• 2025-05-04

ХАЛИМАГИЙН НЭРТ ЗУРААЧ Г.О.РОКЧИНСКИЙН УРАН БҮТЭЭЛ ДАХЬ МОНГОЛ

 ХАЛИМАГИЙН НЭРТ ЗУРААЧ Г.О.РОКЧИНСКИЙН УРАН БҮТЭЭЛ ДАХЬ МОНГОЛ

Өөрийн урланд монгол хувцастай байгаа нь 1986 он.

 

Халимагийн нэрт зураач Гарри Олегович Рокчинскийн

100 насны ойд нэрийдэв.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам зарим зүйлс мартагдан гээгддэг бол зарим зүйлс илүү тодрон гайхагдах нь орчлонгийн жам гэлтэй. Үүнийг өвөг дээдээс маань “Алтан шороонд дарагддаггүй” хэмээн цэцэн үгээр илэрхийлсэн байдаг. Энэхүү алт мэт түүхийн тоосонд дарагдан мартагдахгүй он жил улирах тутам гялалзан алдар гавьяа нь түгэгч нэгэн бол халимагийн алдарт зураач Г.О.Рокчинский юм. Алдар нэр нь ийнхүү жил ирэх бүр түгж байгаа үйл хэрэгт зураачийн авьяас, нөр их хөдөлмөрөөс гадна үр хүүхэд, ач зээ нарынх нь өвөг дээдэс, өв соёлоо гэсэн хичээл зүтгэл ч нөлөөлж буй нь дамжиггүй.

2023 оны 12 сарын 26-нд нэрт зураачийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү их ойд зориулан энэхүү бичвэрийг тэрлэгч мөхөс миний бие 2019 онд хэвлүүлсэн нийтлэлээ шинээр илэрсэн мэдээ, баримт зэргээр баяжуулан сэдвийн хүрээнд дахин нягтлан үзсэнээ та бүхэндээ хүргэж байна.

 

Намтар

Халимагийн орчин үеийн уран зургийг үндэслэгч, Оросын ардын зураач Гарри Олегович Рокчинский нь 1923 оны 12 сарын 26 нд Халимаг улсын Приозери районий Чапчаевын нэрэмжит хамтралын Алцын Хут гэдэг газар агрономч, зоо техникч Оле Лиджиев Рокчинскийн хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Оле Лиджиев Рокчинский тухайн үедээ Халимагтаа нэр хүндтэй сэхээтнүүдийн нэг байсан бөгөөд 1922 онд Ижил мөрний сав нутагт болсон их өлсгөлөнгийн үеэр Монгол улсаас өлсгөлөнд нэрвэгдсэн Халимагийн ард түмэнд тусламж гуйх комиссын гишүүнээр томилогдон Монголд ирж байв.

Г.О.Рокчинскийн бага нас Алцан Хут тосгонд өнгөрсөн. Тэрээр 1938 онд Элиста хотын бага сургуулиа дүүргэж, Астрахань хотын техникумд элсэн орж 1940 хүртэл суралцсан. 1940-1941 онд нисгэгч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Астархань хотын Водопьяновын нэрэмжит нисэхийн сургууль, 1941-1944 онд Ростов-Донын Серовын нэрэмжит цэргийн нисэхийн сургуульд тус тус суралцжээ.

1943 онд ЗХУ-ын улаан арми Сталинградад ялалт байгуулснаар дайны үйл ажиллагаанд эргэлт гарч, улмаар Германчуудын мэдэлд байсан Элиста хотыг чөлөөлсөн билээ. ЗХУ-ын зүгээс Германы армийн Сталинград хүртэл амжилттай давшиж чадсан явдалд Халимаг болон Кавказын ард түмэн тэднийг шийдвэртэй эсэргүүцэн тулалдаж чадаагүй, зарим нь тэдэнд бууж өгч, армид нь алба хааж байсан зэрэгтэй холбон үзэж байв. Энэ ч үүднээс “Улус” хэмээх ажиллагааг хэрэгжүүлэн дээрх ард түмнүүдийг эх нутгаас нь нүүлгэн ЗХУ-ын хатуу ширүүн уур амьсгалттай газруудад тараан цөлсөн билээ.             Тухайлбал:

1943 оны 12 сарын 28 нд Халимаг улсад амьдарч байсан эмэгтэйчүүд хүүхдүүд, өвгөд, хөгшид, дайны шархдагдагсад гээд халимаг гаралтай бүх хүмүүсийг албадан нүүлгэж, Дундад Азиас Якутын зүүн хязгаар хүртэлх өргөн нутгийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай газруудад тараан цөлж, улаан армид алба хааж байсан халимаг дайчдыг тусгай хороо байгуулна гэдэг нэрийн доор фронтоос эргүүлэн татаж Широковскийн усан цахилгаан станц барих хүнд хэцүү ажилд германы олзлогдсон цэргүүдийн хамт ажиллуулсан юм. Өөрөөр хэлбэл бүх халимаг хүмүүсийг цөллөгт явуулсан.

Энэхүү ЗХУ-ын харгис шийдвэр Г.О.Рокчинскийг тойрон гараагүй. Түүнийг 1944 оны 4 дүгээр сарын 16 -нд цэргийн нисэхийн сургуулиас нь шууд Широковскийн усан цахилгаан станцын барилгын ажил руу шилжүүлсэн байдаг.

Г.О.Росчинский цөллөгийн үед 1945 оны 6 сарын 18 хүртэл Широковск-д, 1946 он хүртэл Киргизстаны Фрунз-д гэр бүлийн хамт, 1948 он хүртэл Новосибирскийн Купинск районд, 1948 оноос Казакстаны Алма-Ата хот зэрэг газруудад нутаг заагдан сууж байв. Улмаар Н.Хурщев төрийн эрхэнд гарч “дулаарлын бодлого” явуулан 1958 онд И.Сталины тушаалаар цөлөгдсөн Халимаг болон Кавказын ард түмнүүдийг эх нутагтаа буцахыг нь зөвшөөрснөөр Г.О.Рокчиниский 1961 онд Халимаг нутагтаа эргэн ирж, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ, Халимагийн зураачдын холбооны гишүүн, тэргүүлэгч, халимагийн сайд нарын зөвлөлийн барилга, архитектур зөвлөлийн гишүүн, Халимаг улсын соёлын яамны зөвлөлийн гишүүн, ЗХУ-ын урчуудын эвлэлийн Халмагийн салбарын эрхлэгч, ЗХУ-ын зураачдын холбооны гишүүн зэрэг төр нийгмийн ажлуудыг хийж байгаад 1993 онд 70 насандаа таалал төгсжээ.

 

Уран бүтээлийн тухай

Г.О.Рокчинский нь дунд сургуульд суралцаж байхдаа сурагчдын уран зургийн уралдаанд оролцон шалгарч, Москва хотод бүх Орос улсын үзэсгэлэнд оролцсон, Сибирт цөллөгт байхдаа буюу 1946 онд Новосибирскийн Купински районы соёлын төвд зураачаар ажилласан зэрэг нь түүнийг зураач болоход ихээхэн нөлөөлжээ.

Тэрээр 1948 онд Казакстаны Алма-Ата хотын Н.Гоголийн нэрэмжит театр урлагийн сургуульд элсэж, 1953 онд онц дүнтэй төгсөн, 1958 онд Оросын урчуудын эвлэлийн хорооны гишүүн болсноор уран бүтээлээ идэвхтэй туурвих болжээ. Түүний анхны томоохон бүтээл бол «Ученые на целине» бөгөөд уг бүтээлээ 1955 онд зурсан байдаг.

Г.О.Рокчинскийн уран бүтээлд халимагийн ард түмний түүх, соёл, уламжлал, байгаль, түүхт хүмүүс, түүхэн хүмүүсийн сэдэвт зургууд онцгой байр эзэлдэг. Тухайлбал:

Халимагийн түүх аж байдлын тухай: Баатар, Халимаг улсын туг, Жангарын Жимдан, Эрдэнийн эхэн цагт, Бумбын орон, Тод бичиг, Зүүнгарын нутаг, Морин эрдэнэ, Сүмбэр уул, Халимаг бүжиг, Домог, Уртын дуу, Морь сургагч, Бессмертие (мөнхийн), Зүүнгарын дайн, “Дайчин тэнгэр” туг, Бадам цэцэг, Хот айл, Сартай шөнө хот айл, талын нөхөр халимаг, Элиста-гийн сувдан шөнө, Манай залуус, Спутник кафе. Хаврын ногоо, Шавар цаца, Эргэнскийн гүвээ, намрын хот айл, талд, морьд, хаврын дуу, дулаахан орой, Түмний хурул, Каспин тэнгист, Каспин загасны комбинат, Халимагийн хавар, гөрөөс, тэмээ, малчны хот,

Түүхт болон түүхэн хүмүүсийн тухай: Эмээ ач хүүгийн хамт, соёлын хувьсгалч Цагаан, Заяа бандида Намхайжамц, Жангарч Ээлэйн Овла, Туульч Дорж, А.Амарсанан, Заяа бандид, Цо-Манж Буратов, Хоньчин Бамба Басанов, Ахмад настан, Орчин үеийн ажилчин, Баярлалаа найрсан халимаг бүсгүй, Данил дархан, Руслан, Хөдөлмөрчний хүч, Эмээ, Гаанстай өвгөн, эх, социалист хөдөлмөрийн баатар Егор Лукшанов, Бүсгүй, Халимаг загасчид, ээж минь-эх нутаг минь,

Бурханы шашны тухай: Баг, Цагаан аав, Мөргөлчин, Манзушри, Ертөнцийн хоёр үндэс, Заяа бандид Лхаст зэрэг зургуудыг дурдаж болно.

Энэ мэтчилэн Г.О.Рокчинский нь уран бүтээлд Халимагийн түүх соёл, аж байдал, түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн тухай бүтээлүүд багагүй хэсгийг эзэлж байгаа нь зураачийн эсгий гэрт төрж, нүүдэлчин халимагуудын дунд өсөн хүүхэд нас, тухайн үеийн малчин халимагууд, тэдний баяр наадам аж байдлыг нүдээр үзэн, ардын дуу, домог, халимагийн түүх соёлын онцгой нэгэн хэсэг болох Жангар туулийг сонсож өссөн [Дякиева 2014: 73]-тэй нь холбоотой байж болох юм.

Гарри Рокчинскийг 1961 онд Халимагт ирэхэд нь Халимагийн ард түмэн соёлын салбарт өөрийн ард түмний урлаг, соёл, эртний уран зургийг сэргээн хадгалж, үлдээх зорилго тавин ажиллаж байсан нь энэ чиглэлээр бүтээл туурвих хүсэл, сонирхол бүхий түүнд аятай завшаан болсон юм.

Тэрээр өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ Волгоград, Хойд Кавказ, Астархань, Краснодар, Ставрополь, Махачкала, Ростов, Элиста, Москва зэрэг Зөвлөлт холбоот улсын томоохон хотууд, холбооны улсууд болон БНМАУ-д гаргахын зэрэгцээ Польш, Энэтхэг, Непал, Япон, Монгол зэрэг улсуудаар аялан уран бүтээлчидтэй нь туршлага солилцож байв.

 

Монгол улстай холбогдолтой зургууд

Гарри Олегивич Росчинский нь халимагийн түүх соёл, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвихын зэрэгцээ угсаа гарвал нэгтэй ах дүү монголын газар нутаг, түүх соёл, түүхэн хүмүүсийн тухай бүтээлийг багагүй туурвижээ.

Гарри Олегивеч Рокчинскийг 1965 онд Зөвлөлтийн урчуудын эвлэлээс хөдөлмөр бүтээлийг үнэлэн, Монгол улсад аялах ЗХУ-ын залуучуудын ахлагчаар явуулснаар тэрээр Монгол улсад анх ирсэн юм. Улмаар ЗХУ-ын урчуудын эвлэлийн Халимагийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа Монгол-Халимаг зураачдын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах, Монгол-Халимаг зураачдын хамтарсан экспедицийг Монгол улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байсан нь түүнийг монголын тухай бүтээл туурвихад багагүй нөлөөлсөн байна.

Тэрээр 1965 онд БНМАУ-д анх ирэхдээ монголын музей, театр, сургууль, хөдөөгийн амьдралтай танилцаад буцсан бол 1979 онд 9 сарын 3-18 нд болсон “БНМАУ болон Зөвлөлт холбоот улс хоорондын коммунист ажилчдын боловсролын өдөр” т зориулсан соёлын өдрүүдийн хүрээнд зураач О.Х.Кикеевын удирдсан зураачдын багийн бүрэлдэхүүнд багтан, Н.Санджиев, К. Ольдаев, У.Бадмаев нартай хамт хоёр дахь удаагаа монголд ирсэн байдаг.

Г.О.Рокчинский нь 1985-10 сард “Товрканоя поёздка”, 1986-10 сард “Хүндэт найрамдал” үзэсгэлэнгүүдээ Улаанбаатар хотод, 1987 оны 10 сард Өвөрхангай аймагт “Аялал” үзэсгэлэнгээ тус тус гаргаж байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монгол улсад дахин уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахыг хүсэж байсан ч 1980-д оны сүүлчээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн улмаас энэхүү хүслээ гүйцэлдүүлж амжаагүй байдаг. Харин 2009 оны 12 сард Улаанбаатар хотод “Тод номын гэрэл” төвөөс зохион байгуулсан “Тод үсэг зохиогдсоны 360, их эрдэмтэн, төр шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Равжамба Зая бандид Намхайжамц мэндэлсний 410 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр Г.О.Рокчинчкийн үр хүүхэд, зээ нар нь түүний уран бүтээлийн дээжсээс багахан хэмжээний үзэсгэлэнг гаргасан юм.

Г.О.Рокчинскийн бүтээл дахь Монгол орны холбогдолтой бүтээлүүдийн заримаас нь дурдвал:

Бодит хүмүүсийн хөрөг зураг.

Зураг №1. Говь-Алтайн монгол эмэгтэй . 1966. Б., смеш. Техн. 27,5х23 Энэхүү зургийг Г.О.Рокчинский 1965 онд Монгол улсад анх ирэх үеэрээ зуржээ. Уг бүтээл нь цаасан дээр зурагдсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг №2. Улаангомын Наранцэцэг. 1986. ДВП, м., т. 83х70.

 

  

 

Энэхүү зурагт Улаангомын урд талаар урсах Тээлийн голыг хөндий дахь Наранцэцэг хэмээх малчин эмэгтэйн зураг юм. Энэхүү Наранцэцэг нь тухайн үед Улаангом хотын нэгэн зочид буудалд угтагчаар ажиллаж байсан бөгөөд хожим 1988 онд Анагаах ухааны техникумыг төгсөж, 2015 онд нас барах хүртлээ эмнэлэгт лаборантаар ажилласан 4 хүүхдийн эх эгэл жирийн монгол бүсгүй байжээ.

 

 

 

 

 

 

 

 

Зураг №3. Идэш (ардын хөгжимчин). 1987. к.темп.гуашь. 30 х 52 см Увс аймгийн Ховд сумын алдарт хуурч Бомборын Идэш. Зураач энэхүү зургийг Увс, Ховд аймгаар аялж байх үеэрээ зурсан бололтой.

 

 

 

 

 

 

Зураг №4. Алдарт малчин Жудулда. 1986. ДВП, м. 70х60 Энэ хүн бол Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийн малчин Жудалдай мөн болов уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг №5. Бөх Балсандорж. 1986. Б., акв., гуашь. 30х22 Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Ойлоогийн Балсандорж бололтой. О.Балсандорж нь 1978 онд Цэргийн заан, 1982, 1987, 1991, онуудад Ховд аймгийнхаа наадамд түрүүлж, 1981, 1984, 1992, онуудад үзүүрлэсэн бөх байжээ.

 

 

 

 

 

      

Зураг №6. Ховдын уртын дуучин Очир. 1986. Б., смеш. Техн. 75х46

 

 

 

 

 

 

 

 

 

 

Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Сүхээ нь тухайн үед Увс аймгийн зураачдын эвлэлийн газар ажиллаж, Увс аймагт айлчлан ирсэн халимаг зураачдыг дагалдан Увс, Ховд аймгийн нутгаар аялуулж байжээ.
Зураг №7. Зураач Сүхээ. 1988. Б., кар. 27х30

 

 

Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Сүхээ нь тухайн үед Увс аймгийн зураачдын эвлэлийн газар ажиллаж, Увс аймагт айлчлан ирсэн халимаг зураачдыг дагалдан Увс, Ховд аймгийн нутгаар аялуулж байжээ.

 

 

 

 

 

 

 

Зураг №8. Оюун хүүхэн. 1986. Б., кар. 80х50 

 

Зураг №10. Үндэсний хувцастай монгол бүсгүй. 1985. Б., кар. 40х30
Зураг №9. Улаангомын музейн захирал Бямбадорж. 1986. Б., кар. 80х50

Т.Бямбадорж нь 1932 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Улаангом, Тэс, Өндөрхангай сумдад эмч, Увс аймгийн музейн эрхлэгчээр ажиллаж, Увс аймгийн музейн бүрдүүлэлтийн 35,4% -ийг хийж, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, улс болон олон улсын хэмжээний хуралд 16 илтгэл хэлэлцүүлсэн орон нутгийн шилдэг сэхээтнүүдийн нэг юм. Т.Бямбадорж нь Төрөлх Увс аймагтаа ажиллаж амьдрахдаа нутаг орныхоо түүх соёлын дурсгалт газруудыг олж тогтоох судалгааг 40 гаруй жил хийсэн түүх соёлын зүтгэлтэн юм. Тэрээр түүх соёлын дурсгалт газруудыг илрүүлэх, музейн үзмэр цуглуулах, дэглэх ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр настныхаа тэтгэвэрт гарсныхаа дараа аймгийнхаа Тэргүүний малчин сонинд идэвхтэн бичигчээр ажиллаж ард түмнийхээ дуу хоолой болж явсан байдаг.

 

 

 

 

Зураг №11. Монгол аялгуу. 1986. ДВП, м. 70х60
Тал нутагт уртын дуу аялан яваа монгол хүн.
Зураг №12. Бэлчээрт. 1958. К., 18х25
Хасаг өвгөн дээл нь монгол, малгай нь хасаг

 

Нэр зааж зурсан тодорхой газар нутгийн тухай зургууд:

Зураг №13. Сарлаг. 1987. ДВП, м. 42х80.
Энэхүү Увс аймгийн Улаангом хотын урд талаар орших Тээлийн гол, Хахираан сангийн аж ахуйн намар цагийг дүрсэлсэн.
Зураг №14. Увс нуур. 1987. ДВП, м.25х50
Энэхүү зургийг Увс нуурын зүүн хойд тал буюу Давст сумын талаас нь харж зурсан бөгөөд нуурын цаад талд Хархираа уул, Улаангом хот харагдаж байна.

 

 Зураг №15. Монголын алтай1987. ДВП, м. 51х32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг №16. Манхан сум. 1987. К., м., т.22х30 Ховд аймгийн Манхан сумын хойт талаас нь авсан зураг бололтой.
Зураг №17. Баруун монголын нутаг. 1991. Орг., т. 34х42.
Өндөр шовх оргилууд бүхий сүрлэг уулс түүний наагуур байгаа айлууд мал сүрэг зэргийг дүрсэлсэн бөгөөд Халимагууд Монгол улсын Увс, Ховд, Баян өлгий аймгийн нутгийг “Баруун монгол” хэмээн нэрлэдэг билээ. Энэ зургийг Хархираа, Түргэний уулсын баруун юм уу зүүн талаас нь харж зурсан бололтой.

 

 

 

Монголд зурагдсан бусад зургууд:

Зураг № 18. Нуурын дэргэд. 1987. ДВП, т., м. 27х50 Эдгээр зураг дээрх гэрүүд нь Хасаг болон Шинжааны монголчуудын гэрээс илүү Халх монголын гэртэй төстэй навтгар байгаагаас үзвэл Монголын говь нутгаар аялж байхдаа говь нутгийн хот айлын нэгэн тогтуухан үдшийг дүрсэлсэн байна.
Зураг №19. Өвгөдийн нутаг. 1991. Орг., акрил. 39х50
Зураг №20. Өвгөдийн нутаг. 1991. Орг., акрил. 39х50
Зураг дээрх гэрүүд шовгордуу байгаа хэдий ч цаана байгаа уулс нь Увс аймгийн Улаангом хотын баруун хойд талаарх Хархираан уулс, Түргэний голын хавцалтай ихээхэн төстэй харагдаж байгаагаас үзвэл одоогийн Түргэн сумын төвийн доод тал юм уу Увс нуурын баруун эргээс зурсан зураг бололтой.

 

 

 

 

 

 

Зураг №21. Өвөг дээдсийн нутаг. 1987.х., м. 61х101
Энэ уулс нь Түргэний уулсын ноён оргилуудын нэг болох Дэглий цагаан уултай төстэй харагдаж байна.

Зураг №23. Говийн үдэш. 1986. ДВП, м. 34х17

 

 

 

 

 

 

 

 

Зураг №24. Хол газар. 1987. ДВП, м. 27х45
Зураг №25. Үүрийн цолмон. 1988. Орг., т. 29х40
Зураг №26. Монголын хавар. 1987. ДВП, т. 41х60

 

 

 

 

 

 

 

Зураг №29. Монголын өргөн уудам нутагт. 1986. ДВП, м. 110х80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг №27. Анир чимээгүй. 1987. ДВП, т. 40х35 

Зураг №28. Шөнийн нислэг. 1983. Орг., м. 38х40

Зураг № 30. Монголын мөнх хөх тэнгэр1987. ДВП, м., т. 76х51

Зураг №31. Монголын тухай үлгэр. 1986.ДВП, м., т. 70х120                       

       Энэхүү зурагт ардын хувьсгал ялсны дараах үеийн нөхцөл байдлыг тусгасан байна. Тэмээний цаад талд Үндэсний хувцас бүхий хадаг барьсан эмэгтэй, улаан өнгийн уулан дээр монгол дээл, малгай, хантаазтай морь унасан эрэгтэй хүн, соёмбо, бурхны шашны сүм хийд зэргийг дүрслэлийн өвөрмөц шийдэл бүхий зураг юм.

Зураг №33. Эрднийн эхэн цагт … 1990. Орг, т. 95х180
Зураг №32. Зүүнгар. 1990. Орг., м. 110х80

Зураг №34. Үзэгдэл. 1991. Орг., т. 36х57 

Зураг №35. Гоо Марал. 1980. Орг., т. 70х42

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О.Рокчинскийг эдгээр зурагнуудаас гадна “шинэ бууринд” гэх мэт монголын тухай зургуудыг зурсан гэдэг. Мөн бүх Оросын зураачдын зөвлөлийн Астараханы хэлтсийн тэргүүлэгч Л.М.Караваева Г.О.Рокчинскийн бүтээлүүд 1991 онд Монгол улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцсон гэж тэмдэглэсэн байдаг.

Түүхэн фото зургууд:

Зураг №36.
Г.О.Рокчинский Монгол улсад. Улаанбаатар хотод. 1965 он.

өөрийн урландаа монгол дээл хувцастай байгаа нь 1986 он.
БНМАУ болон ЗСБНХУ-ын соёлын харилцаанд гүйцэтгэсэн үүргийг нь үнэлэн БНМАУ-ын медалиар шагнасныг В.М.Басанов гардуулж буй нь. Элиста 1987 он.

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О.Рокчинский Монгол зураачдын хамт Ховд аймгийн Манхан сумын Хойд Сэнхэрийн агуйд. Зүүн гар талаас Монгол улсын ардын зураач Г.Дунбүрээ, Монгол улсын гавьяат багш, зураач А.Баасанхүү, ОХУ-ын гавьяат зураач Г.О.Рокчинский, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Сүхээ, МУЭ-ийн шагналт, нэрт зураач Д.Мишиг нар. 1981 он.

Халимагийн Кетчнер районы Алцын хут тосгоны дунд сургуулийг Г.О.Рокчинскийн нэрэмжит болгожээ.
Г.О.Рокчинскийн төрсөн Кетчнер районы Алцын хут тосгонд түүний хөшөөг нь босгожээ. Г.О.Рокчинскийн хөшөөний дэргэд охин болон зээ охин нь халимагийн зураачдын төлөөлийн хамт.

Г.О.Рокчинскийн мэндэлсний 90, 95 жилийн ойгоор зохион байгуулсан үйл ажиллагаануудаас.

Гарри Рокчински нь өөрийнхөө бүтээлүүд дээр ихэвчлэн тод бичиг, орчин цагийн халимаг бичиг болон оросоор тайлбар нэр зэргийг нь бичдэг байв. Тэрээр амьдралынхаа туршид Халимагийн өв соёлыг хадгалан үлдээх бодлогыг тууштай илэрхийлж байсан юм.

Г.О.Рокчинскийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн 1967 онд “Халимагийн урлагийн гавьяат зүтгэлтэн”, 1970 онд Халимагийн бүгд найрамдах улсын О.И.Городовиковын нэрэмжит төрийн шагнал, 1974 онд Зөвлөлт холбоот улсын “Гавьяат зураач”, 1976 онд “Хүндэт тэмдэг” одон, 1987 онд ЗСБНХУ болон БНМАУ хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНМАУ-ын одон медаль, 1988 онд ЗХУ-ын ардын зураач цол, тэмдгээр тус тус шагнан урамшуулж байв.

Сүүлийн жилүүдэд Г.О.Рокчинскийн үр хүүхэд ач зээ нар нь санаачлан түүний төрсөн Кетчнер районы Алцан хут тосгонд нь хөшөөг нь босгож, тус тосгоны дунд сургуулийг Г.О.Рокчинскийн нэрэмжит болгох, түүний урлан байсан газарт дурсгалын самбар байрлуулах, эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага хийж, ураг бүтээлийнх нь үзэсгэлэнг гаргах зэрэг ажлуудыг тасралтгүй хийсээр байна.

ЗХУ-ын ардын зураач Г.О.Рокчинский нь одоогийн Халимагийн Кеченер районы Алцан хут гэдэг газар төржээ. Тэрээр Элиста хотын бага сургууль, Астархан хотын техниккум, Нисэхийн сургууль, Ростовын цэргийн нисэхийн сургууль, Казастаны Алма-Ата хотын Н.Гоголийн нэрэмжит урлагийн сургуулиудад боловсрол эзэмшсэн. Халимаг улсын анхны мэргэжлийн зураач Г.О.Рокчинский нь халимагийн ард түмний түүх, соёл, урлаг, зан заншил, түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн сэдвээр бүтээлээ туурвихын зэрэгцээ халимаг болон ЗХУ-ын төр, засаг захиргаа, нийгмийн ажлыг идэвхтэй хийж байлаа.

Тэрээр 1965 онд Монгол улсад анх удаа ирж байсан бөгөөд улмаар 1985, 1986, 1987 онуудад Монгол улсын Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгуудад өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв.

Түүний уран бүтээлийг нь нийтэд нь авч үзэхэд олон арга барилаар ажилладаг, сэдвийн хувьд өргөн хүрээг хамаардаг боловч нийт бүтээлүүд нь эх орноо хайрлах сэтгэл, түүнийг магтан дуулах мэдрэмж төрүүлдэг. Г.О.Рокчинскийн уран бүтээлдээ бодит байдлыг тусгасан газар нутаг, хүмүүсийг тухай илүү тусгасан бүтээлүүд ихэнхийг нь эзлэх боловч 1990 оноос хойш туурвисан бүтээлүүд нь халимаг болон монголын түүх, соёл, ёс заншил уламжлалыг хийсвэр сэтгэлгээгээр зурсан зургууд нэлээд хувийг нь эзэлж байна.

Түүний бүтээлүүд дотор монголын холбогдолтой зургууд багагүй хэсгийг эзлэх бөгөөд ихэнх нь Увс аймагтай холбогдох зургууд байна. Эдгээр зургуудаас Увс нуур, Наранцэцэг зэрэг зургууд нь Халимагт ихээхэн нэр хүндтэй билээ.

Н.Наранжаргал.