ӨӨЛДИЙН ОЁСОН ГОС УУ? ӨӨЛДӨӨР ОЁСОН ГОС УУ?

Саявтархан “Тоокуу нэгэн гос” хэмээх дууны үгээс улбаалан, “энэ торгууд хүмүүсийн чинь санаа сэдэлд таарах гутал байдаггүй юм байна, өөлд гутал өсгий холгодог, халх гутал хажуу холгодог” гэхчлэн шүүмжлэх нь үзэгдэв. Шүүмжилж хэлэлцэхээс ч өөр аргагүй юм. Уг дууг дуучин Ө.Бохьшаргын дуулснаар авч үзвэл
Тоокуу нэгэн гос нь
Тов кийгээд байна
Торгууд нэгэн сэвгэр
Толгой дохиод байна
Хар манхан тайлаг нь
Хамар сунгаад байна
Халхын оёсон гос нь
Хажуу холгоод байна
Өл манхан тайлаг нь
Өвдөг сөхрөөд байна
Өөлдийн оёсон гос нь
Өсгий холгоод байна
Илжиг манхан тайлаг нь
Ширвэс татаад байна
Жил нэгтэй тэр минь
Намайг гээд байна гэх бөгөөд торгууд, захчин, дөрвөд, баяд, өөлд зэрэг угсаатнуудын дунд элбэг дуулагдах ажээ. Гэвч эх хувилбар нь өмнө өгүүлсэн дуучныхаас ялимгүй өөр юм. Уугуул хувилбарт
Хар манхан тайлаг нь
Хамар сунгаад байна
Халхаар оёсон гос нь
Хажуу холгоод байна
Өхлөө бөхтэй улаан нь
Өөгөө эргээд байна
Өөлдөөр оёсон гос нь
Өсгий холгоод байна
Тоокуу нэгэн гос нь
Тов хийгээд байна
Торгууд нэгэн сэвгэр
Толгой дохиод байна” гэдэг. Үүнээс өөр ч хувилбар бий, түүнээс ч өөр хувилбар бийг үгүйсгэхгүй.
Үүнд ямар ялгаа байна вэ гэхээр үгийн сангийн түвшинд бага зэргийн ялгамжаатай ч хэл зүйн хувьд нэн гайхмаар зүйл бий. Ятгачин дуучны дуулснаар “халхын оёсон гос, өөлдийн оёсон гос” гэдэг нь өгүүлбэрийн бүтцийн хувьд “халхын оёсон, өөлдийн оёсон” гэдэг тодотгол гишүүн өгүүлбэрээр “гос” хэмээх үгийг тодотгож буй бөгөөд монгол хэлний тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтцэд тодотгол гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь харьяалахын тийн ялгалаар хэлбэрждэг үзэгдэл бий. Угтаа “халхын, өөлдийн” гэх хэлбэржсэн үг нь өгүүлбэрийн гишүүний хувьд тодотгол гишүүн огт биш, өгүүлэгдэхүүн гишүүн болно. Иймд халх хүний оёсон, өөлд хүний оёсон гэх утга тодорно. Тэгэхээр ард түмний дунд торгууд хүмүүст “халхын оёсон гос хажуу холгодог, өөлдийн оёсон гос өсгий холгодог” гэж шүүмжилж хэлэлцэх нь зүй ёсны үзэгдэл юм. Харин уугуул хувилбартаа “халхаар оёсон, өөлдөөр оёсон” гос гэж буйг дахин онцлох хэрэгтэй. Урьд цагт өөлдүүд гутал оёхдоо түрий, ул, толгой зэргийг тус тусад нь эсгэж, толгой, ул хоёрыг нийлүүлж гадна талаас нь оёдог байж. Харин халхчууд гутлын ул, түрий, толгой зэргийг мөн л тус тусад нь эсгэж, толгой ул хоёрыг нийлүүлж оёхдоо дотно талаас нь оёдог онцлогтой. Ийм л учраас “халх маягаар, өөлд маягаар оёсон” гутал гэх нь хамгийн зөв утга болно. Ялгаж үзвэл өөлдүүд гаднаас нь халхчууд дотноос нь оёдог гэж ойлговол зохино. Харин тоокуу госыг өмсөхөд ёстой л тов хийгээд хөнгөн гэж жигтэйхэн. Үхрийн ширээ нойтон дээр нь эсгий оймсыг баглаж оёдог. Ширэн ул элэгдэхээр оймсыг нь хэвээр үлдээж, улыг нь солиод л оёчихдог. Ийм л учраас тоокуу гуталтай торгуудын их нүүдэл дэлхийн хагасыг туулжээ. Энэ тухайд бас нэгэн зүйл өгүүлэхэд урианхайчууд түрий, толгой, ул зэргийг эсгэж, төгсгөлд нь эргүүлж гарган, зуузайг нь битүүлж оёдог маак гос гэж ч бий.
Ийм л учраас ард түмний дунд дуулагдах хувилбар нь чухамхүү үнэн бөгөөд чинад мөн чанартаа ард түмний ёс заншил, өв уламжлалын онцлогийг тээж, хадгалж байдаг ажээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ “ардын дууны үг шиг үгтэй шүлэг биччихээд үхэх юм сан” гэсэн байх бөгөөд монгол ардын суу билгийг биширсэн үг гэж ойлгож болно. Учир нь ардын хэлээр шүйтэглэж бүтсэн дууны хэл найруулга гэдэг үлэмж тансаг байх ажээ. Харин орчин үед ардын дууг сэргээж дуулахдаа язгуур хувилбараар дуулахгүй бага зэрэг андуу эндүүтэй, хэл зүй, үгийн сангийн түвшинд алдаа эндэлтэй дуулж буй нь туйлаас зохимжгүй юм. Угтаа М.Саруул-Эрдэнэ багшийн өгүүлсэн “Жумдаан Оролзод хоёр”-ын хайрын түүх “харьяалах, гарахын тийн ялгал”-аас болж хагацсан шиг “Тоокуу нэгэн гос” дууны үг харьяалах, үйлдэхийн тийн ялгалын зөрөөнөөс болж төөрөгдөл учруулж буйг онцолъюу.
Түүнчлэн үгийн сан талаас уудалбал дээрх дуунаас сонин содон зүйлс ундарч өгнө.
“Өхлөө бөхтэй улаан нь
Өөгөө эргээд байна”
гэдэг нь чухам юуг өгүүлж байна вэ? Өхлөө хэмээх үг нь даруй тонгойх бөхийх гэсэн утга бүхий “өхий-” хэмээх үйл язгууртай гарал нэг болно. Урагшаа өхийсөн өхлөө бөхтэй тэмээ “өөг тохшоо” эргээд буйг л өгүүлж байгаа хэрэг. Өөг гэдэг нь ачаа ачихад тэмээний нуруу холгуулахгүй гэж тавих бага зэргийн зүйлийг хэлэх бөгөөд үүнд тохош гэсэн утгаар орж буйг харж болно. Нүцгэн тэмээ унахад гуя хас холгох зэрэг туйлаас хэцүү бөгөөд өөг тохош тавьж унадгийг тэмээтэй газрынхан андахгүй биз ээ.
Өмнө нь бид бурантаг хэмээх нь эртний түрэг хэлний “burun~хамар” гэдгээс гаралтай гэж үзсэн бөгөөд ойрад аялгуунаа бурантаг, өрхний оосор зэргийг хамар хэмээн нэрийддэгийг өгүүлсэн билээ. Тэгвэл дээрх дуунд буй “бурантаг татах” гэдэг нь “хамар татах” гэдэг утгаар байгааг бэлээхэн жишээ гэрчлээд өгнө. Эш татваас
“Хар манхан тайлаг нь
Хамар сунгаад байна” гэх нь “бурантаг татаад байна, хамар татаад байна” л гэсэн утга бий. Түүнчлэн гутал хэмээх үгийг ойрад аялгуунаа гос гэх бөгөөд эртний монгол хэлнээс хоёр салаалж хувьссан гэж судлаач М. Саруул-Эрдэнэ өгүүлжээ.
Түүний тайлбарыг өгүүлбэл эртний монгол хэлнээ годулсун бөгөөд орчин цагийн монгол хэлэнд “-sun/sün” дагавар гээгдэж, *годул-гудул-гутул болсон бөгөөд ойрад аялгуунд “-du” нь гээгдээд, “голсун-госун-госн” болсон гэжээ. Үүнтэй адил нэгэн жишээ дурдахад дундад үеийн монгол хэлний “өлирсүн” хэмээх үгээс “-sun/sün” дагавар гээгдэж, өлирсүн→ *өрилсүн→ өрил→ өрөл → үрэл болсон жишээ байдаг билээ.
Ай даа ардын хэлээр шүйтэглэж бүтсэн “Тоокуу нэгэн гос”-ны тухай өгүүлэхэд л тун чиг сонь татмаар зүйлс бий нь гайхмаар аа.
Судлаач Х.Гэндэнпил