“АСУУДАГ НУРУУ”-НЫ АМАН НААДГАЙ БУЮУ ХЭМЭЭЛГЭНЭ

Б.Эрдэнэ
Монгол ардын аман зохиолын арвин баялаг санд “Асуух нурууны ерөөл” гэх нэгэн зүйл ерөөл тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд зан үйлийн шинжтэй энэхүү идээний зүйлийг эрт цагаас ерөөж эрхэмлэн дээдэлдэг “… Янз янзын шинж төгс, Есөн эрдэнийн бүтэцтэй”[1] 24 нурууны хойд талд ургасан хөвөрцөг ясны дээд талд үүссэн ЯГЦ ХАР ЯС гэх буюу ХАШ ЭРДЭНЭ гэж нэрлэгддэг байжээ. Бидний судалгаанаас үзэхэд дээрх ястай холбоотой аман наадгайн төрөл монгол туургатны аман зохиолд байгаа нь тодорхой бөгөөд үүнийг шинжаанд ЯТГААЧ ЯС, халимагт ХЭМЭЭЛГЭДЭГ НУРУУ монголд АСУУДАГ НУРУУ \асуух нуруу\ гэх мэтчилэнгээр нэрлэж байна.
Үүний улбааг мөшгөж үзвэл монгол туургатны аман зохиолын санд хоёр зүйлийн домог үлгэр байгаа бөгөөд үүний эхний “Явган мэргэн баатар” хэмээх домог үлгэрийн нэгэн хувилбарт “Асуух нуруу”-г юуны учир ерөөдөг болсон тухай өгүүлэмж тохиож байгаа нь сонирхолтой юм. Уг домогт домгийн баатар явган мэргэн өөрийнхөө эзний захиасаар гөрөөс шорлоод шаржээ. Шарсан гөрөөсний нуруунд ганц ширхэг түүхий улаан судас таарсанд тэрхүү хорин дөрөвдөгч нурууны хойд талд ургасан ар хар ясны түүхий гарсан улаан судасны муу ёрыг дарахын тулд явган мэргэн баатар бөөгөөс “ Нугалах уу?” гэж зөвшөөрөл аваад тэр ясыг нугалжээ гэдэг. Монгол түмэн ууцыг хүндэтгэлийн зоогт тооцож түүхий гаргах ялз чанахыг цээрлэдэг байна. Иймээс “… ганц судас түүхий улаан гарсаны муу ёрыг хариулахын тулд ууцны ясыг магтдаг болсон байж болзошгүй” [2] талаар халимгийн судлаач Е.Э.Хабунова өөрийн “Голомт “ хэмээх номондоо дурдсан байна. Нурууны тал бүрт алтай уул, хангарьд шувууны жигүүр, морины соёо, тайган чих, эрийн магнай, эмийн сайр, гол, эмээл зэрэг дүрслэгдэнэ. Халимагийн өөр нэгэн хувилбарт өгүүлснээр “…Эрт цагаас халимагууд “Нуруу хэмээлгэний шинж” гэж хэлэгдэж явжээ гэвч энэ шинжийг мэдэж хэлж өгдөг хүн ховор байсан ажээ. Халимагт Дадаа нэрт хатан хуучны тууж түүх хэлмэрүүд сонирхон сонсдог хүн байжээ. Нэгэн удаа хатан хааны албат дунд хэмээлгэдэг нурууны шинж хэлдэг нэгэн сэргэлэн цовоо хоньчин хүү байгааг олж сонсжээ. Тэгээд тэр хүүг өргөөндөө дуудаж хэлүүлий гэхэд сүрдээд хэлж өгсөнгүй ээ. Хатан нэгэн удаа арга сүвэгчилж эгэл эмэгтэй хүний хувцас өмсөөд хүүгийн хагархай хар гэрт ирээд хонины ууцыг нуруу нуруугаар нь нугалж чанаад хоньчин хүүг дуудуулаад хэмээлгэдэг нурууг оруулж том шаазан дүүргээд мах тавьж өгчээ. Хоньчин хүү цадаад асуудаг нурууг таньж сайтар мөлжөөд нугасны нүхэнд нь богино хавс(хавирга) хатгаад шаазангийн аманд тавьжээ.
Дадаа хатан хүүд шөл аягалж өгч байхдаа “орчлонгийн ёс ойрдын заншил энэ нурууны махыг идсэн хүн шинжийг хэлдэг учиртай хүү чи үүний шинжийг мэдэхгүй биз би огт сонсоогүй хэлж өгөөч” гэж гуйжээ. Хоньчин хүү хатныг хөлийнх нь улнаас үснийх нь үзүүр хүртэл шинжээд инээж: Үүнийг
Хонины хорин дөрвөн нурууны
Хойд талд ургасан
Хөвөрцөг ясны дээд талд үүссэн
Ерэн есөн шинж бүрдсэн
Ягц хар яс , хаш эрдэнэ гэнэ. Гэх мэтчилэнгээр уран цэцнээр нурууны ясны 10 шинжийг хэлдэг байна. Энэ нь:
- Бошхон тошхон бор уул хоёрт
- Хурдан бүргэдийн жигүүр
- Агт морины араа
- Төдөгт хар баатрын магнай
- Өрмийн улаан гол
- Дөш мөнгөн эмээл
- Сайн эмийн сайр
- Уран хүний ухам
- Ургаа зандан мод
- Ноостой ноцхон зэрэг 10 шинжийг уран цэцнээр шүлэглэн хэлдэг байна. Үүнээс гадна 9 шинжийг нь шүлэглэсэн хувилбар ч байдаг байна.
Жишээлбэл:
Хунг хударгагүй гүйцдэг
Ооныг оломгүй гүйцдэгт нь
Аранзал морины аран гэж нэрлэжээ гэх буюу
Түмэн цэрэгт төдөлгүй ордог
Буман цэрэгт буцалтгүй ордог
Далан жадын үзүүр
Давсгийнхан эхэнд эгц орсонч
Ёо гэж хойшоо ухарддаггүйд нь
Төдөгт хар баатрын магнай гэж нэрлэжээ гэх мэтчилэнгээр уран тансаг шүлэглэн өгүүлж хэлцдэг байна. Халимаг болоод шинжааны энэхүү асуух нурууны шинж хэлэх заншил нь хоёр хүний харилцан ярианы шинжтэй бөгөөд гэрийн эзэн асууж, зочин хариулж буй жүжигчилсэн хэлбэр ажиглагдаж байна. Харин манайд тэмдэглэгдсэн дараах хувилбарт:
- Урдаасаа аварга бөх ааруухан баатарын магнай
- Хажуунаасаа хангарьдын шинжтэй
- Эмээл дөшийн шинжтэй
- Хас цагаан суудал
- Уулын шинжтэй
- Тас бүргэдийн жигүүр
- Хон хэрээний хоншоор
- Хурдан хүлгийн соёо
- Уран хүний ооль
- Урсгал ихт гол гэх арван шинжийг тодруулан шүлэглэсэн байдалтай байна. Жишээлбэл:
Арслан зааны цолтой
Аварга бөхийн магнай шиг
… хайрхан уул дээр суусан
Хангарьдын шинжтэй
… эврэшгүй бат
Эмээл дөшийн шинжтэй “Асуух нурууны ерөөл”[3] гэх мэтээр асуух нурууны арван шинжийг баруун гартаа барьж магтаад “… гадаа хөдөө хаядаггүй, Галын бурханд өргөдөг”[4] хэмээн ариун дагшин шинжийг илтгэн зан үйлийн шинжийг нь түлхүү гаргасан байдаг бол шинжааны монголчууд “Ятгаач ясыг хэлэх наадам” гэж нэрлэх бөгөөд агуулгын хувьд халимагын хувилбаруудтай ойролцоо байдалтай байна. Шинжааны “Ятгаач ясны наадам”-д
- Сайн эрийн магнай
- Ханьгардын жигүүр
- Алтан дөш эмээл
- Алтай сүмбэр уул
- Хон хэрээний хоншоор
- Уран хүний ухуур
- Сайн агтын соёо
- Хөх тайганы чих
- Хөндийн хөх гол гэх 9 шинжийг шүлэглэн хэлэлцдэг байна. Жишээлбэл: яагаад алтан дөш хэмээв? гэхэд
Дээвэр тохож зузааддаггүй
Дэлтэр тохож нэмэгддэггүй
Эмнэгт тохож эвдэрдэггүй
Хангалд тохож хамхардаггүй
Оломгүй боловч ооно гүйцдэг
Худраггүй боловч хулан гүйцдэгт нь
Алтан дөш эмээл гэдэг. Гэх зэргээр шүлэглэн нааддаг аман наадгайн төрөл юм.
Дээрхээс үзвэл “Асуух нурууны аман наадгай”-г хүүхдийн аман зохиол дахь тоглоом наадмын зүйлийн дотор оруулан үзэж болох бүрэн үндэстэй бөгөөд хэн бүхний гарын дор байх нурууны ясны арван шинжийг асууж хариулах байдлаар талцан наадах аман наадмын нэгэн төрөл болж болохуйц байна. Ялангуяа хотжин иргэншиж, нүүдлийн сонгодог соёл, монгол уламжлалаа бага багаар алдаж буй энэ нийгэмд бага насны хүүхдийн тоглоом наадмаар дамжуулан нэгэн зүйл оюуны өв соёл, аман зохиолын яруу найргийн нэгэн төрлийг хадгалан үлдэх боломж бидний өмнө байна. Энэхүү үгэн наадам нь:
Нэгдүгээрт: өв уламжлал, зан үйлийн шинжтэй
Хоёрдугаарт: танин мэдэхүйн ач холбогдол бүхий шүлэглэсэн хэлбэртэй
Гуравдугаарт: харилцан яриа жүжиг наадмын нийлэг шинжтэй байна.
[1] Д.Цэрэнсодном “Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг” УБ., 2012. Хуу-130
[2] Хабунова Е.Э “Голомт” Элстэй., 2007. Хуу-84
[3] Д.Цэрэнсодном “Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг” УБ., 2012. Хуу-130
[4] Д.Цэрэнсодном “Монгол ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг” УБ., 2012. Хуу-129
1 Comment
Сонин юм байна
Comments are closed.