Жангарын магтаал

Алдарт жангарч Ээлэйн Овла

Халимагаас тэмдэглэн хэвлүүлсэн “Жангар”-ын бүлгүүдийн олонхи буюу 16 үндсэн бүлгээс 12 нь бага Дөрвөд нутгийх юм. Халимагийн Дөрвөд ястан нь 1630 оны үеэр Торгуудын Хоо Өрлөг тайшийг дагаж, Ижил мөрөнд хүрсэн нэг бүлэг Дөрвөд болон 1757 оны үеэр шинэ Торгуудын Шээрэн ноёны дагуулж хүрсэн нэг хэсэг дөрвөдөөс бүрэлджээ. Эд нар өөрийн зайсан ноёнтой байсан бөгөөд 1771 онд Увш хаан Халимагийн Торгууд, Хошуудын олонхийг дагуулж, Зүүнгар нутагт нүүсний дараа ижилийн Халимагийн голлох ястан нь Дөрвөд болж, Бага Дөрвөдийн Чүчэй тайж нийт Халимагийн ноён болжээ.

Халимагийн Дөрвөдийг Их, Бага гэж хоёр хуваадгийн учир нь гэвэл 1788 оны үеэр дөрвөд 2 хуваагдаж, нэг хэсэг нь Дон голд нүүн очиж, нөгөө хэсэг нь Ижил мөрний хөвөөн дэх нутагтаа хоцорсон бөгөөд дон голд нүүн хүрснийг нь их дөрвөд гэж, ижил мөрний хөвөөн дэхийг нь бага Дөрвөд гэх болжээ. Бага Дөрвөдийн дотор 1757 оны үеэр Зүүнгараас очсон нэрт жангарчид байсан бөгөөд Авга нар аймгийн Поврам нараас 3 бүлэг, Их Бухас аймгийн Э.Овлайгоос 10 бүлгийг тэмдэглэн авсан билээ. Доор 1910 онд Овлайн хэлсэн 10 бүлэг жангарын тод үсгийн хэвлэлээс оршил магтаалын хэсгийг хөрвүүлэн хүргэж байна. Энэ 10 бүлгийг бидний нэрлэж заншсанаар эрдэмтэн Котвич (Władysław Kotwicz) шавь Очирын Номт (Номто Очиров) -ын тусламжтайгаар тэмдэглэн Санкт-Петербургт хэвлэсэн билээ. Энэ 10 бүлэг нь Монгол, Шинжаанд зэрэг орон нутагт хамгийн өргөн тархсан бүлгүүд юм.
Б.Нанжид
Жангарын магтаал
Эрдэнийн эхэн цагт гарсан
Энэ олон бурхадын шажин
Дэлгэрэх цагт гарсан
Тахь зул хааны үлдэл
Тансаг Бумба хааны ач
Үзүн алдар хааны хөвүүн
Үеийн өнчин Жангар билээ.
Эрхин хоймстойдоо
Догшин Мангаст нутгаан дайлуулж
Өнчин биеэр үлдсэн
Гуна орогч насандаа
Аранзал зээрдийн үрээ цагт
Хөл өргөж мордсон
Гурван их байрын ам эвдсэн
Гулжин их Мангас хааныг
Номдоо оруулсан.
Дөнө орогч насандаа
Дөрвөн их байрын ам эвдэж
Дөрдөн Их шар Мангас хааныг
Номдоо оруулсан.
Эрхин таван настайдаа
Тахийн таван Шулам хааныг
Хэл барьж, номдоо оруулсан.
Тэр таван настай цагтаа /н/
Бөх Мөнгөн Шигширгэд баригдаж
Олзлогдсон болдог мөн.
Зургаа орогч насандаа /н/
Зургаан байрын ам эвдэж
Зуун жадын үзүүр хуглаж
Зураг болсон байшинтай
Хүнхээн Алтан Цээжийг оруулж
Энгийн олон баатрууддаа /н/
Барууны ахлаач болгосон мөн.
Долоо орогч насандаа /н/
Дордын долоон орныг доройтуулж
Дуутай Жангар нэрээ /н/ дуудуулсан
Аранзал зээрдийнхээ хурдан цагт
Алтан бараан шар цоохор арам нь хурц цагт
Өөрийн бие нь бага дүүвэр цагтаа /н/
Тивийн дөрвөн хааны хүүхнийг голоод
Наран гарах үд хоёрын хооронд байдаг
Ном Төгс хааны хүүхнийг залсан болдог.
Хүлгийн хурдан хамаг цуглуулсан
Арслангийн чийрэг хамгийг цуглуулсан
Дөрвөн талын дөчин хоёр
Хааны нутаг номдоо оруулсан.
Үхэлгүй мөнхийн оронтой
Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг.
Өвөлгүй хаврын хэвээр
Зунгүй намраар
Даарах хүйтэн үгүйгээр
Халах халуун үгүйгээр
Сэр сэр гэсэн салхитай
Бур бур хуртай
Бумбын орон болно.
Тансаг богдын таван сая албат нь
Таван сарын газарт арай багтмаар
Буурилсан байдаг.
Өл манхан цагаан уул нь
Газар тэнгэр хоёрын хүйс болоод
Өрүүн гарах нарны хөл доор
Манхайгаад байдаг гэнэ.
Өргөн шартаг гэдэг далай нь
Өрүү сөрүү хоёр урсгалтай
Өнгөтэй бадмын гэрэл
Гараад байдаг гэнэ.
Эзэн Жангар өөрийн бие нь уудаг
Хүйтэн хар домбо гол нь
Өвөл зунгүй урсгалтай
Үргэлж гадар эргээ /н/ балбалан
Булигласан байдаг.
Шатар болсон бумба нь өөрөө боссон
Шарын дөрвөн төрөө /н/
Гар дээрээ авсан
Шар наран доорхоо /н/ эзэлсэн
Эзэн ноён гэх нэрээ /н/
Их хол газарт тархаасан байдаг.
Эрхин бумбын цагаан өргөө дотроо /н/
Шарын зургаан мянга арван хоёр баатар нь
Суугаад хүүндсэн үг энэ.
Эзэн ноён Жангартаа /н/
Энэ наран дор үгүй
Байшин бариулъя гэсэн суудаг
Дөрвөн тивийн дөчин хоёр хааныг
Цуглуулж ирээд
Ямар дүнгээ газар барья гэж
Зөвлөлдөж хүүндсэн
Наран гарахын ар бие тал
Гарвид их шилийн омруун тал
Артай арван хоёр далайн цутгаланд
Бумба далай гэдэг далайн хөвөөнд
Өл манхан цагаан уулын
Баруун эрүүн /өргөн/ дор
Талбайн цагаан ташууд
Таван зуун галбар зандан улиасыг
Дагуулъя гэж хүүндсэн болно.
Дөрвөн тивийн дөчин хоёр хааны
Эрхэн шарын зургаан мянга
Арван хоёр урчуудаа /н/ дагуулж ирээд
Сарын сайныг сахиад
Өдрийн сайныг ончлоод
Шураар дэвсүүр тавиад
Сувсаар тэрэмлээд
Ар биеийг нь
Арслангийн соёо гарган
Шахан тэрэмлэсэн
Өмнө биеийг нь
Өл бугын соёогоор
Шахан тэрэмлэсэн
Ирсэн ерэн есөн жилийн юмыг
Айлдаж мэддэг
Ирээгүй ерэн есөн жилийн юмыг
Тааж мэддэг
Баян Хүнхээн Алтан Цээж нь
Хүнгэнэж хэлсэн байна.
Огторгуйд хүргээд барихлаа
Их дуран болох
Эзэн ноён Жангарт
Сайн болохгүй.
Огторгуйгаас хуруу дутуугаар
Баригтун гэж байна.
Шарын зургаан мянга
Арван хоёр урчууд нь
Шагтаан хүрээд ээрэлдээд
Тал дундуур нь татуурдаад
Таван их шанаа гаргаад
Гарах тал /к/ биеий нь
Гажиг шилээр өнгөлсөн
Орох тал /к/ биеий нь
Усан шилээр өнгөлсөн
Ар биеэр нь өвөлжсөн улс
Айраг хярмаар гарах гэж
Алаг бугын арьсаар өнгөлсөн
Өмнө биеэр нь өвөлжсөн хүн
Өөхөн тосоор гарх гээд
Өлөг бугын арьсаар өнгөлсөн
Гадаад дөрвөн өнцөгийг нь
Гал шилээр нүдэлсэн
Дотоод дөрвөн өнцгийг нь
Догшин болдоор товчилсон
Дуутай жангарын арван давхар
Есөн өнгө алтан торлог байшин
Дөрвөн талын
дөчин есөн жилийн хортон дайсныг
даран далбайн дүнхийгээд байв.
Дугтуй дотроо байхаараа
Толбун сарын гэрэлтэй
Дугтуйгаасаа гарахаараа /н/
Долоон нарны гэрэлтэй
Алтан бараан шар цоохор тугыг
Өмнө биед нь хатгасан байдаг.
Тэр бүхнээ /н/ эзэлсэн
Эзэн жангар нь
Дөчин дөрвөн хөлтэй
Дүнхгэр сайхан ширээ дээрээ /н/
Дүүрэн гарсан
Арван тавны сар мэт
Мандаж суудаг.
Арван зургаатай Агай Шавдалынхаа
Шар болд хайчаар хайчилж
Энгийн олон сайны хатдаар оюулсан
Хар торгон лавшгийг
Ханцуйгүй сул хөдрөөд
Хараадайн живэр сахлаа илэн
Энгийн олон бодонгуудтаа /н/
Төр шажин хоёроо
Зарлиг болон суудаг.
Аранзал зээрдийн хурдан цагт
Алтан бараан шар цоохор армынхаа хурц цагт
Өөрийн биеийнхээ бага дүүвэр цагт
Тивийн дөрвөн хааны
Дөчин есөн отгийн
Хүүхнийг голоод
Наран гарах үд хоёрын хооронд байдаг
Ном Төгс хааны хүүхэн
Арван зургаатай
Агай Шавдалыг авч ирсэн нь
Ямар дүрээр байна гэхээр
Цаашаа харахад нь
Цаад далайн жараахай тоологдом
Наашаа харахад нь
Наад далайн жараахай тоологдом
Цуснаас улаан хацартай
Цаснаас цагаан сансаатай
Уран ээжийн эсгэсэн
Олон хатад зөвчилдөж оёсон
Цастын цагаан халбангийг
Зүүн цох дээрээ талбин суудаг.
Сул солваан үсийг
Хацрын гэрэл дагуулсан
Хар торгон шивэрлэг нь
Хацрыг нь даган ганхаад
Тором тэмээний хоргосон чинээ
Толь мөнгөн сийк нь
Гүмбэ чихний ашгийн дүүжлээд
Гүрээ тал нь гэрэл гараад байдаг болно.
Ерэн нэгэн чавхдастай
Ендэр мөнгөн хуураан аваад татахаар нь
Хулсан дундаа /н/ өндөглөсөн
Хунгийн дуун гараад
Нуур дундаа /н/ өндөглөсөн
Нугасны дуун гараад
Арван хоёр аясаар чашгуурдаад одов.
Үүнийг алдалгүй дагадаг нь
Хэн буй гэх нь
Эзэн богд Жангарын
Эрхин сайн сөнч
Эрх Тугийн хөвүүн
Орчлонгийн сайхан Миняан болдог болно.
Баруун биеий нь ахлаж суудаг нь
Ирсэн ерэн есөн жилийн юмыг
Айлдаж мэддэг
Ирээгүй ерэн есөн жилийн юмыг
Тааж мэддэг
Баян Хүнхээн Алтан Цээж
Далан хааны нутгийн
Төр шажин хоёрыг
Гар дээрээ бариад
Ямар их бэрх зарга ирэв гэж
Төдөлгүй хагалаад
Хар торгон дөрвөлжин дээрээ суудаг.
Зүүн биеий нь ахладаг нь
Түвшин Ширхийн ач гэнэ.
Бөх Мөнгөн Шигширгийн ууган хөвүүн гэнэ.
Шилтэй Зандан Гэрэл хатны
Эрхин хорин насанд нь гарсан
Арслангийн араг улаан Хонгор гэнэ.
Харь цагаан далаа хамхчиж
Хамаг биеэ хүүчиж
Далан хааны нутаг
Дангаар оруулж өгсөн гэнэ.
Хонгорын дараа суудаг нь
Тавлаад суухаараа
Тавин хоёр хүний зайд суудаг
Тахийгаад суухаараа
Хорин таван хүний зайд суудаг
Баатар бумбын орондоо
Хүйтэн хар шороороо гаталсан
Заан таваг хайсан хар хүлэгтэй
Гүзээн Гүмбэ гэдэг баатар нь
Мянга нэгэн жилийн
Төр шажин хоёрыг
Булаалдаж хэлэн суудаг.
Хүнхээн дараа суудаг нь
Сарвай цагтаа сайн болох гээд
Сая өрхөөр авсан
Хүүхэн хүрэн халзантай
Наян нэгэн алд
Хайв балтаа ээмээс нь хунигдаггүй.
Залуу ямар чийрэг болов гэж
Морин дээр хүн тогтоодоггүй.
Хүний начин хүнд гартай Савар болно.
Зүүн талын гуравдугаар нь
Буян төгс ааваа хөвүүн үгүй хаяад
Бурхан сайхан ээжээ буянгүй хаяад
Буман өрх албатаа /н/ ноёнгүй орхиод
Арван наймтай ангир улаан хатнаа
Ганц биеэр нь хаяад
Буурал халзнаараа ирж
Эзэн богдыг дагасан
Булингарын хөвүүн
Догшин хар Санал болно.
Энэ мэт баатрууд нь
Энгийн олон сайдуудтайгаан
Эндээ долоон дунгараа гүйцээд суудаг.
Цал буурал сахалтай
Цагаан өвгөд нэг дунгараа гүйцээд
Ээлжиг улаан эмгэд нэг дунгараа гүйцээд
Цуутай цагаан бэрүүд нэг дунгарай гүйцээд
Цусан улаан хүүхнүүд нэг дунгарай гүйцээд
Эмнэг гүүдийн үсэн
Элбэг арзын суурь болоод суудаг гэнэ.
Эрхин шарын зургаан мянга
Арван хоёр баатар нь
Омай цагаан умс нь
Уруудас хийж халаад ирэв.
Энд тэндээ халиан хүүндэхлээрээ
Манлаа халдах орон үгүй буй?
Дайлах дайсан хэзээ учрах буй?
Гөрөөлөх гөрөөсөн хэзээ учрах буй? гэж
Таталдаж шүүрэлдэж суудаг болно.
2 Comments
1
2
Comments are closed.