• 2025-05-04

Дөрвөдийн “Алтай хайлах” туулийн тухай

 Дөрвөдийн “Алтай хайлах” туулийн тухай

Эрт урьдын цагт баян алтай хангай нутагтай Бумба зээрд морьтой Бурхан хаан Бурам улаан хатан, буман олон ард түмэнтэйгээ хамт буянт мал сүрэг, хишиг ихтэй нутгийнхаа шимийг хүртэж хийгээс /гаднаас/ ирэх дай дайсангүй амар амгалан амьдран суудаг байжээ. Гэтэл Бурхан хаан, Бурам улаан хатан хоёроос залуу идэр насанд нь хаан төрийг барьдаг, хаш тамгыг атгадаг, санаа оюун саруул төгөлдөр сайн хөвгүүн мэндэлсэнгүй. Ард олноороо хэлэлцээд гурван жилийн хол газар суудаг гучин хоёр зурхайчид үзүүлэхээр Шалман шар хиаг явуулав. Тэр хүн гучин хоёр зурхайчийнд очиж явдал хэргээ хэлэхэд гучин хоёр зурхайчийн адгийн суудалд суусан шарсан махны шаг анддаггүй Шар зурхайч арван гурван хөх морийг атаа тэнгэрт, арван гурван шаргал морийг алтай нутагт, арван гурван хар морийг хангай нутагт, тэнгэрт тэмээ, газарт гахай сэтэрлэ. Тэгвэл үеийн үед бурхан хаан хорин тав, Бурам хатан арван найм бумба зээрд морь таван настай болж, хаан хатан хоёроос хаан төрийг барьдаг, хаш тамгыг атгадаг саруул ухаантай, сайхан хөвгүүн төрнө гэвээ. Бурхан хааны Шалман шар хиа буцаж ирээд шар зурхайчийн хэлснийг нэгд нэгэнгүй алтгав. Бурхан хаан булт олноо цуглуулж буяны найр хийгээд Шар зурхайчийн хэлсэн ёсоор арван гурван хөх морийг тэнгэрт, арван гурван шаргал морийг алтай нутагт, арван гурван хар морийг хангай нутагт, тэнгэрт тэмээ, газарт гахай барьж сэтэрлээд ирэхэд далан иргийн арьсыг дэвсэж, наян иргийн арьсаар хучсан хөвгүүнийг уужим хөндийд өлгийдөн, уйтан хөтлийг дэрлүүлээд тавьсан байв гэнэ. Арьсан боодолтой балчир хөвгүүн ааваа ирэхэд ангир шар уургаа шимлээ би, аав ээжээ танилаа би, аавын бийд хүнтэй танилцана, агтны бийд газар үзнэ гэхэд аав нь нас чинь бага байна, цус чинь шингэн байна, цулбуур чинь хатаагүй байна. Энэ жилдээ өнжөөд исэргэнэ жилдээ эрт яв гэж ятгаад дийлсэнгүй. Ингэхээр нь Бурхан хаанд адууч аг сахал Баавайг унах сайн морь олж ир гэж явуулав. Адууч аг сахал өвгөн гадаад далайн наана, ганга мөрний цаана элгэн зүстэй хүрэн гүүнээс эр хүрэн унага гаргаад эх дээгүүрээ нааш цааш гурван удаа харайхыг үзээд энэ ямар ч гэсэн эр хүний унадаг сайн морь гэж шинжээд авч ирэв. Хаан аав их бүрээгээ татаж их түмээ, бага бүрээгээ татаж бага түмээ цуглуулаад, амраг бяцхан хүүгээ алсын аянд мордуулах найр хуриманд бэлтгүүлэв. Аг сахал өвгөний авч ирсэн хүлгийг ард олон нь аргагүй сайн морь хэмээн бүх талаас нь шинжээд баатар эрийн хазаараар хазаарлаж, эмээлээр эмээллэн алс холын аянд унаад явахад бэлтгэв. Уран гартай бэрээчүүдийн эсгэж оёсон баатар хүний хувцасаар бяцхан хүүг хувцаслаж, эрийн олон толгой зэр зэвсэг зүүлгээд хаан аав, хатан ээж, хамаг албат нь хүний газар хэцүү, хүчигний нүд бүдрэмтгий, хүний газар хэний хөвгүүн хэн бэ? гэвэл Бодоор илүү төрсөн, бодлоор түлхүү төрсөн, бууршгүй мөнх хорин таван настай, Бурхан хаан аавтай, Буцалтгүй 18 настай бурам хатан ээжтэй, элгэн хүрэн морьтой, Эрийн сайн буйман баатар гэж хэлж яв хэмээн сургамж захиараа захиад мордуулав.  Буйман баатар хүү аян замын уртад арван таван толгойтой атгар хар мангасыг дарж, үхэж үрэгдсэн өндөр шарга морьтой Өгдэй мэргэний сэг ясыг нь олж сэргээн амьдруулаад ах дүү анд нөхөр бололцов. Ах дүү хоёр баатар Үүзэн тансар хааны Үүлэн солонгыг авахаар жир жир дуулалдаад, жингэр жингэр исгэрэлдээд явж байв. Үүзэн тансар хааныд ирэхэд арван зүгийн арван баатар хорин зүгийн хорин баатар, Газрын гахай цагаан, Тэнгэрийн тэвэг хар гэдэг хоёр бөх Үүлэн солонгыг авахаар ирчихсэн байжээ. Газрын гахай цагаан, Тэнгэрийн Тэвэг хар гэдэг хоёр бөхөөс бусад нь ах дүү хоёр баатраас айж зугтаад явчихав. Ард нь үлдсэн хоёр бөхтэй ах дүү хоёр барилдан Тэнгэрийн тэвэг харыг тэмтрэх юмгүй болтол, Газрын гахай цагааныг гарах юмгүй болтол дагжуур хатуу газарт далан тохой шигтгэн хаяв. Үүзэн тансар хааны гол гурван дайсан Хан гарьд, Долоон хөх чоно, хөх бухад хувилсан Мангасыг дарж өгөөд Үүлэн солонго дагинаа залаад ар нутагтаа ирэхэд аюулт Илбэн, Сэлбэн гэдэг хоёр мангас ар нутгийг нь олзлоод явсан байж гэнэ. Аюулт мангасын араас хөөж алж устгаад ах дүү хоёр баатар албат хошуугаа ар нутагтаа авчран аав ээж, амраг хань, ард түмэнтэйгээ айх аюулгүй амар сайхан жаргажээ

/ Увс аймгийн Сагил сумын иргэн дөрвөдийн туульч З.Дамиагийн хайлсан 3105 мөр шүлэгтэй угсарсан нийлмэл бүтэцтэй энэхүү туулийн агуулгын товчийг хүргэж байна. Гаадамба Ш. Цэрэнсодном Д. “Монгол ардын аман зохиолын дээж бичиг”. Уб.,1966 номоос хэсэглэн авав/