ЖАНГАРЫН ТУУЛЬД ЮУ ӨГҮҮЛДЭГ ВЭ?

Зургийг Э.Базаррагчаа
I. Жангарын оршил магтаалд юу өгүүлдэг вэ?
Монгол туургатны баатарлаг дуулбар болсон тууль “Жангар” нь олон хувилбартай боловч дүр хийгээд агуулгын хувьд халимагийн 25 бүлгээр төлөөлүүлэн ойлгоходдөхөмтэй. Монгол түмний тууль бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бүтэцтэй, хайлах дэг ёстой байдаг. Жишээлбэл алтайн урианхайн туульчид тууль хайлахын өмнө Алтайн магтаал хэлдэг уламжлалтай байдагчлан Жангарын тууль ч мөн адил оршил магтаалтай байдаг. Үүнийг Жангарын магтаал, эхэлц, оршил магтаал гэх мэтээр өөрөөр нэрлэдэг байна. Манай орноос олдсон Жангар туулийн хувилбаруудад ч мөн их бага ямар нэг хэмжээгээр хадгалагдан хэлэгдэж байсныг онцлон харьцангуй бүрэн хэлбэртэйг нь бодолцон халимаг туулийн эхэлцийг жишээ болгон авлаа. Түүгээр ч үл барам Шинжааны ойрдуудын дунд Жангарын магтаалыг дуулах уламжлал байдаг байна. Жангар болон түүний баатруудын уг гарал, алдар нэр, нутаг ус, баатарлаг гавьяа, орд өргөө, адал малын талаар аялгуулан дуулах олон арван хувилбар шинжаанд үүсч хөгжсөн нь нэг талаараа жүжиг наадмын аман зохиолын төрөл зүйлд хамааруулж болохуйц харилцан яриа хүртэл оруулан зохиомжилсноос нь ажиглагдаж байна. Ийнхүү энэхүү оршил магтаалын хоёр хувилбарыг танилцуулж байна.
Оршил магтаал 1940 онд Элстэд хэвлэгдсэн жангарт эхэлц /эклц/ хэмээн тэмдэглэж, түүнээс хойш хэвлэгдсэн зарим номд оршил магтаал гэж нэрлэсэн байдаг энэхүү магтаал нь жангарч бүрийн авьяас чадвар өв уламжлал, нутгийн аялгуу зэргээс шалтгаалан өөр өөрөөр хэлэгддэг байна. Туульч /жангарч/ нь өөрийн ур ухааны охь дээд болсон туулийг хайлахын өмнө ямар орон нутаг, ямар баатрын баатарлаг гавьяаг хайлах тухайгаа товч тайлбарлан хэлж сонсогчдын анхаарлыг өөртөө хандуулах зорилгоор оршил магтаалыг хэлдэг байсан тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Ийм учраас туульчид Жангарын оршил магтаалд онцгой анхааран хамгийн товч тодорхой, яруу сайхны дээдийг эрхэмлэн заавал түүгээр эхэлдэг байжээ. Манай монголын нутгаас олдсон жангарын хувилбарууд нь эрт урьдын цагт, эрт урьд нэгэн сайн цагт /Жангар Богдын үлгэр/, Тахил будан хааны ач л гэнэ, Тавдай Замбал Зулын жич л гэнэ /Богд ноён Жанрай хаан/, Эрт урьд цагт, Тахмид хааны хүү, Тав Замбал Зулын ач жич /Үеийн богд ноён Жангар хаан/, Эрт урьд цагт, Тахьмэд хааны хүү, Даг Жамбал Зулын ач /Үеийн баахан богд ноён Жангар/, Тахь Буудан хааны хөвүүн, Доотол Замбал хааны зулын ач /Жангар/, Шихэр далай, шилт далай, Бурам далай, буцах далай, дөрвөн далайн төв дунд /Жангарын нэгэн бүлэг/, Сайн цагийн түрүүнд, Муу цагийн сүүлд, Девангарын үед, Банчин Богдыг балчир байхад, Далай ламыг банди байхад /Богд ноён Жанрай хаан/, Захын модыг зулзага байхад, Загал бугыг янзага байхад /Богд ноён Жангар/, Үйсэн Бумбын ач, Тайсан Бумбын жич, Үеийн найман голтой, Үйслэн хангай нутагтай /Урьдын Улаан Хонгорын бүлэг/ гэх мэтчилэнгээр өөр өөрөөр эхэлдэг бол халимаг Жангарын туулийн бүлгүүдийн өмнөх оршил магтаалын хэсэг нь давтагдах байдалтай байсныг 1862 онд судлаач профессор Голстунскийн бичсэн өгүүллээс мэдэж болохоор байна. Үүнийг мөн 1910 онд хэвлэгдсэн халимагийн нэрт жангарч Ээлэйн Овлайн арван бүлэг Жангар /Тахь зул хааны ач… Жангарын арван бүлэг оршивой/ -т оршил магтаал нь 10 давтагдсан байдлаас харж болно. Үүнээс үүдэн бодход жангарч хэдэн бүлэг дуулахаас шалтгаалж оршил магтаал төдий чинээ давтагдах байдалтай нь мэдэгдэж байна. Гэхдээ шууд үг үсгийн зөрөөгүй адил байдалтай байсан гэж ойлгож болохгүй юм. Бүлэг бүрийн өмнө тухайн бүлэг тохирон бага зэрэг өөрчлөгдөн хэлэгддэг байжээ. Жишээлбэл Ээлэйн Овлойн Жангарын оршил магтаал хоёр янзаар эхэлдэг байсан байна. Нэгдүгээрх нь 1910, 1936, 1940 онуудад хэвлэсэн Жангарын хэвлэлд давтагдан / Эртийн эхэн цагт… хэмээн эхэлдэг / хэвлэгдсэн. Харин хоёрдугаарх нь: 1908 онд Халимагийн нэрт эрдэмтэн Очирын Номтын гар бичмэлд хадгалагдан үлдсэн хувилбар / Эрдэнийн эхэн цагт … хэмээн эхэлдэг / нь хэвлэгдсэн хувилбараа бодвол харьцангуй эртний байдалтай нь ажиглагдаж байна.
Улмаар Жангар Богд энгийн хүн биш болох тухай өгүүлж эхэлдэг байна. Жишээлбэл: Гурав орох наснаасаа эхлэн хүчтэй мангасын хаадыг дарж, өөрийн мэдэлд оруулж буй тухай өгүүлдэг. Ид шидтэй, ирээдүйг өөрчлөх, хүмүүн өөрийн хүч чадлыг нялх багаас илэрхийлэн дохиолдог жирийн бус төрөлт, жирийн бус өсөлт зэргийн талаар домгийн цагийн тухай ойлголтод тусгасан байдаг. Жангараас гадна өөр олон арван үлгэр домог, туульд энэ тухай дүрслэн үзүүлсэн байдаг жишээлбэл: баатар хүү төрөөд нэг хоноход нэг иргийн арьсанд багтахаа больж, хоёр хоноход хоёр иргийн арьсан хучлага хүрэхээ болих тухай эрдэмтэн Рамстедтийн тэмдэглэсэн үлгэрт гардаг бол хоногоор биш цагаар өсдөг баатар хүүгийн тухай үлгэр олон олон ард түмний аман зохиолын сан хөмрөгт дүрслэгдсэн байдаг. Жангар /Жангарын хүү Гунахан Улаан Шовшуур/ мөн ийм ер бусаар өсч, хүч чадлыг олдог. Цаашлан Баян Хүнхээн Алтан Цээжийг оруулж, баатруудаа цуглуулан “Дуутай Жангар” цол олсны тухай, Агай Шавдал хатныг залж ирэн, дөчин хааны нутгийг нэгтгэж, Бумбын орныг цогцлоож буй тухай хэлэгддэг байна.
Буурилсан газар нутаг нь таван сарын газар гэж дүрслэгддэг. Тэр домгийн орны сахиул сахиус болсон Өл Манхан Цагаан уул, Өргөн шартаг далай хэмээн дүрслэгдэх нь нэг талаараа өргөн уудам, баян дэлгэр, саруул сайхан нутаг, нөгөө талаараа Бумбын орны сүр сүлд болон дүрслэгддэг. Үүний зэрэгцээ бумбын орны сүр сүлд болох нэгэн зүйл нь уул ус нь өөрөө буй болсонтой нэгэн адил өөрөө цогцолсон гэгдэх, Манхан Цагаан уулын баруун сугад, таван зуун галбар зандан улиасны сүүдэр даган босгосон суврагын тухай өгүүлэгдэнэ.
Үүнээс гадна бумбын орон, эзэн Жангарын сүр сүлдэн болсон туг сүлдийн тухайтад: Бумбын орны туг нь Алтан шар цоохор туг, хортон дайсны дарлага болсон, алтан шар цоохор тугаа арван цагаан хуруундаа атгаад, амьтай дэлхийг минийх хэмээн суудаг гэж дүрслэгддэг. Мөн Богд ноён Жангарын арван таван настай /зарим хувилбарт арван зургаатай ч гэдэг/ Агай Шавдал хатан, гоо үзэсгэлэн хатад бэрээчүүдийн төлөөлөл болсон наран гарах, үд хоёрын дундаас залж ирсэн. “Наашаа харахад нь наад далайн жараахай тоологдмоор, цааш харахад нь цаад далайн жараахай тоологдмоор” гоо үзэсгэлэнгийн гэрэлтэй, эзэн ноён Жангарт эгнэн тохирсон элдэв сайхан үзэсгэлэнтэй, эрдэм чадал ид шидтэй бумбын орны чимэг болсон сайхан хатан болж дүрслэгдэнэ.
“Арван давхар, есөн өнгө” Алтан торлог байшин дотор шарын зургаан мянга арван хоёр баатар, сайн төрийн сайдууд долоон дугариг гүйцэн суусан, дээр цал буурал сахалтай цагаан өвгөд нэг дугариг болон сууж, элжиг улаан эмгэд нэг дугариг болон сууж, цуутай цагаан бэрүүд бас нэг дугариг болон сууж, цусан улаан хүүхнүүд нэг дугариг болон сууж, шахцалдал үгүй багтаад найрлан жаргаад суудаг. Ийм агуу сайхан өргөөнд Богд ноён Жангар, Агай Шавдал хатан хоёроос өөр хэн байна вэ? гэвэл: Эгэл бус домгийн цагийн баатрууд байгааг мэдэж болно. Баатрууд дур дураараа суух ёсгүй, эв эвээрээ, дэс дараагаа тогтоон суусан байна.
Баатрууд- баруун зүүн хоёр талд багтан ялгаран суусан байдаг. Баруун талыг толгойлж Хүнхээн Алтан Цээж суудаг бол хамгийн хүндтэй, хамгаас ухаантай баатар юм. Зүүн талыг Араг Улаан Хонгор ахална. Хонгор ямар учраас зүүний эхэнд суудгийг зөвөөр тайлбарлан хайлдаг байна. Жангарын “Дуутай Жангар” нэрээ олоход Хонгор хамгаас гавьяатайгаар хүчээ өргөсөн тухай гардаг. Харцага далаа хугалуулж, хамаг биеэ хүүчүүлэн байж, Жангарын амийг аварч туслан ах дүү бололцсон билээ. Хонгорын дараагаар Гүзээн Гүмбэ, Хүнд Гарт Савар Алтан Цээжийн дараа суудаг бол Догшин хар Санал Гүзээн Гүмбийн дараагаар сууриа олоод суусан байдаг. Энэ баатруудын дунд эзэн суудалгүй нэгэн баатар байдаг нь Орчлонгийн сайхан Минъян архийн сайн сөнч болсны учир сөнчийн сууринд хүндлэгдэнэ.
“Арзанд ам нь халаад, Хорзонд ходоод нь халаад” долоон дугариг болоод суусны хойно төр – шажин хоёрын талаар их зөвшил болдог. Барууны ахлагч Баян Хүнхээн Алтан Цээж “ерэн есөн жилийн” хэрэг үйлийг шүүж, гаргаад зарга хагалан суудаг. Зүүний Гүзээн Гүмбэ бас “дуталгүй мянга нэгэн жилийн” төр-шажны үйлийг шүүж учрыг тунгааж суудаг. Мөн түүнийг далч /дал шатааж төлөг тавьдаг эрдэм чадалтай/ ч гэдэг.
Энэхүү найранд суугаад энх цагийн ч учир явдлыг явдлыг хэлэлцэн шийдэж байгаагаар оршил магтаал төгсдөг байна.
(үргэлжлэл бий…)
Б.Нанжид