• 2025-05-04

ЖАНГАР МАНДВАЛ МОНГОЛ МАНДАНА

 ЖАНГАР МАНДВАЛ МОНГОЛ МАНДАНА
Судлаач Б.Батжаргалын  “Хүннү тууль – Жангар”
(нэг сэдэвт бүтээл) -д бичсэн шүүмж

“Соёл урлаг, утга зохиолын шүүмж бичлэг”-ийн уралдааны, эрдэм шинжилгээний бүтээл (монограф, ном, өгүүлэл)-ийн  төрөлд III байр эзэлсэн шүүмжийг хүргэж байна.

Хүмүүн залуужхыг хүсдэг ахул үндэстэн өтлөхийг хүсдэг билээ. Авчиг үндэстэн бүхэнд өтлөх тавилан үгүй. Монгол бол өтөл үндэстэн, өвөг үндэстэн гэдгийг нотлох хэл, соёл, эд өлгийн баримт зуны хур мэт олдож буй энэ сайн цаг дор  түүхээ судлан шинжлэх оюунтнаас эр зориг, эрдэм чадал хоёрыг шаардаж байна. Батмөнхийн Батжаргал судлаачийн “Хүннү тууль – Жангар” номонд эр зориг, эрдэм ухаан тэгш цогцолжээ. Эдүгээ бид энэхүү судалгааг мөн эр зориг гарган унших хэрэгтэй болж байна.

Саяхныг хүртэл эртний их Жангар туулиа Монголчууд арван зургаадугаар зууны үед хамаатуулан дунд сургуульдаа заадаг байсан нь ил шулуун хэлэхэд ичгүүртэй явдал байв. Судлаач энэхүү бүтээлдээ Жангар туулийн үүдэн оршсон улбааг Хүннү улсын түүх, угсаатны зүйтэй харьцуулан авч үзжээ.

 

Хүннү болон одоо цагийн монголчууд угсаа гарвалын хувьд нэг юм гэдгийг археологийн олдворт хийсэн антропологийн судалгааны ололтууд хоёр зууны зааг дээр ил тод харуулах болсон билээ. Францын антропологчид Эгийн голын Хүннүгийн антропологийн хэрэглэгдэхүүнээс ялган авсан ДНК-аа Монголын үеийн болон одоо үед Эгийн голд оршин сууж байгаа хүмүүсийн ДНК-тай харьцуулсан судалгаа хийхэд, Хүннүгийн үеийн Эгийн голын оршин суугчид ба орчин үеийн Эгийн голын оршин суугчид генетикийн хувьд холбоотой төдийгүй хүн амын томоохон шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байна гэсэн дүгнэлт гарсан нь Хүннүчүүд орчин үеийн Монголчуудтай угсаа гарвалын холбоотой болохыг генетикийн хувьд нотолж байна.  “Америкийн физикийн антропологийн сэтгүүлд” 2006 онд гарсан эрдэм шинжилгээний тайлан-өгүүллээс П.Дэлгэржаргал[1] нарын эшэлсэн энэхүү баримт нь Хүннү хийгээд өнөөгийн монголчуудын угсаа гарвалын улбаа холбоог баталсан олон баримтын ердөө ганц нь.

 

Археологи, антропологийн судалгааны үр дүнгээс гадна Хүннү төрийн байгууламж, хэл соёлын хувьд монголчуудтай холбоотойг нотлох баримт, гаргалгаа ч олон. Энэ чиглэлийн судалгаан дээр илтэд дутагддаг нэгэн чиглэл нь хятад сурвалжууд дахь Хүннүгийн түүхийн талаарх бичигдмэлүүд болон ерөөс эртний хятад хэлэнд тулгуурлан Хүннүгийн түүх соёлыг мөшгөн судлах нөр их ажил юм. Хэлний бэрхшээлээс үүдэн манай түүхчдийн даруухнаар тойрон гардаг энэхүү талбарт сүүлийн хорь гаруй жилд нэгэн судлаач товойн гарч ирсэн нь Шинжаан дахь ойрад монголоос Улаанбаатарыг зорин ирсэн Батмөнхийн Батжаргал судлаач юм. Хүннүгийн түүх бичлэгт гарч буй ойрхи цагийн дэвшилд Б.Батжаргал чамгүй хувь нэмэр оруулсаар байна.

 

Монголын эртний түүхийн судалгаанд гарч буй дэвшлийг тун голч, үр дүнтэйгээр томъёолсон түүхч П.Дэлгэржаргал, З.Батсайхан нарын хамтын бүтээл “Хүннү-Монголын эртний түүх” (2017) номын удиртгалд, “Анхны хятад төрийн түүх болох “Түүхэн тэмдэглэл”-ийг Хятадын түүхийн эцэг хэмээдэг Сыма-цянь (НТӨ 145 оны орчмоос-НТӨ 90-ээд он) зохиосон ажээ. “Түүхэн тэмдэглэл” нь нэн эртнээс НТӨ 90-ээд он хүртэлх үйл явдлыг хамаарсан 130 бүлэгтэйгээс зохиолын 110 дугаар бүлэг нь Хүннүгийн шастир юм. Бань Гү (НТ 32-82) НТӨ 206 оноос HT 25 он хүртэлх үйл явдлыг хамааруулан “Хань улсын судар” гэх 120 бүлэгтэй зохиолдоо хүннүгийн эхэн үеийн үйл явдлыг “Түүхэн тэмдэглэл”-ээс хуулан аваад цаашид үргэлжлүүлэн залган бичжээ. Фань Е-ийн HT 25-92 оны үйл явдлыг хамарсан “Хожуу Хань улсын судар” 130 бүлэгтэй зохиолдоо өмнөд хүннүгийн талаар нэлээд дэлгэрэнгүй бичжээ. Фан Сюань-лин нар 265-419 оны үйл явдлыг хамааруулан 644 оны үед бичсэн 130 бүлэгтэй “Зинь улсын түүх” зохиолын 101, 102, 103, 129, 130 дугаар бүлгүүдэд Хүннү тухай тусгайлан өгүүлэх бөгөөд тэдгээрт умард хятадад байгуулагдсан өмнөд хүннү угсааны улсуудын тухай үнэ цэнэтэй мэдээ баримт байна. Түүнчлэн “Түүхэн тэмдэглэл”, “Хань улсын судар”, “Хожуу Хань улсын судар”, “Зинь улсын түүх” зэрэг бүтээлүүдийн цэргийн жанжид, түшмэлүүдийн намтарт Хүннүтэй холбоотой мэдээ баримт нэлээд байдаг” хэмээн цохон дурьджээ.

Тэгвэл судлаач Б.Батжаргал энэхүү ном хэвлэгдэхээс нэг жилийн өмнө дээр дурдсан эх сурвалжуудын цөмийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Үүнд, Сыма Чаньний “Түүхэн тэмдэглэл, Хүннүгийн шастир”, Вангугийн “Хан улсын бичиг, Хүннүгийн шастир”, Фан. Эгийн “Хожуу Хан улсын бичиг, Хүннүгийн шастир”, Лиу Шүгийн “Хуучин Тан улсын бичиг: Түргийн дээд шастир, доод шастир, Хуйхэгийн шастир, баруун Руны шастир”, Чэн Шоугийн “Вэй улсын бичиг, Гурван улсын ойллого: Уван, Сяньби, зүүн Игийн шастир” зэрэг сурвалжууд багтана. Судлаач, доктор Ц.Баттулга Б.Батжаргалын энэхүү ажлуудыг, “…Түүний орчуулан буулгасан сурвалжууд Монгол судлал, тэр дундаа эртний Монгол судлалын үйл хэрэгт томоохон тус нэмэр болж байгааг онцлон тэмдэглүүлштэй” хэмээн үнэлсэн байна.

 

“Хүннү тууль – Жангар” номонд Б.Батжаргал судлаач өөрийн эх сурвалжийн давуулагтаа тулгуурлан Жангар туулийн үйл явдлыг Хүннүгийн түүхэн үйл явдалтай харьцуулан харгуулж судалжээ. Ингэхдээ Жангар болон Модуны бага нас, ноёдын эрэмбэ, суудал, цол хэргэм, туулийн зохиомж дахь орон болон Хүннү нарын оршин суусан орон, харь гүрнээс илгээсэн хатуу шаардлага, адуунаас үүдсэн дайн зэрэг сонирхолтой давхацлуудыг олж харж нарийвчлан судалсан байна.

Мөн Жангар туулийн доторх зан үйл, тухайлбал зүүнийг эрхэмлэх ёсон, нар сарыг шүтэх заншил, гөхөл гэзэгний уламжлал, элч угтах заншил тэргүүтэн зан үйлийн хувь Жангарын өгүүлэмж, Хүннүгийн түүхтэй огтлолцон нийлж буйг ч Сыма Чаньний “Түүхэн тэмдэглэл, Хүннүгийн шастир” тэргүүтэн сурвалжуудаас ухварлан гаргаж, харьцуулан авч үзжээ.

Түүнчлэн номын дөтгөөр бүлэгт буй Жангарын тууль зохиогдсон газар орны тухай судлаачийн таамаг уншигч таныг гайхшруулах нь лавтай. Хятад сурвалжуудын дотор нүүдэлчдийг заадаг “Ар улс” гэх ойлголтыг Жангарын доторх “Ар Бумбын орон”-той дүйлгэн авч үзэж таамаглал дэвшүүлжээ.

Судлаачид болон жирийн уншигчдын дунд маргаан дэгдээхүйц нгээн сонирхолтой дүгнэлт энэхүү номонд байгаа нь, эртний Хүннүгийн эзэн болох “Шанью” хэмээх цолыг “Жангар” хэмээх үгийн хятад галиг гэж үзсэн дүгнэлт юм. Энэ дүгнэлт хэрэв хятад, монгол хэлний бусад хавсарсан мэргэжилтнүүдэд зөвшөөрөгдвөл шуугиан тарих нээлт гэж хэлж болно. Даан ч тийн шүүн тунгаах хэлний мэргэжилтэн эдүгээ нэг гарын таван хуруунаас ч цөөн байна. Судлаачийн энэхүү гаргалгааг эрдмийн хүмүүст хэрэг болуужин хэмээн цохолборлоё:

(…)

Хүннү улсын хамгийн дээд ноёлогчийн хүндэтгэл цолыг 撑犁孤涂单于[2] (дээд эртний дуудлага нь rtʰaːŋ riːl kʷa l’aː djan ɢʷa буюу rtʰaːŋ  ril kʷa l’a djan ɢʷa) гэж хятадын түүхэн сурвалжид тэмдэглэсэн байна. Энэ бол Хятад хэлэнд галигчлан тэмдэглэсэн Хүннү үг бөгөөд撑犁–ийг тэнгэр,孤涂–ийг хөвүүн,单于–ийг шаньюй, нэгтгэн тэнгэрийн хөвүүн шаньюй хэмээн уншдаг.

(…)

Мөн хэлний үсэг нь dan, shan, cha гэх гурван дуудлагатай. Хүннү улсын хамгийн дээд ноёлогчийн хүндэтгэлт цол бөгөөд 单于гэх үгийн Хятад хэлний дээд эртний төсөөлсөн дуудлага нь djan ɢʷa  болно. Энэхүү单于тусгай нэрийг тэмдэглэсэн хятад үсэг нь эрт дээр үеэс өнөөг хүртэл chán yú гэх дуудалга нь хувиралгүй үргэлжлэн ирсэн дуудлага бөгөөд, тодруулан хэлбэл, Хятад хэлний олон мянган жилийн турш баримталж ирсэн дуудлагын зарчим юм гэж хэлэх нь зөв юм.

(…)

 

Хятад хэлний дээд эртний дуудлагаас авч үзэхэд, “善于” гэсэн хүндэтгэлт цолын “” үсгийн хятад хэлний дээд эртний дуудлагыг Klas Bernhard Johannes Karlgren ʑi̯ɛn, Ван Ли ʑĭɛn, Ли Рунг ʑiɛn, Шао Рунг Фэн dʑjæn, Жэн Жан Шан Фанг dʑiᴇn, Пан У Юнь dʑiɛn, Edwin George Pulleyblank dʑian гэж сэргээн уншсан бөгөөд энэ бүхнийг бид djan гэж нэгтгэн дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, “单于” -үсгийн “” үсгийн хятад хэлний дээд эртний дуудлага болон “善于” үсгийн “” үсгийн хятад хэлний дээд эртний дуудлага адилхан байна.

Хятад хэлний 单于гэх үсгийн дээд эртний төсөөлсөн дуудлага нь djan ɢʷa  болно. Дээд эртний хятад хэлэнд р гийгүүлэгчээр сүүл хураадаггүй. Харь хэлний “р” авиа тохиолдсон үед тэмдэглэхгүй буюу хасдаг байна. Ийм учраас энэ үсгийг Монгол хэлний Жангар гэж сэргээн унших боломжтой гэж бид үзэж байна.

(…)

Жангарын туулийг талын нүүдэлчдээс анх төр улс байгуулсан хүннүчүүдийн мандал бадралаас сэдэвлэсэн гэж уншсаны үндсэн дээр бид энэ бүтээлд жангарын тууль дахь ар бумбын эзэн жангарын нэр болон хүннү гүрний хамгийн том ноёлогч шаньюй гэсэн цол нэг л үг гэсэн хэмээх санал дэвшүүлж байна. Жангар гэдэг нь монгол үг боловч эртний перс хэлний жахангир гэсэн үгнээс улбаатай. Дэлхийн эзэн, дэлхийг байлдан дагуулагч гэсэн утгатай саналыг олон эрдэмтэд дэмжиж байна.

(…)

Өөрөөр хэлбэл жангар гэдэг үг нь дэлхийн эзэн хаадын хаан гэсэн үг болох юм. Энэ нь эртний хятад түүхийн сурвалж дахь шаньюй гэдгийг уудам их гэсэн утгатай гэж тайлбарласан нь бас л дэлхийн эзэн хаадын хаад гэсэн үгтэй нийцэж байна.[3]

 

Судлаач Б.Батжаргалын таамаглал, гаргалгаанууд зоригтой бөгөөд энэ хэр өрнө дорнын түүхчдийн туйлширсан хандлагыг дурдан тойрч, өөрийн үндэстний түүхээ өөрийн гараар бичихээр тэмүүлж буй шинэ хандлагын томоохон илрэл болно.

Энэ бас цор ганцаар үлээсэн цоор гэж үзэж болохгүй. Төсөрхөн түүхч, доктор Аюудайн Очир, тууль судлаач Б.Нанжид нарын хамтран бичиж, хэвлүүлсэн “Монгол туулийн үүсэл, соёлын давхарга” номын дүгнэлтүүд Б.Батжаргалын судалгаанд бас нэгэн хэлбэрэлтгүй үндэслэл болж өгч байна. Уг номонд, “Дөрвөлжин булшны эздийн хэл бол өвөг монгол хэл төдийгүй Хүннү улсыг дөрвөлжин булшны эзэд голлон байгуулж, төрийн эрхийг нь барьж байсан гэж сүүлийн үеийн судлаачид үзэж байна. Тиймээс монгол тууль үүсэн хэл ч дөрвөлжин булшны эздийн хэл байсан буй заа. Бидний судалгааны дүнгээс үзвэл, монгол нүүдэлчдийн тууль нь дээр дурдсан нутаг (баруун зүг Хангайн нуруунаас зүүн зүгт Дорнод Монголын их тал, өмнө зүг Далан хар уулаас умар зүг Өвөрбайгал)-т НТӨ X-НТӨ VI зууны орчинд бөөгийн яруу найраг, бөөгийн тэнгэрүүдийн тухай домогт тулгуурлан үүсчээ”[4] хэмээн дүгнэсэн нь бий. Уг ном дахь бас нэгэн чухаг гаргалгаа Б.Батжаргалын судалгааны мөн чанарыг тодотгож байна. “Хэдийгээр тууль санаанаас уран саналгаар буй болсон гэх боловч цаанаа яах аргагүй нийгэм-түүхийн үндэстэй, амьдрал тэмцлийн шаардлагаар тухайн үеэ тусгаж буй болж хөгждөг түүхэн үзэгдэл мөн гэдгийг түүний олон үеийн соёлын давхарга илтгэн харуулнам.

Монгол туульд, түүх, угсаатны судлал, шашин шүтлэг зэрэг нийгмийн олон салбарын тухай янз бүрийн үеийн цөөнгүй мэдээ занги хадгалагдан ирсэн нь судалгааны явцад илэрч мэдэгдэв. Тэдгээр хэрэглэгдэхүүн нь ялангуяа туулийн үүсэл, хөгжлийн явцыг шинжлэн тодруулахад үнэтэй мэдээ өгч байна. Иймд цаашид туулийг судлахдаа, түүнд өөрт нь хадгалагдаж буй мэдээ зангийг түүх, археологи, угсаатны судлал зэрэг бусад ухааны хэрэглэгдэхүүнтэй харгалдуулан жиших зэргээр шинжилбэл, шинэ үр дүнд хүрч болмоор санагдана[5]

А.Очир, Б.Нанжид нарын “Туулийг судлахдаа, түүнд өөрт нь хадгалагдаж буй мэдээ зангийг түүх, археологи, угсаатны судлал зэрэг бусад ухааны хэрэглэгдэхүүнтэй харгалдуулан жишиххэмээх энэхүү санаа Б.Батжаргалын судалгааны алсын хараа юм. Энэ талаар зөвхөн монгол судлаачид ч ярьж буй юм биш. Уран зохиолын түүхч Жон Сатерлэнд, “…Зуун зууныг дамжин уншигдаж буй утга зохиолын туульс нь захын нэгэн тааралдсан үндэстний тухай өгүүлдэггүй. Харин жижиг улс, аймгийг өөртөө нэгтгэн хэзээ нэг өдөр аугаа эзэнт гүрэн болох тавилантай үндэстнүүдийн он дарааллын бичиг – хроникийн эхлэлийг хамаардаг онцлогтой”[6] хэмээжээ.

Хүн төрөлхтний бичиг соёлын эхлэл цэг гэдэг Месопотамын соёл “Гилгамешийн тууль”-д шингэн үлдсэн. Өрнө, дорнын соёлын их ай сав Энэтхэгийн соёл, ёс суртахууны үндэс нь “Раамаяна”, “Махабхарата” хөлгөн туульс байдаг. Ардчилал, эрх чөлөөт үзэл санааны өлгий Грек, газар дундын тэнгисийн соёл Хомерийн Илиада, Одиссей хоёр их хөлгөн туульд бий. Эртний Ромын үүдэл, соёл Вергелийн “Энейн дуулал”-д бий. Хожмын итали үндэстэнд Дантегийн “Тэнгэрлэг туульс” бий. Франц үндэстэнд “Роландын дуулал”-д бий, Герман үндэстэнд “Нибуленгүүдийн дуулал” бий, Англи үндэстэнд “Беовульфийн” тууль бий, хожмын Милтоны “Алдагдсан диваажин” ч бий. Испани үндэстэнд “Сидийн тууль” буй. Эд бол соёлт ертөнцийг бий болгосон өвөг үндэстнүүд. Үүх түүх, үйл хэргээрээ эдгээр үндэстнээс огтоос үл дутах Монгол үндэстэнд харин Жангарын тууль байна.

 

Түүх нь туулиа хөтөлж өтөлнө, тууль нь түүхээ хөтөлж шинэ цагт авчирна. Үүнд ул үндэстэй судалгаа, нотолгоо хэрэгтэй. Судлаачид монгол үндэстний өвөг түүхийн оюун санааны эх сурвалжийг Жангарын туулиас олжээ. Олоод барахгүй сурвалжлан баталж байна. Сөрөн үгүйсгэх эсхүл ойлгон таних нь уншигчийн таалал.

Жангар бол чухам л Сатерлэнд абугайн бичсэнчлэн аугаа эзэнт гүрэн болох тавилантай Монгол үндэстний он дараалал – хроникийн эхлэл юм. Жангар мандвал монгол мандахын учир энэ.

 

СУИС-ийн багш, утга зохиол судлаач

Шангас Ядамсүрэнгийн Баяраа

Ашигласан материалууд

[1] П.Дэлгэржаргал. З.Батсайхан. “Хүннүгийн угсаа гарвал, өвөг түүх”. ХҮННҮ-Монголын эртний түүх. МУИС-МСХ. Түүхийн тэнхим. УБ., 2017. 26-27

[2] 汉书 匈奴传第六十四上(P.3751)..[底本:王先谦汉书补注本]

[3] Б.Батжаргал. “Цол хэргэмийн тухай”. Хүн тууль – Жангар. “Hu Man” хэвлэлийн газар. УБ., 2023. 38

[4] А.Очир, Б.Нанжид. “Монгол туулийн үүсэл”. Монгол туулийн үүсэл, соёлын давхарга. ШУА-ТУЗХ. МУБИС-БС. УБ., 2022. 77

[5] А.Очир, Б.Нанжид. “Монгол туулийн соёлын давхарга”. Монгол туулийн үүсэл, соёлын давхарга. ШУА-ТУЗХ. МУБИС-БС. УБ., 2022. 173

[6] Жон Сатерлэнд. “Улс үндэстний түүхийг бичих нь – Туульс”. Уран зохиолын товч түүх. Непко. УБ., 2013. 17.