• 2025-05-04

ИЖИЛ МӨРНӨӨС СИБИРЬ ХҮРТЭЛХ ЗҮҮДЭНД Ч ОРОМГҮЙ ЗАМ

Халимагуудыг 1943 оны 12-р сарын 28-31-ны хооронд ачааны 49 вагонд ачиж, 14 хоногийн турш тэсгим хүйтэнд явж Сибирьт хүргэжээ.

Халимагуудыг ачсан галт тэрэгний дайран өнгөрөх өртөө бүр дээр тусгай хамгаалалтын зэвсэглэсэн цэргүүдээр бэхлэсэн байв. Мөн ачигдан яваа халимагуудад замын өртөөн дээрээс өдөрт нэг удаа халуун хоол, хоёр удаа буцалсан ус өгөхөөр заасан байсан ч тэр бүр хэрэгжихгүй байлаа. Иймээс ес эхэлсэн өвлийн ид хүйтэн цагаар мал ачдаг ачааны вагонд ачигдсан халимагууд замдаа  олноороо осгож нас барж байжээ. Бүгд хөлдөж үхэхгүйн тулд эмэгтэйчүүд, хүүхдүүдээ голдоо оруулан, настайчууд, эрэгтэйчүүд гадуур нь тойрон суух ба нэг өртөөнөөс нөгөө өртөөн дээр ирэхэд гадуур нь хүрээлэн суусан хэсэг нь осгож нас барж байсан ажээ. Амьд үлдэгсэд нь нас барсан ахан дүүс, үр хүүхдүүд, эцэг эхээ хүний ёсоор оршуулж чадахгүй, нэрийг нь ч мэдэхгүй төмөр замын өртөөн дээр зогсох үед олдсон хэдхэн хоромд амжин буулгаж, улаан гараараа цас малтаж “оршуулмар” аядан, орхиод явж байжээ. Зарим үед зүгээр л өртөөн дээр үлдээх юм уу явж байгаа вагоны цонхоор гаргачихдаг байсан гэдэг.

Төлөвлөгөөнд заасан ёсоор бол халимагуудад ачаа бараагаа ачихад хүрэлцэхүйц авто машин бэлдэх ёстой байсан ч машинд ачих ачаа бүү хэл өмссөн хувцастай нь хөөн гаргасан, замдаа зогсох төмөр замын өртөөнүүд дээр түргэн тусламжийн машин[1] зэрэг тусламж үзүүлэх зүйлсийг бэлдсэн байх ёстой ч бүгд хэрэгжээгүй нь тэднийг осгож, өвчилж, үй олноороо үхэхэд ихээр нөлөөлсөн юм.

Хахир хүйтнээс гадна хоол хүнсний хомсдолоос үүссэн өлсгөлөн нь үхэл дагуулах дараагийн нэг шалтгаан болж байлаа. Хүйтэн, өлсгөлөнгөөр өдөр бүр үхэж байсан тэднийг харсан харгалзагч цэргүүд арга барахдаа өөрсдийн идэж байсан хоолноосоо хуваалцаж байсан тухай зарим нь дурссан байдаг. Халимагуудыг Сибирь руу цөллөгт явуулах үед үүрэг гүйцэтгэж байсан цэрэг хожим 1950-иод оны дундуур Москва хотод халимаг охинтой таараад “халимагууд амьд үлдэж чадсан гэж үү ”[2] хэмээн гайхаж байжээ.

Хүйтэн, өлсгөлөнгийн дараах хүндрэлтэй зүйл нь ариун цэврийн асуудал байв. Вагон доторх ариун цэврийн тухай ярилтгүй бөгөөд тэд ачааны вагоныхоо шалыг цоолон, чемдонаараа халхалж 00-ийн асуудлыг шийдэж байжээ.

Энэхүү хүнд нөхцөлд 1,400 халимаг замдаа, тэр хэмжээний халимагууд өвчилж, Сибирьт очоод нас баржээ. Нас барагсдын ихэнхийн нь шалтгаан уушгины хатгалгаа өвчин байв. Тухайлбал, Алтайн хязгаар руу нүүлгэсэн 478 хүний 290 нь уушгины хатгалгаа, сүрьеэ өвчнөөр замдаа нас барсан[3] байдаг. Хар дарсан зүүд шиг энэ он жилүүдийн тухай ярих нэгэн одоо ч бий.

Халимагуудыг Сибирьт цөлсөн явдлыг дөрвөн үе шаттай явуулжээ. Энэ нь нэгт, Халимаг муж дахь иргэдийг (автономит Халимаг улсын иргэдийг); хоёрт, Ростов муж дахь халимагуудыг; гуравт, Сталинград муж дахь халимагуудыг; дөрөвт, Улаан армид алба хааж байсан болон алба хааж байгаа халимагуудыг албадан нутаг зааж, цөллөгт явуулсан гэжээ.

Ростовын Халимагуудыг 1944 оны 3-р сард нүүлгэсэн бол 1944 оны 6-р сард Сталинградын халимагуудыг нүүлгэжээ.[4]

Ростов мужийн 22 районд амьдарч байсан 548 өрхийн 2628 халимагийг 1944 оны 3-р сарын 24-нд 35 вагоноор нүүлгэж, Томскийн төмөр замын Чернышовд 800, Шигарскт 800, Асинск-т 800 халимагийг 4 –р сарын 10 гэхэд суурьшуулж дуусжээ. Нүүлгэлтийн үеэр 12 хүн нас барж, 10 хүн эмнэлэгт хүргэгдэх байдлаар 22 хүн замдаа үлджээ[5].

Сталинград мужийн халимагуудыг нүүлгэх ажил 1944 оны 6 –р сарын 2-нд эхэлж 7 –р сарын 4-нд дуусжээ. Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэх ажил цаг агаарын хувьд дулаан улиралд болсон учраас төдийлөн бэрхшээл учраагүй байна. Тус мужаас 387 өрхийн 1169 хүнийг 32 вагонд ачсан бөгөөд тэднийг дотоодыг хамгаалахын 25 албан хаагчид харгалзаж байв. Ингэснээр 362 өрхийн 1178 халимагийг Свердловскт хүргэсэн[6] байна.

Тухайн үед хөрш зэргэлдээ Сталинградаас 1183, Ростовоос 5813, Ставрополиос 1044, халимагийн Элиста хотоос 3494, Багадөрвөдөөс 7861, Садовогоос 4299, Кетченерээс 10545, Юста-гаас 8218, Тройцгоос 6046, Яшкулаас 10906, Приютногоос 8036, Яшилтагаас 3543, Гродовиковоос (Башинта) 3982, Каспин эргийн Х зөрлөгөөс 12875, IV зөрлөгөөс 9113, Заказник 8297, Илинкагаас 10100 хүнийг явуулсан гэсэн тоо байдаг.

Автономит Халимаг Улсыг татан буулгаж тус улсын харьяат халимагууд болон Ростов, Сталинград, Ставрополийн нутагт амьдарч байсан халимагуудыг ч цөллөгт явуулсан. Ингэснээр дараагийн шатны арга хэмжээ нь улаан армид алба хааж байсан халимаг дайчдыг цөллөгт явуулах асуудал байлаа.

  1. Сибирь хүртэлх энэ хүнд хэцүү замын тухай:
    • Бид нарыг Сибирь руу нүүлгэхдээ бурхан, бөгж, үнэт зүйлсээ авч явахыг зөвшөөрөөгүй;
    • Вагонд ачигдаж явж байгаад унтаад сэрэхэд сормуус нь наалдаад хөлдсөн[7] байсан;
    • Маш их өлсөж байсан … эмээ намайг унтуулахад өлсөх нь багассан …, хажуугийн буудал дээр вагоны хаалгыг онголгож, үхсэн хүмүүсийн цогцсыг буулгаж байхад би сэрлээ[8];
    • Нүүлгэх үед зарим халимагууд өөрсдийг нь еврейчүүд шиг буудна гэж бодон, үр хүүхдээ хөрш оросуудад үлдэхийг оролдож байсан;
    • Албадан нүүлгэж байгаа хүмүүсийн дунд ашиг олох сонирхолтой нэгэн байхад өрөвдөн хайрлах нэгэн ч байлаа. Жадлан сүлбэж, нүцгэн хөөн гаргах харгис нэгэн ч байсан. Зарим өрөвч цэргүүд хэрэгтэй зүйл, дулаан хувцсаа авахыг зөвлөж байсан;
    • Зарим цэргүүд эздийнх нь хажууд шууд эд зүйлийг нь нэгжин, өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ авч байсан … биднийг машинд ачиж байх үед манай хөрш орос манай үхэрүүдийг өөрийн хашаандаа оруулан уяж авч байв;
    • Дайнд шархдан гар, хөлөө таслуулсан цэрэг тасархай гар, хөлөө үзүүлэн би гар хөлөөрөө эх орноо хамгаалсан байхад яагаад намайг цөллөгт явуулж байгаа юм бэ хэмээн орилж байв;
    • Ачигдаад явж байх үед залуу бэрүүдэд ичих гэдэг сэтгэл зүйн том дарамт хүндээр тусаж байсан. Тэд настнууд болон хүүхдүүдийн дэргэд ичээд шээж чадахгүй явсаар вагон зогсох үед доор нь ороод шээж байгаад дайруулан үхэж байсан;
    • Төрөх дөхсөн эмэгтэй танихгүй хүмүүсийн өмнө төрөхөөс ичээд хөлөө хавчсаар байж нас барсан гэх мэт зүүдэнд ч оромгүй олон түүхийг хуучилдаг.

    [1] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 7.

    [2] С.Э.Лиджи-горяева. Калмыки: возвращение (к 75-летию со дня депортации калмыков) DOI: 10.24411/2071-7830-2018-10025 // Вестник института. стр 74-77.

    [3] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 9.

    [4] Ссылка калмыков: как это было. (Сборник документов и материалов) Элиста, 1993. стр 10

    [5] Владимир Убушаев. Калмыки выселение и возвращение 1943-1957 гг. Элиста. 1991.стр 62-63

    [6] Владимир Убушаев. Калмыки выселение и возвращение 1943-1957 гг. Элиста. 1991.стр 64.

    [7] Оконова, Л. В., Настаева, А. Ф. (2013) Дети в депортации: воспоминания о сибирском детстве (к проблеме изучения истории повседневности) // Репрессированные народы: история и современность. Материалы Всероссийской научной конференции (г. Элиста, 26–28 ноября 2013 г.). Элиста : КИГИ РАН. Ч. II. стр 208–215.

    [8] Лиджиева Ирина Владимировна.  Депортация калмыков 1943–1944 годов через восприятие детей-спецпереселенцев.

Эх сурвалж: Түүхийн ухааны доктор (Ph.D) Н.Наранжаргалын “Сибирьт цөлөгдсөн Халимагууд” номоос хэсэглэн авав.

Номын тухай мэдээллийг:         https://iis.ac.mn/post/24558?fbclid=IwY2xjawIWSzRleHRuA2FlbQIxMQABHYqwHWO-BzL_hmj1iKiil8u-FPc5R80M_fMwopZTMmFdPTw73BNTnnlS6g_aem_gi6vmTuqOxDCuI_R_oHxUw