• 2025-05-04

Операция «Улусы»: за что в 1943 году Сталин депортировал калмыков

 Операция «Улусы»: за что в 1943 году Сталин депортировал калмыков
ЗХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХАЛИМАГУУДЫГ СИБИРЬ РУУ НҮҮЛГЭСЭН НЬ

Эх орны дайны үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдээс И.Сталиныг эсэргүүцэн, германы талд орогсод зөвхөн халимагууд байгаагүй, Кавказын угсаатнуудын ихэнх нь Германчуудыг дэмжиж байсан юм. И.Сталин энэхүү бага ястан ард түмнүүдийн урвалтыг тэднийг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аятай шалтаг олдов хэмээн үзэж, “… халимаг, чечен, ингуш, карачай, балкар, крымийн татар, герман, турк, финланд, солонгос гэсэн 10 урвагч ард түмэн гарлаа” гэж зарлан, амьдарч байсан газар нутгаас нь албадан гаргаж, хүйтэн Сибирь, халуун Дундад Азийн нутагт тарааж цөлөхөөр шийдсэн аж. Энэ ажиллагаа дараах байдлаар явагджээ. Үүнд:

Германы тагнуул гэсэн хэргээр 1942 оны өвөл 1120000 германыг Сибирь болон Казакстанд цөлсөн, 1943 оны 11 –р сарын 4-нд Карачевуудыг цөллөгт явуулснаар Халимагуудын ээлж ирсэн юм.

 

Халимагуудыг цөллөгт явуулах асуудлыг авч хэлэлцсэн нь:

Халимагуудыг нүүлгэхэд шаардлагатай мэдээллийг Зөвлөлтийн тагнуулч Л.Берия Халимагт газар дээр нь ажиллан, Сталинд мэдээлж[1] байв. 1943 оны 8 –р сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцжээ. Тэд Халимагуудыг “Эх орноосоо урван улаан армийн эсрэг зогссон, фашистын армийн замаас нүүлгэн шилжүүлж байсан мал хөрөнгийг булаан дээрэмдэж, фашистын цэргүүдэд хүнс залгуулсан, Зөвлөлтийн коммунист үзэл санаанд үнэнч иргэдийг фашистын цэрэгт барьж өгч тушаасан, фашистын цэргийг хөөсний дараах Зөвлөлтийн бүтээн босголтыг эсэргүүцэж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан” гэх зэргээр буруутган тэднийг амьдарч байгаа Ижил мөрний сав нутгаас нь албадан гаргаж, Сибирьт цөлөх нь зүйтэй гэж үзсэн. Батлан хамгаалах хорооноос гаргасан энэ шийдвэрийг 1943 оны 10-р сард И.Сталин баталжээ[2]. НКВД (Дотоод Хэргийн Ардын Комиссариат) –ийн орлогч дарга Иван Серов халимагуудыг албадан нүүлгэх ажлын бэлтгэлийг хангахаар Элиста хотод 1943 оны 10-р сарын 27-нд ирсэн байна. Тэрээр ирсэн даруйдаа хийсэн хурал дээрээ халимагуудыг нүүлгэх асуудлыг танилцуулахад намын гишүүн халимагуудыг нүүлгэх эсэх тухай асуулт гарч байжээ. Энэ асуудал нь нууцын зэрэглэлд байсан учраас дахин сөхөгдөөгүй байдаг. Генерал И.Серов бэлтгэл ажлын хүрээнд халимагуудыг албадан нүүлгэх төлөвлөгөө боловсруулан, Халимагийн газар нутгийг хэсэгчлэн хувааж, хэсэгт бүрт ажиллах Дотоод Хэргийн Ардын Комиссариатын төлөөлөгчдийг томилж, шаардлагатай цэргүүдийн тоог гаргах, албадан гаргаж буй халимагуудыг төмөр замын өртөөнд хүргэх авто машины тоог гаргах, тэднийг Сибирь руу тээвэрлэх төмөр замын маршрутыг тогтоох зэрэг ажлуудыг хийв. Энэ үед Дотоод Хэргийн Ардын Комиссратын өөр нэгэн орлогч В.В.Чернышов Москва, Алтай, Красноярск, Омск, Новосибирскийн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын төлөөлөгчидтэй уулзалт хийж[3], халимагуудыг дээрх газар нутгуудад хэрхэн суулгах асуудлыг хэлэлцжээ.

1943 оны 12 –р сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгч И.Сталины тамга дарсан зарлигт, Зөвлөлтийн дээд шүүхийн дарга М.Калинин, дээд шүүхийн нарын бичгийн дарга А.Горьки нар гарын үсэг зурсан[4] байдаг. Уг зарлигт зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, газар нутгийг нь Астрахань, Сталинград, Дагестан, Ростов, Ставропол мужид хуваан нэгтгэх, Элста хотын нэрийг Степной болгон өөрчилж, тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан эх нутгаас нь албадан гаргаж, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутгуудад цөллөж, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Халимагуудыг албадан нүүлгэх ажлыг албан ёсоор тодорхойлсон Ардын комиссаруудын хурлын шийдвэр, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчдийн газрын СНК СССР № 1432/425сс тоот тогтоолыг 1943 оны 12-р сарын 28-нд баталж, Вячеслав, Молотов нар гарын үсэг зуржээ.

Ийнхүү халимагуудыг төрөлх нутгаас нь албадан гаргаж Сибирьт цөлөх баримт бичгүүд хүчин төгөлдөр болоход Халимагт ч шаардлагатай бүх бэлтгэл хангагдаад байв. Эдгээрийг авч үзвэл, элдэв эсэргүүцэл гарахаас сэргийлэн 10,000 гаруй цэргээр Халимагийн хот, тосгон, сууринуудыг бүслүүлснээс гадна Дотоод Хэргийн Ардын Комиссратын 4421 төлөөлөгч, 1226 цэрэг, 1355 ачааны машин бэлтгэж[5], ажиллагааг бүхэлд нь Иваново мужийн Дотоодыг Хэргийн Ардын Комиссратын дарга, Улсын аюулгүй байдлын хошууч генерал Маркеев хянаж байв. Элиста хотод л гэхэд цэргүүдээс гадна 4 их буу, 18 миномёт, 116 хүнд хөнгөн пулемёт бүхий зэвсгийг бэлэн байдалд оруулсан[6] байжээ. Халимагуудыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг генерал И.А.Серов өөрийн биеэр хоёр удаа ирж шалгасан байна.

 “Улус” ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн нь

Халимагуудыг Ижил мөрнөөс нүүлгэн цөлөх ажиллагааг нууцлан “Улус” хэмээн кодолсон байдаг. Шийдвэр эрх зүйн хувьд бүрэн баталгаажсан 1943 оны 12-р сарын 28-ны өглөө халимаг айл бүрт Дотоод Хэргийн Ардын Комиссратын төлөөлөгч цэргүүдийн хамт очин хаалгыг нь балбаж, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсан байна. Энэ үед Халимагт зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, тахир дутуу болон дайнаас шархдан ирэгсэд байв. Орос цэргүүд уг тушаал зарлигийг уншиж танилцуулахад ямар учраас хөөгдөж байгаагаа мэдэх орос хэлтэй хүмүүс цөөхөн байв. Тэдний ихэнх нь юу ч гэсэн Калинний гарын үсэгтэй тушаалаар л хөөгдөж байгаагаа мэдэж байсан[7] гэдэг. Нэг айлд Дотоод Хэргийн Ардын Комисратын төлөөлөгч хоёр цэргийн хамт очиж байсан бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй нэг ийм баг гурван айлыг нүүлгэх үүрэг хүлээж байжээ.

Тус бүлэг нь эсэргүүцсэн хүмүүсийг баривчлах эрхтэй байв. Нүүлгэлт эхлэхээс өмнө эсэргүүцэл үзүүлж болзошгүй 700-аад хүнийг баривчилсан байдаг. Халимагуудын амьдарч байсан гацаа тосгон, хот айл бүрийг алсуур бүсэлсэн улаан цэргүүд зугтаж магадгүй гэсэн гуу жалга, зам бүр дээр отолт зохион байгуулж гурван цаг тутам ээлж солигдон, харуулд гарч[8] байжээ. Отолтын нэг бүлэг нь хяналтын цэгт байрлах 4, отолтод гарах 3, эргүүлийн 2, харуулын 2 нийт 11 хүнээс голдуу бүрэлдэж байв.

Нүүлгэх ажиллагаа 1943 оны 12 –р сарын 28-аас 12 –р сарын 31-ний хооронд явагдаж, Б.З.Кобулова, И.А.Серова нар гардан зохион байгуулжээ.

Халимагуудыг албадан нүүлгэх ажлыг хэрхэн явуулахыг Дээд шүүхээс гаргасан зарлигт:

  • өрх бүр 12 цагийн хугацаанд бэлтгэлээ хангах;
  • 500 кг хүртэлх хувийн эд зүйлсээ авч явж болно;
  • гэр бүлийн хүмүүс хамтдаа нэг машинд сууж явна;
  • үлдсэн мал, хөрөнгө, хогшлыг данслан авч тэдний очсон газрын хамтралын эд хөрөнгөөс дүйцүүлэн олгох;
  • очсон газарт нь тохирох ажил хөдөлмөрөөр хангах;
  • Халимагийн нутагт амьдарч байгаа халимаг бус үндэстнүүд болон тэдэнтэй гэр бүл болсон халимаг эмэгтэйчүүдийг үлдээх[9] тухай дурдсан байдаг.

Гэхдээ “Улус” ажиллагаа бодит байдал дээрээ цаасан дээрх тушаалаас нэлээн өөр байв. Тэднийг арван таван минутад бэлтгэлийг нь хангуулан таван килограмм ачаа авч явахыг зөвшөөрч байв. Цэргүүд халимагуудын гэр байшинд нэгжлэг хийж, галт зэвсэг, Зөвлөлтийг эсэргүүцсэн ном зохиолууд, гадаад валютыг хураан авч, 750 гаруй халимагийг “хорлон сүйтгэх бүлэглэлийн гишүүн”, “Зөвлөлт засгийн эсрэг этгээд” хэмээн баривчилж, халимагуудтай гэрлэсэн өөр үндэстний эмэгтэйчүүдийг ч цөллөгт явуулсан байна. Ийнхүү үүр шөнийн заагаар дайчлан гаргаснаар халимагчуудын гэрт цай нь тогоон дээрээ буцлан, хоттой хонь, үхэр нь майлан, мөөрөөлдөж хоцорчээ.

Халимагуудаас цаасан мөнгө болон алт, үнэт эдлэл зэргийг нь хураан авахыг хориглосон боловч тушаал гүйцэтгэгчид тушаалыг гуйвуулан мөнгө үнэт эдлэл зэргийг хураан авч хувьдаа завшиж[10] байв. Энэ тухай:

… Манайд ирсэн цэргүүд эхлээд манай гэрийг нэгжсэн. Тэд фронт явсан оюутан ахын хувцастай чемоданыг онгойлгон шинэхэн костюм, нэхмэл цамц, усан цэргийн дүрэмт хувцас, гутал зэргийг нь өөртөө авсны дараа одоо авч явах юм аа бэлдэцгээ гэсэн.

… Манайд ирсэн хүмүүс германчуудын хамсаатан учир та нарыг Сибирь руу нүүлгэж байна гэсэн. Ээж юун германы хамсаатан бэ? Би герман хүнийг нүдээрээ ч хараагүй шүү дээ гэсэнд. Хурдан юм аа бэлдэхгүй бол нүцгэн хөөж явуулна гэсэн. Тэд авдрыг нэгжиж байгаад алтан, мөнгөн хоёр бөгжийг аваад халаасандаа хийсэн. Ээж түүнийг хараад бидэнд наад бөгжнөөс чинь өөр зүйл байхгүй тул буцааж өгөөч гэж гуйхад тэд эргүүлж өгөөгүй.

… Халимагуудыг гэрээс нь гаргаад ачааны машин дээр суулгасан. Ачааны машинд багтахгүй болохоор авч гарсан ачаануудыг нь хаяулж, хүмүүсээ багтаагаад аваад явсан.

… Гэрээсээ хол ажлаар явж байсан хүмүүс бол ямар ч ачаагүй, гэрийнхэнтэйгээ уулзаж чадалгүй ачигдаж байсан [11].

… Хамт амьдарч байсан оросууд туслах тохиолдол ч байсан тэд гэртээ байсан сүүлчийн цай, талх, мах, дулаан хувцас, мөнгө авч ирж өгч байсан. Жишээ нь: төлөвлөгөөний комиссын дарга Постинков хоёр нөхөртөө хүнээс мөнгө зээлэх боломжгүй болсондоо уучлалт гуйгаад 500 рубль өгч байсан. Тэгээд өөр нэг хүн руу гүйж очоод хонины хөл мах өгсөн.

… Манайхыг ачаад явж байхад үлдэж байсан хүмүүсийн дотор Роз Собочкин байсан. Тэр бид хоёр хамт комсомолд элсэж, Элиста хотыг хамгаалж байсан. Бид яагаад салж байгаагаа ч мэдэхгүй байлаа[12] гэх мэтээр дурссан байдаг.

Халимагуудаас үлдсэн 180 000 толгой мал /80 000 толгой нь бод мал /-ыг Зөвлөлт Орос Улсын дээд удирдлага Украйн болон Зөвлөлтийн бусад мужуудад тараан өгсөн ба халимагуудын үлдсэн гэр орон, байшинд хэн дуртай нь орж эзэгнэн суужээ.

Цөллөгийн үеэр энэ мэтээр мал сүрэг, эд хогшил үр ашиггүй болохоос гадна соёлын олон өвүүд устсан байна. Тухайлбал:

Халимаг Улсын Үндэсний түүхийн музейд 2014 оны 2 –р сарын 26 –ны өдөр “Гайхамшгаар аврагдсан-Ногоон дарь эх” үзэсгэлэн нээгдсэн юм.

 

Уг үзэсгэлэнд тавигдсан “Ногоон дарь эх” нь гурван метр өндөр хоёр метр өргөн хэмжээтэй, XIX зууны сүүл, XX зууны эхэн үед хамрагдах бөгөөд 1946 оноос хойш Ставрополын музейд хадгалагдаж байгаа аж.

Энэ бурхан нь анх Халимагийн бага тугтаны сүмд хадгалагдаж байжээ. 1929 онд тус сүмийг буулган дэлгүүр, клуб барих үед уг бурхан нь клубийн эд хөрөнгийн бүртгэлд бүтгэгдэн, тэнд хадгалагдах болжээ. Улмаар эх орны дайны үед 1943 онд халимагуудыг Сибирь руу цөллөгт явуулах үед уг клуб нь халдлагад өртөхөд энэ бурхан алга болсон байна. Гэтэл 1946 онд Ставрополь хот өлсгөлөнд нэрвэгдэх үеэр Александрын зах дээр энэхүү бурхныг хивс хэмээн зарахаар гаргаж ирсэн ч хэтэрхий үнэтэй байснаас хүмүүс худалдаж авахгүй байжээ. Ганц хүн авахад хэтэрхий үнэтэй байснаас хэдэн хүмүүс нийлж худалдан авахаар шийдэж, авсныхаа дараа хэдэн хэсэг болгон хуваахаар тохирч байх үед нь нэрт түүхч, археологич, музейн ажилтан Татьяна Максимовна Минаева буддын бурхны хөрөг болохыг нь таньж хоёр талхаар худалдан авсан байна. Тухайн үед хоёр талх гэдэг бол асар их үнэтэйд тооцогдож байсан юм. Улмаар 1960-аад оны үеэс уг “Ногоон дарь эх”-ийг Г.Прозрителева болон Г.Правегийн нэрэмжит Ставрополийн Улсын музейн угсаатан зүйн танхимд байрлуулан олон нийтэд үзүүлэх болжээ.

Энэ мэт үлдэж хоцорсон өөр нэг дурсгал бол 1812 оны эх орны дайны баатар халимагийн I морин хорооны удирдагч Дамба Тайш Тундутовын тугийн зэв юм.

Оросын 1812 оны эх орны дайнд халимагийн гурван морин хороо оролцсон бөгөөд I морин хорооныхон Охин тэнгэрийг, II морин хорооныхон Дайчин тэнгэрийг дүрсэлсэн тугтай байв. I морин хорооны туг нь Шар хөвөөтэй цагаан торгон дээр Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг бараан хөх бие догшин дүр бүхий эмэгтэй бурхан балданлхамыг дүрсэлсэн бол, III хорооны туг нь улаан хөвөөтэй шар торгон дээр Да Лха буюу дайны тэнгэр бурхныг амарлингуй цагаан өнгөтэй, баруун мутартаа жад, зүүн мутартаа цалам барьсан, цагаан морь хөлөглөснөөр, түүний доор чоно, өтөг, барс, зээх зэрэг амьтдыг байгаагаар дүрсэлсэн байна.

Энэхүү дайнд оролцсон халимаг цэргүүд монгол цэргийн уран нарийн арга тактикийг хэрэглэн гарамгай байлдаж байжээ. Бородиногийн талд болсон тулалдааны дараа Наполеон Бонапарт Оросын I Александр хаанд “..Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед бөмбөрийн хэмнэл, цэргийн хувцас, жагсаалаараа цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Танай армийн дотор байгаа зэрлэгүүд, махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та энэ зэрлэгүүдийг урдаа турхирчхаад ард нь Оросын армийн хүч чадал гэж ярьж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, оросуудтай тулалдахыг хүснэ” хэмээн цухалдсан захиа бичиж байсан гэдэг.

Эдгээр сүлднүүдийг дайны дараа хошууд болон дөрвөдийн ноёдуудад удам дамжин хадгалж, тахиж байсан бололтой.

Балданлхам буюу Охин тэнгэр бурхантай туг нь дөрвөдийн Тундутовын угсааны ноёдуудад хадгалагдаж байжээ. Тундутовынхон иргэний дайны үед цагаантны талыг баримталж байсан тул 1917 онд цагаантнууд ялагдахад тэдэнтэй хамт нутгаасаа дүрвэсэн байна. Данзан Тундутов ноён гадагшаа дүрвэхдээ баруун гарын ноён Мөнхийн Манж-д “…бид тугаа авч явж чадахгүй боллоо. Тиймээс тугийн зэвийг нутагт нь үлдээх хэрэгтэй” хэмээн өгч, чанд нууцлан хадгалахыг захижээ.

Мөнхийн Санж нь энэхүү тугийн зэвийг шавар гэрийнхээ шал туурганы завсар хийн шавардаж, 1943 он хүртэл хадгалсан байна. Тэрээр дэлхийн II дайны үед германы талыг баримталж байсан бололтой. Германчууд улаан армид цохигдон ухрах үед нуусан тугийнхаа зэвийг гарган “… би дайнд ялагдаж, насанд дарагдаад өнөө маргаашгүй нөгөө ертөнцөд очих нь. Үүнийг өрчнийнхөө цаана хадгалж яваарай. Бүх юм ээлжтэй болохоор үнэний цаг ирж магад...”[13] хэмээн ууган охиндоо өгөөд нас баржээ. Мөнхийн Санжийн охин 1943 оны 12 –р сард халимагуудыг сибирьд цөллөгт явуулахад уг тугийн зэвээ авч яваад очоод удалгүй нас баржээ. Ингэснээр уг тугийн зэв нь Мөнхийн Санжийн удмын зээ болох Нина Санджарыковна Улановад ирсэн байна. Энэхүү тугийн зэв нь Сибирийн цөллөгийн үед ойр орчимд байсан халимагууддаа хүнд хэцүүг даван туулах сэтгэлийн нэгэн зул, итгэл найдварын оч болж байсан бололтой. Хүнд хатуу цөллөг нь хүн бүү хэл энэхүү тугийн зэвийг хүртэл дайрч, олз, ашигт шунахайрсан хянагч, харгалзагч нар олон удаа алт хэмээн авахыг оролдож байсан бөгөөд тэр бүрд нь Нина Санджарыковна үхэлтэй нүүр тулан байж авч үлддэг байжээ. Тэрхүү шунахай олз хайгчдын алт мөн эсэхийг шалган, зурж, зүлгэсэн ул мөр нь одоо ч гэсэн тус зэв дээр бий.

Нина Санджарыковна Уланова нь одоо Элиста хотод Номто Очирын нэрэмжит Халимагийн түүх, соёлын сан байгуулан ажилдаг бөгөөд тус төвдөө өвөг дээдсээсээ уламжлан ирсэн уг тугийн зэвээ залсан байдаг. Энэ утгаараа уг тугийн зэв нь халимагуудын түүхэн бахархал, шүтээн болж байна.

Сибирьт цөлөгдсөн хүмүүсийн дотор яг хэчнээн тооны халимагууд байсан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Дийлэнхдээ 26359 өрхийн 92983-99100 халимаг хамрагдсан гэдэг бол 1990-ээд оны судалгааны бүтээлүүдэд 26369 өрхийн 93139 энгийн иргэд, хүүхэд хөгшдийг[14] цөлсөн гэдэг. Халимагийн Үндэсний төв музейн судлаачдын судалгаагаар Халимагийн Элиста хотоос 3494, Бага дөрвөдөөс 7861, Садовогоос 4299, Кетченерээс 10545, Юста-гаас 8218, Тройцгоос 6046, Яшкулаас 10906, Приютногоос 8036, Яшилтагаас 3543, Гродовиковоос (Башинта) 3982, Каспин эргийн Х зөрлөгөөс 12875, IV зөрлөгөөс 9113, Заказник 8297, Илинкагаас 10100, Хөрш зэргэлдээх Сталинградаас 1183, Ростовоос 5813, Ставрополиос 1044[15], нийт 115355 халимаг иргэдийг цөлсөн гэж үзсэн байдаг.

Юутай ч “Улусы” ажиллагааг Дотоод Хэргийн Ардын Комиссратын газраас өндөр түвшинд бэлтгэж, тухайн үед Халимагийн нутгаас 26360 гаруй өрхийн 92983-115355 халимагуудыг нийт 46 ачааны вагон бүхий цуваа, 1275 автомашин, 10 мянга орчим цэрэг, 3 мянга орчим офицер ахлагчийг дайчлан[16] амжилттай явуулжээ.

Үнэндээ халимагуудад Ижил мөрөнд сууж байсан германчуудаас ч илүү харгис хандсан. Ижил мөрний германчуудад гурав хоногийн өмнө нүүлгэх тухайг нь мэдэгдэж, шаардлагатай зүйлсээ бэлдэх хугацаа олгосон. Мөн тэднийг эд хөрөнгөө зарахыг зөвшөөрсөн бөгөөд хэрвээ итгэмжилсэн хүнээр хөрөнгө заруулсан бол төлбөрөө очсон газрынхаа дансаар авч болдог байв. Халимагуудад хэн ч нүүлгэх тухай мэдэгдээгүй. Халимагуудыг ачсан галт тэргийг 40 цэрэг хамгаалж явсан бол, германчуудыг ачсан галт тэргийг 21 цэрэг хамгаалж явсан байдаг.

 

[1] Бугай Н.Ф. Операция “Улусы” Элиста.1991. стр 21-60.

[2] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 6.

[3] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 9.

[4] Владимир Убушаев. Калмыки выселение и возвращение 1943-1957 гг. Элиста. 1991. стр 6.

[5] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 8.

[6] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 8.

[7] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 6.

[8] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 7.

[9] В.Б.Убушаев.Калмыки : выселение, возвращение, возрождение. 1943-1959 гг. – Элиста : Изд-во Калмыцкого ун-та, 2007. стр 10.

[10] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 7.

[11] В.Б.Убушаев.Калмыки : выселение, возвращение, возрождение. 1943-1959 гг. – Элиста : Изд-во Калмыцкого ун-та, 2007. стр 29.

[12] В.Б.Убушаев.Калмыки : выселение, возвращение, возрождение. 1943-1959 гг. – Элиста : Изд-во Калмыцкого ун-та, 2007. стр 31.

[13] Монголын үндэсний телевиз. 2018.6.14. Өвлөхүйн эрдэм нэвтрүүлэг (ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсаас бэлтгэв). Найруулагч: Б.Нямхүү, Редактор: Ш.Ёолк, Эвлүүлгийн найруулагч Б.Баасанбат.

[14] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 8.

[15] Пальмовын нэрэмжит Халимагийн үндэсний төв музейн “Цөллөгийн үе” үзүүлэнгийн хэсэг

[16] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 8.

Эх сурвалж: Түүхийн ухааны доктор (Ph.D) Н.Наранжаргал

“Сибирьт цөлөгдсөн Халимагууд” номоос хэсэглэн авав.

Номын тухай мэдээллийг:         https://iis.ac.mn/post/24558?fbclid=IwY2xjawIWSzRleHRuA2FlbQIxMQABHYqwHWO-BzL_hmj1iKiil8u-FPc5R80M_fMwopZTMmFdPTw73BNTnnlS6g_aem_gi6vmTuqOxDCuI_R_oHxUw