• 2025-05-04

УУЛЫН ГОРХИНЫ ШУУГИАН

 УУЛЫН ГОРХИНЫ ШУУГИАН

Яруу найрагч Д.Отгонсүрэнг Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн гуравдугаар ботид 1970-аад оны уянгын төрөл зүйлийн төлөөлөгчид хамруулж үзсэн байдаг . Тэрээр   “Уулын горхины шуугиан” шүлгийн анхны түүврээ 1975 онд хэвлүүлснийг  Монгол улсын төрийн соёрхолт эрдэмтэн, профессор Д.Цэнд өлгийдөн авч “Энэ түүврийг уншихад зөвхөн авьяас билгээ шүтээгүй харин уран зохиолын онол гоо зүйн зохих мэдлэг бүхий орчин үеийн уран зохиолын нийгмийн шаардлагыг зөв ойлгосон хүний дүр сэтгэлд бууж буйг юуны өмнө онцлон үзвэл зохино” гэж үнэлсэн байдаг.

    Мөн “Яруу найрагч хүний бүтээлийн хөөрөх хоёр жигүүр болсон эрин үеийнхээ хүн ардын сэтгэлд гүн нэвтрэн орж чин зүрхний айзмыг илэрхийлэх. Урлан найруулахдаа өмнө үеийг байтугай өөрийгөө ч давтахгүй өвөрмөц эрэлхийлэл хийх талаар залуу яруу найрагч Д.Отгонсүрэн замнаж буй нь сайхан эхлэл юм гэж өндөр үнэлсэн байдаг.” Гэвч хийж бүтээх ид насаа нийгмийн ороо бусгаа цагийн салхинд Монгол хэлний халдашгүй дархан байдал, үгийн сан, хэлний найруулгын асуудалд зориулан шүлэг найргаа хойш нь тавьсан тал байж магадгүй боловч замбуулинд оршин ахуй бүхий л хугацаандаа найраг шүлгээр ард түмнээ ундаалан тэтгэх, монголын уран зохиолд өөрийн хувь нэмрээ оруулан алдар нэрээ мөнхөлсөн авьяаслаг яруу найрагч гэдэгтэй өнөөдөр хэн маань маргах билээ.

Тэрээр нэгэн бэсрэгхэн шүлэгтээ:

…Он жилийн тоосонд

Хэдэн шүлэг минь дарагдаж

Оюун сэргэлэн хойч үе минь

Хэдийг нь олж үздэг бол… “Сэтгэл зовнихуй”   хэмээн Ванчинбалын хөвүүний санаашралыг өвлөн бичиглэсэн нь ч бидэнд уламжлал болоод шинэчлэл яруу найрагчийн “уран саналга”-ыг мэдрүүлэн эх хэлнийхээ яруу сайхан, эрхэм тансаг, өмнө үеийнхээ зохиол бүтээлийн арвин санд  шүтэн шүлэг зохиолоо туурвиж байсныг нь илтгэх  ажээ. Мөн өөр нэгэн шүлэгт:

“Өөдлөх хүн

Ном айлдсаныг ч багшид шүтэн

Санах сэрэхийн үрийг үзэн мэргэжнэ

 

Өөдгүй нэгэн

Ном айлдсаныг ч танилд үл бодон

Эрдмийг үл хүсэн мунхагийн туйлд тэмүүлнэ” гэх мэтчилэн уламжилсан  сургаал зохиолын хэлбэр бүхий  богино шүлгүүд цөөнгүй байгааг ажиглаж болох юм. Зөвхөн бичгийн уран зохиол төдийгүй ардын аман зохиол, тэр дундаа ардын дууны айзам хэмнэл, уран нарийн хийцийг өвлөн бичсэн “Даригангын жаахан шарга” шүлгийг нь мэдэхгүй хүн цөөхөн гэж бодно. Уг шүлэгтээ:

…“Даригангын жаахан шарга”-ыг

Уяран дуулсаар ганихарлаа

Даригангын жаахан хонгорт

Унан дурлаад биширлээ хэмээн бичсэн нь нэгэнтээ өөрөө судлан бичсэн ардын дууны шүлгийн мөрийн төгсгөлийн урт эгшиг болоод холбоц, давталт нь уянгалаг сонсголонтой чанарынх нь илрэл байдаг гэсэнтэй дүйж байна.

1980-аад он гарсаар Монголын орчин үеийн уран зохиолын яруу найраг ерөнхий тоочилт, өнгөц магтаалаас ангижирч сэтгэн бодохуйгаас сэрэл мэдрэмжийн яруу найрагт шилжсэн гэдэгтэй санал нийлбэл “Зам алсад хөтөлнө” /1982/ түүвэрт нь орсон “Болжмор”,  “Миний хайрхан уул” /1986/ түүврээс “ Чи бидэн хоёр”, “Нэгэн захидлын хариу”, “Үдшийн тэнгэрт тогоруу хашгична”,  “Сүүлчийн шувуу” /романс/ зэрэг шүлгүүд нь түүнийг 1980-аад оны яруу найргийн охь манлайд явсан гэдгийг:

…Үүлсийн чанад

Үдшийн тогоруу хашгичихад

Өнгөрсөн гуниг гэнэт сэтгэл сүүдэрлэн

Үсний үзүүрт цагаас өмнө

Хяруу цацах шиг болж билээ. /Үдшийн тэнгэрт тогоруу хашгична/ гэсэн нь  намар цагийн  уй гунигаар дүүрэн аниргүй сүүмийх тэнгэрт хашгичин байгаа тогоруу хийгээд хүмүүний сэтгэлийн доторхи эзгүйрэл хоосрол амраг сэтгэлийн хөндүүрлэлийг өөрийн зөн мэдрэмжээр дүрслэн илэрхийлсэнээс гадна:

…Харих цагийн урсгалд анхныхаа хэвээр байгаа

Хайрын сэтгэл минь хүлээж  хашраагүй

Хүлээж хашраагүй ээ

Ирэх өдрийн нэгэнд сэтгэл тэнийнэ гэсэн

Итгэл минь булгих зүрхнээс

Сүүлчийн шувуу шиг нисээгүй ээ /Сүүлчийн шувуу/ гэж шүлэглэсэн нь хайр сэтгэл болон  итгэл найдвар хүсэл мөрөөдлийн дуулал болсон, өөр нэгэн шүлэгтээ:

…Хорь хүрээгүй хонгор насны

Гэнэн хонгор тангараг тавьдаггүй

Хорвоогийн жаргал зовлон хоёроос

Санаан зоргоор зугатаж болдоггүй… /Нэгэн захидлын хариу/ хэмээн  олигтойхон шийдвэр гаргах чадалгүй боловч салж хагацахын аргагүй, хүсэл тэмүүлэл догдлол бүхнийг өөртөө нууж байдаг хорь хүрээгүй гэнэн хонгор  насны дүрэлзсэн хайр сэтгэлийн дуулал болсон зэрэг нь нотлох юм.

Үүнээс гадна ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Хайрхан уулын бараа”, “Янзага”, “Ээждээ дуулах  дуу”, “Усны тунгалаг тамир”, “Ухаан ч үгүй явж дээ” ард түмэнд хүрсэн сайхан дууны шүлгийг зохиожээ. Дуу ард түмэнд хүрэхээс илүү гайхалтай алдар гавьяа хаана байх билээ.

Яруу найрагч Д.Отгонсүрэнгийн бичсэн шүлгүүд тэр дундаа бодол ухаарлын аястай орчлон хорвоогийн жам ёсыг дуулсан,  дууллын шүлгийн аяс бүхий шүлгүүд нь мөн түүний авьяас чадлыг илгэх юм. Түүний бичсэн:

… Урсахын түрүүнд урсдаг

Улирах хоног хугацаа гэнэм

Ухаараагүй явахад минь өтөлсөн

Аав л ээж л хоёр мину

 

Наадтай ууланд будрахлаар

Намрын сэрүүнийг мэдлээ, би

Насных нь танагтайд ачлаагүй

Назгай хүү чинь яалтай билээ /Аав ээж хоёр/ гэх мөрүүд нь цаг хугацаа, бодол ухаарал, хожимдол үгүйрэл, мөнх бусын жам ёсыг илэрхийлсэнээс бол:

Түрүүг нь хараагүй байтал

Үндсийг нь ухна гэвэл бэрх

Сохор таамаг гэгч тэр мөн

Тэргүүнээ бөхийлгөөгүй

Өрөөлийг сөгтгөнө гэвэл хэцүү

Бардам зан гэгч тэр мөн гэсэн шүлэг нь мухар сохор зан хийгээд бардам ихэмсэг зан хоёрын  хор уршгийг үлгэрлэн  илэрхийлсэн дууллын аястай юм. Энэ мэт монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн нэгэн яруу найрагчийг товч дурдахад ийм байна. Зөвхөн шүлэг яруу найргаас гадна монгол хэлний найруулга зүй, хэл шинжлэл, хүүхдийн уран зохиолд ч цөөнгүй бүтээл туурвисан байдаг билээ.

Ийм нэгэн гайхалтай яруу найрагчийг бид өнөөдөр онцоллоо.

 

 

 

 

 

 

 

 

1 Comment

  • гоё

Comments are closed.