УЛААН АРМИД ТАТАГДСАН ХАЛИМАГ ЦЭРГҮҮДИЙН ТАВИЛАН

УЛААН АРМИД АЛБА ХААЖ БАЙСАН ХАЛИМАГУУДЫГ ЦӨЛСӨН НЬ
Халимаг муж болон хөрш зэргэлдээ нутагт суурьшиж байсан халимагуудыг, гавьяа байгуулсан эсвэл цэргийн ар тал гэхгүйгээр цөмийг нь цөллөгт явуулсны дараа улаан армид алба хааж байсан халимаг дайчдыг шилжүүлэх асуудал үүсжээ.
Энэ үед халимагийн цэрэг дайчид (дэлхийн II дайнд) Цагаан тэнгисээс Хар тэнгис хүртэлх бүх фронтод галын шугам дээр дайтаж, арын албанд ажиллаж, цэргийн сургуульд суралцаж, цэргийн эмнэлэгт эмчлүүлэн бэлтгэл хүчин болохоос гадна, БНМАУ-д цэргийн тусгай үүрэг гүйцэтгэж, Беларусь, Украйн, Польш, Франц зэрэг орны партизаны отрядын бүрэлдэхүүнд дайтаж[1] байв.
Улаан армид алба хааж байсан халимагуудыг Сибирьт цөллөгт явуулах шийдвэрийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч И.Сталин, ДХГ-ын дарга Л.П.Берия нар гаргаж, улаан армийн жанжин штабын VIII газрын дарга, генерал И.В.Смородинов хэрэгжүүлсэн байна.
Халимагийн жирийн иргэдийг 1943 оны 12 –р сарын 28-нд цөллөгт явуулахад тухайн үед фронт дээр дайтаж байгаад шархдаж, албанаас чөлөөлөгдсөн 15000 орчим албан хаагчид гэр бүлийн хамт цөлөгдсөн байна. Улмаар 1944 оны 1-р сарын 8-нд генерал И.В.Смородинов улаан армид алба хааж байсан 40000 халимаг дайчдыг цэргээс халах тухай тушаал[2] [3] гаргасан байна. 1939 онд ЗХУ-д 134000 халимаг хүн амьдарч байсан гэдгээс үзвэл тэдний 29,8 хувь нь дайнд явжээ. Дайны эхний үе болох 1941-1942 онд 9000 халимаг алагдаж, 8000 гаруй нь шархдаж, 4000 гаруй нь олзлогдсон[4] байна.
Улаан армид алба хааж байсан халимаг дайчдыг цөллөгт явуулах ажил дараах хоёр үе шаттай явагдсан байна.
Эхний шатанд улс төрийн ажилчид болон удирдах офицеруудыг нь Ташкент болон Новосибирск хотод цуглуулсны дараа цэргийн албанаас халжээ. Халагдсан офицерууд Сибирь даяар тараан цөлөгдөөд байсан ар гэрийнхнээ хайхаар явсан. Өөрөөр хэлбэл тэд сайн дураараа цөллөгт байсан ар гэр дээрээ очиж, цөллөгийн хатуу хяналттай суурины оршин суугчид “хоригдлууд” болсон юм. Бодит байдал дээрээ тэдэнд сайн дураараа цөллөгт очихоос өөр зам байгаагүй юм.
Хоёр дахь шатанд улаан армид алба хааж байсан жирийн халимаг цэрэг, түрүүч, ахлагч нар хамрагдсан бөгөөд тэднийг офицер, удирдах албан тушаалтнуудтай харьцуулахад илүү эмгэнэлтэй хувь заяа угтсан. Зөвхөн халимагуудаас бүрдсэн тусгай хороо, анги байгуулах гэдэг нэрийн доор тэднийг армиас буцаан татсан. Фронтоос эргүүлэн татагдсан цэргүүдийг Астрахань руу илгээжээ. Тэндээс шархадсан, тахир дутуу, өвчтэй цэргүүдийг Сибирь руу явуулаад эрүүл цэргүүдийг нь Молотов (одоогийн Пермь) мужийн VII буудлагын бэлтгэл бригадын хяналтад шилжүүлэн, Дотоодыг Хамгаалах Газрын хатуу хяналтад Широковскийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад ажиллуулсан байна.
Зарим онцгой тохиолдол болон бичиг баримтаа сольсон зэрэг шалтгаанаар цөөхөн халимагууд улаан армийн эгнээнд үлдэж чадсанаар 1945 он гэхэд 2205 халимаг улаан армид алба хааж[5] байжээ.
Тухайн үед Широковскт онц аюултай гэмт хэрэгтнүүдийн колони, улс төрийн хоригдлуудын колони, Зөвлөлтийн германчуудын колони, эмэгтэйчүүдийн колони, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг байрлуулдаг колони гэх мэт хэд хэдэн колонууд[6] байв. Тус мужид Коска гол дээр баригдаж байсан усан цахилгаан станц нь дээрх газруудыг цахилгаанаар хангах үүрэг бүхий харьцангуй бага хүчин чадалтай байсан бололтой.
Широковскт ажиллаж байсан халимаг цэргүүдийн байрлаж байсан орон байр нь өргөст тороор хашаалагдаагүй л болохоос дээрх хорих газраас ялгагдах зүйлгүй байв.
Тэд Германы олзны цэргүүдтэй хамт өргөст торны дотор нүцгэн гараараа хад нурааж, хөлдүү газар ухаж, амьд үлдэхийн тулд талбай дээр хаягдаж хөлдсөн төмс, хүнсэнд ашигласан төмсний хальс хүртэл идэн ажиллаж байжээ.
Широковскийн усан цахилгаан станцын барих хорих лагерьт ажиллаж байсан халимагуудын тоог өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоож чадаагүй байна. Тэдний тоог 1941 оны 1-р сард 2241, 1944 оны 5-р сард 9100, 1945 оны 1-р сард 4844, 1946 оны 1-р сард 7735 болж нэмэгдсэн, мөн 3443 цэрэг байсан, Широклагт 4000 орчим халимаг дайчид (герман мэргэжилтэн 4800, халимагууд 3241)[7] ажиллаж байсан гэх мэтээр баримт материалуудад ялгаатай тэмдэглэсэн байна.
Халимаг дайчид ирснийхээ дараа хүнд ажлын улмаас нас барах, өвчин тусах, тахир дутуу болох зэрэг онцгой тохиолдолд цөөн тоогоор хорих лагериас суллагдан, Сибирть цөлөгдсөн гэр бүлийнхнийхээ амьдарч байсан Дотоодыг Хамгаалах Газрын мэдэлд шилжиж байсан зэрэг тэдний тоог тогтооход бэрхшээл үүсгэж байна.
Широковскт эрчүүдээс гадна цэрэгт алба хааж байсан эмэгтэйчүүдийг бас хорьж ажиллуулсан байдаг. Судлаач Е.А.Бембеева “ … цэргийн эмнэлгийн сувилагч Е.В.Кудесинова, 42-р тусгай холбооны хорооны холбоочин B.M.Иванова болон А.Т.Васькаева, Т.А.Давинова, Д.Д.Джумалинова, П.М.Мацакова, М.Х.Монтиева, А.А.Назарова, И.С.Наранова, С.Н.Онджинова, Ц.Г.Очирова, Б.О.Саранкаева, Е.Л.Тагаева, Г.Б.Уланова, Э.Б.Хонинова” [8] нарын 15 эмэгтэйн нэрийг тодруулсан байдаг.
Тэднийг Широковскт ирэхэд гал тогоо, угаалгын газар, эмнэлгийн тасагт ажиллуулжээ. Эдгээр ажлууд нь сонсоход хялбар мэт боловч ажиллах нөхцөл маш хүнд байсан юм. Угаагч өдөрт 75 хос даавууг гараар угаах бөгөөд тэдгээр нь өвчтэй болон нас барсан хүмүүсийн цус нөж, өтгөн шингэнээр бохирдсон байна. Тогооч өгсөн бүтээгдэхүүнийг дээд зэргээр хадгалж, хаягдал аль болох бага гаргах ёстой байв. Хоол хүнс нь муу байсан бөгөөд хөлдсөн байцаа төмс зэрэгхэнээр шөл хийж, ялзарсан мэт хольцтой 200-400 гр талх өгдөг[9] байжээ.
Эмнэлэгт ажиллаж байсан хүмүүсийн хувьд нөхцөл байдал илүү хүнд байв. Тэд өдөр бүр өвдөж шаналсан хүмүүстэй ажиллаж, хувцсаа ч тайлж чадахгүй болтлоо ядарсан хоригдлуудын хувцсыг ичих мэдрэмжээ даван тайлж эмчилдэг. Эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүсээс өдөр бүр 5-6 хүн нас бардаг[10] бөгөөд ерөнхий эмчийн тушаалаар тэдний хувцсыг тайлж цогцсыг нь зөөдөг байжээ. Нас барагсдын шарилыг авахаар өдөрт хоёр удаа машин эсвэл трактор ирдэг аж. Шарилыг ачин оршуулах газар очиход уг газар нь хүрзээр ухахад маш хатуу хайргатай газар байдаг учраас оршуулах газраа тэслэгчээр дэлбэлж, нүх гаргаад 20-30 шарилыг хамтад нь оршуулдаг байжээ. Энэ нь тэднийг сэтгэл зүйн маш хүнд байдалд оруулдаг байна. Ийм нөхцөлд дөрвөн сар ажилласан Мария Монтиева аргагүйн эрхэнд гал тогооны өрөөнд ажиллах хүсэлт гаргаж байжээ.
Широковскт ирэгсдийн дотор эх орныхоо төлөө амь хайргүй тулалдан гавьяа байгуулсан цэргүүд цөөнгүй байв. Тухайлбал, Улаан од одонгоор хоёр удаа, Эр зоригийн төлөө медалиар шагнагдсан С.А.Бадмаев, Улаан од одонгоор хоёр удаа, “Сталинградыг хамгаалсны төлөө” медалиар шагнагдсан Т.О.Бадыков, Лениний одонгоор шагнагдсан О-Г.Ц.Болдырев, отрядынхаа хамт армийн давшилтыг саатуулж байсан дайсны хоёр батарейг устгасныхаа төлөө ЗХУ-ын баатар цолоор шагнуулахаар тодорхойлогдсон ч цөлөгдсөн халимаг үндэстэн гэдэг шалтгаанаар Улаан тугийн одонгоор шагнагдсан П.Т.Жалхаев[11] зэрэг олон хүмүүсийг дурдаж болно. Судлаач Максимов “ Широковскт хоригдож байсан дайчдын дотор Лениний одонгоор шагнагдсан 1, Улаан тугийн одонгоор шагнагдсан 3, Эх орны дайны одонгоор шагнагдсан 8, Улаан од одонгоор шагнагдсан 47 хүн байсан”[12] гэж тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна эр зоригийн төлөө медалиар шагнагдсан 141, цэргийн гавьяаны төлөө медалиар шагнагдсан 93, Сталинградыг хамгаалсны төлөө медалиар шагнагдсан 105, Ленинградыг хамгаалсны төлөө медалиар шагнагдсан 34, Кавказыг хамгаалсны төлөө медалиар шагнагдсан 10 хүн[13] байжээ. Тухайн үед ихэнх техник хэрэгслийг фронт руу татсан байснаас тэд бүх ажлыг гараараа хийж байв. Тэднийг ажилд гарахын өмнө эмчийн үзлэгт оруулж, ямар ажилд хуваарилж болохыг нь шийддэг байжээ.
Халимагууд Широковст хавар, намрын улиралд хүйтэн бороонд, өвөл нь -50 хэмд, хоёр метр цасанд, хөдөлмөрийн хүнд нөхцөлд өдрийн 16 цагаар ажиллаж, хоол хүнс муутай байснаас хүнсний дутагдалд орж, эрүүл мэндийн тусламж төдийлөн авч чадахгүй байснаас олноороо өвдөж нас барж байв. Тэдний ихэнх нь хүнсний дутагдал, уушгины хатгалгаа, сүрьеэ, ходоодны төрөл бүрийн өвчнөөр нас барж байлаа. Тухайлбал, 23 настай, эрүүл чийрэг П.Т.Жалхаев Широковскт зургаан сар хоригдон ажилласны эцэст хоёр талын уушгины хатгалгаа, төвөнхийн сүрьеэ өвчнөөр, 1944 оны 3-р сарын 12-нд Широковлагт ирсэн М.О.Очиров 1944 оны 4-р сарын 28-нд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан[14] зэргээр энэ жагсаалт цаашаа урт үргэлжилдэг. Широковлагаас суллагдан ирсэн цэргүүд зүгээр л амьсгаатай төдий ирж байсан бөгөөд явж чаддаггүй болсон тохиолдлууд ч байжээ. Тэдэнд тариа хийхэд цус гардаггүй байсан гэдэг.
Широклагт байсан эмэгтэйчүүдийн нас барсан тухай баримт одоогоор олдоогүй ч гэсэн тэнд байхдаа өвчлөөд, улмаар суллагдаад удалгүй нас барж байв. Тухайлбал, Полина Мацакова зүрхний өвчтэй болсноор суллагдсан ч Сибирьт очоод нас барахдаа[15] 22 настай байжээ.
Широклагт нас барсан цэргүүдийн тоо ч эцэслэн тогтоогдоогүй байна. Широклагт штабын статистикийн хэлтэст ажиллаж байсан Н.К.Шарапов “3600 халимаг байсны 911 нь нэг жилийн хугацаанд нас барсан”[16] гэж тэмдэглэсэн байдаг. Широклагийн дурсгалын номд 3035 хүний бүртгэл байгаагаас 138 хүн нас барж, 469 хүн актаар суллагдсан, 694 хүн өвчилснөөс 140 нас барсан гэсэн мэдээнүүд бий. Мөн тус номд 1944 онд нас барсан болон өвчин туссан, тахир дутуу болсноор Широковсгаас чөлөөлөгдөн Новосибириск мужийн ДХГ-ын хяналтад шилжсэн хүмүүсийн бүртгэлийг сар бүрээр нь гаргасныг хүснэгтээр үзвэл:
Хугацаа | Өвчний учир суллагдсан | Нас барсан |
3 сар хүртэл | 5 | 13 |
6 сар хүртэл | 87 | 43 |
9 сар хүртэл | 361 | 62 |
12 сар хүртэл | 16 | 20 |
Бүгд | 469 | 138 |
Хүснэгт №2. 1944 оны 3-12-р сард Широковоос суллагдан Новосибирск мужийн ДХГ-ын хяналтад шилжсэн хүмүүс.
Бүртгэлээс харахад нас барсан болон өвчлөгсдийн тоо тасралтгүй өсөж байгаа ба намар, өвлийн сэрүүн улиралд хамгийн ихээр өвчилж нас барж байсан байна. Энэ нь өвлийн хувцас, хүнсний нормоор хангагдаагүй, намрын үед нимгэн хувцастай ажиллаж байгаад бороо, цас гэх мэтийн байгалийн гэнэтийн өөрчлөлтөд амархан өртсөнөөр хурдан өвчилж, ажлын хүнд нөхцөлийн улмаас өвчин нь хүндэрч байсан байх магадлалтай.
Нас | Нас барсан | Суллагдсан |
20 хүртэл | 12 | 63 |
25 | 23 | 46 |
30 | 24 | 52 |
35 | 20 | 61 |
40 | 22 | 66 |
45 | 10 | 62 |
50 | 23 | 81 |
55 | 4 | 36 |
60 | 2 | |
Бүгд | 138 | 469 |
Хүснэгт №3. Широковоос суллагдсан болон нас барсан хүмүүсийг насаар нь ангилан харуулсан хүснэгт.
Нас барагсдын ихэнх нь идэр насны залуучууд байгаа нь хожмын Халимагийн хүн амын өсөлтөд ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.
Өвчний улмаас хорих лагериас чөлөөлөгдөн Сибирьт цөлөгдсөн гэр бүлийнхэн дээрээ орчсон халимагуудаас цаашаа удаан хугацаанд амьдарсан нь цөөхөн юм. Тэд бол үнэндээ ямар ч хөдөлмөр эрхлэх чадваргүй, амьд үхдэлүүд болсон байв. Тэдний хувьд хорих лагерьт биш, цөллөгийн сууринд, эрүүгийн хэрэгтнүүдийн дунд биш, гэр бүлийнхэн юм уу нутаг нэгт халимагуудынхаа дунд амьсгал хурааж байгаагаараа өөр байсан юм. Тухайлбал, Сталинградын тулалдаанд оролцсон А.Бадаева, Н.Текеева, Т.Гаряева нарыг 1944 оны хавар эргүүлэн татаж, Дотоодын хамгаалах газрын нууц химийн үйлдвэрт 1944 оны 12-р сар хүртэл хоригдлуудын нөхцөлд ажиллаад, цаашид хөдөлмөрлөх чадваргүй болоход нь Сибирь дэх гэр бүл рүү нь явуулсан бол усан цэрэгт алба хааж байсан Н.Паляева, М.Петкиева, А.Сангаджиев, З.Манджиев, А.Сангаджиев, В.Очиров, К.Гаряев, Н.Степанов, М.Сумьянова нарыг барилгын инженерийн хэсэгт ажиллуулжээ. Тэд намар, өвлийн хүйтэн, чийгтэй улиралд нимгэн хувцастайгаар мод бэлтгэх, ажлыг хийгээд жил гаруй хугацааны дараа 1945 оны сүүлээр ажиллах ямар ч хүч тамиргүй болсноор тэднийг коментантурын хатуу хяналтад Сибирь дахь гэр бүл рүү нь явуулсан[17] байдаг.
Тэднийг үхэлд хүргэж байсан шалтгаан нь байгаль болон хөдөлмөрийн хүнд нөхцөлөөс гадна сэтгэл санааны байдал нөлөөлж байв. Эх орныхоо төлөө тулалдаж байгаад эргүүлэн татагдаж, хоригдлуудын хамт хорих лагерьд хөдөлмөр эрхэлж, Сибирьт цөлөгдсөн гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтоож чадахгүй байв. Харин хоригдлуудын хувьд “тэд хэзээ суллагдахаа мэдэж байсан” бол халимаг дайчид хэзээ суллагдаж харихаа ч мэдэхгүй байсан зэрэг нь тэдэнд сэтгэл санааны маш хүнд цохилт болжээ.
Халимаг дайчид өвчнөөр нас барахын зэрэгцээ тэсэлгээнд өртөх, нурангид дарагдах, галт тэргэнд дайруулах[18] зэргээр ослоор нас барах нь их байв.
Широковлагт ирэгсэд болон тэнд амиа алдагсад, өвчин болон тахир дутуугийн улмаас суллагдагсдын тоог нарийвчлан гаргахад хүндрэл учруулж буй зүйлс бол:
– Тус хорих лагерьт байгаа хүмүүсийн бүртгэл тодорхой хийгдээгүй бөгөөд ирсэн он, сар, өдөр байхгүй, нэр тодорхойгүй бичигдсэн, суллагдсан болон нас барсан өдөр нь бичигдээгүй, үхлийн шалтгаан болон хаана оршуулсан зэрэг нь тодорхойгүй байгаа явдал юм. Халимаг цэргүүдийг ирэхэд бичиг баримтыг нь хурааж авч байсан бөгөөд суллагдах үед тэдэнд барилгын батальонд ажиллаж байсан гэсэн үнэмлэх олгож, очсон газрынхаа ДХГ-т очиж бүртгүүлэх үүрэгтэйгээр явуулдаг байв. Энэ нь тэдний бүртгэл будилахад хүргэснээс гадна, хожим дайнд гүйцэтгэсэн үүргээ үнэлүүлэхэд ч сөргөөр нөлөөлжээ. Широковлакын хохирогчид энэ хүнд хэцүү амьдралынхаа тухай бусдад ярьдаггүй байсан нь тэдний тухай мэдээллийг тодорхойгүй үлдэхэд багагүй нөлөөлснөөс гадна өнөөдөр Широковлагийн лагерьт хоригдогсдын гэрч нарын тоо өдөр өдрөөр багассаар байна. Энэхүү хүнд нөхцөлд ажиллаж байсан халимагуудын хамгийн ихээр тавьдаг байсан хүсэлт бол, суллагдаж гэр бүлдээ очих бус харин фронт руу явуулж, эх орныхоо төлөө тулалдах боломж олгох явдал байв. Тэдний энэ хүсэлтийг огт зөвшөөрөхгүй байснаас гэр бүл руугаа биш фронт руу оргох явдал багагүй гардаг байжээ. Фронт уруу оргохоор завдагсдыг хорих ялаар нэмж шийтгэж байсан бөгөөд цөөхөн халимагууд л фронт руу амжилттай оргож чадсан байдаг.
Тус хорих лагерьт ажиллаж байсан халимаг дайчдыг дайн дуусаж, олзны германчуудыг буцаасны хойно ч ажиллуулсаар байжээ. Широковлагын хориход хөдөлмөр эрхэлж байгаад суллагдсан халимаг дайчдын ихэнх нь амьд ахуйдаа цагаатгагдаагүй. Хожим тэднийг нэхэн цагаатгасан ч тэдэнд болон тэдний гэр бүлийнхэнд өнөөг хүртэл улсаас ямар нэгэн ёс суртахууны болон эд материалын нөхөн олговор олгоогүй билээ. Эх орныхоо төлөө тулалдаж байсан тэдний хувьд энэ бол үгээр илэрхийлшгүй доромжлол юм.
[1] Книга памяти. – Элиста, 1994. – Т. 3. – Кн. II. [1, х. 30, 106–107, 138].
[2] Е.А. Бембеева. Военнослужащие-калмычки на строительстве Широковской ГЭС в 1944–1945 гг.
[3] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 11
[4] Уташ Борисович Очиров, Валентина Николаевна Воробьева. Калмыки-военнослужащие Красной армии в Широклаге: статистическое исследование // Oriental Studies. 2020. Vol. 13. Is. 2 стр 330-357.
[5] Уташ Борисович Очиров, Валентина Николаевна Воробьева. Калмыки-военнослужащие Красной армии в Широклаге: статистическое исследование // Oriental Studies. 2020. Vol. 13. Is. 2 стр 330-357.
[6] Книга памяти. – Элиста, 1994. – Т. 3. – Кн. II. [1, х. 33, 39, 54].
[7] Смирнов М.Б. (сост.) Система исправительно-трудовых лагерей в СССР, 1923-1960 Справочник. — М.: Звенья, 1998. стр 514
[8] Е.А. Бембеева. Военнослужащие-калмычки на строительстве Широковской ГЭС в 1944–1945 гг.
[9] Е.А. Бембеева. Военнослужащие-калмычки на строительстве Широковской ГЭС в 1944–1945 гг.
[10] Книга памяти. – Элиста, 1994. – Т. 3. – Кн. II. [1, х. 77].
[11] Книга памяти. – Элиста, 2000. – Т. 3. – Кн. I. [ х. 34, 37, 91].
[12] Максимов К. Н. Великая Отечественная война: Калмыкия и калмыки. М.:Наука, 2010. стр 349–350.
[13] Халимаг түүх 2/601
[14] Книга памяти. – Элиста, 2000. – Т. 3. – Кн. I. [х. 91, 194].
[15] Книга памяти. – Элиста, 2000. – Т. 3. – Кн. I. [х. 76].
[16] Книга памяти. – Элиста, 2000. – Т. 3. – Кн. I. [х. 138].
[17] Хаптаханова, М. У войны не женское лицо, а в экипажи набирали девушек / М. Хаптаханова // Известия Калмыкии. – 1996. – 19 окт. [3, х. 2].
[18] Книга памяти. – Элиста, 2000. – Т. 3. – Кн. I. [х. 241, 130, 210].
Эх сурвалж: Түүхийн ухааны доктор (Ph.D) Н.Наранжаргалын “Сибирьт цөлөгдсөн Халимагууд” номоос хэсэглэн авав.
Номын тухай мэдээллийг: https://iis.ac.mn/post/24558?fbclid=IwY2xjawIWSzRleHRuA2FlbQIxMQABHYqwHWO-BzL_hmj1iKiil8u-FPc5R80M_fMwopZTMmFdPTw73BNTnnlS6g_aem_gi6vmTuqOxDCuI_R_oHxUw