ЖАНГАР ТУУЛИЙН УГ СУРВАЛЖ ХИЙГЭЭД “ЖАНГАР” ХЭМЭЭХ НЭРИЙН УЧИР

Жангарын туулийн уг сурвалж болон жангар хэмээх нэрийн учрыг эрдэмтэд өөр өөрийн салбар шинжлэх ухааны үүднээс судлан тогтоох оролдлогыг хийсээр байна. Ялангуяа Жангарын туулийн уг сурвалжийн асуудал бол хэзээнээс нааш гадаад дотоодын олон арван судлаач эрдэмтдийн шийдвэрлэхээр оролдож ирсэн чухал асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Судлаачид туулийг үүсэн бүрэлдсэн цаг үеийн талаар XV зуунд үүссэн, XIII зуунд үүссэн, овгийн байгууллын үед үүссэн, эхийн эрхт ёсны үеийн зан үйлийн мөр, мэр сэр агуулсан байдаг гэх зэргээр түүхэн үйл явдлуудтай холбох зэргээр янз бүрээр тайлбарлах оролдлого хийсээр байна. Өнгөрсөн зуунд Жангар судлалаар ажиллаж байсан эрдэмтэд Жангарыг Ижил мөрний халимагуудын дунд үүссэн гэдэгтэй бараг санал нэг байсан бол ХХ зууны хоёрдугаар хагаст шинжаан зэрэг бусад монгол туургатны дундаас олдсон жангарын бие даасан хувилбарууд нь энэ саналыг бас ч гэж олон талаас нь авч үзэх нөхцөл шаардлагыг бий болгосон байна. Мөн туулийн үүсэл гарал, үндэс сурвалжийг тогтоон тодруулах олон янзын арга зүй боловсруулагдсан байдаг нь ч ажиглагддаг. Эрдэмтэд ихэвчлэн тухайн тууль дахь шашин шүтлэг, зан үйл, өв уламжлал, дэг ёс, ахуй байдал, үг хэл зэргийг ажиглан харьцуулж энэхүү цаг хугацааг тогтоохыг эрмэлзсэн байдаг байна.
Халимаг Жангарт: “Үхэлгүй мөнхийн оронтой, үргэлжид хорин таван насны дүрээр байдаг гэнэ, өвөлгүй хавраар, зунгүй намраар, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай байдаг бумбын оронтой. Тансаг богдын таван сая албат нь таван сарын газарт арай багтмаар буурилсан байдаг. Өл манхан цагаан уул нь газар тэнгэр хоёрын хүйс болоод, өглөө мандах нарны хөл дор манхайгаад байдаг. Өргөн шартаг гэдэг далай нь өрүү-сөрүү хоёр урсгалтай, өнгөтэй бадмын гэрэл гараад байдаг гэнэ. Энэ мэт сайхан бумбын орныг эзлэн суух нь эзэн богд Жангар хаан болж гарна.
Жангарын түшмэл болох шарын зургаан мянга арван хоёр баатар нь шатар болсон суврага байшинд шахалдалгүй далан дугуй гүйцээд суудаг. Суухлаараа мянган жилийн учрыг хэлэлцэн сууна.
Шарын зургаан мянга арван хоёр баатраас шалгарсан арван хоёр баатартай. Тэр арван хоёр баатрын дундаас богд Жангараас ч хүчтэй Арслангийн Араг Улаан Хонгор гэнэ. “Зуун жилийн зовлонг зогсолгүй үзэвч ядардаггүй, зургаан жилийн ташуур султгалгүй гүвдэвч гурван үгийг аймарч хэлдэггүй. Зоримог бие нь зургаан буман дайнд агар зандан модыг үндсээр нь булга татаж аваад, явганаар дайраад ордог баатар гэнэ.
Жангарын баатрууд дайлдаад дайсандаа дийлэгдэн алдахад араас нь гүйцэж ирсэн Хонгорыг эзэн богд Жангар ингэж магтаж угтана:
Номхноор магтсан
Хурдан цагаан идлэг /шонхор/ минь
Алтай дотроо алтан сайхан багана минь
Ногтлоод номхруулсан
Гарьдын хөвүүн минь
Түрэх дайсанд
Төмөр жадын үзүүр минь
Түмэн хонинд довтолдог
Түүхий улаан чоно минь! –гэнэ.
Ийнхүү баатар бүрийг магтаж болно. Бид Жангар нь 12 бүлэгтэй, Жангар 12 баатартай хэмээн хэлж заншсан байдаг . 18-р зууны дундуур Жангарын тууль үүнээс олон бүлэгтэй байсан байж болох талаар германы эрдэмтэн /аялагч ч гэдэг/ Б.Бергманы бичсэн тэмдэглэлээс дүгнэж болохоор байна. Түүний тэмдэглэсэн Жангарын нэгэн бүлэгт шилдэг 35 баатартай гэж өгүүлсэн байдаг. Үүнээс үндэслэн үзвэл жангарын тууль 35 биш юм гэхэд 12-оос хавьгүй олон бүлэгтэй байж болох тухай Халимагийн нэрт эрдэмтэн А.Ш.Кичиков санал дэвшүүлэн бичиж үлдээсэн байдаг.
Үүнээс үүдээд Жангарын тууль хэдий үед үүссэн бэ? Хэрхэн үүссэн бэ? гэсэн асуултыг дэвшүүлж болно. Гэхдээ энэ асуултынхаа хариултыг бид хаа нэгтэйгээс бус Жангар туулийнхаа дотроос эрж олох нь чухал юм. Эрдэмтэд ч мөн адил өөр өөрийн өнцгөөс энэхүү туулийг задлан шинжилж уг гарлыг тогтоохыг эрмэлзсээр ирсэн байдаг. Энэ талаар Халимагийн эрдэмтэн А.Ш.Кичиков тэмдэглэлдээ “Хянган гэдэг уулын нуруу дор, Далай нуур гэх их устай, олон голтой газар байгаа нь анхаарал татаж байна” гэсэн байдаг бөгөөд бумбын орныг монгол туургатны нутаглаж байсан өргөн уудам нутгаас олж тодруулах нь зүйн хэрэг гэж үзэн дүгнэсэн нэгэн оролдлого юм. Мөн Хонгор баатар тул загасыг армаараа сүлбэж, мориороо чирч гаргаж ирж буй нь маш эртний загас агнуурын арга бөгөөд түлэх түлээ, амьдрах сууц тэргүүтэн нь ч мөн эрт үе, мал адгуулж эхлээгүй үеийнтэй зохицож байгааг онцгойлон тодотгосон байна. Үүнээс гадна эхийн эрхт ёсны үлдэл Жангарын туульд энд тэнд мэр сэр гарч ирж буйг ч ажиглан тэмдэглэсэн байна. Бас ч гэж ураг төрөл бололцох зан үйлийн зүйлээс ажиглаж болох талаар өөрийн саналыг дэвшүүлсэн байна.
Харин монголын ахмад эрдэмтэн академич П.Хорлоо “Монгол туульсын гарал ба уламжлал, Парчин туульч” өгүүлэлдээ Академич Б.Ринчен нэгэн өгүүлэлдээ “Хан харангуй” туулийг машид эрхэмлэж, монгол туульсын хаан хэмээж байсныг эшлэн “ “Хан харангуй” туулийн туулийн дагалдаагаар “Гэсэр”, “Жангар”, “Бум Эрдэнэ”, “Дайны хүрэл” “Зул Алдар хаан” гэх мэт олон туульс залган гарч манай үед тууль хайлах уламжлал ба, бичигт тэмдэглэгдэн ирсэн арвин уламжлал байгаа билээ.” гэж дүгнээд туульст агуулагдаж буй домоглог шинж, үг хэллэг, зан үйл нь түүний хэдий үед зохиогдсоныг тодруулахад чухал үүрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна “Жангар туулийн гарлын асуудал” /1991/ өгүүлэлдээ “ “Догшин шар мангасын бүлэг”-т алдар Жангар зарлиг болгохдоо “Алтай дундаа алтан багана минь”, гэсэн байхаас гадна төгсгөлд нь “Дөчин дөрвөн оронд тууж болов” гэсэн байна энэ нь… “дөчин, дөрвөн” хоёр монголын түүхэнд холбогдоно… энэ түүхэн баримтаас үзэхэд Жангар нь Алтай, Хангай нутагтай дөчин дөрвөн монголчуудын дундаас үүсэн гарч бүх монголчуудын дунд түгэн дэлгэрсэн туульсын нэг гайхамшигт бүтээл” гэж үзсэн буй. Цаашлаад “Жангар тууль нь “Зул алдар хаан” туулиас эх авч хөгжсөн хэмээх Б.Я.Владимирцовын дүгнэлтийг дэмжээд, Жангарыг Зул Алдар Хааны жич болох тухай тэмдэглэсэн байна. Мөн жинхэнэ монгол хүний ахуй амьдралаас үйл явдал нь урган гарсан ба ойрад монголчуудын дундаас урган гарч нийт монголчуудын үгийн урлагийн гайхамшиг болон хөгжжээ хэмээсэн байна.
Манай нэрт эрдэмтэн түүхч Ч.Далай “Жангар судлалын зарим асуудал” өгүүлэлдээ: Баруун монголын ард түмэн “Жангар” туулийг бүтээсэн гол эзэд нь байх бүрэн үндэстэй гээд Жангарын тууль нь түүхэн баримт болж чадахгүй боловч Монголын нийгмийн түүхийг судлахад зарим талын үнэт хэрэглэгдэхүүн болох талаар дэлгэрэнгүй дурдаад Ховд аймгийн Булган сумын баруун хойт зүгт байх Бумбат хэмээх уулын тухай олон сонирхолтой баримтыг Жангар судлагч нарт дэлгэн тавьсан байдаг нь сонирхон үзүүштэй санал бөгөөд Бумбат нэртэй газар манай оронд зөвхөн үүгээр тогтохгүй олон байдгийг бас бодууштай юм.
Мөн Х.Пэрлээ “Жангарын нутаг хаана байна?” /1975/ бичил тэмдэглэлдээ: Жангар нь Монгол туургатны өргөн уудам нутагт тэр гэхийн тэмдэггүй тарсан хийгээд уг туулийн дотор энэ гээд барих түүхэн баримт бас үгүй боловч архивын баримт дотор “Засагт хан аймгийн түүх” нэрт баримт бичгийг үзэж байгаад Жангарын нутгийг шууд засан мэдээ олсон тухайгаа дурдан сийрүүлсэн байна. Уг мэдээнд “Халх Монголоос өрнөд зүгт Манж Чин улсын үед байгуулсан өртөөдийн тухай тоочин өгүүлэхдээ Ховдоос Гү-чэн хот 12 өртөө, Гү-чэн хотоос 10 өртөө явж Хашгарын хот хүрнэ, үүнээс цааш эзэн хааны бус этгээдийн орос , хасаг нутагламуй. Түүнээс цааш Жангар нарын нутаг болмуй” гээд энэ нь XIX зууны үед Халх монголын засагт хан аймгийн нутагт Жангар хэмээх нэрийг хэлэлцэж байсан нь нэг талаар Баруун монголд манжийг эсэргүүцэн гарсан Жангар гэдэг хүний тэмцэлтэй холбоотой болох, нөгөө талаар Жангар туулийн үүсэл нь Баруун монголоос гарч нийт монгол хэлтэнд дэлгэрсэн байж болох хоёр талтай талаар өгүүлжээ.
Үгийн гарлын талаар хэл бичгийн ухааны доктор, профессор судлаач О.Сүхбаатар хэлний талаас нь судлан бичсэн нэгэн өгүүлэл бидний анхаарлыг ихэд татаж байна. Тэрээр өгүүлэлдээ “Монгол туульчдын бүтээсэн оюун билгийн шигшмэл дээжсийн нэг болох жангарын тууль нь монгол туургатны дунд өргөн дэлгэрсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар энэ туулийг Халимагуудыг алтайгаас нүүхийн өмнө зохиогдсон гэдэг нь тун чиг үнэмшилтэй байж магадгүй. Энэ нь XV зууны үетэй холбогдож очно гэсэн үг юм” гэж тэмдэглэсэн байдаг. БНХАУ-ын эрдэмтэн профессор судлаач Т.Ринчиндорж “Жангарын үүсэн цаг үеийн тухай дахин өгүүлэх нь” гэх өгүүлэлдээ XV зуунаас XVII зууны эхэнд буюу Хо өрлөг Торгуудыг дагуулж Ижил мөрөн тийш нүүхээс өмнө бий болсон” гэж үзсэн байдаг. Энэ нь Ричнчиндорж монгол ардын баатарлаг туульсыг хөгжлийн гурван адил бус үеийг туулсан болох тухай өөр нэг өгүүлэлдээ хийсэн сонирхолтой дүгнэлтээс урган гарсан бололтой. Хэрэв энэ гурван үеийг баталгаатай үнэн гэвэл Жангарын тууль нь монгол туулийн дан тууль үүсэн бүрэлдсэн шатнаас түүний хөгжлийн угсарсан нийлмэл туулийн шатыг дамжин улмаар зэрэгцсэн нийлмэл тууль болж хөгжсөн байж таарна. Ингэж тооцвол их эрт үетэй холбогдоно. Ямар боловч энэхүү туулийн зохиогдсон хугацаа гэдгийг бүрэн баяжин боловсорсон тэр үетэй холбон үзэхэд дор хаяад таван зуугаад жил болжээ гэж хэлж болох бүрэн үндэстэй юм. Мөн 1991 онд цог сэтгүүлд хэвлэгдсэн “Жангарын буй болсон үндэсний соёлын эх сурвалж” өгүүлэлдээ “Жангар нь балар эртний баатарлагийн тууль биш, харин монголын феодалийн бутралын үед бүрэлдэн тогтсон том мөчлөг тууль гээд …ийм үед ойрадын туульчид өөрийн цаг үеийнхээ нийгмийн амьдрал тэмцлийг тусгахын төлөө балар эртний туулийн дайн тулааны сэдвийг ашиглаж, түүнд шинэ утга санаа оруулаад, бага хаадын улсуудын тэмцлийг тусган харуулсан дайн тулааны шинэ сэдэвтэй мөчлөг тууль “Жангар”-ыг зохиожээ” хэмээн хэд хэдэн зүйлээр тайлбарлан батлахыг эрмэлзсэн ба энэ санаагаа 1997 онд монгол улсад болсон “Төв Азийн тууль олон улсын симпозиум-их наадам”-д хэлэлцүүлсэн “Жангар хийгээд Манасын нийтлэг шинжийн тухай” илтгэлээрээ лавшруулан Кригизийн “Манас” туулийн үүсэл, байгууламж, гэр авалга ба дайн тулаан, баатруудын дүрслэл, туулийн доторх бөөгийн шашны дүрслэл зэргийг харьцуулсны үндэс дээр батлах оролдлого хийж байсан байна.
Унгарын Монголч эрдэмтэн Л.Лоренц 1968 онд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлэсэн “Жангарын туульс” номын шүүмжид “Жангарын туулийн уг гарлын тухай асуудлыг шийдвэрлэхэд ХХ зуунд монголоос Жангарын аман үлгэрийн хэсгүүд олдсоор байгаа ба тэдгээр нь халимагийн хувилбаруудаас өөр, ихэвчлэн биеэ даасан бүлгүүд байгааг онцлон тэмдэглэсэн” нь бас гэж Жангар туулийн уг гарвалыг ази руу эргүүлсэн чухал дүгнэлт болжээ.
Мөн Эрдэмтэн Ч.Бауден Жангар тууль дахь /1980/ цаг хугацааг нягтлан үзээд ойрадууд нэг үндэстэн болж бүрэлдэн тогтсон түүхэн тэр цаг үе буюу өөрөөр хэлбэл Ижил мөрний халимаг, хөх нуурын ойрадууд тусгаарлан салаагүй XVI зууны сүүлээр зохиогдсон гэж үзсэн байна.
Эрдэмтэн С.А.Козин ойрадын Жангарт дорнот европ, дундад азийн газар нутгийн нэр огтоос байдаггүй, харин бүх нэрийн гуравны нэг нь Алтайтай холбоотой байдаг ба ойрад монголын халимагийн Жангар нь агуулга, бүтэц хэв шинжээрээ ихээхэн адил байгааг дүгнэн ойрадын хүчирхэг холбоог тусгасан Жангар тууль нь XV зууны үед зохиогдсон гэж үзсэн байна. эрдэмтэн И.И.Попов ч мөн үүнтэй нэгэн санаатай байдаг. Буриадын нэрт эрдэмтэн Г.Д.Санжеев “Халимаг ардын Илиада” /1941/ өгүүлэлдээ: “Эрт үеэс XV зуун хүртэл өөрийн улсыг байгуулах гэсэн оролдлого, аймгуудын хоорондох зөрчил улам хурцдаж байсан түүхэн тэр цаг үед ойрадуудын дунд баатарлаг домгуудад “Жангар” гэдэг нэг гол баатар бусдаас ялгаран тодорч тэр бусад баатруудыг шахаж хэсэг бусаг салангид баатарлаг домгуудыг үзэл санаа, зохиомж, уран санаа, зохиомж, уран сайхны шинжээр нэгтгэн нэгэн цогцос болгосноор овог аймаг бүрийн баатарлаг домог нь ойрад аймгуудын нэг хэсэг Европ руу нүүхийн өмнө бүх ард түмний үзэл санаа, хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн үндэстний хэмжээний тууль болон хувирсан гэж дүгнэжээ. Энэ нь ч мөн л XV-XVI зууны үед үүсэн гэх үзлийг дэмжсэн хандлагатай байна.
Ийм санал дүгнэлтүүд цөөнгүй байснаас үндэслэн Жангар туулийн зохиогдсоны 500, 550 жилийн ойг Халимагийн нийслэл Элстэй хотод удаа дараа зохион байгуулсаар иржээ.
Жангар судлаач эрдэмтэн доктор Т.Баясгалан “Жангар туулийг судлах ажил 200 гаруй жилийн түүхтэй боловч эрдэмтэд түүний зохиогдсон газар нутаг, он цагийн асуудал дээр санал зөрүүтэй байдаг нь гайхах зүйл биш, ерөөс монгол туулийн хэв шинж, уран сайхны зүй тогтолтой холбоотой юм. Монгол тууль бол тодорхой түүхт явдал, түүхэн хүнтэй шууд холбогддоггүй, балар эртнээс уламжилсан тогтсон дэг жаяг, уран сайхны уламжлалын хүрээнд аль нэг бодит явдалд захирагдахгүйгээр хөгжин уламжилж ирсэн учраас их ярвигтай судлагдахууны нэг мөн.” гэж дүгнэн үзсэн нь бодож үзүүштэй саналуудын нэг юм. Мөн тэрээр “ТАХЬ ЗУЛ ХААНЫ ҮЛДЭЛ, ТАНСАГ БУМБА ХААНЫ АЧ, ҮЙЗЭН АЛДАР ХААНЫ ҮР, ҮЕИЙН ӨНЧИН ЖАНГАРЫН ТУУЛЬ ОРШИВ” /2013/ номынхоо өмнөтгөлд уг туулийн “Хонгорын гэр авалгын бүлэг”-т XIII зуунд нэлээд алдарч байсан “хүргэдээ талбих” ёсны тусгал байгааг ажиглан, “Жангарын туулийн үүсэл нь эртний овгийн байгууллын үед тавигдсан гэж болно. Жангарын туулийн үндсэн сэдэв баяжиж, олон бүлэгт тууль болоход XIII зууны үеийн монголын эзэнт гүрний түүхт явдал чухлаар нөлөөлж, нэгдэл нягтрал, баатруудын нөхөрлөлийн сэдвээр хөгжих үе нь феодалын бутралын үед хамаарна” гэсэн нь халимагийн нэрт жангар-судлаач А.Ш.Кичиковын саналтай үндсэндээ тохирч байна. Тэрээр “Жангар, Хонгорт хадмууд хайж, Замбал хааныд очиход Жангарыг маш сайнаар гийчлээд /дайлж цайлаад/, буцахад нь “Богд Жангар харихлаараа, надад үр болох хүүгээ ганц биеэр нь илгээгтүн” гэж хэлж буй нь манай сүүл цагт үгүй болж мартагдсан овгийн байгуулал /родовой строй/ гэж хэлэгддэг цагийн ёс” гэж тэмдэглэсэн байна. Ийм маягаар түүх, угсаатны зүйн баримт сэлтэд тулгуурлан судалсан судалгаа дээрх хэдээр тогтохгүй боловч энэ цаг үед бид Жангар хэмээх туулийг яг хэдий үед зохиогдсоныг шууд тодорхойлох боломжгүй ч гэсэн бүтэц байгууламж хэв шинжийг судалсан дээрх судалгаанааас үзэхэд ойрад түмэн салж холдоогүй ний нэгэн байхад зохиогдсон болохыг бүгд нотолж байна гэж үзэхэд буруудахгүй.
Харин Жангар судлалын харьцангуй сүүл үеийн бүтээлүүдэд Жангарын уг гарлын асуудлыг шинжааны эрдэмтэн судлаач Бу.Мөнхөө “Жангар” бол халимагийн хаан Аюукийн туульжсан дүр гэж үзэн олон арван түүхэн баримтаар батлахыг эрмэлзсэн бол мөн шинжааны эрдэмтэн Ба.Батжаргал “Жангар” бол Хүннүгийн Модун Шаньюгийн дүр хэмээн Хүннү гүрний тухай түүхэн сурвалжуудад тулгуурлан батлах оролдлого хийсэн нь жангар судлаачдын анхаарлыг татаж байгаа шинэлэг судалгаа болсон байна.
“Бас нэг талаараа энэхүү тууль маань хэлний баримт хэрэглэгдэхүүнийхээ хувьд XV зуунаас цааших үеийн хэлний элементүүд дайралдаж байгааг эрдэмтэд онцлон тэмдэглэсэн нь бий. “Энэ нь гол төлөв Жангарын туульд гарч байгаа баатруудын нэрийн өвөрмөц бүтцээс харагдана” хэмээн нэрт эрдэмтэн О.Сүхбаатар өөрийн өгүүлэлдээ эш болгосон байдаг бол монгол хүний нэр зүйн хөгжлийг гурван үе шатад хуваан үзсэн эрдэмтдийн саналд тулгуурлан Жангарын тууль дахь баатруудын оноосон нэрийн гарал, хэлбэр, бүтцийг нь энэ туулийн үүссэн цаг үетэй холбон үзэх асуудлыг БНХАУ-ын эрдэмтэн Жагарын онцлон үзэж “Жангарын тууль дахь баатруудын нэрийн зүйлд илэрсэн байдал нь монгол хүний нэр зүйн хөгжлийн тэргүүн шат, тухайлбал XIII зууны буюу түүнээс өмнөх үеийн онцлог ил тод харагдаж байдаг тул тэр нь Жангарын туулийн үүслийн цаг үеийг тодорхойлоход бас нэг талын баримт материал болох юм” гэжээ.
Тэгвэл “Жангар” гэх нэрийн гарлын талаар оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов “Жангар” гэдэг нэр бол “дэлхийн ноёрхогч” гэсэн перс үг, Халимагийн эрдэмтэн А.Ш.Кичиков “өнчин” гэсэн утгатай турк үг, монголч эрдэмтэн Павел Поух “Их дайн”, “адал үйл” гэсэн перс үг, БНХАУ-ын жангар судлаач эрдэмтэн Ринчиндорж “Жангар” гэдэг нь монгол аман ярианд байдаг “чадагч, найдвартай” гэсэн үг, Шинжааны эрдэмтэн жангар судлаач Т.Жамц “Жангар”, гэдэг нь “Чингис хаан” гэсэн үгтэй гарал нэг перс үг, академич П.Хорлоо “Жангар” гэдэг нь “Баатар Жанжин” гэсэн жинхэнэ монгол нэр үг гэх мэтчилэнгээр тайлбарлах оролдлого хийгдсээр ирсэн байна. Үүний зэрэгцээ зарим газар нутагт “Жангар” гэх нэр нь бүхий л туульсыг ерөнхийлөн нэрлэх нэр, “Жангарч” гэдэг нь ямар нэгэн туулийг хайлах эрдэмд суралцсан туульч хүнийг нэрлэх нэршил болон тогтсон тал байна.
Дэлгэрүүлбэл эрдэмтэн П.Поуха Жангарыг /1961/ ойрдуудын нийгмийн ухамсар өссөн, Зая Бандида тод бичиг зохион хэрэглэх болсон тэр үеийн уран зохиолын асар том дурсгалт бичиг бөгөөд “Жангар” гэх нэрийг “дэлхийг эзэмшигч” гэсэн перс үгнээс гаралтай. Жангар, Чингис гэдэг хоёр нэр нь зарим баримтуудаас үзэхэд ойролцоо үг болох нь мэдэгддэг. Энэ хоёр нэр нь хоёулаа богд хэмээх тодотголтой гэх таамаг гаргасан байна. Мөн “Бумба” хэмээх нэрийн талаар “…бунхан, булш, хөшөө, гүц, ваар зэргийн утгатай төвд үг бөгөөд “Жангар”-ын туульд “хөшөө, баримал” гэсэн утгаар байгаа гээд Жангарыг XIII зуунд үүсэн гэж үзжээ.
Эрдэмтэн Ц.Өнөрбаян ““Жангар” тууль дахь ӨНЧИН гэдэг үгийн гарал, утгын тухай” хэмээх өгүүлэлдээ “өнчин” гэдэг үгийн гарал, утгыг Жангарын туулиар жишээлэн хэлшинжлэлийн үүднээс судлан тодорхойлж “Монгол ардын үлгэр домог, туульд гардаг “Өнчин” гэсэн тодотголтой баатрууд нь өвчин тахал, дайн тулаан элдэв гашуун зовлонг туулж эсэн мэнд үлддэг үхэшгүй мөнх хүмүүс ажээ. Ийм ч учраас монголчууд өнө эртнээс “ӨНЧИН” хүмүүсийг хайрлан энэрч, дэмжиж тусалж өсгөж өндийлгөн шүтэн биширч ирсэн хүмүүнлэг энэрэнгүй уламжлалтай ажээ” гэж тодорхойлсон буй.
Мөн эрдэмтэн Ж.Лувсандорж “Гэсэр, Жангарт гардаг “БУМБА” гэдэг үгийн учирт” хэмээх өгүүлэлдээ: Гэсэр болоод Жангарын туульд гарч буй “Бумба” хэмээх нэрийг бумбын шашинтай холбож үзэн “…Жангарын туулийн эх нь Төвдөөс Бумбын шашин, түүний соёл дэлгэрсэн Хор орон буюу Амдо хавийн монголчуудын дунд анх гарсан болов уу” гэж үзсэн байдаг нь бас нэгэн шинэлэг санал бөгөөд тэрээр цааш нь гарал үүслийнх нь талаар “Ойрад монголчууд XIII зууны үед Тангадыг эзэлж өөрсдийгөө халимаг тангачи (тангад чи – тангач – тангадыг дайлагч нар) гэж нэрлэж байсан тэр үеэс, Монголд бумбын шашны нэгэн урсгал дэлгэрч байсан тэр үестэй холбоотой байх. … Бурхны шашин дэлгэрэхээс өмнөх Бумбын шашинтай Төвд Монгол ард түмний дунд анхны хувилбарууд гарсан байх” гэж үзжээ. Энэ нь Бумбын шашин нь Бурханы шашин мэт ертөнцөөс уйдахыг номлодоггүй, харин ч худал хуурмаг, мэх заль, алив урван тэрслэхийн эсрэг байлдан гавьяа байгуулан ертөнц дээр Бумбын жаргалаар амьдран жаргахыг мөрөөдсөн үзэл хандлагын үүднээс үүсээд, хожим шарын шашны нөлөөнд автаж “Бумба” хэмээх шашны нэр нь утга хувирган үндсэн утгаа гээж нэгэн сайхан жаргалант орны нэр болсон байж болох талаар нэмж тайлбарласан байдаг.
Ер нь Жангарын тууль олон газарт олон хувилбартай болсноос “Жангар” гэдэг нэр хүртэл Алтай, Тува, Буриад, Монголд ч олон янзаар хувирсан нь тухай тухайн газар орон өөр өөрийн мэддэг газрын нэрийг өмсгөсөн гэлтэй. Тухайлбал, Жахар хан /энэтхэгийн хаан/, Жанрайсиг /Мэлмийгээр үзэгч/, Жунгар /Зүүн гарын хаан/, Жахангир /Ертөнцийг байлдан дагуулагч/ гэхчилэнгээр нэрлэх буюу тайлбарлаж иржээ. Эдгээрийн зарим нь уг туулийн үйл явдал үзэл санаатай огтхон ч таарахгүй байхад зарим нь хожуу үед үүссэн хоёрдогч домогчлолын шинж чанартай байна. Уг нь оросын эрдэмтэн Заятуевийн дэвшүүлсэн “Жангарын нэрийн гарлыг м
онгол хэлний үгийн сангаас хайх нь зүйтэй” гэсэн саналыг харгалзууштай юм. Энэ саналыг доктор, профессор Д.Цэрэнсодном “Монгол уран зохиол /XIII-XX зууны эх/” номдоо ерөнхийдөө оновчтой санал хэмээн дэмжээд Жангар гэдэг нэрийг үгийн гарлын үүднээс нь авч үзэхдээ монголтой төрөл овог Алтай хэлний салбар аялгууны материалыг бас харгалзаж харьцуулах нь зүйтэй гэсэн нэмэлт хийжээ. Үүний жишээ болгож манж-хамниган хэлний аймагт хамаарах ороч хэлэнд “удирдагч, шүүгч, толгойлогч, ноён” гэсэн утга бүхий Жанги- Жангара гэдэг үгийг Жангарын нэртэй холбон судлахыг санал болгожээ. Мөн энэ нэрийг түрэг хэлний “өнчин, ор ганц” гэх буюу “ялагч, оройлогч гэсэн утгатай ч гэж үздэг байна. Аман зохиол судлагч У.Загдсүрэн “Аянан алдарт аялгуун Хонгор” /1978/ номдоо “чинггар” гэсэн төвд үг хэмээгээд үгчилбэл нэгд, “цагаан эсгий”, утгачилбал, “цагаан жанчит” буюу “цагаан хэвнэгт”, “цагаан нөмрөгт”, хоёрт, “уулын эзэн савдаг гэж үзжээ. Үүний зэрэгцээ перс, түрэг, хасаг, уйгар, ороч, монгол зэрэг дуудлага ойролцоо үгтэй холбон тайлбарласан нь элбэг үзэгдэнэ. Эдгээр саналуудаас “Уулын эзэн савдаг” хэмээх утгатай гэсэн нь ихэд сонирхолтой санал юм.
Жангарын туульд буй зарим баатрын нэр нь уулын нэртэй холбогдож байгаа нь санамсаргүй тохиолдлын зүйл биш бололтой. Тухайлбал орчлонгийн сайхан Минъян нь:
Мин гэгч уулаа хаяад
Мянган түмэн албатаа орхиод
Цогт цагаан хатнаа хаяад
Цусан улаан хүүхнээ орхиод бумбын оронд ирдгээр гардаг. Энэхүү Минъян нэрийг зарим судлаач төвд хэлний “эгшигт нэр” гэсэн үгтэй холбон тайлбарласан байдаг нь зөвхөн дуудлага хэлбэрийн төстэй байдалд тулгуурласан хэрэг юм. Угтаа Минъян нэр нь “Мин уул” гэсэн үг болно. Ян гэдэг нь түнгүс манж, нигедаль, нанай, эвенк зэрэг хэлэнд ихэд дэлгэрсэн “сарьдаг уул, мөнх цаст уул” зэрэг утгатай үг болно. Монгол хэлнээ янгир гэдэг үг нь эхэндээ “нүцгэн, өвс ургамалгүй” зэргийн утгатай байжээ. Энэ үгийг бүтцээр нь задалбал “Ян /сарьдгийн/ эзэн” гэсэн утгатай ажээ. Ийм д энэхүү үг нь авианы сэлгэцээр хөгжлийнхөө явцад “я”-нь “ж” /y-j-ийн сэлгэцээр/ жангар болж хувирсан байж болох үндэслэлтэй юм /О.Сүхбаатар/. Ийнхүү Жангарын туульд уул усны нэр их гардаг нь уул усаа эрхэмлэж, нэрийг нь өргөмжилж баатруудынхаа нэр болгосон байж болох юм” гэх зэргээр өөрийн саналыг Жангарын баатруудын нэрийн гарал болон түүнд агуулагдаж буй харь гаралтай үгст тулгуурлан батлахын зэрэгцээ “геологийн мэргэжилтэй хүн газрын хөрсний үе давхарга нас, олон зүйл эрдэс баялгийг шинжлэн тогтоодог шиг хэлний мэргэжилтэй хүн Жангарын хэл, үгсийн сангийн онцлогийг судалж цаг хугацааг нь бас тогтоож болно хэмээн төгсгөсөн байна. Иймдээ ч Жангарын тууль нь монголчуудын оюун ухаанаар цогцлон бүтэж улирсан түүхийн олон давхаргын соёл, бөөгийн хийгээд бурхны шашны нөлөөг хадгалж, эртний ёс заншил улбаа мөрийг үг хэлнийхээ утга, үйл явдлынхаа агуулгад нууцлан ирсэн чухамхүү газрын хөрсний олон давхрага шиг байна.
Б.Нанжид