ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ БОЛ МОНГОЛЧУУДЫН ТЭНГЭР ҮЗЛИЙН БЭЛГЭДЭЛ: ДОМОГ ЗҮЙН ХАНДЛАГУУД

Монголчууд бидний уламжлалт сэтгэлгээнд бэлгэдэл эрхэмнэлийн ёс арвин агаад онцгой чухал үүрэгтэй билээ. Манай бэлгэдлийн соёл, тэр тусмаа төрт ёсны бэлгэдэл нь өнө эртний түүхтэй, зан үйлийн гүн сурвалжтай.
Энэ удаад төрийн Их цагаан тугийн анхны бэлгэдэл утгын талаар өгүүлэх юм. Тэгэхдээ сайхи бэлгэдэл утгыг монголчуудын домог зүйн сэтгэлгээний талаас авч үзэх бөгөөд тэнгэр үзэлтэй нь хэрхэн холбогдолтой болохыг тайлбарлах оролдлого хийж байна.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид төрийн цагаан туг-сүлдний талаар судалгааны ном бүтээл нэлээдийг туурвиж, өргөн дэлгэр хэлэлцсэний дүнд есөн хөхөлт цагаан туг уу, есөн хөлт цагаан туг уу, есөн манжлагат цагаан туг уу, есөн сүүлт цагаан туг уу, найман хөлт цагаан туг уу, арван хөлт цагаан туг уу гэх мэт асуудал үндсэндээ конвенциаль утгаа олж байх шиг санагдана. Гэхдээ л бас мундахгүй асуудал хариу нэхэж байна.
Есөн хөлт цагаан туг нь анх монголчуудын домог зүйн сэтгэлгээнд юуны бэлгэдэл төлөөлөл байсан бэ? Мандал бадрал, энхжин мөнхжингийн бэлгэдэл байв уу? Дээд тэнгэрийн бэлгэдэл байсан уу? Эсвэл өөр утгатай байв уу?
Туг-сүлдний асуудалтай холбогдон “Мөнх Тэнгэр” хэмээх ойлголт хэрхэн төлөвшсөн эх үүтгэл, түүнтэй холбоотой багц асуудал босч ирдэг. Тэрээр байгалийн хийсвэрлэл үү? Онгон шүтлэгийн олон тэнгэрийн үргэлжлэл үү? Ер нь нүүдэлчин монголчуудын Тэнгэр үзэл хэдий үеэс эхтэй вэ зэрэг асуулт тэргүүн ээлжинд тавигдаж байна.
Цагаан туг-сүлдийг эрдэмтэн судлаач Х.Нямбуу, Ц.Гантулга, Г.Мягмарсамбуу, Г.Бадамсамбуу нар шинжлэх ухаанч арга хандлагаар судалсан байдаг бол эрдэмтэн С.Дулам илүүтэй бэлгэдэл зүйн талаас судалжээ. Эрдэмтэн судлаачид сонин содон эх сурвалж, баримт сэлтийг судалгааны эргэлтэнд оруулж, үндэслэгээ бүхий чухал чухал дүгнэлт санал дэвшүүлсэн байдаг.
Хойшдын ярианы үүтгэл болгож, монголчуудын их хөлгөн судар Монголын нууц товчооноо туг-сүлдний талаар тодорхойъёо өгүүлснийг эш татъя. Нууц товчооны далан гуравдугаар зүйлд “… Өгээлүн Үжинийг гээж нүүгдрүүн туглаж, биеэр морилж, зарим иргэнийг няцаав. Тэд бээр няцаагдсан иргэн үл тогтон, Тайчуудын хойноос нүүжүхүй” (Монголын нууц товчоо. Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг. Хянан тохиолдуулсан академич Д.Төмөртогоо. УБ., 2011, х.34) гэсэн бол хоёр зуун хоёр дахь зүйлд “Төдий сисгий туургат улсыг шударгатгаж, барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан нэр тэнд өгөв. Мухали-д Гоо ван нэр тэнд л өгөв” (мөн тэнд, х.163) гэжээ. Энэ бол монголчууд Мөнх Тэнгэрийн хүчин дор Их хааны суу заль дор дэлхийг бүтээн туурвиж, хүн төрөлхтний түүхийг дэлхийшүүлсэн аугаа эриний өмнөхөн цаг билээ.
Угсаатан судлалч нэрт эрдэмтэн Х.Нямбуугийн тэмдэглэснээр, “Монгол улсын төрийн үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан сүлднээ шингэжээ. Цагаан сүлд хэмээгч нь цагаан адууны дэл сүүлээр манжлага (гөхөл) хийсэн хялгасан туг болно. Энэ нь голдоо нэг том сүлд, түүнээ тойруулсан найман бага тугнаас бүрэлддэг тул Есөн хөлт цагаан сүлд гэгджээ.Тус сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан галтай гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дүгрэг царнаас (тавагнаас) доош нь цагаан хялгасан гөхлийг наян нэгэн нүхнээс, нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлсэн байдаг. Гол сүлдийг тойруулсан найман дагалт сүлдийг нь элч сүлд гэдэг. Элч сүлдийг гол сүлдтэйгээ чагтлан холбосон байна. Эртний Монголын төрийн ёсонд есөн хөлт цагаан сүлдээ босгож, хаанаа ширээнд залдаг заншилтай байв.
Мөн нэгэн гол сүлдээ тойруулан найман хөлийг нь орлуулан найман цагаан дарцаг босгох буюу түүнээ товчлон найман хэл унжуулах нь бас байв” (Зохиогч, эмхэтгэгч Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь.Тэргүүн боть. УБ., 1992, х.160) гэжээ. Домог зүйн сэтгэлгээ ёсоор бол, хаан ширээнд хааныг залах үйл нь бүх орчлонгийн үүслийг бэлгэдэл байдлаар давтах явдал байдаг. Энэ үйл явдлыг нэрт судлаач Мирча Элиаде хэрхэн тайлбарласныг эш татъя, “Хаан ширээнд өргөмжлөх зан үйл яагаад орчлонгийн үүслийг давтдаг, эсвэл Шинэ он болон тэмдэглэгддэгийг ойлгоход хялбар юм. Хаан хүн бүх Орчлонг шинэчилдэг хэмээн үздэг. Энэ шинэчлэл үндсэндээ чухам л Шинэ Оноор, улирлын шинэ мөчлөг эхэлснээр хэрэгждэг. Гэхдээ энэ үед ритуал үйлээр хэрэгжиж буй шинэчлэл нь мөн чанартаа ертөнцийг бүтээх үйлийн давталт байдаг. Ийн бүтээхүй нь шинэ жил бүрээр давтагдана. Чухам ийм учраас, орчлонгийн үүслийн домгууд ертөнц хэрхэн бүтээгдэн байсан хийгээд хожим хойшид нь юу болж өнгөрснийг хүмүүст сануулах бүлгээ” (Мирча Элиаде Домогзүйн сэтгэлгээ. Орч. Хулуд Ж.Отгонбаяр. УБ., 2020, х.66- 67). Үүнтэй холбогдуулан хэлэхэд, “Сар шинэдээ сайхан шинэлэв үү?” хэмээх бидний өнөөгийн Цагаан Сарын мэндчилгээ, мөн үеэр алаг мэлхий өрж хонуулж тоглодог зэрэг нь тэр эрт дээр цагийн сэтгэлгээний ул мөр ажгуу.
Ер нь, Их Талын нүүдэлчид эрт цагаас тугтай байжээ. Эрдэмтэн судлаач Б. Эрдэнэбат, Г.Мягмарсамбуу нар “Монгол нутгаас олдсон хамгийн эртний тугийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Бичигтийн хадны зураг юм” хэмээгээд, эртний нүүдэлчид бас бог малын шийр, толгой бүхий арьсан далбааг бэлгэдэл болгон хэрэглэж байсныг дам эш татжээ (Эрдэнэбат Б., Мягмарсамбуу Г. МонголУлсын Бүх цэргийн их хар сүлд (уламжлал, шинэчлэл) Хоёр дахь хэвлэл. УБ., 2012 Х. 7-8). Тэдний бүтээл дэх хадны зургийг энд эш татлаа.
Нэг гартаа туг барьсан сайхи морьтны дурсгалын талаарх профессор Д.Цэвээндоржийн “Монголчууд бүр хүрэл зэвсгийн үеэс хүлэг мориныхоо дэл сүүлээр туг хийж, түүнийгээ эрхэмлэн хүндэтгэж иржээ гэж болно. Өөрөөр хэлбэл, адууны дэл сүүлээр хийсэн Монгол улсын төрийн ба цэргийн туг нь хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай гэж үзэх бүрэн үндэстэй байна” гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид мөн онцолсон байна (мөн тэнд).
Дээрх дүгнэлтэд монголчуудын хүрэл зэвсгийн үеийг онцолж буй нь бидний ярианд чухал учир холбогдолтой юм. Тийнхүү монголчуудын туг сүлдний хэрэглээ хүрэл зэвсгийн үеэс эхтэй юм бол Тэнгэр үзлийн номлолыг хэдий үеэс огноолбол зохилтой вэ?
Монголчуудын Мөнх Тэнгэр, Тэнгэр үзлийн утга мөнчанарыг эрдэмтэн судлаач Ш.Бира, А.Цанжид нар шинжлэх ухаанч арга зүйгээр судалж, харин Т.Дагвадорж, Л.Дашням, Б.Галаарид, О.Лхагва, Н.Нагаанбуу, Ч.Пүрэвдорж, Л.Чулуунбаатар нарын эрдэмтэд чинад ухаан эзотерик мэдлэгийн үүднээс судалсан байхад эрдэмтэн судлаач Ч.Жүгдэр, Ц.Гомбосүрэн, С.Дулам, Г.Лодой нар философи, домог зүйн талаас онцлон судалсан бүлгээ. Мөнх Тэнгэрийг Ш.Бира, А.Цанжид нар монголчуудын улс төрийн үзэл, сургаалтай холбон тайлбарлаж 4 байхад О.Лхагва түүнийг Эрдэм ухаан, эрчим долгис хэмээжээ. Харин Б.Жадамбаа Мөнх Тэнгэрийг Байгаль-нийгмийн нэгдмэл огторгуй мөн гэж байхад Г.Гэрэлбаатар түүнийг шашин мөргөл гэсэн бол Ц.Гомбосүрэн Мөнх Тэнгэрийг Дээд нууц хэмээн тайлж үзжээ.
Тэнгэр шүтлэг, тэнгэр үзэлтэй холбоотой зан үйл, тайлга тахилга Хүннү гүрний үед ч байсныг эх сурвалжаас харж болох юм. Дэлхийн түүхч хэмээн алдаршсан Сыма Цянийн “Хүннүгийн шашдир” хэмээх бүтээлд дурдсанчлан, “(Хүннүгийн) Шаньюй өглөөд өргөөнөөсөө гарч мандах наранд мөргөл үйлдэнэ. Оройд саранд мөргөнө. Тэрбээр суухдаа хойш харан суух бөгөөд түүний зүүн тал нь хүндтэйд тооцогдоно… Жил бүрийн нэгдүгээр сард бүх түшмэл Шаньюйгийн өргөөнд бага хуралдайд цугларан тахилга хийж өргөл барьц өргөнө. Тавдугаар сард Лунчэнд их хуралдайд цугларан өвөг дээдэс, тэнгэр, газрыг тахих бөгөөд хүмүүсийн сүнс болон газар тэнгэрийн савдагт мөн тайлга өргөнө. Намар адуу таргалсан цагаар Дайлинд цугларан их хуралдай хийж, хүн ба малын тооллого хийнэ” (Сыма Цянь Хүннүгийн шашдир. УБ., 2014, х.48).
Эндээс үзэхэд, юутай ч атугай, Хүннү гүрний үеэс тэнгэр үзэл нь хаан, төртэй холбогдон “албажиж” хүчийг олж байжээ хэмээн таамаглаж болохоор байна. Юутай ч атугай, эдүгээ тов тодорхой болоод буй баримт хэмээвээс, эл үзэл Нэгдсэн Их Монгол улсыг байгуулах, хүн төрөлхтний түүхийг дэлхийшүүлэхэд тулгуур үзэл нь байсан ажээ.
Эрдэмтэн А.Цанжидын онцолсончлон, Хубилай сэцэн хаан Бурханы шашныг төрийн шашин болгосноор, ялангуяа “Бага хаадын” үеэс Богд хаант Монгол Улсын үеийг дуустал Бурханы шашин зонхилох үзэл суртал болж байв. Хэдий тийм ч тэнгэр үзэл, түүнтэй холбоотой зан үйл байсаар байлаа, тухайлбал, монголчууд тэнгэрт сүслэн Цагаан сүлдний тахилгаа үргэлжлүүлсээр, уул хайрхдын тэнгэрийг тахисаар байв. Тэгвэл, социализмын үед марксч-ленинч үзэл (чухамдаа тийм нэртэй бурхангүй шашин) төрийн номлол, үзэл суртал нь байлаа. Харин өнөө цаг бол өрнөдийн либерал үзэл зонхилж эхэлсэн үе (А.Цанжид Монголын төрт ёс УБ., 2019 х.75).
Гэхдээ эдүгээ ч монгол түмэн тахилга сүлдэт уул хайрхдынхаа тэнгэрийг тахин, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн Тэнгэр, Хангайд сүүн цацлаа өргөсөөр, Уул Ус, Долоон Бурханаа шүтсээр, “Унасан газар угаасан ус минь” хэмээн бишрэн залбирч байдаг нь бодтой билээ.
Тэнгэр үзлийн гол утга нь баримтлал номлол байдаг бол тэнгэр шүтлэг нь ритуал үйл давамгайлсан зан үйл билээ. Тэгэхдээ энэ хоёр ойлголт нь тун нэгдмэл учир нэгэн зүйл мэтээр андуурах тохиолдол ч байдаг бололтой. Эрдэмтэн Ч.Жүгдэрийн бичсэнчлэн, “Эртний монголчуудын шашны үзэл нь байгалийн энгийн тодорхой юмс үзэгдлийг шүтдэг байснаасаа цааш гарч, хийвэрлэн улмаар тэнгэр хэмээх хийсвэр ойлголт бий болгон шүтэх болжээ. Тэнгэр гэдэг ойлголтод байгалийн харагдах ба үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд газар усны нэгэн адил тодорхой үзэгдлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүрсэн байна” (Жүгдэр Ч. Монголын нийгэм-улс төр, философийн сэтгэлгээний хөгжил. УБ., 2006, х.39) Харин нэмж хэлэхэд, энд дурдагдан буй “хийсвэр ойлголт шүтэх”, “хийсвэр тэнгэр шүтэх” хэмээхийг эргэцүүлэн үзэж, тодорхой ойлгох шаардлагатай мэт санагдана.
Монголчуудын тэнгэр үзэл, Мөнх Тэнгэр нь тэдний домог зүйн сэтгэлгээнд тулгуурлаж бүхий билээ. Домог зүйн сэтгэлгээний нэгэн зарчим нь “хүмүүнчлэн-хүнийсгэхүй” юм.
Домог зүй судлаачдын онцолсон нэгэн санааг энд тэмдэглэх нь зүйтэй санагдана. “Кавказад очоод байсан хүннү угсаат овгууд холбоо байгуулснаа тэнгэрийн хуулинд андгай өргөж баталгаажуулсан ба ингэхдээ ямар нэг аварга том баатрын дүрээр төсөөлөгддөг Тэнгри-ханд адуу шаран өргөл өргөж байсан аж” (Дам эшлэв. – А.Цанжид Монголын төрт ёс УБ., 2019 х.75). Дээр өгүүлсэн бүгдээс ажихад, туг сүлд ч, тэнгэр шүтлэг ч адууны соёлтой холбогдож буй нь төвөггүй ойлгогдоно. Домог зүйн сэтгэлгээний нэгэн чухал бүтээл, бүрэлдхүүн нь баатарлаг туульс байдаг билээ.
Монголчуудын Тэнгэр үзлийн үүтгэл эхлэлийн тухай дээр тавьсан асуудал руугаа эргэж хандъя. Ингэхдээ монгол туулийн он цагийг тодорхойлсон судлаачдын дэвшүүлсэн санааг үндэслэл болгож байна. Дэлхий дахинаар авч үзвэл, тодорхой зохиогчтой туульсаас эртний Энэтхэгийн их тууль “Их дайн”-ыг НТӨ 3000 жил рүү хамааруулдаг бол баруун европын утга зохиол дахь хамгийн алдарт тууль “Илиада”- г НТӨ VIII зуунд зохиогдсон гэдэг.
Түүхч эрдэмтэн А.Очир, Б.Нанжид нар монгол нутгийн буган чулуу, хиргисүүр хийгээд дөрвөлжин булшны дүр, дүрслэл, тэдгээрийн эздийн сэтгэлгээг нарийвчлан шинжлээд “буган чулуу, монгол тууль хоёрын дүрслэгдхүүн нь их төлөв тохирч байна. Энэ нь уг хоёр бүтээлийн өгүүлэгдхүүн нь ойролцоо буюу адил эх сурвалжтай болохыг харуулна” (А.Очир, Б.Нанжид Монгол туулийн үүсэл, соёлын давхарга. 2022, х.45) хэмээн харьцуулан үзжээ. Цаашилбал, сайхи судлаачид монгол нутаг дахь буган чулуун хөшөө нь НТӨ XIII-VII зууны үед бүтээгдсэнийг өгүүлээд “Тийнхүү одоогоос хэдэн мянган жилийн өмнөх монгол нутаг дахь нүүдэлчдийн дунд бугыг шүтэх, түүнийг онгод сүнсний унаа гэх үзэл цэцэглэн хөгжиж байсан нь туульд туссан байна” (мөн тэнд, х.47) гээд хиргисүүр, хөшөө чулууны ч, мөн туульсын ч дүр, дүрслэлүүд нь чухам баатарлагийн эрин үеийн бүтээлүүд мөн байж болох тухай саналаа монгол домог зүйн зүг чиг, тооны зэрэг бэлгэдэл эрхэмнэл, цээр ёсыг харшилдуулан илэрхийлжээ. Судлаачид мөнөөх харьцуулсан судалгаагаа улам лавшруулан монголын хүрэл зэвсгийн үетэй холбосон нь үнэмшилтэй, бодитой болжээ. Өөрөөр хэлбэл, монгол туулийн үүсэл нь хүрлийг шүтэж, эрхэмлэж байсан үетэй давхцах бүлгээ. “Төмөрлөг эдлэлийн дотроос хүрэл зэвсэг, хүрэл эдлэлийг монгол туульд, илүү олон давтамжтай дурьдсан нь ажиглагдаж байна. Тухайлбал, манай туулиудад хүрэл чулуун тулга, хүрэл мөнгөн хазаар, хүрэл хар тогоо, хүрэл мөнгөн амгай, хүрэл мөнгөн дөрөө, хүрэл болд илд, хүрэл мөнгөн хүзүүвч, хүрэл мөнгөн хонх, хүрэл мөнгөн зүрх, хүрэл дөрвөн соёо, хүрэл хүйс, хүрэл дов, хүрэл таримал уул, хүрэл мөнгөн далай, хүрэл цагаан сум, хүрэл цагаан далай гэх мэтээр” өгүүлдэг бол туульсын баатрын нэр нь Хүрэл алтан магнай, Дань хүрэл, Хүрэл зүрхэн баатар, Хүрэл улаан бөх, Хүрэл хар бөх, Хүрэл алтан дөш, Хүрэл хаан, Хүрэл зүрх, Хүрэл тэвнэ, Хүрэл алтан тулга, Хүрэл хонхот гэх мэт байдаг (мөн тэнд, х.52) гээд холбогдох туульсын нэрийг онолдуулсан байна.
Ажиглахад, монголчуудын домог зүйн сэтгэлгээний нэгэн онцлог нь өөрийнхөө өмнөх угтал сэтгэлгээ болох илбэ домын сэтгэлгээ, бөөгийн ёс, түүний олон ритуал зан үйлийг өөрийнхөө бүрэлдхүүн болгож байжээ. Тийм болохоор, судлаачид бөөгийн онгодын дуудлага, тамлага ба туульсын үг хэллэгт ижил төстэй зүйл олон байгааг онцлоод бөөгийн тэнгэрүүдтэй адил буюу ойролцоо нэртэй туулийн баатар олон байгааг ч нэр ус, ажил үүргээр нь тов тодорхой харьцуулан харуулаад монгол нүүдэлчдийн тууль нь барагцаалбал, НТӨ X – НТӨ VI зууны орчинд бөөгийн яруу найраг, бөөгийн тэнгэрүүдийн тухай домогт тулгуурлан үүссэн хэмээн дүгнэжээ.
Эндээс ургуулан үзэхэд, бөөгийн тэнгэрүүдийг бодвол монгол туульсын тэнгэр нь баатарлаг эрэмбийнх болж хийсвэрлэгддэг. Цаашилбал, бөөгийн тэнгэрүүд нь уул ус, ургамал амьтны эзэд, лус савдагтай илүүтэй холбогддог бол баатарлагийн тэнгэрүүд нь Баатар Цагаан Тэнгэр тэргүүтэй сав шим ертөнцийг орон, зүг чигээр илүүтэй эрхшээх монгол домог зүйн тэнгэрүүд рүү бүр ерөнхийлөл болон эрэмбэлэгдэж, тэр нь цаашдаа гагцхүү увидас билиг бүхий гэгээрэлд нэвтэрсэн суутан ихэст танин баригдах, бүхний сурвалж эрчим, бүхнийг чадан эрхшээгч чинад (трансцендент) тогтолцоог үүсгэсэн бололтой. Тийм чинад тогтолцоо нь Мөнх Тэнгэр хэмээн бодно.
Мөнх Тэнгэр бол монголчуудын Тэнгэр үзлийн цөм ойлголт юм. Харин Тэнгэр үзлийг хожуу хүрлийн үеэс тэрлэж эхэлсэн гэвэл монголчуудын төрт ёс хүчирхэгжих тутам сайхи үзэл улам бүр боловсронгуй болсоор Их Монгол улсын үед төрийн чанд баримтлал – үзэл болсон ажээ. Ингэж монголчуудын домог зүйн сэтгэлгээнд суурилсан Тэнгэр үзэл тэрлэн бүтжээ. Энэ үзлийн бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг юм. Есөн хөлт цагаан тугийн бэлгэдэл утганд анхандаа бүх орчлонгийн орон, зүг чигийг эрхэмд үзсэн байжээ. Бас, тийнхүү энэ үзлийн гол санаа Их төрийн тамганы бичээс-хууль болжээ хэмээн үзэж болохоор байна.
Гүюг хааны төрийн тамганы бичээс: “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”.
Харин Их цагаан тугийн тухайд дахин хэлэхэд, “Долоо гэвэл газар доорх, найм гэвэл газар дээрх, ес гэвэл тэнгэр дээрхийг хэлж, чингээд хамтдахлаараа ертөнцийн гурван орны бэлгэдэл болдог” монгол домог зүйн тооны бэлгэдэл байдаг үзэлд тулгуурлан профессор С.Дулам есөн хөлт цагаан сүлдийг монголчуудын эрхэм дээд шүтээн Мөнх тэнгэрийн бэлгэдэл хэмээн үздэг. “Туг”, “живэр”, “хөхөл”, “манжлага” зэрэг нь анхнаасаа сүлдний бүтсэн эдийг заасан байх ба цагаан сүлдний найман элч сүлд нь ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын амар амгаланг хариуцсан найман элч бөгөөд элч сүлдийг явуулан тахидаг байхад гол сүлд үргэлж нэгэн байртаа байдаг” гэж тайлбарлажээ.
Тэгвэл, монголчуудын домог зүйн сэтгэлгээн дэх ертөнцийн загварчлалыг профессор Г.Лодой ийн тайлбарлажээ, тухайлбал, Баатар Цагаан Тэнгэр тэргүүтэй баруун зүгийн 55 Тэнгэр нэр, Зүрхэн Хар Тэнгэр тэргүүтэй зүүн зүгийн 44 Тэнгэр нэр монгол домог зүйд байдаг билээ. Ертөнцийг хэвтээ тэнхлэгээр 8 зовхисын орон, босоо тэнхлэгээр дээд, дунд, доод гэсэн 3 орон, бүгд 11 орноор төсөөлж, орон бүрийн 8 зовхис ба төвийг эзэгнэн суух 9 Тэнгэр, бүгд 11*9=99 Тэнгэр байх ажээ (Монголын философийн түүх. I Боть. УБ.,).
Их Монгол улсын Тэнгэр үзлийн биежил, улс төрийн гэрээслэл-бодлого нь тухайн үеийнхээ хэл, бэлгэдэл, хэм хэмжээгээр бичигдсэн Монголын нууц товчоон юм хэмээн үзэж байна. Монголын нууц товчоонд тэнгэр хэмээх нэр дал гаруй удаа хэлэгдсэн байх бөгөөд газар ба этүгэн гэх нэр мөнхүү төдий хэрэглэгджээ. (Тэнгэрээс заяат, тэнгэрийн хөвгүүд, мөнх тэнгэрт ивээгдэх, тэнгэрт эс таалагдах, тэнгэр ятган хорих, мөнх тэнгэрт аугаа хүч нэмэгдэж гэх мэт). Чингис хаан хориод удаа Тэнгэрийн нэрийг барин айлтгаж байна. Тэдгээр айлтгал үгсээс “тэнгэр газарт хүч нэмэх”, “тэнгэр газар эетэлдэж”, “тэнгэр газрын заяат цаг” гэснийг онцолж үзэж байна (Өгэдэй хаан бас тэнгэр газраас заяат төрсөн зээр гөрөөсний тухай өгүүлдэг). Эндээс харахад, Эцэг Тэнгэр хэдийвээр үлэмж хүчтэн боловч Этүгэн эх Газар дэлхийтэй, хүмүүн зон, хүчирхэг баатрын хүсэл зоригтой эс эетэлдвэл үйлс хэрэг үл бүтэх ажээ.
Дүгнэлт болгон өгүүлэхэд, орчлон ертөнцийн үүсэл гарлын талаарх нүүдэлчин монголчуудын төсөөлөл нь тэнгэр газар эедсэн бүх “эхлэлийн эхлэл” (Мирча Элиаде) үүтгэлийг дахин давтан сүр их хүчийг нь сэлбэн, сэргээн шинэчилж, өөрсөддөө ч шинэ хүч эрчмийг олж авахад чиглэсэн Тэнгэр үзэл, номлол байв. Энэ сүр их хүч гагцхүү хаанаар дамжин газар дэлхийд түгэх бүлгээ.Тэд орон зай, цаг хугацааны нийлэмжээс эхлээд Мөнх Тэнгэр хүртэл онцгой төсөөлөл-тогтолцоотой ажгуу. Энэ нь юуны өмнө домог зүйн “гэр загварт” төсөөлөл юм. Гэр бол микроорчлон. Энэ төсөөлөл ёсоор, газар дэлхий дөрвөн зүг, найман зовхис, төвийг эзэгнэх нэг орон гээд есөн оронтой. Төвийн оронд гал голомт бадрах учиртай, энэ орныг Галын Тэнгэр эзэгнэнэ. Тэнгэр эцэг Газар эхтэй эедэхдээ есөн оронд нь бууж хөллөнө. Тэр цагийн Тэнгэр үзлийн хураангуй бэлгэдэл нь эртнээс уламжлалтай Есөн хөлт цагаан туг болой.
Есөн хөлт цагаан тугны уламжлал ба шинэчлэлийн тухайд өгүүлэхэд, Төрийн Их цагаан тугны гадна харагдах талыг нь уламжлалт есөн хөлт цагаан тугтай адил төрхтэй бүтээсэн, бүтээх зарим зан үйлийг ч даган баримталсанхэмээн тэмдэглэсэн байдаг. Харин уламжлалт есөн хөлт цагаан тугаас ялгарах гол ялгаа нь сүлдний дотор орших нууц шүтээнийг бүтээж, амь оруулж шүншиглээгүй ажээ. Тийм учраас, одоогийн манай төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Есөн хөлт Их цагаан туг бол сүсэг бишрэл, мөргөл залбирлын объект бус, харин бэлгэ тэмдгийн утгатай билээ.

Ном зүй
- Бира Ш. (2013). Монголын тэнгэрийн үзэл ба эдүгээгийн дэлхийчлэлийн үзэл. – Мөнх тэнгэрийн ухаан. Эмхтгэсэн Ш.Должинсүрэн УБ.
- Дулам С. (2018). Бэлгэдэл зүйн судалгаа. Эрдэм шинжилгээний өгүүлэл. I (IV) Боть УБ.
- Мирча Элиаде (2020) Домогзүйн сэтгэлгээ. УБ.
- Хулуд Ж.Отгонбаяр (2020). Монголын нууц товчоон бол Чингис тэргүүтэй улс төрчид, тэдний залгамжлагчдын улс төрийн гэрээслэл-бодлогын баримт бичиг мөн. -Философи, эрх зүйн боловсрол. ЭШБ 2020, №13
- Сумъяабаатар Б. (2020). Монголын нууц товчоон. Иж судалгаа. Ер.ред. О.Содномпил УБ.