БААТАРЛАГ ТУУЛЬ БА БУРХАН ШАЖИН
Баатарлаг туулийн өгүүлэмжид бурхан шажны тухай ойлголт нэвчин орсон нь монголын бусад угсаатны туулинд ч ойролцоо цаг хугацааг илэрхийлдэг. Түүнээс гадна тухайн ястны туульд бурхан шажин сайн муу аль талд байх, сайхан муухай ямар зүйлийг дүрслэж байгаагаас бурханы шажны дэлгэрснээс хойшхи аль үеийн тусгал болохыг харж болохуйц байна.
Ойрад монголын туулийн зохиомжийн эхэн хэсэгт голдуу бурхан шажны тухай ойлголт тааралдаж байгаа нь сонирхолтой. Тухайлбал орд өргөөний бэлгэдэл, баатар эрийн дүрслэлд шажны өгүүлэмж нэвчин орсон байдаг. Гэхдээ зарим туульд бөөгийн үзэл ойлголттой холилдон орсон байх тал ч буй. Дөрвөд туульд бурхан шажны тухай үзэл ойлголт, бурхны шажны ертөнцийн тухай ойлголтууд, бурхадын нэр зэрэг зүйлс өргөн туссан боловч баатрын хувь заяаг шийдэхэд ямар нэгэн оролцоо багатай юм.
Хархираа, Түргэний гол, Торхилог, Боршоо, Ховд, Бөхмөрөний голоор нутагладаг дөрвөдүүдийн хайлдаг Дөрвөд тууль Баяд, Урианхай туулиас мөн л агуулга, үйл явдал, өгүүлэмж дүр дүрслэлээрээ ялгаатай. Үнэхээр ч баядын дунд хайлдаг байсан ‘’Эрийн сайн хүлэг эрдэнэ’’, ’’Эргэл түргэл’’, ’’Даньхүрэл’’, ’’Хийгийн хүйтэн хөх төмөр зэв’’ гэх мэт туулиудыг Дөрвөд, Урианхайчууд хайлдаггүй. Урианхай туульчдын хайлдаг ’’Баян цагаан өвгөн ‘’, ’’Галзуу хар хөхөл’’, ’’Наран хаан хүү’’, ’’Аргил цагаан өвгөн’’, ’’Эзэн улаан бодон’’, ’’Хүдэр мөнгөн тэвнэ’’, ‘’Хүрэл алтан дөш’’, ’’Талын хар бодон’’, ’’Зул алдар хаан’’, ’’Бужин даваа хаан’’ зэрэг туулиудыг дөрвөд баядын туульчид мэддэггүй. Дөрвөдийн дунд хайлдаг ’’Дуутай мөндөр хаан’’, ‘’Хаан чингэл баатар’’, ’’Хашин цагаан хаан’’, ’’Сариг цагаан ингэний өнчин цагаан ботго’’, ’’Хил хөх морьтой хүйтэн зориг ноён’’,’’Хөх халзан морьтой хөхөлдөй мэргэн хаан’’, ’’Хангал ташаа хар хээр морьтой хаан цэргийн өвгөн’’, ’’Эрт төрсөн эрэл мэргэн’’,’’Эзэн богд цагаан хаан’’, ‘’Алтай хайлах’’ зэрэг туулиудыг баяд болон урианхай туульчид мэддэггүй юм. Оросын монголч эрдэмтэн академич Б.Я.Владимирцов…Хан хөхийн уул, Тэс голоор хэлдэг баядын тууль, Булган, Чингэл голын хавцаар аялгуулан хэлдэг урианхайн тууль бүхий л нарийн төвөгтэй бүтцээрээ цөм ялгаатай (Владимирцов 1966; 52) гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Ийм учраас Б.Я.Владимирцовын тодорхойлсон монгол тууль хайлдаг гурван төвийн нэг болох баруун монгол буюу ойрадын туулийг дотор нь: 1.Дөрвөд, 2.Баяд, 3.Урианхай тууль, 4.Торгууд,Захчины тууль хэмээн дөрвөн үндсэн бүлэгт хувааж болохоор байна. Дөрвөдүүдийн дунд дээрх туулиудыг хайлж байсан томоохон туульчид нэлээд байжээ. Тухайлбал Баглай, Ч.Намилан, Шархөвүүн, Зоноров, Гөлөг, Раалжин, эдний дараагийн үе болох Ц.Зодов, Г.Хайнзан, З.Дамиа, Б.Мижид, Б.Нямаа нарыг дурдаж болно. Дөрвөд туулийн баяд, урианхай, торгууд, захчин туультай төсөөтэй тал нь гэвэл туулийн гол баатрын гэрлэлттэй холбогдон үйл явдлын шугам өрнөдөг юм. Энэ бол зөвхөн дөрвөд, баяд, урианхай, торгууд ,захчин туулиудад байдаг шинж биш монгол туульд ч түгээмэл байдаг шинж юм.
Судлаач Б.Катуу 1996 онд хэвлүүлсэн “Дөрвөд ардын тууль” номд дөрвөдийн нэрт туульч Г.Хайнзангаас тэмдэглэн авсан туулийн өмнө хэлдэг “Алтайн хангайн магтаал ”, “Хангал ташаа хар хээр морьтой хаан цэргийн өвгөн”, ”Хил хөх морьтой хүйтэн зориг ноён”, “Хөх халзан морьтой хөхөлдэй мэргэн хаан”, эрдэмтэн Б.Я.Владимирцовын 1926 онд хэвлүүлсэн “Образцы монгольской народной словесности” гэдэг номдоо дөрвөд туульчдаас тэмдэглэн авч галиг үсгээр хэвлүүлсэн “Хаан чингэл”, “Эрт төрсөн эрэл мэргэн” гэдэг хоёр туулийг кирил үсгээр хөрвүүлж нийт таван тууль нэг магтаалыг бусад хувилбартай харьцуулан нэлээд боловсруулалт хийж нийтлүүлсэн байна (Катуу 1996;5-9). Мөн түүнчлэн Р.Нарантуяа, Б.Катуу нар хамтран 1989 онд “Дуутай мөндөр” номдоо “Хашин цагаан хаан”, “Дуутай мөндөр”, “Сариг цагаан ингэний өнчин цагаан ботго” зэрэг туулиудыг товч өмнөх үг бичиж хэвлүүлсэн байдаг.
Цаашлаад дөрвөд тууль дахь шажны үзэл ойлголтын тусгалын талаар товч өгүүлье. Дөрвөдийн “Дуутай мөндөр” туульд:
Дунда замба тивийн
Баруун наран шингэх зүгийг
Дуу ч үгүй эзэлсэн
Догос ч үгүй эзэлсэн
Дуутай мөндөр хаан (Дуутай мөндөр 1989: 6) гэж өгүүлсэн нь Замбуу тивийн тухай ойлголттой холбогдож байна. Ертөнцийн төвд агуу их сүмбэр (s: meru. sumeru. t: ri-rab) уул орших бөгөөд нэлгэр уудам далайн дөрвөн зүгт дөрвөн их тив оршино. Үүний нэг замбуу тив хөх сүхэн хэлбэртэй, дөрвөн тив болгоны хажууд хоёр бага тив орших агаад бидний амьдрах ертөнц, өмнө замбуутив амуй(Роберт Бийр 2022; 103). Харин дунд замба тив хэмээх энэ ойлголт нь бөөгийн ёсны ертөнцийг үзэх дээд, дунд, доод хэмээгч үзлийн үлдэц бололтой.
Доод баян хар лусын хааны гадаа ирээд
Нэг сум газарт шаагаад унасан хий хүлэг морио уяад
Нэг сум газарт шаагаад
Үүрдэг сайн зэр зэвээ өлгөөд
Хар лусын хааныд орж
Амрыг эрээд амгаланг асуугаад сууж гэнэ (Дуутай мөндөр 1989: 8). Лус (s: naga. t: klu) бол газар доор орших могойн шулам юм. Вээдийн ёсоор Сеша, Васуки, Такшака гурван их лусын хаан эрхшээдэг. Энэхүү вээдийн лус шүтлэгийг бурхны шажин өөртөө уусган авчээ. Лус бол газар доорх эрдэнэс, “номын сан”-ын хамгаалагч болно. Могойн дүр, хагас могойн дүр, хүний дүрээр илэрдэг. Тэдэнд халдаж уурлуулбал хур бороог харшилж, ган гачиг болдог. Бурхны шажинд найман их лусын хаан буй. Энэтхэгчүүд угсаа овог байр сууриар нь лусыг таван дэс хувааж байжээ. Дорно байгч цагаан шадар, өмнө байгч шар худалдаач, өрнө байгч улаан бярман, өнө байгч улаан бярман, умар байгч ногоон зандалчин, төв дунд байгч нь харин хар өнгийн угсаа овоггүйтэйн буюу “ойртож болшгүй язгуурт” байдаг (Роберт Бийр 2022; 92). Дээрх хар лусын хаан хэмээгч ойлголт нь эртний энэтхэгийн могой шүтлэг, лусаар дамжин язгуурын таван бурхны байр, найман лусын аймгийн өнгийг заах болсны илэрхийлэл болсон хүн дүрт лусын хааны өгүүлэмжээр дөрвөдийн туульд илэрч байгаа хэлбэр ажээ. Домог ёсоор Сүмбэр уулын доор дөрвөн давхарга буй. Лусын сахиус нэгдүгээр давхарт нь, хангарьд хоёрдугаар давхарт нь, мангас (s: danava) гуравдугаар давхарт нь, эрдэнэ сахигч ягчис дөрөвдүгээр давхарт суудаг хэмээүй (Роберт Бийр 2022; 103) гэх мэтээр шашны тухай олон арван зүйлс энэхүү туульд тэмдэглэгдсэн буйг орхин дөрвөдийн туульч Хайнзангийн хайлсан “Хашин цагаан хаан” туулийг сөхөн үзэхүл:
Хөвүүн минь
Нас чинь бага цус чинь шингэн байна
Энэ жилдээ өнжөөд
Эсэргэн жилдээ мордооч
Тойн болсон толгойд чинь
Хүйтэн иртэй мөс хүрээгүй байна (Хашин цагаан хаан 1989: 54), гэж монгол туульд өгүүлэгдэх өрвөлөг, даахь үргээх ёсыг бурхан шажинтай холбон дүрсэлжээ. Тойн гэдэг нь угсаа язгуур бүхүй ламыг хүндэтгэн дуудах хүндэтгэлийн нэр байна. Ялангуяа тайж угсаатай хүмүүн лам болбол ингэж дууддаг ажээ (Монгол хэлний их тайлбар толь). Тэгэхээр монгол туульд өгүүлэгдэж байгаа баатрын угсаа язгуур залгамжийн тухай ойлголт энэ тойн хэмээгч үгтэй холбогдон тодорч гарч ирж байгааг анхааран үзүүштэй. Цаашлаад:
Алт мөнгөн худгийн дэргэд ирээд
Ах дүү хоёр хүүхэд наадаж байснаас
Нарангэрэл хааны гэрийг асуухад
Тэнд чинь
Арван зүгийн арван баатар
Хорин зүгийн хорин баатар ирээд
Найрлаж байж харагдсан (Хашин цагаан хаан 1989: 75;76). Дээр өгүүлэгдэж буй арван зүг (s: dasadik. t: phyogs – bcu) нь зүүн, өмнө, баруун, хойно, дөрвөн үдсэн зүг, дөрвөн зовхис ба дээр доор. гол чигийг багтаавал 11 зүг болоод, арван нүүрт Арьяабалыг бэлгэдэнэ (Роберт Бийр 2022; 314). Мөн Дөрвөдийн 1982 онд хэвлэгдсэн “Дуутай мөндөр хаан” туульд:
Тод номын үсгийг
Тоолон талбин сүлжсэн
Жаран зургаан жирмийн
Эргээг нь гаргаад
Хөх төмөр горгиндоо
Дүүрэн үмхүүлээд авав аа (Дуутай мөндөр хаан 1982: 12). Тод ном, тод үсгийг Ойрадын Зая бандида Огторгуйн далай буюу Намхайжамц (1599-1662) зохиожээ. Энэ талаар түүний шавь Раднаабадараагийн зохиосон “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх энэ мэт болой” хэмээх номд: “… тэр жилийн өвөл Аблай тайж Чүйд өвөлжив. Тэр (Зая бандида) хулгана жилийн өвөл тодорхой үсэг зохион үйлдэв…” гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд энэхүү хулгана жил нь аргын тооллын 1648 он юм. Тэгэхээр баатарлаг туульд тод үсгийн талаар туссан нь ялангуяа бурхан шажны тод үсгийн талаар туссан нь 17-р зуунаас хойшхи явдал гэж хэлж болохоор байна. Мөн туульд:
Алтан цорготой бумбанд
Рашаан хийж тавиад (Дуутай мөндөр хаан 1982: 18). Рашаан (s: amrita. t: bdud-rtsi) нь Бурханы шашинд хэрэглэгддэг тарнидаж адисласан бузарыг арилгаж, амгаланг авчрах ариун ус юм. Өөрөөр түүнийг, далайг зуурахад дахин олдсон сахиусны рашаан ч гэдэг санскрит хэлний амрита (amryta) буюу үхэшгүй мөнх болох гэсэн утга агуулга нь туульд тусчээ. Рашаан нь туульд ариусгахаас гадна, амьдруулах шидтэй хэмээн өгүүлэгддэг. Рашаан билгийн хур хэмээн гарах нь ч буй. амьдруулах шидтэй рашаан нь Түүнчлэн:
Арван гурван хүн
Хуруун дээрээ тавиад
Найман аймгийг
Цадтал цатгаад
… архи арз хоёроос
Алтан даахинд түрхээд (Дуутай мөндөр хаан 1982: 21). Наймын тооны бэлгэдлийн хувьд бурхны найман тахил, Сүмбэр уулын дөрвөн оройд тус бүр найман тэнгэр оршдог, газар дэлхий, уул усанд найман аймаг лус оршдог. Ертөнц найман тивтэй гэх мэт бурхны шашны үзэл ойлголтоос үүдэлтэй наймын тоог эрхэмлэдэг ёс монгол туульд байна (Очир, Нанжид 2022: 125 ).
Алтан сайхан үсийг
Гурав дөрвөн салаатай
Дөрвөн мянган уялгатай
Толь мөнгөн боодогтой
Өөд харсанд нь
Хорин дөрвөн догшдын дүр сийлсэн
Уруу харсанд нь
Хорин дөрвөн мангасын
Дүр сийлсэн
Төлөг мөнгөн сийкийг /зүүж өгөх/( Дуутай мөндөр хаан 1982: 25-26) Бурхны шашны номлол дахь муу зүйлийг даран номхотгогч догшин сахиусны ерөнхий нэр юм. Энэ ч мөн эсрэг дүрслэл болох мангасыг дарж байгаагаар дүрсэлсэн тоь мөнгөн сийк зүүсэн тухай өгүүлсэн байна. Сийк нь эрт цагаас талын нүүдэлчдийн баатруудын утга бэлгэдэл бүхүй зүүсгэл байсан бөгөөд эр цээлж, аянд явах, эхнэр авах насанд хүрснийг илэрхийлж байгаа нь туулиудаас харахад тодорхой байдаг.
Товч өгүүлвээс ийм буюу үүнээс дүгнэн үзвэл: Ойрад монголын баатарлаг тууль дотроо дөрвөд угсааны туульчдын хайлсан тууль нь тэдний ахуйгаас гадна бурхан шажны тухай үзэл ойлголтыг өөртөө шингээн ирсэн нь илэрхий байна. Нөгөөтэйгүүр баяд туулийн нэгэн адил домгийн цаг, баатрын орд өргөө, баатруудын бие цогцос, өмсгөл зүүсгэлд бурхан шажны бэлгэдэл шингэн орсон байгаа нь ажиглагдана. Тэгэхдээ баатрын цаашдын үйл хэрэгт чухал нөлөө үзүүлэхгүй байгааг дахин давтан өгүүлж байна. Ерөнхийдөө дөрвөд туульд бурхан шажны үзэл ойлголт нэвтрэн орсон үндсэн шалтгаан нь тухайн нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөн бурханы шашны сүсэг бишрэл голлох болсон хийгээд, туулийг хайлагч этгээдийн орчлон ертөнцийн тухай ойлголтод бурхны шашны үзэл ойлголт нэвтрэн мэдлэг болсонтой шууд холбоотой юм. Ялангуяа бурхан шашны сүм хийд нь соёл, боловсролын төв болж байсантай үүнийг холбон ойлговол зохилтой. Туссан агуулгаас нь үзвэл, сүм хийд нь ариун орон болон цогцолсон хот мандал мөн, лам хуврагууд нь сахил санаваарын дээдийг баримтдасан, номын ёсонд гүн нэвтэрсэн, тэр хүрээ хийдийг үзсэн төдийгөөр гэгээрэлд хүрч тамаас гэтэлж, зовлонгоос сална гэх буюу, туулийн баатрууд нь олон бурхны хүчийг өөртөө цогцлоосон гэх нь бурхдаас ч илүү хүч чадалтой гэсэн санааг илэрхийлэх адил, үүнийг нь баатруудын замнал илэрхийлэн байдаг онцлог байна.
үргэлжлэл бий…