НЭГЭН ЗУРГААС ҮҮДСЭН ТҮҮХ

Энэ бол хувьсгалын өмнөхөн Эрхүүд дарсан ховор түүхэн гэрэл зураг бөгөөд европын боловсрол эзэмшсэн хамгийн анхны Буриад сэхээтнүүдийг дүрсэлжээ. Тэдний хувцас, үс засалт, байрлал, нүдний харц нь үүнийг илтгэнэ. Энэ зурагт байгаа хүмүүс бүгд монголын ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбогдсон нь хачирхалтай
Тиймээс л энэхүү зургийг судлаачид анхаарахгүй өнгөрч чадаагүй хэрэг. Учир нь уг зурган дээрх хүмүүс хэтэрхий алдартай нь сонирхолтой. Тэднийг хамгийн анх зохиолч, угсаатны зүйч Сергей Балдаев тодорхойлсон бөгөөд тэрбээр өөрөө ч энэ гайхалтай үеийнхэнтэй нэгэн зэрэг төрж, эдгээр хүмүүсийг биечлэн таньдаг байв. Өнөөдөр түүхч Галина Мададаевагийн гүйцэтгэсэн уг зургийн талаарх судалгааг хүргэж байна.
Зураг дээрх хүмүүс:
Зүүнээс баруун тийш: Николай Тарасович Данчинов, Варвара Владимировна Вампилова, Никита Фёдорович Бутуханов (Эрдэнэ Батхаан), Мария Петровна Трубачеева, Фаина Трофимовна Трубачеева, Элбэк Доржи Ринчино.
- Николай Тарасович Данчинов
Тэрбээр Иркутскийн губерний Балаганы аймгийн Зунгар угсааны Одисын хошуунаас гаралтай. 1905 оны хувьсгалын үед Иркутскийн баррикад дээр байлдаж байсан. Бохан, Аларь, Түнхэнд багшилж, Санкт-Петербургт Чернявскийн дээд курсэд суралцсан. 1913 оноос Монголд консулийн сургуульд багшилж, “Сибирь” сонинд нийтлэл бичдэг байв.
Тэрбээр Монголын ирээдүйн удирдагч Чойбалсангийн анхны багш байжээ. Гэвч 1914 онд Өргөөд хаант засагтнуудын гарт алагджээ. Мөн түүний энэ хэргийн мөрдөн байцаалтыг явуулж байсан ах Исай Данчиновыг мөн буудаж хөнөөжээ.
Сергей Балдаевын бичсэнээр:”Николай Данчинов Оросын Социал-Демократ Ажилчдын Намын (РСДРП) гишүүн байсан бөгөөд Монгол дахь орос иргэдийн дунд намын байгууллага байгуулахыг зорьж байжээ. Энэ ажлыг амжилттай эхлүүлж, Оросын элчин сайдын яамны ажилчдаас бүрдсэн бүлэг байгуулсан. Гэвч энэ нь хаант засгийн дэмжигчдэд мэдэгдэж, тэд Данчиновыг устгахаар шийдсэн байна. Үүний тулд Монголд Агаас оргон ирсэн Абидуев хэмээх нэгэн баян тариачныг ашиглажээ.”
Данчинов нэгэн өдөр Жамсаранотой хамт хооллох гэж байхдаа цэцэрлэгт сонин уншиж байхад нь Абидуевын эхнэр уйлж ирээд нөхрийнхөө талаар гомдолложээ. Данчинов түүнтэй ярилцаж байхад Абидуев гэнэт гарч ирж, эхнэрээ цохиод, улмаар Данчиновыг буудаж хөнөөсөн байна. Үүний дараа Буриадууд Оросын элчин сайдад хандан Абидуевыг шүүж өгөхийг хүссэн ч ямар ч арга хэмжээ аваагүй юм. Удалгүй Данчиновын ах Исай энэ хэргийг мөрдөж эхэлсэн боловч мөн л алагдаж, хэрэг явдал замхарсан байна.”
- Варвара Владимировна Вампилова
1888 онд Аларьд төрсөн. Түүнийг 17 настай байхад нутгийн 12 настай хүүхэдтэй гэр бүл болгохоор шийдэн шахсан ч зугтан гарсан. Иркутскийн фельдшерийн сургуулийг төгсөөд Агын тойрогт гурван жил ажиллаж, анхны эмнэлгийг байгуулжээ. Үүний дараа Санкт-Петербургт гурван жил суралцаж, 1913 онд Забайкальд эргэн ирсэн. Улмаар Жамсараногийн гэргий болж, Өргөөд хижиг тахалтай тэмцэхээр очсон ч өөрөө халдвар авч, 1914 онд нас баржээ.
- Никита Фёдорович Бутуханов (Эрдэнэ Батхаан)
Тэрбээр Монголын Боловсролын сайд, Монголын Түр Засгийн газрын нарийн бичгийн дарга, МНР-ын анхны Боловсролын Ардын комиссар байсан.Тэрээр 1929 онд Зөвлөлт рүү буцаж, Москва, Ленинград хотод ажиллаж байгаад 1937 онд баривчлагдан, 8 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. 1942 онд Вятлагийн шоронд нас баржээ. Гэсэн ч 1956 онд түүнийг цагаатгасан байна.
- Мария Петровна Трубачеева
Түүний талаарх мэдээлэл тодорхойгүй бөгөөд зарим судлаачид үүнийг Трубачеева Ульяна Афанасьевна гэж үздэг. Тэрбээр Боханых бөгөөд Иркутскийн эмэгтэйчүүдийн гимназийг төгссөн. Улмаар 1914 онд Бутухановтой гэрлэж, Монголд очсон бөгөөд тэндээ насан туршдаа багшилжээ.
- Фаина Трофимовна Трубачеева
Иркутскийн фельдшерийн сургуулийн оюутан байсан бөгөөд суралцаж байхдаа казак офицер Мелентьевтэй гэрлэжээ. Тэрээр Куйтун тосгонд амьдарч байгаад залуудаа нас барсан.
- Элбэк-Доржи Ринчино (1889-1938)
Баргажины Хилгана улсад төрсөн. Санкт-Петербургийн Их Сургуулийн хуулийн факультетэд суралцсан. Тэрээр 1917 онд Буриад-Монголын Үндэсний Хорооны дарга, 1921-1925 онд Монголын Ардын Армийн Хувьсгалт Зөвлөлийн даргаар ажиллаж байв. Гэвч 1938 онд “ард түмний дайсан” хэмээн буруутгагдан цаазлагдсан бөгөөд 1957 онд цагаатгагджээ.
(Абидуев хэрхэн Данчиновыг буудсан бэ? гэх нэртэй Буриадын “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг товчлон хүргэв.)
Эх сурвалж: Александр Махачкеев
Гэрэл зураг: В.В. Вампилова