• 2025-05-04

ҮНДЭСНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ (1910-аад оноос 1921)

 ҮНДЭСНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ (1910-аад оноос 1921)

“Энэ үед хамаарах цөөн боловч зохиол нь ерөнхий хэв маяг, туурвил зүй, уран сайхны хувьд хуучин бичгийн уран зохиолын уламжлалыг хадгалсан шинжтэй хэдий ч эх орны тусгаар тогтнол, үндэсний ухамсар, соёлоо сэргээн бэхжүүлэхийг чухалчилсан, харийн дарлалыг эсэргүүцсэн үзэл санааны шинэчлэлээрээ шинэ хэв маягийн уран зохиолын эхлэл болж байна. Үүнд Дэчинрашийн Шагдар, Догсомын Бодоо, Р.Гамал нарын шүлэг зохиолууд жишээ болно” хэмээн доктор Ж.Батбаатар онцлон тэмдэглэжээ.

Монголын орчин үеийн уран зохиолын түүх 1910-аад оны үеэс эхэлж байгаа нь түүх, соёл, нийгэм судлалын олон баримтаар нотлогдож байна. Монголын эртний уран зохиол, орчин үөийн уран зохиол хоёр амьд холбоо, уламжлалын үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өнөөг хүртэл Монголын эртний уран зохиолын түүхийг судалсан эрдэмтэд Д.Равжаа, В.Инжинаш, хуульч Сандаг, ерөөлч Б.Гэлэгбалсан нараар эртний үеийг өндөрлүүлсээр ирсэн байдаг. Гэтэл аливаа улс үндэстний уран зохиол соёл хөгжлийн тасралтгүй үйл явц байдаг нь жам ёсны үзэгдэл.

1911 онд ялсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь Монгол туургатны түүх, соёл, уран зохиолын хөгжилд онцгой нөлөөлсөн билээ. Манжийн ноёрхолд орсон цагаас эхлээд Монголчуудын оюун санаа эрх чөлөөг туйлаас хүсэмжлэх явдалд чиглэсээр иржээ. Чухам энэ өнийн хүсэл нь гурван зуу шахам жилийн дараа биелэх түүхэн боломж 1910-аад оны үест сая бүрдсэн билээ.

Уран зохиол гэдэг аль ч улс үндэстний хувьд тэдний оюун санааны туйлын хүслэнгийн илэрхийлэл байдаг жамтай. Энэ байдал монгол уран зохиолын хувьд ч тодорхой. 1910-аад оны үеэс монголын сэхээтнүүд, бичиг соёлын зүтгэлтэн нар эрх чөлөө, улс үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө туйлаас санаа тавьж, шинэ сэргэг бүхнийг сэдэн тэмцэж эхэлсэн байна. Ер нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд хаан тэргүүлэн тэр үеийн бичиг эрдэм, соёлын зүтгэлтнүүд түүхэн гавьяат үүрэгтэйгээр хошуучилсан нь олон баримтаар нотлогддог.

Монголын соёл уран зохиолын түүхийн илэрхий баримтаас аваад нийгэм түүхийн баримтууд ч гэсэн 1921 оны ардын хувьсгал нь зайлшгүй утга, бодит үйлээрээ 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүй ёсны үргэлжлэл гэдгийг нотлож байна. Ийм болохоор Монголын орчин үеийн уран зохиолын түүх 1910-аад оноос зүй ёсоороо эхэлж байгаа нь тодорхой юм.

1910-аад оны Монголын уран зохиол нь зарим талаар бичгийн зохиолын шинжийг дийлэнх хадгалсан шинж илэрхий бий. Энэ нь манжийн үеийн Хятад, Манж, Төвд хэлээр бичдэг монгол зохиолчдын уламжлалтай холбоотой юм. XYII-XIX зууны үеийн төвдөөр зохион туурвиж байсан. Монгол зохиолчид бичих, найруулах, дүрслэх өөрийн тогтсон арга найруулгатай болсон бичгийн том мэргэд байлаа. Эдний нэлээд нь Монгол хэлээрээ ч бүтээн туурвиж байсан. Эдэнд мөн Монголын эртний бичгийн зохиолын болоод Хятад хэлээрх Монгол зохиолын арга найруулга ч удамшсан хүмүүс байлаа.

Жишээ нь Дорж Мээрэнгийн “Эртэй уургач Эрэндоо”, “Заяатын шунал”, “Зүтгэлтийн бодол” зэрэг зохиол нь шүүмжлэлт аястай, улс төрийн агуулгаараа шинэлэг боловч тэр цагийнхаа аман уран бүтээл, хуучин бичиг зохиолын уламжлалт арга найруулгыг дагасан бол Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зэрэг нь мөн л дорно дахин, хятад уран зохиолын нөлөөн дор зохиогдсон нь ажиглагддаг.

Энэ үед Халх Монголд Ж.Цэвээн, Ш.Дамдин, О.Жамъян, М.Парчин, Ч.Дэмчигдорж, С.Шагж, Ц.Дамбадорж, Б.Дорж, Мэргэн Гомбожав, А.Амар, С.Лувсандондов, Батхааны Эрдэнэ зэрэг гол төлөөлөгч болох хүн цөөн бус амьдарч байжээ. Эдний олонхи нь хэлмэгдэлд өртсөнөөс уран бүтээлийн нь талаар ярихад өнөөдөр төвөгтэй байдалд ороод байна. Бүтээлүүд нь тухайн үеийн сонин сэтгүүлд нийтлэгдсэнээс гадна өнөөдөр ч үүд хаалгаа сайн нээгээгүй байгаа архивуудад хадгалагдсан хэвээрээ нийтэд хүрээгүй байсаар байна. Нөгөө талаар арваад оны зохиолчдыг өнөөгийн зохиолчидтой адил ойлгож болохгүй. Тэд шинээр мандсан улс орондоо улс төр соёл, боловсролын олон төрлийн ажлын амжуулахад гол анхаарлаа хандуулаад уран бүтээлээ түүнтэйгээ хослуулахад хүрдэг байжээ.

Ж.Цэвээний “Ертөнцийн байдал”, Ч.Дэмчигдоржийн “Эрдэнэт шашдир” зэрэг бүтээлүүд улс төр гүн ухааны шинж давамгайлсан нийтлэлийн шинжтэй байхад А.Амарын “Монголын товч түүх”, С.Шагж, О.Жамъян, Батхаан нарын бүтээлүүдэд түүх эрдэм судалгааны өнгө аяс давамгайлж эссэ маягийн арга найруулгаар бичигдсэн байна. Ш.Дамдин, Д.Бодоо, Дорж Мээрэн нарын бүтээл нь уран сайхны арга хэрэглүүр, дүр дүрслэлийг илүү шүтэж зохиолч сэтгүүлч эрдэмтэн хүний бодол эргэцүүлэл гүн ухаан, гүнзгий санаагаар бичигдсэн байх жишээтэй байна.

Энэ үеийн уран зохиолын ерөнхий төлвийг доктор Д.Галбаатар 3 чиглэлээр хөгжсөн гэж үзсэн байдаг.

Үүнд:

Нэгд, Түүхэн ба иргэний ардчилсан уран зохиол

Хоёрт, Феодлын ёсны уран зохиол

Гуравт, Бурхны шашны уран зохиол /”МОҮУЗ ба шинэчлэлийн түүхэн товчоо” өгүүлэл. ”Найман зууныг дагуулсан наян жил”. 2009 он., 205-р тал./ гэж үзжээ.

Арваад оны уран зохиол нь цаг үеэ илэрхий тусган илэрхийлсэн өнгө аястай нь зүй ёсны бөгөөд улс үндэстнийхээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө гэсэн нэгэн гол утга агуулгад зангидагдсан шинж төгөлдөр юм. Өнөөгийн гоо зүйн ухаарлын үүднээс үзвэл тздгээрт уран сайхны чадал чансаа дутуу мэт санагдавч нийтлэлийн аяс үнэн бодит баримт, гүн ухааны тодорхой хандлага, шүүмжлэлийн чиглэл зэргээрээ ихээхэн өндөр төвшинд бүтээгдсэн нь илт мэдэгдэнэ. Нөгөө талаар эдгээрт егөөдсөн, шоглосон, далд утгаар бичсэн дүр дүрслэл элбэг. Энэ нь мөн л цаг үеийн онцлогтой холбоотой. Энэ үеийн зохиолчид зохиол бүтээлдээ Манжаас тусгаарлах улс үндсээ тунхаглах агуу их үйл хэрэг зорилгоо тэр бүр ил тод тунхаглаад байх нөхцөл боломжгүй байснаас ингэж далд дүр дүрслэл, ёгтлол, егөөдлийг хэрэглэж байсан нь лавтай.

Зохиолчид өөрсдийн нэрээ хүртэл нууцлан ихэвчлэн утга зохиолын нууц нэрээр туурвил бутээлээ бичиж байжээ. Жишээлбэл, Ж.Цэвээн гуай “Монголын үхэр огодой”, “Уулын өвгөн”, “Ноофу”, Ч.Дэмчигдорж “Гэмээ мэдсэн хөдөөний хүн”, “Дандаа чинсан”, Дорж Мээрэн “Өөлд мээрэн”, Ц.Дамбадорж “Абмад”, “Улаан оторч”, Д.Бодоо “Боо”, “Гал нэрэгч” гэх мэтээр нууц нэрс хэрэглэн сонин сэтгүүлд зохиол бүтээлээ хэвлүүлдэг байжээ.

Арваад оны уран зохиол төрөл зүйлийн хувьд “түүхэн ойлбор”, “баатрын тууль”, эссэ, нийтлэл, найруулал, тууж, шүлэг, дуу, шүлэг зэрэг баялаг бүрэлдүүнтэй байжээ.

1910-аад оны түүхэн явдлын халуун мөрөөр Сандо амбанг шоолон шүүмжилсэн, Бадамдорж Шанзав зэрэг урвагч ихсийг шоглосон, Богд Жавзандамба хутагтаа магтан дуулсан зэрэг олон арван дуу зохиогджээ. Эдний дотор “Гялайв уу”, “Бунхан бунхан байшин”, “Сандогийн дуу” /хэд хэдэн хувилбартай/, “Өндөр дэн дээр”, “Бароны дуу” зэрэг сонин дуу олон гарчээ. Ер нь нийгмийн чанартай аливаа түүхэн эрс хувирал өөрчлөлтийн үеэр дуу мэтийн төрөл идэвхтэй хөгждөг. 1911 оны зрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгалын үеийн бодит байдал юунаас түрүүн тэр үөийн дуу, шүлэгт илүү тод ул мөрөө үлдээжээ. Тэр үеийн ДУУНД:

“…Ногоон далайн дунд нь

Номин чулуун эрдэнээ

Номын хур багш нь

Ногоон дарь эхийн бүрэлбаатай

Цагаан далайн дунд нь

Цахиур чулуун эрдэнээ

Цанидийн хоёр багш нь

Цагаан дарь эхийн бүрэлбаатай…” гэж дуулж байна. Барон жанжин Богд эзэн хоёроо магтсан энэ мэтийн дуу шүлэг олон гарчээ.

Харийн газраас гараад ирлээ

Барон миний бие

Халхын дайсныг дараад өгсөн

“…Үдэш бүхэн асаад байдаг

Өмхий лаа нь унтраа бизээ

Үеийн үед жанжлаад байдаг

Өнөөх Сандо нь зайлаа биз ээ” гэж Сандогийн тухай шог дуунд дуулж байна.

Эрдэмтэн Ц.Мөнх Ардын яруу найргийн тухай /1964/ номондоо “Хувьсгалын бэлтгэл үеийн дуу” гэсэн нэгэн үечлэл гаргаад арваад онд зохиогдсон дуунуудын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлжээ. Энд иш татсан “Өндөр дэн дээр” гэдэг дууг авч үзьө.

“Өндөр дэн дээр гаргая гэвэл

Өөрийн янчаан хэдий хэр байнав

Давхар дэн дээр гаргая гэвэл

Дармал цаас хэдий хэр байнав

Гунагар гунагар сайдууд гуай

Гудамжны дэлгүүрт гунайж байна уу

Гудамжныхаа дэлгүүрт гунайснаас хойш

Гучхан янчаандаа гутарч байна уу

Данагар данагар сайдууд гуай

Давхар дэн дээр данайж байна уу

Давхар дэн дээр данайснаас хойш

Далхан төгрөгөндөө гутарч байна уу”гэж дуулдаг энэ дуу автономитын үеийн эрхтнүүдийг шоглосон утгатай байдаг.

Хятадын түрэмгий нарт эх орноо худалдаж, урвасан Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтнийг шоглосон

Богц богц мөнгөөр

Богдыгоо худалдсан сайдууд гуай

Хүүдий хүүдий мөнгөөр

Хүрээгээ худалдсан сайдууд гуай хэмээн түүхэн явдлыг уран сайхнаар тусгасан  дуу гарчээ.

Энэ үеийн дуу шүлгүүдийг ажиглахад уламжлалт ймонгол ардын дууны хэлбэр зохиомжийг бүрнээ ашигласан боловч цаг үеэ тусган шүүмжилсэн шүүмжлэлт үзэл санаатай байна. Өөр нэгэн жишээ гэвэл

Түшмэл түшмэл, ноён ноён хэмээвч

Түнш иргэн амтат идээ бариваас

Түвшин цаазыг барих судас, шөрмөс

Түмэн мэргэн бодол шороон дор шургамуй

Үндэс язгуур сахих суртал хэмээвч

Үзэмж төдий хааяа нэг байвч

Үзэм чихэр дарс ногоо талбиваас

Үнэндээ магад биед тогтох бус ажээ…гэж шүлэглэсэн нь дээрх шүлгүүдээс бичлэгийн хувьд ялгарах  аястай боловч мөн л хээл хахууль нийгмийн ёс бусыг шүүмжилсэн ижил санаатай байна.

“XIX зууны үед хөгжлийн оргилдоо хүрсэн Монголын сургаалын яруу найргийн амт шимттэй уламжлал арваад оны яруу найргийн өнгө төрхийг нэлээд хэмжээгээр тодорхойлж байна. Жишээ болгож “Нийслэл хүрээний сонин бичиг”-т нийтлэгдсэн нэг шүлгийг үзье:

“Шур, номин, хөх, цагаан жинс зэргийг үзвээс

Шүумжлзлтэй түвшин мэргэн бат төрийг барилтай

Шунал өндөр ховдог их тааллыг нь үзвээс

Шийдэм зэвсэг бэлтгээд бэрх замыг хэрзлтэй

Тамга ба тэмдгзз эдлэхийг нь үзвээс

Таван зуун хэргийг ч нзгэн цагт ялгалтай

Тал найр өнгө мөнгөнд самууран дагаваас

Таван хэрэг таслах ч тамиргүй зөнөмүй…”гэжээ.” / Галбаяр Г. “ХХ зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд”., УБ.2004., хуудас76-77/

Арваад оны яруу найргийн дотор дээрх мэтийн шүүмжийн хурц санаатай шүлгүүдээс гадна бурхан шашин, сүм хийд, онго тахилгат уул, усаа магтсан зэрэг магтаалын шүлгүүд олон гарсан байна. XX зууны эхэн үеийн Монголын суут эрдэмтэн зохиолч Шагдарын Дамдин Төвд Монгол хоёр хэлээр олон төрлийн сэдвээр шүлэг дуулал, уул, усны магтаал бичжээ.Тэрбээр олон зууны уламжлалтай Монгол уран зохиолыг шинэ цагт баяжуулан хөгжүүлж алдарт “Алтан дэвтэр”-ээ 1919-1920 оны үед VIII Богдын зарлигаар бичсэн юм.

Уг зохиол хэдийгээр Монголд бурхны шашин дэлгэрсэн явдлыг голчлон бичсэн боловч эрт үеийн эрхи товчсын уламжлал ёсоор монголчуудын эрт эдүгээгийн түүхийг маш ховор төвд, хятад, Европын сурвалжуудыг ашиглан бичсэн байдаг.

Заваа Дамдин гавж 1867-1937 оны хооронд амьдарч, бүтээн гуурвиж байсан Монголын шинэ цагийн суут эрдэмтэн байсан гэдгийг судлаачид /Ш.Бира, Ш.Сонинбаяр г.м/ нотлон гаргасан билээ. Заваа Дамдин бол Монголын уламжлалт бурхны шашны сургуулийн эрдмийг төгс эзэмшин түүнийгээ Монгол үндэснийхээ урлаг уран зохиолын түүхэн уламжлалтай нягт хослуулан Төвд, монгол хоёр хэлээр тэгш туурвин бүтээж байсан их бичгийн мэргэн байжээ.Тэрбээр төвд хэлээр 17 боть гүн ухааны бүтээл туурвин үлдээжээ. 1912 онд Их хүрээнд “Их нигүүлсэхүйн магтаал 108 бадагт болор эрдэнийн эрхи” зохиолоо төвдөөр зохиосныг Данзан-Одсэр, Ёндонжамц зэрэг гүүш нар Монголоор орчуулж бас 1984 онд IV Далай лам уг зохиолыг ихээхзн өндөр үнэлж англи хэлээр орчуулан Энэтхэгт хэвлүүлжээ. Зава Дамдин Фа сян хуушааны Энэтхэгт аялсан тэмдэглэлийг хятад хэлнээс төвд хэл рүү орчуулсан байдаг. Түүний монголоор зохиосон “Цахиуртын жасын түүх”, “Зоргол хайрхан”, “Дэрэн” уулын сан зэргүүд өнөөдөр Монгол яруу найргийн дурсгал болсоор байна.

1910-аад оны үеийн монгол зохиолчдын нэлээд нь төвд. санскрит хэлд нэвтэрч бурхны шашны ном эрдэмд гэгээрсэн лам хуврагууд байсан юм.

1910-аад оны үед туурвин бүтээж байсан зохиолчдын олонхийг авъяас билиг, боловсрол, үзэл зорилгын тодорхой төлөөлөл болж чадахуйц суут эрдэмтэн зохиолч цөөнгүй бий. Харамсалтай нь тэдний туурвил бүтээл хэцүү хатуу цагийн эрхэнд нэлээд нь.үрэгдэн алга болж, намтар түүх нь ч тодорхойгүй болсон байна. Эдний дотроос алдарт эрдэмтэн, зохиолч, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн.

Ж.Цэвээн бол 1910-аад оноос өрнөсөн Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оюун санааны талын гол удирдагчийн нэгэн нэрд гарсан соён гэгээрүүлэгч, дорно дахин судлаач, хүн энэрэнгүй үзэлтэн, суут эрдэмтэн зохиолч орчуулагч юм. 1910-20- иод оны Монголын шинэ соёл боловсрол, эрдэм судлалын ажпим үндсэн чиг хандлагыг Ж.Цэвээн боловсруулан гаргаж нэлээд иш нь өөрийн шавь, хамтран зүтгэгчдийн хамт хэрэгжүүлсэн юм Ж.Цэвээн нь XX зууны эхэн үеийн Монголын сэхээтнүүдийм дотроос өрнө дорнын соёл боловсрол, эрдэм мэдлэгийг хослуулж чадсан цөөн эрдэмтний нэг байлаа. Энэ үед өрнө зүгийн боловсролтой сэхээтэн нэн ховор байсан юм.

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх үеэс эхлэн монгол улсаа тусгаар тогтнуулах, үндэсний ухамсар соёлоо сэргээн мандуулахын төлөө бүхий л хүчээрээ тэмцэж иржээ. Ингээд Богд хаант Монгол улс байгуулагдах цагт 1914 онд Халх монголдоо ирж Их хүрээнд суурьшин насан эцэслэтлээ амьдарсан байна. Нийслэл хүрээнд амьдрахдаа эхэн үедээ ном зохиол орчуулан, язгууртны хүүхдэд монгол соёл эрдмээ заан гэрийн багшийн ажил хийж байв, 1917 оноос эхлэн Монголын Гадаад яамны болон их эрдэмтэн Ж.Цэвээний дуртган даалгаснаар “Юан улсын судар” 210 дэвтэр-ыг хятад хэлнээс орчуулах ажлыг тууштай хийж дундаа завсарлагатайгаар таван жилийн дотор бүрэн орчуулан дуусгажээ.

Юань улсын үеийн Монгол түүхийн хосгүй үнэтэй энэ сурвалж бичгийг ганцаар ийнхүү идэвхийлэн орчуулж дуусаад үнэ хөлс гэж сохор зоос ч авалгүй, Монгол улсын засгийн газартхүлээлгэн өгөөд “Миний хүсэл” судрыг монголоороо хэвлэн тараавал л сая бүтэх болно. Ямар ч шан харамж хэрэггүй, гагцхүү олон монголчуудын минь хүртээл болоосой гээд өргөн барьжээ. Өнөө хүртэл дэлхийн монгол судлаачид Дандан Чинсаны энэ монгол орчуулгын хоёр хувь гар бичмэл эхээс Юан улсын түүхийг байцаан үзсээр иржээ.

Дэлхий дээр байгаа цорын ганц “Юан улсын судар”-ын мөн монгол эх орчуулга үүнийг өнөө болтол хэвлэж чадаагүй, их эрдэмтний чин хүслийг биелүүлээгүй л явсаар өдий хүрчээ. Эрдэмтэн зохиолч Ч.Дэмчигдорж 1910 онд “Эрдэнэт шашдар” хэмээх дэвтэр 64 бүлэг бүхий судлал шинжлэл, нийтлэл уран сайхны эссэ зохиолоо бичжээ. Энэ мэргэн цэцэн, гүн ухаанлиг сайхан бүтээлийг ерээд оноос хойш хэсэгчлэн орчуулж олны хүртээл болгож эхэлж байна.

Зохиогдсоноосоо хойш ная шахам жил гар бичмэлээрээ улсын номын санд хэвтсэн энэ бүтээл 1910-аад оны Монгол эрдэмтэн зохиолчдын сэтгэлгээний цараа, авъяас билгийн илэрхийлэл болж лавтай чадах үнэ цэнэтэй гайхамшигт туурвилын нэгэн даруй мөн билээ.

Мөн Дэмчигдорж зохиолч “Шинэ засаг” /1915/, “Шинэ засгийн төр ёсон” /1922/ зэрэг зохиолууд туурвин бичиж үлдээсэн билээ. Эдгээр бутээлүүдэд дорно өрнийн гүн ухаан, нийгэм соёл судлалын туршлагуудыг гайхалтай сайхнаар эвцэлдүүлэн нэгтгэж дүгнэсэн байдаг. Энэ бүхнийг яаралтай хэвлэн нийтийн хүртээл болговол монгол соёлын уламжлалд нэн хэрэгтэй байхсан.Эрдэмтэн Ч.Дэмчигдорж хятад хэлнээс “Тан улсын журамт бэрийн зурхай”, манжаас “Мэргүүт жолоодохуй” зэрэг олон ном зохиолыг орчуулсан их дуун хөрвүүлэгч эрдэмтэн билээ. 1910-аад оны бусад монгол зохиолчид Ш.Дамдин, Ж.Цэвээн, Ч.Дэмчигдорж нарын адил намтар бүтээлтэй эх оронч үзэлтэй, монгол үндэснийхээ сэргэн мандлын төлөө тууштай тэмцэгч их бичгийн мэргэд байлаа. Энэ хүмүүс монгол туургатны дунд шинэ XX зууны агаар амьсгал, соёл эрдмийг нэвтрүүлэхийн төлөө бүхнээ зориулсан юм.

Ер нь 1910-аад оны бичгийн мэргэд зохиолчдын бүтээл туурвилын үндсэн өнгө төрх боп соён гэгээрүүлэх үзэл зорилго байлаа. Шинэ зуунд гэгээрэл боловсрол юунаас илүү чухал гэдэгт бүгд иттэж монгол үндэстнээ гэгээрүүлэхийн тулд муу муухай, оюуны болоод ахуйн хоцрогдол доголдлыг хурцаар илчлэн шүүмжилж гэгээрүүлэх үзлээ тунхагладаг байжээ. Ерөөс Монголын соёл уран зохиолын хөгжлийн түүхийг анхааралтай ажихул гэгээрүүлэх үзэл шүүмжлэлт санаа хоёр салгаж болохгүйгээр нэгдэн нийлсэн байдаг.үүний нэгэн жишээ гэвэл “Иргэний сургууль байгуулжард иргэдээ  дорд ядуу хүний ухаантай сэргэлэн хөвүүдийг улсын сангаас зоос гарган эрдэм сургахыг удаа дараа ятган бичсэн өгүүлэл олон гарсан бөгөөд тэдгээрийг Ма Ба Бо гэдэг хүмүүс бичиж байсны Бо нь Бодоо байжээ.”

Монголын уран зохиолын хөгжлийн түүхийн үечлэлийн онцлогийг харьцуулах замаар уран зохиолын арга найруулгыг тодруулах ёстой гэдэг нь ойлгомжтой. Монголын уран зохиолын түүхийн хувьд шинэ үе ХҮII зуунаас эхэлж байгааг олон судлаач тэмдэглэсэн бий. Харин орчин үе буюу шинэхэн үе яах аргагүй 1910-аад оноос эхлэн Европын соёл дэлхий нийтээр тархаж, шинжлэх ухаан төхникийн дэвшил ч улс түмнийг гайхшруулж эхэлсэн билээ, XX зуун эхлэхдээ мэдээлэл шинжлэх ухааны зуун болох аястай байсан гэдэг. Нөгөө талаар хуучин хамжлагын ёс, шашныг хуваарьгүй ноёрхуулах хоёрын эсрэг үзэл хүчтэй гарч ирсэн билээ. Энэ утгаар шинжлэх ухаан ерөөс хүний оюун ухаан, мэдлэгийг шүтэх, түүнд тэмүүлэх явдал шинэ гарч буй XX зууны үндсэн өнгө төрх байлаа.

Бидний дээр товч дурдсан 1910-аад оны уран зохиолын өнгө төрх, зохиолчдын ч туурвин бүтээх арга найруулгын онцлог сэлтийг 1920-иод оны уран зохиол, зохиолчдынхтой харьцуулан ажиглахад яах аргагүй нэг нь нөгөөгөө өвлөн залгамжилсан тасралтгүй үйл явц гэдэг нь илт харагдаж байна. 1920-иод оны үеийн хувьсгалын сэдэвт дуу шүлэг, үлгэр өгүүллэг, баримтат туужуудад нөгөө л гэгээрүүлэх чиглэл, хуучныг шүүмжлэх аяс хоёр нэвтэрхий байхын зэрэгцээ ухуулан сэнхрүүлэх өнгө тодорч ирсэн байдаг. С.Буяннэмэх, Д.Нацагдорж нар анх гарч ирэхдээ өнөөгийн бидний ойлголтоор зохиолч гэж нэрлэгдэхээсээ илүү их бичээчийн уламжлалаа түшсэн нь мэдэгддэг. Энэ хоёр бичгийн мэргэн Ж.Цэвээн Ч.Дэмчигдорж нарын адил эрдэм судлал, шинжлэлийг гол болгохын зэрэгцээ шинэ соёл уран зохиолыг бий болгохын төлөө бүхнээ зориулжээ.