Нэрт туульч Цагаадайн Зодов

Дөрвөдийн нэрт туульч Ц.Зодов 1910 онд ард Цагаандайн тав дугаар хүү болон төржээ. Ихэд сэргэлэн цовоо, авьяас билигтэй хүүхэд байсан учраас эцэг нь түүнийг зургаан настанд нь :
Шаламгай хүүг
Шажиндаа өргөдөг
Шалбууртай хүүг
Төрдөө өргөдөг юм
гээд Төгсбуянтын хийдэд шавилуулжээ. Хийдэд хорь гаруй жил сууж төвд бичиг үзэхдээ тэрээр энэ хийдийн зарим лам нараас олон сайхан үлгэр, домог, тууль сонссон нь түүнийг хожим нь туульч болгоход чухал түлхэц болжээ. Улмаар хийдээс гарч 1953 онд нэгдэлд оржээ. Энэ үеэс хойш 1970 он хүртэл нэгдэлдээ малчин, тоо бүртгэгч, заводын эрхлэгч зэрэг янз бүрийн ажил хийж байгаад тэтгэвэрт гарчээ. Ц.Зодов хийдээс гараад өөрийнхөө нагац ах Цагаандайн Ширнэнгээс “Сүмбэр уулын урд талын тивийг эзлэн төрсөн Бурхан хаан аавтай, Бурам хатан ээжтэй онгон дэлнээс нь аваад охор сүүл хүртэл бузгай хүч нь бүрэлдээд төрсөн Бум эрдэнэ”, “Сүмбэр уулын баруун талын тивийг эзлээд төрсөн хангайн чинээ хангал ташаа хар хээр морьтой Хаан цэргийн өвгөний хүү хаан сайхан Мэхлээ”, “Сүмбэр уулын хойт талын тивийг эзлээд төрсөн арван үедээ алдартай, түмэн үедээ түүхгэй гадаалаад төрсөн гайгүй олон түшмэлтэй, дотоолоод төрсөн долоон зуун түшмэлтэй, таван зуун гоо цагаан хатантай, уулын чинээ урт цагаан морьтой арван зүгийн эзэн Богд цагаан хаан”, “Сүмбэр уулын зүүн талын тивийг эзлээд төрсөн агуу гүтдэл цагаан тохой нутаггай, Наран мэгдэл Далай хааны хүү, эрчимтэй төрсөн төлөв зээрд морьтой Дань хүрэл” гэдэг дөрвөн туулийг бараг жил өнгөрүү хутацаанд сурчээ. Улмаар тууврын мал тууж явсан Түжиг хэмээх баяд хүнээр Даньхүрэл туулийг хэд хэдэн удаа хайлуулж сонссон байна.
Туульч Ц.Зодов дээрх дөрвөн туулийн гарал үүслийн тухай домоглон өгүүлэхдээ: Дээд тэнгэрийн эзэн дунд тивийн
Хорон шүү ихдэж
Хортон дайсан нэмэгдэж
Хорвоо дэлхий буясаж
Хамаг амьтан аюулд учрахыг мэдээд өөрийнхөө төмөр хүйстэй дөрвөн хүүгээ дунд тивийн сүмбэр уулын дөрвөн талд буулгаж хорон шүүг ширгээлгэж, хортон дайсныг даруулан, хамаг олныг жаргуулсан түүх юм гэсэн билээ. Энэхүү тууль тус бүр дотроо хэд хэдэн хэсгээс бүрдсэн өөрөөр хэлбэл эцэг, хүү, хүүгийн хүү тэдгээрийн амьдрал тэмцлийг бүрэн үзүүлсэн цикл /мөчлөг/ туулиуд байсан бололтой.
1967 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн туульч Ц.Зодовыг Улаанбаатар хотод урьж ирүүлээд арван дөрвөн хоног түүний хайлдаг бүх тууль, домог, үлгэрийг соронзон хальсанд бичиж авчээ. Мөн академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, доктор Д.Цэрэнсодном, С.Лувсанвандан, Ж.Цолоо, Х.Сампилдэндэв. дэд доктор Э.Вандуй, С.Дулам, тууль судлагч миний бие нар болон Зөвлөлтийн монголч эрдэмтэн аман зохиол судлагч К.Н.Яцковская, А.В.Кудяров зэрэг эрдэмтэд уулзаж аман зохиол, хэл аялгуу, зан заншил, угсаатны зүйн холбогдолтой үлэмжхэн материалыг тэмдэглэн авч байжээ. Ялангуяа эрдэмтэн А.В.Кудяров 1980, 1984 онуудад түүнтэй хоёр удаа уулзахдаа арваас гучин таван хоног тууль хайлуулж соронзон хальсанд бичиж аваад түүнийгээ газар дээр нь буулгаж зарим мэдэхгүй үгийг тайлбарлуулж авсан байна.
Ц.Зодов өөрийнхөө мэддэг тууль, үлгэр, ерөөл, маггаал зэрэг аман зохиолын төрөл зүйл болон зан заншил, угсаатны холбогдолтой зүйлийг ийнхүү эрдэмтэн мэргэд ШУА-ийн зохих байгууллагуудад тэмдэглүүлээд зогсохгүй эдгээр төрлөөр бүх ард түмний урлагийн үзлэг, их наадамд амжилттай оролцож ардын аман зохиолыг нийт ард түмэнд сурталчлахад ихээхэн гавьяа байгуулсан туульч юм. Тухайлбал 1982 онд улс даяар зохиогдсон язгуур урлагийн үзлэгт туулийн төрлөөр оролцож алтан медаль, 1984 онд Ховд аймагт болсон язгуур урлагийн ахмад авьяастнуудын уулзалт тоглолтонд оролцож алтан медаль авч байжээ. Туульч Ц.Зодов 1986 онд таалал төгсжээ.