СЭТГҮҮЛ, СЭТГҮҮЛЧ ХЭМЭЭХ ҮГИЙН ГАРАЛ БА УТГА

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд эрхлэн хэвлүүлсэн Монгол хэлний их тайлбар толь-д сэтгүүл хэмээх үгийг I.1. ямар нэгэн тусгай мэргэжлийн тухай юм уу ямар нэгэн асуудлын утга учир, чанар, байдал зэргийг олон нийтэд таниулах зорилготой тогтмол хэвлэл; 2. [хуучирсан] цаг үеийн байдлыг гаргах богино хэмжээний баримтат кино (https://mongoltoli.mn/) гэж үндсэн болон салаа утгыг нь тайлбарлажээ. Мөн II. цэргийн хэрэгт довтлох хүн (https://mongoltoli.mn/) гэсэн утгатай тохиолдоно. Тайлбар толь бичигт араб тоогоор үгийн үндсэн болон салаа утгыг, ром тоогоор ижил үгийг тайлбарладаг.
Н.Нансалмаа “тайлбар толь бичиг хэлний хөгжлийг харуулж, хэлний тухай шинжлэх ухааны мэдлэгийг журамлан, төрөлх хэлний хэм хэмжээ, бичгийн ба аман ярианы хэлний дүрмийг тогтоож, хэлийг шинжлэх ухааны хэрэглэгдэхүүн болох талаас тодорхойлж, толь хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж, түүний зөвлөгч, үнэнч туслах нь байх нийгмийн үүрэгтэй” (Нансалмаа, 2020, 2021: 32) гэжээ. Үүнд дурдсанаар тайлбар толь бичиг хэлний хөгжлийг харуулдаг. Монгол хэлний их тайлбар толь-д сэтгүүл хэмээх үг I. тогтмол хэвлэл, II. цэрэг гэсэн утгатай байгаагаас үзэхэд үгийн утгын хувьсал хөгжил тод томруун харагдаж байна.
Монгол хэлний ижил үг үүсэх олон арга буй. Үндсэн арга нь утга зүйн аргаар ижил үг үүсэх болой. 1717 оны Хорин нэгт тайлбар толь-д цэргийн хэрэгт довтлох хүнийг сэтгүүл хэмээмүй (Хорин нэгт тайлбар толь, 1977: 547) гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн цэрэг довтолгомуй хэмээхийг дайсныг дарсан баярын мэдээг дээр сонсгон айлтгахыг сэтгүүл довтолгомуй (Хорин нэгт тайлбар толь, 1977: 547) гэсэн байна. Үүнээс үзэхэд нь мэдээ хүргэгч цэрэг гэдэг нь сэтгүүл хэмээх үгийн анхдагч утга юм. Дайсныг дарсан баярт мэдээ хүргэгч цэрэг гэсэн утгаас улирч хувьсан, өдгөө тогтмол гардаг хэвлэлийг сэтгүүл хэмээх болжээ.
Хорин нэгт тайлбар толийн сэтгүүл хэмээх үгийн тайлбарыг орчин цагийн ойлголттой жишиж үзэхэд сэтгүүлч мэргэжилтэй тун ойр дүйж байна. Монгол бичгийн хэлний баримтад Mo. sedkülči “сэтгүүлч” гэж тохиолдох бөгөөд мэдээ хүргэгч цэрэг гэсэн утгатай сэтгүүл (Mo. sedkül) хэмээх язгуурт ажил мэргэжлийн утга илтгэх -ч (Mo. či) дагавар залгаж, сэтгүүлч хэмээх үг бүтжээ. Сэтгүүл цэрэг хэмээх үгтэй бүтцийн хувьд төстэй хэвтүүл цэрэг хэмээх үг бий бөгөөд МНТ §191: kebte’ül “хэвтүүл” гэж тохиолдоно. Энэ нь шөнийн харуул манаанд гарах шадар цэрэг юм. Түүнчлэн нэгэн содон баримт дурдахад Хорин нэгт тайлбар толь-д элдэв хэргийг мэдэх, дуулахыг сэтгэл хэмээмүй (Хорин нэгт тайлбар толь, 1977: 547) гэж тайлбарласан байдаг. Тэгвэл сэтгэл хэмээх үг ч үүнд холбогдох бөгөөд монгол бичгийн хэлний баримтад Mo. sedkil “сэтгэл”, Mo. sedkül “сэтгүүл” юм. Иймд дайсныг дарсан баярт мэдээ хүргэх цэргийг сэтгүүл хэмээж, түүнийг дуулж мэдэхийг сэтгэл гэдэг байжээ.
нийтлэлч Х.Гэндэнпил
Ном зүй
Нансалмаа, Н. (2020, 2021). Толь бичгийн бүтцийн утга ба толь зүй. Монгол судлалын мэдээлэл 1, 2 (62), (63), 31-48.
Хорин нэгт тайлбар толь. (1977). Хөххот: ӨМАХХ.