На.Сүхбаатар: Дөрвөн Ойрадын баруун, зүүн гаруудын хоорондын зөрчил 1672 оноос эхтэй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн түүхийн тэнхмийн дэд профессор Надмидын Сүхбаатарын Монцамэ-д нийлэгдсэн “Чингис хааны хөвгүүдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн суурин дээр 16-17-р зуунаас Дөрвөн Ойрад босч ирсэн юм” ярилцлагаас хэсэглэн авав. https://montsame.mn/mn/read/320103
-Ойрад түмэн, Дөрвөн Ойрад гэж ярьдаг. Энэ ойлголт тус тусдаа тодорхойлогдох учиртай юу?
-Эртнээс Монголын нууц товчоо, Рашид- Аддины “Судрын чуулган”- зэрэг түүх бичлэгийн бүтээлд ийм нэр устай аймгийн тухай гарна. 13 дугаар зуунд “Ойрад” гэдэг нэртэй устай аймаг байжээ, ноёнтой, нутагтай ард түмэн хэлбэржээд тогтчихсон байсан байна. Чингис хаан Их монгол улс байгуулж зарласан барс /1206 он/ жилийн дараа жил /1207 он/ ахмад хүү Зүчийг илгээгээд Монголын умард хэсгийн аймгуудыг нэгтгэх бодлого явуулсан. Чингис хаан хүн ам олонтой, газар нутаг томтой Ойрад гэдэг аймгийг нэгтгээд их баярласан болов уу гэмээр сэтгэгдэл “Монголын нууц товчоо”-г уншихад төрдөг. Тэгээд Хутуга бэхи /тухайн үеийн Ойрадын толгойлогч/ гэдэг ноёнтой худ ураг болж байна. Түүний 2 дахь хөвгүүн Иналчид өөрийн охин Цэцэйхэнийг, том хөвгүүнд Зүчийн охин Холуйханыг өгч байна. Ойрад аймаг өмнө нь Чингис хааны эсрэг Жамухын эвсэлд нэгдэж байсан ч түүнийгээ цайруулж Зүчийн цэрэг Ойрадаас цааш давшиж Ойн иргэд гэдэг нэрийн дор байгаа олон аймгийг Их Монгол улсад нэгтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсан. Энэ үеэс Монголын улс төрийн тавцанд нилээд бэхэжсэн, нэр хүндтэй аймаг болсон юм. “Нууц товчоон”-нд “түмэн ойрад” гэж гарч байхыг бодоход хүн ам олонтой байсан байх. Чингис хаан охиноо өгсөн, ургийн холбоо тогтоосон явдал Ойрадыг өнөө хүртэл оршин байх гол нөхцөл нь байхаа.
“Судрын чуулган”-ы мэдээгээр бол Хутуга бэхи бол зөвхөн нэг толгойлогч, өөр бас олон ойрадууд байна. Эрчис мөрний дунд урсгалд Мэргэдийн хойчсыг мөшгөж явахад тэндхийн ойрадууд зам зааж өгч байна. Хөвсгөл нуурын баруун талаас цаашлаад Алтайн баруун хойтод Эрчис мөрөнд нутаглаж байсныг харахад нутаг дэвсгэр ч бас талбиу байх боломжтой. Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үедээ Хэрэйд, Татар, Найман зэрэг том аймгуудыг шинэ засаг захиргааны зохион байгуулалтад оруулж, жишиж тараасан. Гэтэл Ойрад аймаг тэр үед бүтнээрээ үлджээ. Энэ нь ойрадуудын өнөөдрийг хүртэл оршин тогтнох бас нэг нөхцөл нь болж өгсөн байх.
-Ойрадын чуулганы энэ тогтолцоо хэр зэрэг урт хугацаанд үргэлжилсэн юм бэ?
-Тогоон тайшийн үед 1437 онд засаглалын шинэ бүтэцтэй, Цорос аймгаар толгойлуулсан чуулган гараад ирсэн юм. Чуулган гэдэг хурал гэдэг утгаар бус засаглалын хэлбэрийг илэрхийлсэн зүйл. Хаант засагтай бол хаан шийдвэр гаргана. Гэтэл 4 аймаг оролцож асуудлаа хэлэлцдэг нэг ахлагчтай чуулганы тухай энд яриад байна. Ойрадын чуулганы бүтэц, дүр зургийг дараах нэг түүхэн үйл явдлаас харж болно. Тухайлбал, 1616 онд дөрвөн Ойрадын чуулганыг Хошуудын Байгагас баатар ахалж байсан. Нэг удаагийн хурлаар ойрад даяараа бурхны шашинд орох тухай хэлэлцжээ. Нийт дөрвөн ойрадыг төлөөлж 32 ноён сууж байна. Өөрөөр хэлбэл, 32 ноён зэрэгцэж сууж байгаад бурхны шашинд орох шийдвэр гаргасан байгаа юм. Энэ 32 ноён нэг, нэг хөвүүнээ лам болгохоор шийдвэрлэжээ. Дөрвөн ойрадад хэрэглэж байсан чуулганы энэ систем Галдангийн үед байхгүй болсон.
-Яагаад…
-Нэг хэсэг нь Ижил мөрөн, нэг хэсэг нь Хөхнуур, Төвд рүү нүүсэн энэ үед чуулган дотроо баруун, зүүн гартай болжээ. Дөрвөн ойрадын баруун, зүүн гаруудын хоорондын зөрчил 1672 оноос эхэлсэн юм. Тэр хүртэл Очирт цэцэн хан баруун гарыг тогтвортой, он удаан удирдсан бол зүүн гарыг Баатар хунтайж, Сэнгэ хунтайж, Галдан хунтайж захирч иржээ. 1666 онд Очирт тайжид Төвдийн Далай ламаас хан цол олгоод баруун, зүүн гарын байр суурьд өөрчлөлт оруулжээ.
-Ойрадын энэ зөрчилд шашны нөлөө орсон тухай таны ярианд гарлаа. Шашны оролцоо ямар хэмжээнд байсан юм бэ?
-Очирт цэцэн хан буюу Хошуудын ноёдын шууд ивээл дор Зая бандидын тэргүүлсэн ойрадын Их хүрээ хөгжиж байсан юм. Зая бандида Намхайжамцыг 1662 онд нас барсны дараа Далай ламаас хойт дүрийг нь Төвөдөд тодруулжээ. Ойрадууд Зая бандида Намхайжамцын хойт дүрийг уг нутагтаа залж, Ойрадын их хүрээнд суулгах гэж Далай ламаас маш их гуйсан байдаг. Далай лам “эндээ байж ном сураг” гээд өгсөнгүй. Төвөдтэй Ойрадыг хамааралтай байлгаж, тэднийг өглөгийн эзнээр цаашид байлгах гэж тэд хүссэн байна шүү дээ. Энэ бол шашин, бас улс төрийн том бодлого. Төвөд, Ойрад хоёрын харилцаа баруун гар буюу Хошуудын ноёдоор дамждаг байсан байна. Монголд шашин дэлгэрүүлж явсан Энсээ хэмээх Төвөдийн том хутагт 1644 онд нас барсан. Түүний хойт дүрээр мөн онд төрсөн Баатар хунтайжийн 6 дугаар хүү Галданг тодруулсан юм. Энэ нь ч Төвөдийн алсын бодлого юм.
-Галдан бошогтын Төвөдөд шашны ном үзсэн явдал эндээс эхтэй байх нь ээ….
-Галданг ном үзэхээр 1651 онд явсан гэдэг юм. Гэхдээ тэр түүнээс арай хойно, том болсон хойноо явсан байна. Бидний судалгаагаар 13 насандаа 1656 онд явжээ. Галдан тэнд маш идэвхтэй ном үзжээ. Төвөдийн шашин, төр барих арга ухаанд маш сайн суралцаж, засаглал нэг гараар явах юм бол ямар болох, Ойрадын олон зуун жил болсон чуулганы систем цаг үеэ өнгөрөөжээ гэдгийг олж харсан байна. Яг энэ үед 1670 онд Сэнгэ ах нь бусад ах нартаа алагдсан. Тэгээд нутагтаа ирэхдээ олон янзын шийдэлтэй ирсэн хүн байна.
-Төвөдөөс ном үзэж нүд тайлсан хүн ирж байгаа хэрэг шүү дээ…
-Шашны ном үзсэн, өндөр боловсролтой хүн юмыг өөрөөр харж байна шүү дээ. Тэрээр 1676 оны эцсээр Зүүнгар хаант улсыг байгуулжээ. Түүний дараа Монгол-Ойрадын 1640 оны Их цаазад 3 удаа шинэчлэл хийсэн байгаа юм.
-Хуульд өөрчлөлт оруулаад байна гэсэн үг үү?
-“Захиа зарлиг” гэдэг нэртэй нэмэлтүүд хийгээд байна гэсэн үг л дээ. Засаг захиргаа, засаглалыг тайж нар барьж байдгийг болиулсан байна. Хаанд шууд захирагддаг “отог” гэдгийг байгуулжээ. Том тайж нарын мэдэлд байх харьяатуудыг “анги” хэмээн нэрлэж хааны харьяатаас салгаж өгсөн. “Отог” нь 40 өрхөөс бүрдэх бөгөөд түүнийг “дөчин” гэнэ. Дөчнийг дэмч ахална. Дайн самууны хөлд нэрвэгдсэн, өвдөж ядарсан хүмүүст дэмч нар анхаарал хандуулахыг, энэ үүргийг маш сайн биелүүлэхийг шаардсан. Урьд нь Тэнгэр уулын өмнө тал болон Хива, Кокандаас авчирч тариа тариулдаг анжиан /узбек/, хотон /уйгар/, бурууд /киргиз/, бухар хүмүүсийн өөр хоорондын болон нутгийн иргэдтэй хэрхэн харилцах, тэдний хооронд үүссэн зарга хэргийг хэрхэн шийдэх асуудлыг ч тусгасан. Их цаазын шинэчлэлд “Их заргыг дээр шийднэ, бага заргыг өөрсдөө шийднэ” гэдэг байдлаар тусгасан байдаг. Онц эрхтэй бэдрэг /худалдаачид/ хэмээх бүлгийг байгуулсан. Бухар гаралтай бэдрэг /худалдаачид/ нарыг улсын дотор чөлөөтэй явах эрхээр хангаж, худалдаа хийлгэсэн байна. Тэд нэг жилд тодорхой тогтоосон татварыг хааны санд төлөөд чөлөөтэй худалдаа хийнэ.
-Зүүнгар улсад явуулж байгаа шинэчлэлүүд шүү дээ. Тийм ээ…
-Тийм, улсын дотор хийж байгаа шинэчлэлийг энд товч дурдаж байгаа юм. Улсын хэмжээний засаг захиргааны шинэчлэл нь давхар нийгмийн хамгааллын бүтцийг бий болгож байна шүү дээ. Худалдаа гэдэг чинь эдийн засаг биз дээ. Бэдрэгүүд унаа хөсгөө өөрсдөө хариуцна. Тэдний бараа, турууг дээрэмдэх явдал гарахгүй, төр хамгаална. Бэдрэгүүдэд зөвхөн хүн худалдаалахыг хориглож байсан байна. Галданы ийнхүү үндэслэсэн худалдааны систем үүнээс хойш 60-70 жилийн туршид эдийн засгийн хувьд Зүүнгар улсыг мундаг бэхжүүлсэн байдаг. Галдан хаант улсын суурийг маш сайн зөв тавьж өгсөн байна. Галдан бол тухайн үедээ гадна талдаа түшиг болох гол хүнийг Далай лам гэж үзэж байсан нь ойлгогддог. Тэнгэр уулын өмнө бэлийн Уйгарт шашны урсгал хоорондын зөрчил даамжирч нэг хэсэг нь нөгөөдөө цохигдоод ирэхээр Далай ламаас тусламж гуйсан байдаг. Далай лам Галданд “энэ улсуудын асуудлыг шийдэж өг” гэж элч илгээжээ. Галдан Уйгарын тэр олон хотыг 2 жилийн дотор эзэлж аваад Далай ламд өргөн барьсан юм билээ. Ер нь Галдан Уйгарын шашны асуудал дээр их сонин бодлого барьсан байдаг. Уйгурын шашинд их асуудал байна гэж үзсэн үү, шашнаас болж ард иргэд нь маш их зовж байгааг бурхны шашны хутагт хүний үүднээс харсан уу, бурхны шашин хүлээж авахыг тулгасан бололтой байдаг. Би тэгж харж байна. Хасгуудыг 1680-аад онд хараандаа аваад Хасагийн Тауке хааны хүү тэргүүтэй тайж нарын хөвгүүдийг Далай лам руу явуулсан байгаа юм.
-Бурханы шашны ном сургах гэж байгаа хэрэг үү?
-Магадгүй. Галдан бол бурхны шашны том хутагт хүн шүү дээ, шашин дэлгэрүүлэх үйлс ч байж магадгүй. Хасагууд угаасаа нүүдэлчид, бөө мөргөл гээд явж байсан ард түмэн, цаад хүмүүс шиг өөр шашинд хүчтэй нэрвэгдээгүй байсан үе. Галдангийн авч хэрэгжүүлсэн өөр нэг шинэчлэл бол өрлөг, хошууч, тайш зэрэг өвөг дээдсээсээ өвлөн, өөртөө нааж сүр хүчээ харуулдаг язгууртны цол хэргэмийг хүчингүй болгожээ. Түүний оронд их, дунд, бага ноён гэдэг нэр томьёо гаргаж ирсэн юм. Эдгээр шинэчлэл Галданцэрэн, Цэвээнравдан гээд хойшоогоо их сайн явсан юм билээ. Хэдэн том язгуур угсаатай ноёдыг аймагтай нь үлдээсэн, гэхдээ тус тусад нь “анги” гэж нэрлэсэн байдаг л даа. Галдан Халх болон Өвөр монголд шашны хутагт, хувилгааны хойт дүрийг тодруулдаг тогтолцоог хүлээж авсангүй. Төвөдөөс Зая бандидын дараагийн дүрийг гуйсангүй. Харин ч Ойрадын их хүрээний хөгжлийг хязгаарлан зогсоож, шашны сургалт, сургууль, дацанд суурилсан төвөд маягийн загварыг шинээр хөгжүүлсэн байна. Үүнээс гадна шашны хөгжлийн асуудлыг төрийн анхааралд авчээ. Галдан таван жас байгуулж, жас бүрийг газар нутагтай, харьяалах хүн ардтай, сүм хийдийн хэрэгцээг хангагч байдлаар хөгжүүлсэн байдаг. Улс төрийн хямралын гол асуудал бол эцгийн өмчийг хөвгүүдэд хуваах явдал. Үүнээс болж олон зөрчил тэмцэл гарч байжээ. Галдан өмч хуваах талаар хууль гаргах гэж байгаад амжаагүй гэж Ижил мөрний ойрадын түүхч Гаваншарав харамсан бичсэн байдаг.
-Тухайн цаг үед амьдарч байсан, үйл явдалд оролцож явсан түүхч Гаваншарав гэдэг хүний бичиж үлдээсэн тэмдэглэл гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Гаваншарав 1737 онд бичснийг харахад Галдангийн шинэчлэлийн цар хүрээ, хийж байсан зүйлийг үнэлэх хугацаа яг мөн. Ойрадад эртнээс өмчөө булаалдах зовлонгоос үүдсэн дотоодын хямрал тэмцэл дээд цэгтээ хүрч байсан. Бараг аймаг дотроо их зөрчилддөг гэж би дээр хэлсэн. Гол нь өмч, албат ардаа хэрхэн хуваахаас болж байгаа хэрэг. Галдан түүнийг шийдэх гэж яваад амжаагүй байна. Галдангийн шинэчлэлийн цар хүрээ их. Хаан болсон хүн явах тусам нэр сүр олсон. Ойрадын дотоодод засаг захиргаа, хууль цааз, нийгмийн хамгаалал, худалдаа эдийн засаг. Уйгарыг тохинуулж, баруун хил орчмын улсуудад хараа хяналт тогтоогоод. Далай лам “Данзан бошогт хан” буюу “Шашныг баригч хутагт хаан” цол өгчээ. Манж чин улс хүлээн зөвшөөрч элчийн болон түүнийг дагалдсан худалдааны өргөн харилцаа тогтоож байсан байх юм. Манжийн хаантай тэр өндөрлөгөөс харьцаж эхэлсэн. Манжууд, танайхаас маш олон элч /тайж болгон элч илгээж байсан/ ирж байна. Бид чиний хүнийг яаж таних юм бэ гэж асуусан байдаг. Галдан “надад гурван тамга, нэг тэмдэг байна” гэж асуултад хариу өгсөн байгаа юм. Хойт талдаа Хаант Орос улстай харилцан ашигтай харилцаатай байхыг хичээсэн байдаг.
-Бусад Ойрадуудтай хэрхэн харилцаж ойлгоцсон бол?
-Галдан 1679 онд бүх Ойрадын чуулган хийсэн. Торгуудын Аюук хааны хүү Жамц гэдэг ноён, Далай ламын элч Жарбуни, Хөх нуурын ноёдын элч ирсэн. Хөхнуурыг 1637 онд эзлэхэд бүх ойрадууд цэргээ оруулсан, тэр хэмжээгээрээ ойрадууд Хөх нуурын газар нутгаас хувь эзэмшилтэй болсон байдаг. Тэр хувь эзэмшлийг 1679 оны чуулганаар заримыг нь Далай ламд өргөж, хол байгааг нь тэнд нь эзэмшүүлж шийдсэн юм. Зүүнгар улсыг бусад ойрадуудаар зөвшөөрүүлж бие даасан байдалтай улсууд цаашид яаж харилцах аргаа сонгосон, тийм том чуулган болж дээ. Галдангийн хүч түүнээс хойш улам нэмэгдэж Уйгарыг эзэлж, гар үйлдвэр, газар тариалан хөгжүүлжээ. Уйгарын ноёдыг Зүүнгарын хааны хажууд орд өргөөтэйгээ нүүж сууж байхаар буюу барьцаанд байлгах байдлаартэднийг удирдах болжээ.
-Зүүнгар улсын тухай илүү дэлгэрүүлэх үү?
-Зүүнгар улсын тухай яривал өргөн, урт яриа болно. Зүүнгар тусдаа том сэдэв, иймээс энэ удаа завсарлаад дараа тусад нь ярьсан дээр ээ…
Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн түүхийн тэнхмийн дэд профессор Надмидын Сүхбаатарын Монцамэ-д нийлэгдсэн “Чингис хааны хөвгүүдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн суурин дээр 16-17-р зуунаас Дөрвөн Ойрад босч ирсэн юм” ярилцлагаас хэсэглэн авав. https://montsame.mn/mn/read/320103