• 2025-05-05

АМЬД УЛАМЖЛАЛ, АМАН ЯРУУ НАЙРГИЙН ГАЙХАМШИГ

 АМЬД УЛАМЖЛАЛ, АМАН ЯРУУ НАЙРГИЙН ГАЙХАМШИГ

Зургийг Б.Төрмөнх

Утга зохиол судлаач, Х.Чойдогжамц

“Жангар хайлмаар газар санж”. Энэ үг тууль дотроо буюу “Жангар” туулийн сонгодог хувилбар болох Халимагийн 26 бүлгийг(Доктор Т.Дүгэрсүрэнгийн хөрвүүлж, эмхэтгэсэн) уншихад лавтай хоёронтоо тааралддаг юм. Тааралдахдаа хоёул Араг Улаан Хонгор баатартай холбоотой өгүүлэгддэг. Өвс, усаар тааруухан газар нэгэн өнчин хүүг даган явахдаа Хонгор араас нь ийн хэлдэг бол, нөгөө нь дэлгэрэнгүйгээр Хонгорын гэрлэсэн бүлэгт:

“Манхан богдын ач

Манхжаан Мал Цагаан гэдэг бөх

Таван зуун хүүгээ дагуулаад хүрээд ирсэн байна.

Таныг Жангар хайлагтун гэв.

Өөрийнхөө ар талынхнаа магтаж

Дуултугай гэв…

Үүр цайтал Жангар хайлуулаад

Маргааш нь мянган шар толгойт хонь

Жангарчийн шан гээд туулгаад явуулав[1]хэмээн “Жангар” дотроо Хонгор баатар “Жангар”-аа хайлж буй үнэхээр содон хэсэг юм. Энэ хоёр өгүүлэмж, баримтаас харахадтууль хайлах нь зөвхөн үгийн урлаг, гоо сайхны ач холбогдолтой төдийгүй шүтлэг бишрэлтэй уялдах зан үйлийн цогц үзэгдэл бүхий соёл, сэтгэлгээ болох нь харагдана. Цаашилбал дээр өгүүлсэн бүлэгт хожгор хөвгүүнд хувилсан Хонгор харийн хааны өргөөнд морилон өөрөө “Жангар”-аа хайлж, алдарт ноён Жангар, арван хоёр баатар, Араг Улаан Хонгор гэхчилэнгээр магтан хэлэн байхдаа өөрийн эрхгүй омогшин босч ирээд:

Энэ үеийн хүн болчихоод

Надад халддаг бол

Яана тэр улс” гэж хэлээд

Халаад хашгирсан дуунд нь

Шил гарьд байшин дайвалзав” гэж уншиж, сонссон хэн ч бахдан биширмээр уран сайхан өгүүлдэг. Энэ бол “Жангар” тууль хичнээн амьд уламжлалтай, үе залгамжтай түүхэн санамжит туурвил болохыг илтгэх гойд илэрхийлэл, яруу хүүрнэхүй мөн. Энэ санаа жүжгийн төгсгөл дэх хүүгийн ээждээ амлаж буй “Жангарч болно оо” гэдэг үгийн утгын цуурай зохиолч, найруулагчийн оюунлаг шийдлээр тодорч байгааг таньж болно. Гэтэл,

Халх ардын “Алтан гургалдай” туульд Алтан гургалдай хаан баруун хойд зүгийн Бидэр хар ноёныг дайлахаар мордохуйд адууны Агсалдай өвгөн нэхэн гүйцэж ирээд:

Цэцэн гоо дагина хатан

Хөл хүндтэй байна шүү

Хүүхэд гарахаар нь

Ямар нэр өгөх вэ? гэж

Хэлэв гэнээ.

Хүү гарвал

Гэсэр, Жангар

Нэрийг өгөөрэй

Хүүхэн гарвал

Өөрсдөө мэдээрэй гэж

Хэлэв гэнээ[2] гэж өгүүлдэг. Энэ сонирхолтой баримтаас харахад халх болон ойрадын баатарлаг туулиуд нь үүсэл гарал, хөгжил өөрчлөлтийн хувьд үндэс уламжлал нэгтэй, агуулга хэлбэрийн уялдаа холбоо багагүй буйг илтгэж байна.

[1]“Жангар” (Халимаг хэлнээс хөрвүүлж, эмхэтгэсэн Т.Дүгэрсүрэн). УБ., 2000, 371-373 т.х

[2]“Халх тууль”. УБ., 2013, 39 т.х