• 2025-05-05

ЧИНГИСИЙН МОНГОЛД ИРСЭН “ЧИНГИС” ЖҮЖИГ

 ЧИНГИСИЙН МОНГОЛД ИРСЭН “ЧИНГИС” ЖҮЖИГ
Судлаач М.Саруул-Эрдэнийн орчуулан, хэвлүүлсэн
“Чингис – Эмгэнэлт жүжиг”номд зориулав.

Чингис хааны тухай домог, уран бүтээл түүний эзэлсэн хүн зон лугаа тоолшгүй олон билээ. Эзэн
Чингис хаан маань ертөнцийн түүхнээ алан талагч араатнаас эхлээд аврагч, бурханы элч хүртэл
асар олон дүрээр бичигдсэн. Энэ бол байлдан дагуулагчдын хувь тавилан.
Эдүгээ бидний сонгодог хэмээн ойлгодог өрнө дахины соёл, утга зохиолын үнэт зүйлс бат
бүрэлдэж, нийгмийн хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж асан соён гэгээрлийн эрин үе буюу тэртээ 1769
онд Английн эзэнт гүрний Лондон хотноо үзэгчдийн хүртээл болсон нэгэн жүжиг Монгол хэлнээ
хэвлэгджээ. Иоханн Вольфанг Гёте “Залуу Вертерийн шаналан”-гаа бичиж, Фридрих Шиллер
“Хар санаа, хайр сэтгэлээ” туурвиж, Францад Дени Дидро тэргүүтнүүд нэвтэрхий толио толгойлж
асан тэр үед дорно дахины соёлд шимтэгч Александер Доү хэмээх шотланд офицерт ертөнцийг
байлдан дагуулагчийн тухай жүжиг бичих санаа төржээ. Перс хэлнээс судар шастир орчуулдаг
энэхүү бичгийн хүн Чингис хааны туулсан түүхийг өөрийн эргэцүүлэл, дүгнэлтээр задлан авч
үзэж, хуумгай гэхийн аргагүй гаргалгаанууд дээр жүжгийн зөрчлөө зангидаж чадсан нь 300 гаруй
жилийн дараа ч сонирхол татаж байна.
ЖҮЖГИЙН БҮТЭЦ: ТУЙЛТ ДРАМ
Александер Доүгийн “Чингис” жүжиг нь жүжгийн зохиолын сонгодог хэлбэр буюу туйлт драмын
бүтцээр бичигдсэн байна. Туйлт драмын бүтэц нь жүжгийн турш нэгэн чухал эргэлт өрнөж, дүр,
үйл явдал нь тэр эргэлтийг тойрон зангидагддаг, богино хугацаанд өрнөх үйл явдал бүхий
жүжгийн хэлбэр. Ромын яруу найрагч Хораций эмгэнэлт жүжгийг таван үзэгдэлтэй байх нь
зохимжтой хэмээсэн нь санамсаргүй хэрэг бус. Хоёр бүлэг, таван үзэгдэлд үйл явдлыг зангиддаг
энэ уламжлал Эртний Грекээс эхтэй бөгөөд сэргэн мандалтын үеийн жүжгийн зохиолчид тус
уламжлалыг чухалчлан үзэж, хөгжүүлсэн нь Александер Доүгийн туурвиж асан 18 дугаар зуунд
оргилдоо хүрээд байсан юм.
“Чингис” жүжиг нь Чингис хааны эсрэг хунтайжаар толгойлуулсан хуйвалдагч, босогчдын ялалт,
эзэн хаан хуйвалдагчдын цэргийг дарсан ч, угсаа залгах хунтайжаа алдаж буй эмгэнэлт төсгөлийн
тухай өгүүлэх хоёр бүлэгтэй. Жүжгийн гол дүрийн баатруудын нэршил сонирхолтой. Жүжигт
Чингис хааны ууган хүүг Төмөр, хунтайжтай нийлж бослого өдөөж буй эрэлхэг жанжныг Хубилай
хэмээн нэрлэжээ. Зохиолч монгол угсаатны дотроос өрнө дахинд хамгийн алдартай хоёр хаан
болох Марко Полог ивээгч Хубилай, домогт байлдан дагуулагч Доголон Төмөр нарын нэрээр
жүжгийн чухал дүрүүдийг нэрлэхээр шийдсэн бололтой.
ДҮРИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ: ТУЛГУУР БОЛОН ХЭВ ШИНЖИТ ДҮР
Уг жүжиг нь хэдийгээр “Чингис” нэртэй ч гол дүр нь Чингис хаан биш юм. Драмын онолч Лаёош
Эгрид “тулгуур дүр” гэсэн ухагдахуун бий. Хэдий гол дүр биш ч жүжгийн үйл явдал, учир
шалтгааны гинжин холбоонд чухал үүрэг бүхий, гол баатруудын сэтгэлзүйн үйлдлүүдийг өдөөгч
дүр бол тулгуур дүр юм. Тулгуур дүр нь өөрийн зорилгоо гүнзгий ухамсарласан байх агаад,
зорилгынхоо төлөө юуг ч зольж чадах шинж чанартай гэж Лаёош Эгри “Драм бичих урлаг”
номондоо өгүүлжээ. “Чингис” жүжгийн тулгуур дүр нь ялагдаж, сүйрч буй Ван ханы гүнж

Есүйжин юм. Хунтайж Төмөр чухам Есүйжин гүнжид л дурласны улмаас эцэгтээ донгодуулж,
жүжгийн гол хуйвалдааныг үүтгэгч Жамух ч түүнд сэтгэл алдарсан байдаг. Есүйжин гүнж эрэлхэг
зоригт Төмөр хунтайжийг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлах хэдий ч гал голомтыг нь үнсээр
хийсгэсэн Чингис хааны хүү гэдэгтэй нь эвлэрч ядна. Харин Төмөр хунтайж түүний гоо үзэсгэлэн
болоод үзэл бодолд нь татагдана. Тэр нь хүнлэг, эрх мэдлийн төлөөх цуст тэмцлийг үзэн ядах үзэл.
Энэ нь эцэстээ эцгийнхээ эсрэг зэвсэг барин тэмцэхэд хүргэнэ. Төмөр хунтайжийн ялгуусан
дурлалыг зохиолч цөөн мөрөөр тун тодорхой үзүүлжээ:
“Дорно дахиныг тэр чигээр нь захирагч эцгийн минь тушаалаас
Доголон нулимс тань хавьгүй хүчтэй байсан билээ л…”
Жүжгийн төгсгөлд Ван хаан алагдаж, Төмөр хунтайж Жамухын илдэнд хөнөөгдсөний дараа
Есүйжин гүнж Чингис хааны нүдний өмнө амиа егүүтгэнэ. Энэ мөчийн өмнө түүний хэлэх үгс
яруу бөгөөд утга гүн:
“Хүн төрөлхтөн бүгдээрээ
Хүчирхэг хааны өмнө гудайвал гудайг
Бүсгүй хүний хүчирхэг гар тэгвэл өөрийгөө “чөлөөлөөд”
Бүхий л ертөнцөд эрх чөлөө гээчийг мэдрүүлэх болно
Эм хүйсийг минь зөөлөн хэмээх энэ дарлалыг
Эгнэгт тийн устгаад зүрх сэтгэл минь ангижраг…”
Зохиолч энэхүү эрэлхэг атлаа үзэсгэлэнт гүнжийн дүрийг санамсаргүйгээр жүжгийнхээ тулгуур
болгоогүй болов уу. Монголын Хайду ноёны Эрэлхэг гүнж Хотулуны тухай домгийг Марко Поло
өрнө дахинд тарааснаас хойш түүний тухай олон бүтээл төржээ. Эдгээрээс хамгийн алдартай нь
Италийн зохиолч Карло Гоццигийн “Турандот” жүжиг. Карло Гоццигийн жүжиг Александер
Доүгийн “Чингис” жүжгийг Лондонд тавихаас долоон жилийн өмнө Венецид анх тавигдсан.
Ф.Шиллер герман хэл рүү орчуулж, И.В.Ф Гёте найруулан тавьж, Европыг шуугиулсан энэ
сонгодог жүжгийн гол дүр, гурван оньсгонд нь хариулж чадаагүй эрийн толгойг авдаг, үзэсгэлэнт
дорнын гүнж Турандот бол Хотулун гүнжийн домгийг өөрчилсөн нэг л хувилбар.
Чингис хаан, өмнөх хааны цорын ганц өв залгамжлагч Есүйжин болоод өөрийн залгамжлагч
Төмөр хунтайжийн цогцосны дэргэд зогсоод ингэж хэлнэ:
“Манан болж тархи бүрхсэн энэ явдлыг
Маргаашаас эхлэх дайн мартуулж дөнгөх бөлгөө…”
Энд Чингис хааны жүжиг доторх болоод ерөөс бодит түүхэн дэх дүрийн зөрчилт чанарыг ончтой
тодорхойлж чадсан байна. Энэ бол ерөөс ганц Чингис хаан ч бус оюун санаад багтахын аргагүй их
хүчийг эрхшээж чадсан байлдан дагуулагч хүний хэв шинжит дүр юм.
Эрэлхэг хунтайж Төмөр, гүнж Есүйжин нар бол сэргэн мандалт болон классицизмын шинж
чанарыг агуулсан дүрүүд. Өөрсдөөс нь үл шалтгаалах хүчин зүйлс, эрх мэдлийн төлөөх
сөргөлдөөний золиос болсон гэмгүй залуусын хайр дурлалын гунигт төгсгөл. У.Шекспир эхийг нь
тавиад, Ф.Шиллер төгс төгөлдөр болгон хөгжүүлсэн драм.
“ЧИНГИС” ЖҮЖГЭЭС СУРАЛЦАХ НЬ: ЗОХИОЛЧИЙН ХАРАХ ӨНЦӨГ БА ЖҮЖГИЙН
ЗӨРЧЛИЙГ ХӨГЖҮҮЛСЭН НЬ
Жүжгийн зохиолд зохиолчийн харах өнцөг асар чухал. Учир нь жүжгийн зохиол гэдэг онгод,
имперсионист өнгө аяс биш, мэдрэмжээс ч биш зохиолчийн үзэл бодлоос төрдөг урлаг. “Чингис”

жүжигт нүүдэлчдийг эрэлхэг зоригтой, нэр төр, улс орныхоо төлөө юугаа ч золиослоход бэлэн
хүмүүс хэмээн гаргажээ.
Дайсагнагч хоёр этгээдийн байдлыг харуулахдаа аль аль талыг нь эрэлхэг, чигч шударгуу
дүрүүдээр боловсруулжээ.
“Иймийн тул хоёр улсын хооронд
Их худалдааны үүд хаалгыг нээх ёстой
Хүндэтгэл алдрыг бид илдийн хүчээс илүү
Хүмүүн төрөлтнийг иргэншүүлэн байж хүртэнэ…”
Чингис хаан, Жамух нарын өш хонзон, тэмцэл жүжгийн гол зөрчил байсан нь тайлал хэсэгт ил
болно. Үүнийг зохиолч тал нутгийн хамгийн хүчирхэг хааныг түлхэн унагахын төлөөх Чингисийн
өршөөл энэрэлгүй тэмцлээр хурцалж өгчээ. Ван хаан унаж, Чингис хамгийн хүчирхэг хаан
болохыг хуучны жанжид хүсэхгүй байгааг Жамух овжин ашиглана. Уг түүхэндээ ч Чингис хаан
уламжлалт овгийн байгуулалд төвлөрсөн улсыг задалж, цэргийн ардчилал бүхий мянгат,
түмтүүдээс бүрдэх засаг захиргааны боловсронгуй системийг бий болгодог билээ. Ийм шинэчлэл
угаас эсэргүүцэл дагуулсан, түүнийг нь жүжгийн нэг зөрчил болгох боломжтойг зохиолч олж
харсан хэрэг. Ийм өнцгийг ер нь манай зохиолчид олж харсан бил үү гэж жүжгийг унших үед
эрхгүй бодогдоно.
Монгол уран бүтээлчдийн Чингис хаан болон эзэнт улсын хаанчлалын тухай гол бүтээл болох
С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино, С.Жаргалсайханы “Хаан
түүх” трилоги, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжигт их үйлсийн төлөө өөрийн гэр бүл,
нөхөрлөлөө золиослосон түүхэн бие хүний дүр ямагт гардаг. Энэ бол Чингис хааны тухайд манай
зохиолчдын хийдэг хамгийн чухал уран сайхны тайлал гэж ойлгож болно. Гүн шаналал тээн
хоцрох өтөл хааны тухай энэ санааг Александер Доү ч зохиолдоо мөн тусгажээ. Жүжигт Ван хаан
цаазын ялыг эрэлхээр хүлцэхдээ ийн хэлнэ:
“Одоо энд хаан хүн байх нь зохисгүй
Чингисийг харин сэтгэлийнх нь нүгэлтэй хамт үлдээе”
Жүжгийн үүдэл санаа мэдээж Чингис хааныг амьд сэрүүнд тэнгэр болсон Зүчи ханхүүгийн түүх,
түүхэнд нууц хэвээр үлдсэн эцэг хүүгийн ээдрээт харилцаа гэдэг нь ойлгомжтой. Яг ийм өнцгөөр
Япончууд Чингис хааны тухай уран сайхны кино хийж байв. Жүжгийн зохиолын гол давуу тал нь
Чингис хааны дүрийг жүжгийн зохиомжийн төвөөс холдуулж, түүний тойрон хүрээлэгчдийн
дундах зөрчлөөр байлдан дагуулагчийн дүр төрхийг бий болгосондоо байна. Чингис хааныхаа
тухай хийсэн үндэсний кино төслүүд яагаад олон улсын тавцанд өрсөлдөхүйц бүтээл болж
чадахгүй байгаагийн нэг учиг энд байж мэдэх юм. Бид Чингис хаанаа бурханчлан үздэг, зохиол
бүтээл хийхдээ тэр сэтгэхүйгээсээ салж чаддаггүй бол гадаад уран бүтээлчид эзэн хааны маань
түүхээс сэтгэлзүйн үйлдэл, учир шалтгаан хайсаар иржээ. Үүний тод жишээ нь классицизмын үед
бичигдсэн энэхүү жүжиг болж байна.
Зохиолч жүжигтээ түүх, уран сайхны харьцааг тусгасан байдлаас гадна ерөөс монголын түүхэнд
хандах хандлага нь эрхгүй анхаарал татна. Хожмын романтик яруу найрагч С.Т.Кольерижийн
нэгэн адил Александер Доү монголын эзэнт гүрний түүхэнд хүндэтгэлтэй ханджээ. “Чингис”
жүжигт туйлын муу, эсвэл туйлын сайн дүр гэж үгүй. Бүх дүрүүд өөрийн зөвтгөлтэй бөгөөд дүр
бүхэн нугаршгүй ёс суртахуунтай, нэр төрийнхөө төлөө өөрийн юуг ч золиослоход бэлэн байгаа нь
анхаарал татна. Үнэндээ классицизмын үеэс л уран зохиолд туйлт сайн, туйлт муу дүр аажим

аажмаар үгүй болсоор реализмтай золгосон билээ. Энэ ч бас манай үндэсний уран зохиол,
ялангуяа түүхэн зохиолуудад эдүгээ хүртэл үгүйлэгдсээр байгаа хандлага юм.
ЖҮЖГИЙН ОРЧУУЛГА: ЯРУУ НАЙРУУЛГА БА СУДАЛГАА
Эцэст нь энэхүү жүжгийн орчуулгын талаар онцлон дурдах нь зүй. Александер Доүгийн “Чингис”
жүжиг сүр хүчит дүрслэл, манай олонх түүхэнд зохиол ажиглагддаг хэт сүржигнэл, номчирхол
багатай, үйл явдлын цэгийг олж хатгасан ур дүрслэлтэй учраас тэр бүхнийг хуучны англи хэлнээс
тэмтэрч буулгана гэдэг амаргүй хэрэг байсан нь ойлгомжтой.
Судлаач, доктор Мягмарын Саруул-Эрдэнэ энэхүү жүжгийг орчуулахдаа классицизмын үеийн
англи утга зохиолын хэлний онцлогийг хичээнгүйлэн тайлж, жүжгийн дүрийн нэрийн түүхэн
дүйцлийг судлан оноож, хамгийн онцлууштай нь монгол туульсын яруу найргийн хэлээр жүжгийн
яруу илэрхийлэл, гүн утга санааг хадгалан буулгаж чаджээ. Судлаач энэ талаар номын өмнөтгөл
онцолсныг цохолборлох нь зүй:
(…)
Юуны өмнө жүжиг болон өмнөх үгд дурдагдаж буй хүмүүсийн нэрийг эргээд монгол
хэлний ямар үг, нэрийг ийн болгон авав гэдгийг сэргээн тогтоох хэрэгтэй. Үүнд, зарим нь
маргаангүй тодорхой байгаа бол заримыг нь сэргээхийн тулд багаахан судалгаа хийх
хэрэгтэй юм.
Зингис (Zingis) нь Чингис, Зэмоука (Zemouca) нь Жамуха, Чингисийн хүү Октар (Octar) нь
Өгөдэй болох нь тодорхой байна. Жамухаг Сиожаратэс (Siogarates) овгийн удирдагч
хэмээсэн нь Жажирадайг хэлж буй хэрэг гэж бодно.
Жүжгийн өөр нэг гол дүр нь ширээгээ алдсан хаан Аунак (Aunac) энэ нэрийн бичлэг
дуудлага хийгээд жүжигт тодорхойлсон үйл явдлаас Ван хан гэхийг ийн буулгасан нь
тодорхой болж ирж байна. Нэгэнт Аунак нь Ван хан учраас түүний хүүг Зангон (Zangon)
гэх нь Сэнгүм байхаас гарцаагүй. Харин Ван ханы охин, оршилд Овиса Лужин (Ovisa
Lugin), жүжигтээ Овиса хэмээн бичсэн нэрийг тогтооход монгол хэлний ямар авиаг перс
хэлээрх сурвалжууд хэрхэн бичсэнтэй харьцуулан үзэх хэрэгтэй. Перс хэлээрх эх
сурвалжийг голчлон барьсан Пети Круагийн “Аугаа Чингис хааны түүх” бүтээлд Yisükei
гэж нэрийг Писүкэ, Цагаадайг залгамжилсан Yisünmöngke ноёны нэрийг Бишүмэнкай, мөн
Цагаадайн удмын Есүн, Есүнтоа нарын нэрийг Биссун, Баясартоа хэмээн бичсэн байдаг,
зөвхөн энэ ном биш өөр бүтээлүүдэд ч ийм маягийн галиг олон тохиож байгаагаас үзэхэд
дунд үеийн монгол хэлний Y гийгүүлэгчийг ямар нэг уруулын гийгүүлэгчээр буулгах хэв
шинж байсан ажээ. Үүнээс үзэхэд Овиса лужин гэхийн уруулын гийгүүлэгч V нь монгол
хэлний Y, тийм учраас энэ нь Ван ханы охин Есүйжин мөн хэмээн дүгнэв. 1
Орчуулагч Хасбаатарын Мэргэн агсан сонгодог яруу найргийн билгэдэлт дүрслэлийг алдалгүй
буулгахдаа гаргуун байв. Түүний орчуулсан Ульям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” жүжгийн
“Бунхан дахь үзэгдэл”-д ийм шадууд бий:
Харах нүд минь сүүлчийн удаа
Хайртыг минь харж баясаг. Хоёр гар минь
Эцсийн удаа хонгорхон чамайг тэвэрч баярлаг
1 М.Саруул-Эрдэнэ. “Чингис хэмээх эмгэнэлт жүжгийн түүхэн үндэс, дүрүүдийн нэрийн тухайд”. “Чингис –
Эмгэнэлт жүжиг”. Гар эх. 2022.

Амьсгалын үүд ам уруул минь
Алдрайхан чиний чинь уруулыг үнсч
Үхэлтэй хийсэн мөнхийн гэрээг
Үүрд тамгалан батлаг. Алив, наашаа
Амт нь, гашуун аяны хань, минь, аймшигт газарчин
Аюулт залуурчин минь хагссан завийг минь
Хадан цохио руу хага шид, Хайрт минь чиний төлөө ууя…
Александер Доү бол Шекспиртэй адил бүхэл бүтэн төрөл зүйлийг өөрчилсөн их найрагч биш.
Авчиг түүний хагацлын совинт мөрүүдийг М.Саруул-Эрдэнэ ийнхүү орчуулжээ:
Намайг уй гашуу дунд орхиод Төмөр явлаа
Нар минь чи хурдан эргэж ирээч
Элбэрэлт шөнө чи бас гэгээн гунигийнхаа ёроолд
Энэхэн биеийг минь багтааж хайрла
Шуугих моддын дундуур сэрчигнэн үлээх салхи чинь
Шувуудын чинь уран яруу, уйтай гэгэлгэн эгшиг
Сонорт минь хөгжим болон аялгуулж
Сэтгэлд хурсан айдсыг минь үргээнэм…
Классицизмын үеийн жүжгүүд бол туульсын яруу найраг, хурц драматургийн уулзвар билээ.
Энэхүү туурвилзүйн онцлог нь орчуулгад бүрнээ тусжээ гэж дүгнэхэд билбүүрдсэн хэрэг болохгүй
биз. Жүжгийн эхлэл хэсэгт Жамухын хэлдэг үгийг энд эшлэе:
Хүний тооноос та бидний амжилт хамаарахгүй
Хойд зүгийн эрэлхэг Татаарчуудыг удирдаж буй, бид
Уур амьсгал, салхи шуургаа дагаад тэд
Уушги зүрх нь багтаж ядах бөлгөө
Илд сэлмээр шийдэх дуртай, тэд
Эрс аюултай учрах дуртай, тэд…
Монголчуудад, ялангуяа уран бүтээлчдэд, тэр дундаа зохиолчдод ихийг бодогдуулах нэгэн ном
ийнхүү уншигчлын гарт ирлээ. Ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны тухай нэгэн жүжиг
түүх нь үүссэн монгол хэлэнд ийнхүү ирлээ. Агуу их түүх, асар их нууц үлдээсэн өвөг дээдсийнх
нь тухай энэ бүтээлийг хойч үе нь сонирхон уншихын сацуу тайзнаа амилуулах өдөр холгүй биз
ээ.

СУИС-ийн багш, утга зохиол судлаач, Шангас Ядамсүрэнгийн Баяраа