• 2025-05-04

ГАЛДАН БОШГОТ ХААНЫ ТУХАЙ ТҮҮХЭН ЖҮЖИГ (1895 он)

 ГАЛДАН БОШГОТ ХААНЫ ТУХАЙ ТҮҮХЭН ЖҮЖИГ (1895 он)

Александра Потанины бичсэн “Угсаатны зүйн жүжиг”-ийн тухай

Өмнөх дугаарт бид Сибирийн алдарт аялагч, Төв Азийн судлаач, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Г.Н. Потанины эхнэр, хамтран зүтгэгч Александра Викторовна Потанинагийн уран бүтээлийн өвийн тухай өгүүлж эхэлсэн билээ.

Түүний амьдралын нэгэн хэсэг 1887-1890 оны хооронд Иркутск хотод өнгөрсөн бөгөөд энэ нь Монгол, Хятад, Төвөдийг хамарсан гурван томоохон экспедицийн дараах үе байв. Энэ хугацаанд Александра Викторовна Буриад, Монголын талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, олон нийтийн өмнө шинжлэх ухааны илтгэл тавьсан анхны эмэгтэй болж, мөн «Восточное обозрение» сонинд зориулан орчуулга хийж, нийтлэл бичиж байв.

Александра Викторовнагийн Иркутск дахь амьдралын бага мэдэгддэг. Гэвч нэгэн сонирхолтой үйл явдал бол түүний “Монголын амьдралаас сэдэвлэсэн драм” хэмээх жүжгийн зохиол дээр ажиллаж байсан явдал юм. Энэ нь түүний бусад уран бүтээлээс ялгарах өвөрмөц жанр байв. Өмнө нь судлаачид түүний энэ зохиол дээр ажиллаж байсан тухай ердөө таамаг төдий байсан бол Г.Н. Потанины архивт хадгалагдаж буй жүжгийн гар бичмэл болон холбогдох материалууд олдсон нь энэхүү зохиолын талаар илүү тодорхой мэдээлэл олгох боломжийг нээж байна.

Жүжиг нь XVII зууны Дөрвөн Ойрадын хаан Галдан Бошигтын (1644-1697) амьдралын түүхийг өгүүлнэ. Тэрбээр Монголчуудыг нэгтгэхийг эрмэлзэж, Манжийн эсрэг тэмцэж байсан бөгөөд XIX зууны түүхчид түүнийг “Монголын Ганнибал” хэмээн нэрлэж байв.

Г.Н. Потанины архивт энэхүү жүжгийн гурван хувилбар хадгалагдаж байна. Нэг нь хамгийн бүрэн гүйцэд бөгөөд магадгүй эцсийн хувилбар байх боломжтой бол үлдсэн хоёр нь бүрэн гүйцэд дуусаагүй гар бичмэлүүд юм. Мөн А.В. Потанинагийн жүжиг дээр ажиллаж байхдаа цуглуулсан түүхэн материалууд хадгалагдаж байна.

Александра Викторовна жүжгийнхээ тухай нөхөртөө бичсэн захидалдаа “Өглөө бүр цай уусныхаа дараа жүжгийнхээ нооргийг хянан засварлаж суудаг. Одоогоор төгсгөлийн хэсэг хараахан тодорхой болоогүй ч бага багаар дүрслэлүүд тодорч байна. Зохиолоо дахин бичиж, засварлан суух нь надад төгсгөлөө олоход тусална гэж бодож байна” хэмээн дурдсан байдаг. Тэрбээр нөхрөөсөө зөвлөгөө авахын зэрэгцээ жүжгээ найз нөхөддөө уншиж өгч, санал бодлыг нь сонсдог байв.

Жүжгийн гол үйл явдал нь Хан Ончоны удирдлага дор хятадуудын эсрэг явуулсан амжилтгүй аян дайнаас улбаатай. Мөн Галдангийн буддын лам болохоор тангараг өргөсөн хэрнээ улс орныхоо хувь заяанд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо эргэцүүлэн бодож буй эргэлзээ, эргэлзлийн сэдвийг хамарна. Түүнчлэн, жүжигт бөө мөргөл ба бурхны шашны  зөрчилдөөн онцгой байр суурь эзэлнэ.

Харамсалтай нь, Александра Викторовна жүжгээ бүрэн дуусгаж амжаагүй юм. Баримтууд хомс байгаа ч шууд бус эх сурвалжуудаас үзэхэд, тэрбээр жүжгийнхээ нооргийг Иркутск хотын  банкны ажилтан Михаил Кронидовт хүлээлгэн өгсөн бололтой. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Магадгүй тэрбээр өөрийн жүжгийн авьяас чадвартаа эргэлзэж байсан байх. Тэрбээр нэгэн захидалдаа “Магадгүй миний энэ бүтээл тийм ч чухал зүйл биш, унших ч хэрэггүй байж болох юм” хэмээн бичсэн нь бий.

1895 онд Александра Викторовна нас барсны дараа нөхөр Г.Н. Потанин жүжгийн хувь заяаг сонирхон судлаач В.П. Семидаловаас асууж байсан байна. Семидаловын захидлуудаас үзэхэд, жүжгийг «Артист» сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөж байсан боловч драмын зохиолын цензурын асуудал үүсэж, сэтгүүл ч удалгүй хаагдсан тул хэвлэгдэж амжаагүй аж.

Гэсэн хэдий ч 1895 онд жүжиг Кишинёв хотын Ф.В. Грузинцевын хэвлэлийн газраас «Монголын эртний амьдрал: Монголын амьдралаас сэдэвлэсэн таван үзэгдэлт жүжиг» нэртэйгээр хэвлэгдсэн байдаг. Зохиогчоор Михаил Кронидов тэмдэглэгдсэн бөгөөд тэрбээр зохиолоо Александра Викторовна Потанинад зориулсан байв. Нүүр хуудсанд “Энэхүү жүжгийн материалыг зохиогч 1889 онд А.В. Потанинагаас авсан” гэсэн тайлбар байжээ.

Хэвлэгдсэн жүжиг нь жүжгийн гол агуулгыг хадгалсан ч Кронидов хайрын шугамыг илүү тодруулж, А.В. Потанинагийн Монголчуудын нэгдэл, шашны зөрчилдөөн зэрэг гол санааг хоёрдугаар шатны асуудал болгон өөрчилсөн байна. Гэсэн ч жүжгийн үйл явдлын үндсэн чиглэл, зарим дүрүүдийн яриа зэрэг нь эх зохиолтой төстэй хэвээр байв.

1914 онд Иркутск хотод болсон Буриадын угсаатны зүйн үдэшлэг дээр уг жүжгийн “Монголын хан Ончоны тал нутаг дахь үхэл” хэсэг тайзнаа тавигдсан нь энэ жүжгийн түүхэн ач холбогдлыг тодорхойлох нэгэн чухал үйл явдал болсон юм. Судлаачдын үзэж байгаагаар, энэхүү жүжиг нь Буриадын үндэсний театрын хөгжлийн эхлэлд онцгой нөлөө үзүүлсэн байна.

Хэдийгээр Александра Викторовнагийн драмын туршлага амжилттай болсон гэж хэлэхэд хэцүү ч түүний эрдэм шинжилгээний болон уран бүтээлийн олон талт байдлыг илтгэх сонирхолтой жишээ болж байна. Тэр бол Оросын газарзүйн нийгэмлэгийн анхны эмэгтэй гишүүн бөгөөд Тоскийн Их Сургуулийн номын санд хадгалагдаж буй түүний өв нь цаашид олон сонирхолтой нээлтүүдийг хийх боломжтойг харуулж байна.

Номын ховор нандин түүхүүд цуврал. 37-р дугаар

Артём Викторович Васильев
Түүхийн ухааны доктор,
гар бичмэл дурсгалын хэлтсийн эрхлэгч

(орчуулсан: Б.Н)

 Эх сурвалж: https://www.lib.tsu.ru/ru/etnograficheskaya-drama-aleksandry-potaninoy-0)