• 2025-05-04

ДЭЛХИЙД НЭРТЭЙ ТУУЛЬЧИЙН ДЭЭЛЭНДЭЭ БАГТААСАН ХҮСЭЛ

 ДЭЛХИЙД НЭРТЭЙ ТУУЛЬЧИЙН ДЭЭЛЭНДЭЭ БАГТААСАН ХҮСЭЛ

Дэлхийн хэмжээнд түгэн тархсан цөөн хэдий боловч тухайн угсаатан, үндэстэний ахуй амьдрал, аж байдал, зан заншил, зориг сэтгэлийг илэрхийлсэн  туулиудыг бид хэдийн мэддэг билээ. Эртний Грекийн алдарт Иллиада, Одиссей, Энэтхэгийн Махабахарата, Рамаяана, Киргизийн Манас, бидний Монголын Гэсэр, Жангар. Цаашлан олон арван туульсийн бүтээлүүдийн нэр хөврөнө. Баруун Монголчуудын дунд өвлөгдөн үеэс үе, амаас ам дамжин хайлагдаж ирсэн Жангар тууль нь бидний өвөг дээдэс Ойрадын ард түмний, дайчин зүрх зоригийн илэрхийлэл болсон гайхамшигтай бүтээл буюу. Тэгвэл дэлхийн аман билэг судлаач эрдэмтэн хэн бүхний эчнээ мэдэх болсон алдарт туульч Мандиханы Парчины хайлсан бүтээлүүд дунд Жангар тууль багтаж чадаагүй гэж зарим аман зохиол судлаачид шууд хэлэх нь бий. Гэтэл  Жангарын нэн шинэ тутамд илэрч буй Жангарын бүлгүүдэд нэрт туульч Парчины маань нэрийн хуудас болсон туульсийн гол баатрууд Жангарын баатруудтай уулзаж хамтдаа их үйл бүтээж буй тухай дүрслэл бүхий хэсэг илэрч эхэлсэн. Тэгэхээр “Бум Эрдэнэ” зэрэг туульс, Жангар тууль хоёр нэгэн цаг хугацааны үелзэлд үйл явдал нь оршиж мөн Ойрад угсаатны  зориг санааг илэрхийлсэн адил мотивтой болж таарна. Тиймээс дэлхийд алдартай туульч Парчин дэлхийн тууль судлалд өөрийн гэсэн гаргасан мөртэй, заасан замтай хүн гэдгийг нь энд дахин баталж байна.  Парчин туульч  өөрийн хайлж байсан арав гаруй тууль бас бус зохиосон ерөөл, магтаалаасаа  тэмдэглүүлэн үлдээж хойчис бидэнд үнэт зүйл, үнэлж баршгүй соёлын биет бус өвийг өвлүүлжээ. Тэрээр “Бум эрдэнэ”., “Дань хүрэл”., “Хийгийн хүйтэн Хөхтөмөрзэв”., “Эрийн сайн Хан Харангуй”.,”Талын шар бодон” ., “Эргэл Түргэл”., “Догшин Чингэл”  зэрэг арав шахам туулийг нэрт Монгол судлаач А.В.Бурдуковын хүсэлтээр тухайн үедээ нутаг хошуундаа бичгийн эрдэмдээ эр сайн гэгдэж явсан нутгийн бичээч Мажарт хайлан бичүүлсэн \сүүлд их эрдэмтэн Б.Я.Владимирцов Хангилцагт ирэхэд нь мөн тэмдэглүүлжээ\  нь манай Монгол үндэстний төдийгүй баяд угсаатны ард олны хувьд хэмжээлшгүй их баялаг хийгээд бахархал болох нь гарцаагүй. Олон ном эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл дээр дээрх туулиудаа ямар туульчаар заалгасан, өөрөө хэрхэн сурсан тухай  тэмдэглэж үлдээсэн нь цөөнгүй бий. Есхөн настай жаал хүү 2000 шад шүлэг бүхий туулийг сонсоод хайлж байсан гэхээр төрөлхийн аман билэгтэй хүн төрсөнийг нь баталж буй хэрэг. Ерөнхийдөө авъяаслаг туульчид алив туулийн үндсэн үйл явдал логикийг тогтоогоод өөрийнхөөрөө зохиомжлон аясалж хайлдаг. Зарим хүмүүс амархан л юм байна шүү дээ гэж цэцэрхэвч тухайн тууль дээр гардаг морины байдал, хатны гоёл зүүсгэл, харилцан шүлэглэн ярилцах зэргийг зохиож хайлах нь төрмөл туульчийн чадвар билээ. Агуу их Парчин ийм л учраас дэлхий дахинд нэр алдар нь эгнэгт оршсон нэрт туульч гэгдээд байгаа юм. Алдарч монголч эрдэмтэн Владимирцов аман зохиол судалгааны экспедицээр олон удаа газар, орон, улс үндэстнүүдэд судалгаа шинжилгээ хийж явахдаа: … олон газраар явж их юм олж тэмдэглэж авлаа. Сайн сайн тууль, туульчтай тааралдах л юм. Гэвч агуу их Парчин хавьгүй илүү юм даа… гэж үнэлэлт өгч, уулга алдсан байнам.  Бид ийм л агуу туульчийн өв соёлын манхаг дор торнисон, өсөж өндийсөн ардууд. Дэлхийд цуутай монголч эрдэмтнийг уулга алдуулсан дэлхийд хосгүй билэг авьяаст аман түүхч, өвгөн туульчийн нутаг болох Увсын Хяргас сум минь туульсийн нутаг мөн буюу. Тэнгэр уулын дэргэдээс өртөөчилсөн ахуй нүүдлийн аяны харгуй, Тагнын Тува хийгээд цааших түүхэн дундаас шагалзах Киргизийн ард олон нүүдэлчин улсуудын сэтгэлийн соронзон болсон ус нутгийг олж, бэдчин алдар Жангар, Хаан Чингэл, Эрийн сайн Ханхарангуй, Бум эрдэнэ туулийн ай эрчимд шүншиглэж Туульсийн оронд суусан их түүх бидэнд буй билээ. Баруун Монголын алдарт туульч Мандиханы Парчин, туульч Увхын Батын туулиа хайлж товшуураа хөглөсөн нутаг, хангай говь, хээр тал хосолсон нутгаас олон аавын хүү өндийж тив дэлхийд нутаг усныхаа хийгээд ээж аавынхаа алдар өөрийнхөө нэрийг өргөсөөр буй. Их Парчины тухай туульч Чулууны Харцага 1970 онд судлаач Лх.Гомбожавт өгүүлэхдээ: …аав минь Парчин туульчийн тухай ихэд магтан ярьдагсан… …М.Парчингийн туулийн аялгууг сонсоод, номхон хоёр буур, омог орон галзуурсан юм шиг ноцолдож байсан гэдэг … гэдэг яриа бий тухай өгүүлжээ. Олон арван хүн, Парчин туульчийн намтрыг тодруулсан, хайлсан туулиудыг нь тодотгон нийтэлсэн, бүтээлүүдэд суу билэг авьяасынх нь тухай шагшин магтсан нь цөөнгүй ээ. Ховдын хязгаарыг чөлөөлөх их тулааны өмнө цэрэг эрсийн дайчин чанар, сүр жавхланг бадраах, урин дуудах зориг дур тууль хайлсан тухай мэдээ бий. Цээжинд нь багтаж ядам туульсийн их эрчим цэрэг эрсийн зүрх сэтгэлд рид шид лугаа түрхрэн хүрч дайсныг дарж дархан цолоо мандуулах зориг хүслийн уриа дуудлага болж өгсөн нь бахархан дуудах түүх мөн. Алдарт туульч өөрийн цэц билгээрээ нутаг хошууныхаа дурсгалт газар нутгийг магтан дуулсан ерөөл, магтаал цөөнгүйг хэлж үлдээснийг нэрт монгол судлаач Б.Я.Владимирцов тэмдэглэн авч үлдсэн нь одоо бидний гарт өвлөгдөн ирээд байна. Хожим хойчис, нутгийн зон ард их туульчийн мэндэлсэний 140-н жилийн ойг ташруулан төгсөж гарсан төрөлх сургуулиа баруун Монголын алдарт туульч Мандиханы Парчины нэрэмжит болгон ёсчилон батлуулав. Энэ их дахин давтагдагдашгүй түүхт төрмөл авъяасын оч гэгээ гийж бидний сургуулиас  аман түүхч авъаслаг охид хөвгүүд олноор төрөх биз ээ.

Дээлэндээ үл багтах их хүсэл, дэлхийд түгэн дэлгэх туулийн эрчим, нэрт туульчийн дээлэнд бүслээтэй байсныг олж харсан, мэдэрсэн судлаач А.В.Бурдуков, Б.Я.Владимирцов нарын эрдэмтэн мэргэдэд талархмуй. Өнөөдөр хүртэл дэлхийд цоллон дуудаж хайлсан туульсийн бүтээлүүдийг нь хэвлэн нийтэлж ирсэн монгол судлаачдад мэхийнэм. Эцэст нь Хяргас нутгийн бахархал болон зуун жилийн түүхийн хуудсанд цолгорсон баруун монголын алдарт туульч, нэрт аман түүхч Мандиханы Парчин туульчаараа нутаг усны үр ач, хойч үе бидэн бахархан алдаршуулнам.

Их туульч М.Парчин товшуураа хөглөж бидэнд үлдээгээд уулсыг даван үүлс хөлөглөн дээд тэнгэрийн аль нэгэн адистад оронд одсон гэдэгт эргэлзэхгүй. Тэнд мөн л туульсийн нутгаа магтан ерөөл, магтаалаа тарни болгон илгээсээр суугаад итгэнэм билээ.

 

Нийтлэлч: Б.Мөнгөнтулга