“Жангар судлал: Түгээн дэлгэрүүлэх арга зам” хэлэлцүүлэг, номын нээлт боллоо

Монгол улсын ойрад судлалын хүрээлэн, Тод номын гэрэл төв ТББ, Тод дөрвөлжин клуб, Хэл Соёл ОУА-ын хамтран зохион “Жангар судлал: Түгээн дэлгэрүүлэх арга зам” хэлэлцүүлэг, “Ойрад судлалын асуудал” ОУ-ын залуу эрдэмтдийн хурлыг зохион байгууллаа.
Энэ хурлын үеэр торгуудын нэрт жангарч Аримпилын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Аримпилын “Жангар”-ын арван долоон бүлэг”, БНХАУ-ын Баруун хойтын Үндэстний Их сургуулийн проф. Д.Батын “Жангар туулийн соёлын хэвшил, уламжлал”, “Тод үсэг -375” ном, “Oiratica” сэтгүүийг нээж, уг нээлтийн ёслолд БНХАУ, ОХУ, Монгол Улсын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн 70 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр торгуудын алдарт жангарч Аримпилыг дурсах, түүний “Жангар”-ын уламжлал залгамжлалд оруулсан гавъяа зүтгэлийг үнэлэх, “Жангар”-ыг түгээн дэлгэрүүлсэн арга туршлагаа солилцох зэрэг сэдвээр орон орны эрдэмтэд үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ. Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Д.Таяагийн цуглуулан буулгасан уйгаржин монгол үсгийн 17 бүлэг “Жангар”-ыг ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн докторант Б.Мөнгөнтулга кирилл үсэгт хөрвүүлж, МУБИС-ийн БС-ийн багш Б.Нанжид хянаж тохиолдуулсныг Монгол улсын “Тод номын гэрэл төв” ТББ-ын гүйцэтгэх захирал На.Сүхбаатар эрхлэн хэвлүүлжээ. “Аримпилын “Жангар”-ын арван долоон бүлэг” ном нь ийнхүү “Ойрад судлалын номын сан” цуврал бичгийн 122-р боть болон гарч байгаа юм. Тус хэвлэл нь Монгол улсад
хэвлэгдэж буй Хятадын алдарт жангарчийн хайлсан жангарын бүлэг гэдгээрээ онцлог бөгөөд Монгол улсын уншигчдийг Хятадын жангарч Аримпилын “Жангар”-тай танилцуулах, Аримпилын “Жангар”-ын текст судлалыг цаашид ахиулах, хоёр орны “Жангар”-ын харьцуулсан судлалыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болов.