Гээдэрсэн, “Ахын дуу”

Монгол нүүдэлчдийн аман зохиол хийгээд утга зохиолд хадгалагдан үлдсэн нь олон арван сэдэв дунд ахан дүүсийн тухай нэгэн сэдэв буй. Энэ тухай зохиолч Г.Аюурзана товч бичсэнээс улбаалан дээрх сэдэв хэрхэн уламжилсныг эрэлхийлж үзэв. Тэрээр “Сяньби гүрний салаа Муюн улсын эзэн Муюн Гүй өөрийн ахтай адуунаас болж муудалцсанд, ах Тогоон нь баруун зүг нүүж тусгаарласан гэдэг. Ахыгаа салж нүүсэнд өөрийгөө ихэд буруутган “Ахын дуу” хэмээх энэлэнт дуу зохиосон нь эртний Монголын яруу найргийн нэгэн сувд эрдэнэ болсон юм. III зууны сүүлчээр зохиогдож, хятад бичигт тэмдэглэсэн мөнөөх дууг Америкийн эрдэмтэн, дорно дахин судлаач Т.Кэррол англи хэлнээ хөрвүүлж 1939 онд Харвардын их сургуулийн Ази судлалын сэтгүүлд нийтлүүлсэн аж. Манай нэрт түүхч Г.Сүхбаатар тэрхүү хувилбарыг баримтлан монголчилж 1971 онд “Сяньби” бүтээлдээ хэвлүүлсэн нь энэхүү хосгүй туурвилыг орчин цагийн уншигчдад анх хүргэсэн явдал байв. Миний бие тэрхүү хувилбарыг өчүүхэн засамжилж “Монголын сонгомол яруу найраг” антологд оруулсан нь ийм байв” ( http://ayurzana.mn/newsView/268 ) гэсэн буй. Ямартай ч багахан засамжлан “Монголын сонгомол яруу найраг” бүтээлд орсон нь:
Уг дуунд:
Ахан минь явчаад эргэж ирсэнгүй,
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү.
Адуу ноцолдоно, хүн ноцолдохгүй.
Дайсагналцах нь хүмүүст ч буй
Дайсагналцах нь адуунд ч буй.
Та Байлань уулан тийш явсан,
Түмэн газар надаас холдсон.
Лүн уулын өндрийг ээ!
Инь уулын хүйтнийг ээ!
Энд ах минь үзэгдэхгүй (нь)
Элэг зүрхийг минь шимшрүүлнэ. (http://ayurzana.mn/newsView/268) гэж бие биеэс хол байгаагаар утгыг улам гүнзгий өгүүлэн уйтгарт сэтгэлийн аясыг илтгэн дуулсан байдаг нь тэмдэглэгдэн үлджээ.
Түүхч Б.Батсүрэн ч мөн монголын түүхийн цахим тайлбар тольд эл дууг :285 онд Мужуны хаан болсон Мужун Гуй ахтайгаа муудалцаж хөөж явуулсандаа их гэмшиж, ахаа санагалзан “ахын дуу”-г (агань жи гэ) зохиосон гэдэг. Нэгэн сурвалжид сяньби хэлээр ахыг “агань” гэдэг, Тугухунь ахаа санасан Мужун Гуй “ахын дуу”-г зохион, насан өтөл болсон хойноо ихэд гуниглан, энэ дууг байн байн дуулдаг байсан гэж тэмдэглэжээ. Энэхүү “агань” бол “ах-а” гэсэн монгол үг” (https://mongoltoli.mn/history/h/791) хэмээсэн ажаам. Мөн Муюн-ыг Баян хэмээн оноосон буй. Түүхч А.Очир баядууд нь баян аймгийн хойчис хэмээн тодорхойлсон ч бий.
Ахын дуу, Агаан дуу, Ахаан дуу гэх мэтээр янз бүрээр нэрлэж болох. Тэгвэл монгол нүүдэлчдийн дууны энэхүү сэдэв хэрхэн уламжилсныг тодруулах зорилгоор багахан эрэл хайгуул хийж үзэв. Одоо хэнд энэ сэдэв буй?
Нүүдэлчдийн аж амьдралд эр хүний гүйцэтгэх үүрэг нь ойр зуурын аар саар ажлаас эхлэн алс холын аян дайнд мордох хүртэлх өргөн утгатай агаад аян дайн нүүдэл суудал, ахуй нөхцлөөс үүддэг дуу хэмээх нэгэн төрлийн урлагт мөн дээрх байдлаас шалтгаалан ах нараа санагалзах сэдэв үүдсэн гэлтэй байна. Зөвхөн дуу гэлтгүй аман зохиолын том жижиг төрөл зүйлүүдэд ч ахыг хэрхэн хүндэтгэх тухай өгүүлсэн нь цөөнгүй буй.
Багахан ажиглаж үзвэл, ахад зориулсан дуунуудыг ахыг хүндлэн хүндэтгэж өргөмжилсөн хурим найрын дуунаас гадна аян дайнд, нүүдэл суудал, нутаг хязгаар холдсон сэтгэлээс үүдсэн сэдэв бүхий дуу гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж болохоор байна. Харин Шинжааны ойрадуудын дуун дунд цөөнгүй дуу тааралдав. Сайтар шүүрдэн үзвээс манай баруун монгол хийгээд халимагт ч бас байна. Эдгээр ахад нэрийдсэн, ахад зориулсан дуунууд нь нүүдэлчин ард түмний дайн байлдаан, түүх соёл, ёс уламжлалтай холбоотой нь ажиглагдаж байна.
Үүний уламжлал нь шинжааны борталын монголчуудын дуулдаг “Манайн чинь ах нар” дуунд:
“Уул гэдэг уул юу
Уулын чинь орой өндөр юү
Улирын дуугаар мордсон
Манайн чинь ах нар мэнд юү
Тосон уул дээр гарахул
Тоосон манан татнай
Толгой мэнд болохул
Торолтгүй эргээд ирнээ” (Д.Баттогтох. Ойрад монголын аман зохиолын дээжис. УБ 1994., хуу- 13) гэж яалт ч үгүй алсын аян дайнд мордсон ах нараан санагазан дуулсан аяс нь толгой мэнд явахул гэсэн үгнээс илүүтэйгээр тод илэрч байгаа бол “Ах минь ирсэн янзтай” гэсэн дуунд
Хараадай буусан янзтай
Хамаг зүрх минь догдлоод байна
Ах минь ирсэн янзтай
… эмгэлжин модон чинь найгалаад байна
Эрвээхэй суусан янзтай
Элкэн уушиг минь догдлоод байна
Ах минь ирсэн янзтай”
“Харгай модон чинь найгалаад байна (Д.Баттогтох. Ойрад монголын аман зохиолын дээжис. УБ 1994., хуу- 12)
хэмээн ах нь эргэн ирсэн баярт зөн совинг дуундаа шингээн дуулсан боловч ирсэн янзтай гэж шүлэглэснээс үзэхүл яг ч ирсэн биш, “ирсэн шиг байна” гэсэн горьдлогын аяс илэрч байна. Цаашлуулан үзэхүл мөн “Тормон голын туулай” дуунд:
“Тормон голын туулай
Яагсан хурдан туулай вэ?
Тунгалаг ухаантай ах нар нь
Яагсан санагддаг ах нар вэ?
… Хадтай газрын харцага
Яагсан хавшдаг харцага вэ
Хайртай төрсөн ах нар нь
Яагсан санагддаг ах нар вэ?” хэмээн мөн л байгаль ертөнцийн элдэв зүйлс хүмүүний сэтгэлийн олон өнгийг хөндөн “… харцага хавшихад, элээ эргэхэд” ахыгаа санаж байгаа тухай өгүүлжээ. Үүнээс гадна “Төмөр цоргын эхэнд”, “Хүдэр ядар хүрэн”, “Төөлтэй сайхан хар” зэрэг дуунд мөн л ахыгаа санагалзсан сэдэв, өгүүлэмж ажиглагдаж байна (Ойрад соёлын дээж. Өрөмч 1981., тал 37).
Эдгээр дуунуудын дотор ховогсайрын монголчуудын уртын дуу болох “Төөлтэй сайхан хар” дуунд:
Төө сайхан чихтэй
Төөлтэй сайхан харыг
Тунгалаг ухаантай тандаа
Тууж бэлтгээд тавилаа би
Суу гэдгийн даваа
Сунгуу хол даваа бэ?
Сургаал сайтай ах нар нь
Хэзээ хүрч ирэх вэ? гэж хол аянд явсан ах нарыг санагалзан “төөлтэй сайхан харыг” ахдаан уяж бэлтгэх боловч хэзээ хүрч ирэх нь үл мэдэх тийм аяны тухай өгүүлсэн байна.
Харин “Төмөр цоргын эхэнд”, “Хүдэр ядар хүрэн” мөн “Сав их ертөнц” зэрэг дуунуудын агуулга дээр дурдсан дуунуудаас арай өөр байгаа нь ажиглагдаж байна. “Төмөр цоргын эхэнд” дуунд:
“Төмөр цоргын эхэнд
Дүгрэг л будан татнай
Төрсөн ахаан байтал
Би юундаа дандах вэ? гэх буюу “Хүдэр ядар хүрэн” дуунд:
Хүдэр ядар хүрэнтэй билээ би
Хүрээд ирдэг ах нартай билээ би
Алхлаад гишгэдэг алагтай билээ би
Айлчлаад ирдэг ах нартай билээ би гэж өгүүлсэн бол “Сав их ертөнц” дуунд:
Сав их ертөнц
Сайхан хэлнэй үзэмж
Сайн муугаа зөвлөсөн
Ямархан сайхан ах нар вэ?
Баруун биеийн бараа нь
Барын арьсан бүтээлгэтэй
Баяр бахаан хүүндүгсэн
Ямархан сайхан ах нар вэ? гэж ахан дүүс алс хол байх хийгээд хайрлан санагалзах сэтгэлийг илэрхийлсэн гэлтэй.
Дээрх “Сав их ертөнц” дуу нь найрын дуу бөгөөд ах хэмээх үг нь найрын дуунд ах дүү болоод ахас ихэсийг илэрхийлсэн аястай байна. Харин манай баруун монголын дээрх сэдэв бүхий дуунд найрын дуу зонхилж байгаа нь ажиглагдаж байна.
Жишээлбэл: Баядын “Сүндүүлэнгийн ногоо”, “Цаст цагаан уул”, Урианхайн “Баян цагаан нутаг”, “Улаан бор морь”, “Гүүн өнгөтэй зээрд”, “Улаан мааньтын дарс”, Дөрвөдийн “Өндөр хөхийн өвөр” зэрэг ахас ихэсээ хүндлэн хүндэтгэсэн аястай найрын дуунууд нэлээд түгээмэл байна (мэдээж энэхүү дуунууд нь хаа хаана дуулагддаг хувилбаруудтай). Дээрх дуунуудаас баядын “Цаст цагаан уул” хэмээх дуунд:
Цаст цагаан уулын оройд
Цагаан арслан сүр жавхлантай
Цагийн ерөөлөөр учирсан ах нартаа
Шаазантай сархдаа барин барьсаар зооглуулья гэх буюу
- Урианхайн “Гүүн өнгөтэй зээрд” дуунд:
Гүүн өнгөтэй зээрд
Гүйдэл үгүй жороо
Гүн ухаантай ах нартаа
Найрлахын ерөөл болно гэсэн бол дөрвөдийн “Ардаг баахан шарга” дуунд:
Ардаг баахан шарга нь ээ
Артай тарган байдаг даа
Аягандаа хийсэн архийг
Ах нар тандаа барья хэмээн ахас ихсийг найр наадамд хүндэтгэн найрлан жаргахыг бэлгэдсэн аястай сөнгийн дуунууд байгаа бол урианхайн “Хоо халзан морь”, “Унаган баахан халиун”, “Арцад мусрын арц” баядын “Уужим гишгэгдэлтэй улаан буурал морин”, “Буга биетэй халтар”, дөрвөдийн “Цагаан тохой нутаг”, “Арцат мусрын арц”, “Харгаан дүнгээн алим”, зэрэг дуунд ахан дүүгээ санагалзсан аяс илэрч байна. Гэхдээ шинжааны монголчуудын дуунаас ялгаатай нь аян дайны аясаас илүүтэйгээр алс хол хайрлан санагалзах, нэгнээ үгүйлэх аяс зонхилох маягтай байна.
Үүнээс үзэхэд Монгол нүүдэлчдийн ахын дууг уламжилсан нэгэн сэдэв монгол туургатны аман урын санд байгаа нь бага сага тодорч байна. Мөн эдгээр дуунууд нь бодол ухаарал, уйтгар гуниг, ганцаардлын аястай дуунууд боловч урт богино, бэсрэг аль аль төрөлд тааралдаж байгаа учир хэрхэн ангилж аль төрөл зүйлд оруулж судлах нь бас л тодорхойгүй байна.
Гэвч ихэвчлэн гуниг ганцаардлыг илтгэсэн уянгын аястай дуунууд байгаа учир эх эцэг, янаг амрагийн уянгат дууны завсарт багтааж ах дүүгийн уянгат дуу гэж нэрлэж болмоор байна. Дуунуудын агуулгаас мөшгиж үзвэл дүү хүнээс ах нартаа зориулан санагалзсан аяс байна.
Дээр өгүүлсэнчлэн дуунуудад “ах” гэдэг үг нь бас 2 янзын утга илэрхийлж байгааг анхаарч үзэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт: шууд утгаараа “ах” гэсэн утга илэрхийлж байгаа бол. Хоёрдугаарт: элгэн садан ах нар, ахас ихэс гэсэн өөр нэгэн өргөн утгыг илэрхийлж байна. Мөн агуулгын хувьд найр наадамд ахас ихэсийг хүндэтгэсэн аястай, алс хол салан холдож одсон ах дүүг хайрлан санагалзсан хоёр янзын аястай байна.
Б.Нанжид