салаатай
Дөрвөн мянган уялгатай
Дөлөө хар боодгаан
Орой дээрээ отхачлаад /отхан – галын бурхан/
Хиргүй болтугай гээд
Хив хадгаараан ороогоод
Задрахгүй болтугай гээд
Задгай мяндсаар баталж боогоод явна.
Хоёр сайн эр хоёр талдаан
Дэвээд хэвлээд гараад явна.
Тарлан цоохор морьтой бөх уян харцага
Арслан хар уулыг угаар нь булгалж
Тэнгэр өөд тэвэг өшигчиж хэвлэйд явна. /уулаар тэвэг тоглом хүчтэй болох, уулаар тэвэг тоглож буй хүний бэлгэдэл байна. хөлөө урагш хаяж явах нь/ (Б.Катуу, 2001, хууд. 295)
Хоёр сайн эр
Дээд дөрвөн улөөн бэлчир гар нь
Дээд замбуу тивийн багана болж
Дэвэн хэвлэж гарав
Доорд дөрвөн улаан бэлчир хөл нь
Хөрст алтан дэлхийн хүйсэн болоод
Хийсээд хэвлээд гэтлэн гарав.
… эртэй төрсөн Зул Алдар хаан
Хөндлөн сайхан эгмээрээн
Давуулж ачаад
Артай цагаан зодгийн захад
Тавин тахар хуруугаа шигтгэж
Татаад эргүүлээд
Урт сайхан шилбэнд нь
Уялдсан сайхан дэгээ дүрэв /Зул Алдар хаан / (Б, 2015, хууд. 105)
Дээрхээс үзвэл бух ноолдоон нь үүсэл гарлын хувьд талын нүүдэлчин баатар эрсийн халз тулааны үйл явцаас үүдэн бүрэлдсэн тал ажиглагдах ба энэ нь эсрэг бөхөө өчиггүй ялан дийлэх зан үйлийн хэлбэрийг өөртөө агуулж ирснээр тайлбарлагдах боломжтой юм. Улмаар баатруудын ялалт баатарлаг гавьяа, хүч чадлын илэрхийлэл болон тайлга тахилгын үед баатар эрсийн ялалтын дурсгал болгон овог удмын хүч чадалтай залуучуудын дунд атаа маргааны зан үйл болон уламжилсан байж болох юм. Бух ноолдооны бөхчүүд хийгээд туулийн баатруудын тэмцэл нь эсрэг бөхөө /баатраа/ өвдөг тохой хүрсэн төдийгөөр биш, ээм дал, хүзүү сээр, толгойг нь газар хүргэн шахаж дийлбэр барьж байгаагаараа халз тулааны шинжийг агуулж байна. Дээр өгүүлсэнчлэн эр хүний гурван гомдол сонсох нь хувирч өөрчлөгдөн гомдолгүй гурван удаа барилдах барилааны хэлбэр болсон бол бөхийн /баатрын/ үсээ толгойн оройд шуун боох уламжлал нь тахилгатай хангайн орой, овоог илэрхийлэх зан үйлийн шинжийг ч өөртөө агуулж байсан нь тодорхой болж байна.