• 2025-05-05

Халх туулийн ул мөрийг эрсэн нь

 Халх туулийн ул мөрийг эрсэн нь

Халх туулийг орон нутаг, өв тээгчдээс тэмдэглэн цуглуулж, эмхлэн судлах ажил бусад монгол ардын туулсын судалгааны адил зуугаад жилийн өмнөөс эхэлжээ. Академич Б.Я.Владимирцов “Монгол ойрдын баатарлаг тууль”(1926) бүтээлдээ монгол туургатны туулийн тархацыг судалж үзээд, “халхчуудыг‘туульсын ул мөрөө мартсан юм уу, ер оргүй болсон гэж их бага алин боловч итгэлтэй хэлж болно’ гэж анх удаа тэмдэглэсэн нь эрдэмтдийн анхаарлыг их татаж, халхчууд туультай эсэх асуудлыг хөндөж гаргасан төдийгүй, харин ч халх туулийг сурвалжлан судлах ажлыг өрнүүлж өгсөн”[1] гэж үздэг билээ. Үүний дараагаар халх туулийг иж бүрэн, хам цогцоор нь нэгтгэн судалж, цуглуулан бүртгэх ажлыг эхлүүлсэн анхны эрдэмтнийг Орос-Америкийн монголч эрдэмтэн Николай Николаевич Поппе (1897-1991) гэж үздэг. Тэрээр “1926-1932 онд Монгол, Буриадын нутгаар аялан явж халх аман аялгуу, түүний дотор халх туулийг нарийвчлан судалж “Халх монголчуудын ардын аман бүтээл” (1932) эмхэтгэл хэвлүүлсэн байна. “Халх аялгууны онцлогийг тусган галиглан бичсэн уг цомирлигт шинэ цагийн болон ардын дуу, ерөөл магтаал, үлгэр тэргүүтнээс гадна 1927 оны 8 сарын 15-нд Хараа голын орчим нутагладаг лам явсан Банзрагчаас “Амаржаргал хаан”(31-42-ртал), “Эрийн сайн Эрэнчэн мэргэн” (58-94-ртал), 8 сарын 27-нд Амарбаясгалант хийдийн ойролцоо нутаглаж байсан Өргөөгийн шанздовын албанд бичээч байсан Намжилаас “Богд ноён Жагар хаан” (94-105-ртал), өөрийнх нь газарчнаар явж байсан, Улаанбаатарт амьдардаг Дагваас “Баян Боролзой хаан” (134-144-ртал), “Эрийн сайн Ягаандар”(144-156-ртал) гэсэн туулиудыг тус тус тэмдэглэн авч хэвлүүлсэн”[2] байна.

Эрдэмтэн Н.Н.Поппе 1937 онд халх туулийн судалгаандаа үндэслэн “Халха-монгольский героический эпос, Героический эпос Халха-монголов” нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлжээ. Номын “эхний бүлэгт монгол тууль үүсэн бүрэлдсэний уг эх нь “Монголын нууц товчоо”, Чингис хаантай холбоотой өгүүлэгддэг бичгийн дурсгалт бүтээлүүдэд агуулагдаж байдгийг нотлон бичиж удаах бүлэгт Монголын нэгдсэн эзэнт гүрний болон Юань гүрний үеийн нийгэм, улс төрийн бүтэцийн талаар тоймлон”[3] бичжээ.Энэ номын онцлогийн тухай эрдэмтэн А.Алимаа “Чухамхүү энэ цаг үед (XIV-XVII зуун) тал нутгийн овог аймгуудын толгойлогчийн дунд эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж энэ үед халх монголчуудын дунд баатарлаг тууль сонгодог хэв шинжээ олсон гэж дүгнэсэн байна. Гэхдээ халх тууль үүнээс ч өмнө нэн эртний цаг үе буюу эцгийн эрхт ёсыг өргөмжлөн дуулдаг эртний туулийн шинжтэй гэдгийг батлаад халх монголчуудын дунд үүсэн төлөвшсөн туулийн түүхэн хөгжлийг олон талаас нарийвчлан авч үзсэн билээ. Бүтээлийн гол хэсэгт халх туулийн агуулга, хэлбэр, зохиомж,  дүр дүрслэл, хэл хэллэг, шүлэглэл зүйг олон тооны халх туулийн жишээн дээр тодорхойлжээ. Тэрээр нэг туулийн агуулга нь бүрэн гүйцэд нэг эпизод (явдал) буюу баатар эрийн нэгэн баатарлаг үйлсийг өгүүлдэг төдийгүй хэд хэдэн ийм явдлууд өөр хоорондоо холбогдон гинжин хэлхээ үүсгэдэг онцлогийг дурдаж халх туулийн дүрүүдийг түүний туурвилзүйн бүтцийн онцлог болсон өгүүлэмжтэй нь холбон үзжээ. Ийнхүү халх туулийн баатруудыг туульд гүйцэтгэж буй үүргээр нь баатар эр, түүний эсрэг дүр, хулгайлагч, хор учруулагч, зөвлөгч, туслагч, өгөгч гэхчлэн ангилсан нь өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна. Түүнчлэн халх туулийн шүлэглэлзүйн зарчмыг монгол шүлгийн гол онцлогууд болох толгой холболт, эн зэрэгцүүлэл мөн хэмээн давхар батлан өгүүлсэн билээ”[4] гэжээ. Энэхүү номоос үүдэн халх туулийн судалгааг цааш сурвалжлан баяжуулж болох өргөн бололцоотой нь батлагдсан юм. Сайтар шинжилж үзвэл халх туульд тооцон үзэж болохуйц олон бүтээл бусад эмхэтгэл, номуудад багтсан байдаг ажээ. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиолын хөмрөгт халх туулийн олон эхүүд хадгалагддаг байна. 1967 онд хэвлэгдсэн “Халх ардын тууль” номд мэдээлсэнийг үзвэл халхын аль ч нутагт баатарлаг тууль олон, тархац элбэгтэй байсан аж. Жишээ нь “1966 онд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажилласан ардын аман зохиол, аман аялгуу судлах хам шинжилгээний анги урт, богино баатарлаг тууль дөч гаруй, элдэв төрлийн үлгэр нэг зуун далаадыг цуглуулсан байна. Бас говийн халхаас 1961 онд баатарлаг явдлын тууль ес, ид шидэт явдлыг голчилсон тууль нэг, аж байдлын зүйл голчилсон тууль нэгийг тус тус цуглуулжээ”[5] байна. Энэ номд мөн халхаас олдсон туулиудад энд тэндээсээ орхигдсон гэмээр, эсвэл маш том туулийн эхлэл, хэсэг мэт хэлбэр, зохиомжийн онцлогтой байсныг өгүүлсэн. Профессор Д.Цэрэнсодном “Монгол туулийн судлалын өнөө үеийн зонхилох бүтээлүүд нь зөвхөн баатарлаг туулийн хүрээнд л эргэлдсээр байгаа юм…Энэ нь XX зууны үед уламжлан ирсэн монгол туулийн олдоц, эх хэрэглэгдэхүүнтэй холбоотой юм. Хэдийгээр баатарлаг туулийн төрөл бидний үед бараг дангаар давамгайлж байгаа хэдий ч орчин үед ам болоод бичгээр уламжлан ирсэн туульсын зохиолыг нарийвчлан шинжилбээс эртний домог-туулийн ул мөрийг хадгалсан буюу адгуусны туулийн бодит баримт гэж үзмээр жишээ бас ажиглагдаж байдгийг хэлэх хэрэгтэй”[6] гэсэн саналыг дэвшүүлсэн.

Халх туулийн үүсэл хөгжил

Монгол аман билгийн хосгүй өв, үндэсний уламжлалт утга зохиолын сонгодог бүтээлийн нэгэн бол тууль юм. Монгол ардын баатарлаг туульс бол олон үеийн турш өвлөн бүтээсэн уран сайхны давтагдашгүй соёл бөгөөд язгуур зан үйл, ардын яруу найраг, дуу хөгжмийн цогц дурсгал билээ. Монгол баатарлаг туульс нь дэлхийн бусад туульстай эртний шүтлэг, шашин мөргөл, түүхчлэн хүүрнэх домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний нийлэг байдлаараа төсөө боловч хөгжмийн аялгуунд хамсран өгүүлэх, туульчийн уран чадвар, хайлах зан үйл, өвөрмөц уламжлал зэргийг шингээсэн нийлмэл урлагийн шинжээрээ онцлогтой. Хамгийн онцлууштай чанар нь туульч буюу өвлөгч бүрийн хайлах онцлог, уран сэтгэмж, үгийн баялаг, хөг хэмнэл давтагдашгүй байдагт оршино. Туулийг хайлах урлаг нь “зөвхөн туулийн шүлгийг цээжлэн унших нэр биш, зохиолын үйл явдлаар амьдарч баатруудын дүрд хувилан, туулийн ур, ухаан хоёрыг амилуулах эрдэм шүлэглэн өгүүлэх, дуулан хөгжимдөх уран чадвар билээ. Тиймээс тууль хайлах урлагийг нэгэн жүжигчний театртай зүйрлэдэг нь тохиолдлын адилтгал бишээ. Яруу шүлэг, уянгалаг аялгуу, хөгжмийн эгшиг нь туульчийн дүрд нэгэн цогцос болж үзэгчдийн нүднээ амилж, сонсголд урган сэтгэлд оюунд нэвтэрдэг[7] байна.

Халх тууль нь Төв Ази, Монгол туургатны туулийн нэгэн гол салбар бүхий бүрэлдэхүүн бөгөөд дэлхийн туулийн санд томоохон байр эзэлдэг. Буриад, Дөрвөд, Захчин, Монгол Урианхай, Баяд, Халх, Торгууд, Халимаг туулиуд нэгдэн нийлж хүн төрөлхтний соёлын өв санд ижилгүйд үнэлэгддэг монголын сонгодог туульсын өв уламжлалыг бүрдүүлдэг билээ. Халх туулийг монгол түмэн олон зуун жилийн турш өвлөн тээж ирсэн агаад ойрад, буриад зэрэг бусад монгол угсаатны томоохон туулиудтай хэв төрх, эх хувилбаруудаараа нэгдэн айлсаж цогц тогтолцоог үүсгэдэг. Үүнийг нэгэн жишээгээр батлан өгүүлье.

Амьд уламжлал, аман яруу найргийн гайхамшиг

“Жангар хайлмаар газар санж”. Энэ үг тууль дотроо буюу “Жангар” туулийн сонгодог хувилбар болох Халимагийн 26 бүлгийг(Доктор Т.Дүгэрсүрэнгийн хөрвүүлж, эмхэтгэсэн) уншихад лавтай хоёронтоо тааралддаг юм. Тааралдахдаа хоёул Араг Улаан Хонгор баатартай холбоотой өгүүлэгддэг. Өвс, усаар тааруухан газар нэгэн өнчин хүүг даган явахдаа Хонгор араас нь ийн хэлдэг бол, нөгөө нь дэлгэрэнгүйгээр Хонгорын гэрлэсэн бүлэгт:

“Манхан богдын ач

Манхжаан Мал Цагаан гэдэг бөх

Таван зуун хүүгээ дагуулаад хүрээд ирсэн байна.

Таныг Жангар хайлагтун гэв.

Өөрийнхөө ар талынхнаа магтаж

Дуултугай гэв…

Үүр цайтал Жангар хайлуулаад

Маргааш нь мянган шар толгойт хонь

Жангарчийн шан гээд туулгаад явуулав[8]хэмээн “Жангар” дотроо Хонгор баатар “Жангар”-аа хайлж буй үнэхээр содон хэсэг юм. Энэ хоёр өгүүлэмж, баримтаас харахадтууль хайлах нь зөвхөн үгийн урлаг, гоо сайхны ач холбогдолтой төдийгүй шүтлэг бишрэлтэй уялдах зан үйлийн цогц үзэгдэл бүхий соёл, сэтгэлгээ болох нь харагдана. Цаашилбал дээр өгүүлсэн бүлэгт хожгор хөвгүүнд хувилсан Хонгор харийн хааны өргөөнд морилон өөрөө “Жангар”-аа хайлж, алдарт ноён Жангар, арван хоёр баатар, Араг Улаан Хонгор гэхчилэнгээр магтан хэлэн байхдаа өөрийн эрхгүй омогшин босч ирээд:

Энэ үеийн хүн болчихоод

Надад халддаг бол

Яана тэр улс” гэж хэлээд

Халаад хашгирсан дуунд нь

Шил гарьд байшин дайвалзав” гэж уншиж, сонссон хэн ч бахдан биширмээр уран сайхан өгүүлдэг. Энэ бол “Жангар” тууль хичнээн амьд уламжлалтай, үе залгамжтай түүхэн санамжит туурвил болохыг илтгэх гойд илэрхийлэл, яруу хүүрнэхүй мөн. Энэ санаа жүжгийн төгсгөл дэх хүүгийн ээждээ амлаж буй “Жангарч болно оо” гэдэг үгийн утгын цуурай зохиолч, найруулагчийн оюунлаг шийдлээр тодорч байгааг таньж болно. Гэтэл,

Халх ардын “Алтан гургалдай” туульд Алтан гургалдай хаан баруун хойд зүгийн Бидэр хар ноёныг дайлахаар мордохуйд адууны Агсалдай өвгөн нэхэн гүйцэж ирээд:

Цэцэн гоо дагина хатан

Хөл хүндтэй байна шүү

Хүүхэд гарахаар нь

Ямар нэр өгөх вэ? гэж

Хэлэв гэнээ.

Хүү гарвал

Гэсэр, Жангар

Нэрийг өгөөрэй

Хүүхэн гарвал

Өөрсдөө мэдээрэй гэж

Хэлэв гэнээ[9] гэж өгүүлдэг. Энэ сонирхолтой баримтаас харахад халх болон ойрадын баатарлаг туулиуд нь үүсэл гарал, хөгжил өөрчлөлтийн хувьд үндэс уламжлал нэгтэй, агуулга хэлбэрийн уялдаа холбоо багагүй буйг илтгэж байна.

Халх туулийн соёлын болон уран зохиолын ач холбогдол, өв уламжлал

Түүхийг баатарлагаар хүүрнэхүй

Дэлхийд цуутай эзэнт гүрэн байгуулсан түүхэн улбаатай, хүчирхэг “үндэстэн-улсуудад” л баатарлаг туульсын бүтээлийн уламжлал хадгалан үлдсэн болох нь өдгөө нэгэнт тодорхой болжээ.Учир нь Эртний Грекийн “Илиада”, “Одиссей”, эртний Ромын “Энейн дуулал”, Энэтхэгийн Мхабхарата, Англий Биовүлф, Францын “Роланд баатрын дуулал”,Оросын “Игорын хорооны тууж”, Испанийн “Сидийн дуулал”, Германы “Нибэлүнгийн дуулал”, Италийн “Тэнгэрлэг туульс” тэргүүт бүтээлүүд нарратив мэдлэгийн баялаг өгүүлэмжээрээ түүхэн хийгээд уран сайхны сонгодог бүтээлүүд болох нь батлагддаг. Товчхондоо “тууль буюу олон улсын хэллэгээр “Эпик” нь тухайн үндэстэн бие даасан хэл, утга зохиолтой эсэхийн үндсэн шалгууруудын нэг. Эртний туульсад ертөнцийн үүслийн домгоос эхлээд хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний үр хөврөлүүд агуулагдсан байх тул тухайн үндэстний хэл соёлын хэр эртнийх, хэр хүчирхэг гэдгийг туульсаар нь дамжуулан тэмтэрч ирсэн[10] байна.

[1]“Халх ардын тууль”. УБ., 1991, 4 т.х

[2]“Халх тууль”. УБ., 2013, 5 т.х

[3]“Халх тууль”. УБ., 2013, 6 т.х

[4]“Халх тууль”. УБ., 2013, 6 т.х

[5]“Халх ардын тууль”. УБ., 1967, 3 т.х

[6]Д.Цэрэнсодном “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг . УБ., 2012, 579-580 т.х

[7]С.Лувсанвандан “Түүвэр зохиол-VI”. УБ., 2002, 184 т.х

[8]“Жангар” (Халимаг хэлнээс хөрвүүлж, эмхэтгэсэн Т.Дүгэрсүрэн). УБ., 2000, 371-373 т.х

[9]“Халх тууль”. УБ., 2013, 39 т.х

[10]http://time.mn/gd7.html