• 2025-05-04

ЭРХ ЧӨЛӨӨ = ЦӨЛЛӨГ

 ЭРХ ЧӨЛӨӨ = ЦӨЛЛӨГ

ХХ-р зуун гарснаар дэлхийн улс төрд ихээхэн өөрчлөлт гарсан нь Хаант Орост ч ихээхэн өөрчлөлт авч ирэв.  Энэ үед Оросын бүрэлдэхүүнд ямар ч эрх мэдэлгүй байсан Халимагууд энэхүү цаг үеийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг эрмэлзэх болсон юм. Энэ бүхэн нь Халимагийн ард түмэнд асар их гай зовлонг дагуулан ирсэн юм.

Хаант Оросын удирдлагууд Халимагуудад ил болон далдуур харгис бодлого явуулж байв. Тухайлбал, 1913 онд Оросын эзэн хаан II Николай:

-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний Татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол Халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Энэ бодлогын улмаас Халимагуудад улс төр, цэргийн эрх мэдлийг шууд өгөхөөс аль болох зайлсхийж байсан юм.

1917 оны 3 сарын 25-нд Халимагийн язгууртан, сэхээтний төлөөлөл Астрахань хотод хуралдаж, Оросын түр засгийн газарт хандан өөртөө засах улс байгуулах эрх олгох хүсэлт гаргасанд (1917 оны 7 сарын 1-нд) Оросын түр засгийн газар “Халимагийн ард түмний талын муж” байгуулах шийдвэр гаргасан  байна. Халимагууд Иргэний дайн,  Октябрын хувьсгал зэрэг тухайн үед Орост өрнөөд байсан улс төрийн эмх замбараагүй байдлыг ашиглан бие даасан тусгаар улс байгуулахаар бослого гаргасныг халимагийн язгууртан Тундутовын удирдсаныг большевикууд цус урсган дарсан юм. Мөн Оросын түр засгийн газрын батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов большевкуудыг эсэргүүцсэн бослогыг  удирдсан аж. Тэрээр халимаг гаралтай бөгөөд түүний халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов юм. Большевикуудын удирдагч В.И.Ленин Ижил мөрний халимаг эмэгтэй, Астарханы мужаан хоёрын хүү байлаа. Л.Г.Корниловыг алагдсаны дараа түүнийг дэмжсэн Халимагийн 37 мянга орчим сэхээтэн лам, цэргийн сурвалжтан, ноёд бусад цагаантнуудын хамт АНУ, Серби, Болгар, Франц, Румын, Чех руу цагаачилсан юм.

Халимагууд хувьсгалын үед дан цагаантнуудыг дэмжээгүй бөгөөд большевикуудын талд ч идэвхтэй тулалдсан. Тэдний байгуулсан “Зүүнгарын хороо” маш амжилттай тулалдаж байсан  ба уг хорооноос тухайн үеийн большевик халимагийн удирдагчид болох А.Амарсанаа, Чапчаев, Х.Б.Кануков, О.И.Городивиков зэрэг хувьсгалчид төрөн гарав. Мөн хувьсгалч халимаг эмэгтэй П.Н.Шапшуков маш эрэлхэг тулалдсан тухай тэмдэглэсэн байдаг. Халимагийн хувьсгалчид тухайн үед Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар ирж байсан монголын нууц бүлгэмийн төлөөлөгчдийн үйл ажиллагаанд ч тусламж үзүүлж байв.

Большевик Халимагийн удирдагчдын хүчин чармайлтаар 1920 оны 11 сарын 4-нд Астрахань, Царыцин, Ставрополийн губерн, Дон, Терк мужаас газар нутаг тастан Халимагийн өөртөө засах муж байгуулагдав. ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд Халимагийн автономит улс байгуулахыг большевикууд эсэргүүцэж байлаа. Тус автономит улсын төв нь 1924 он хүртэл Астрахань хот байлаа. Зөвлөлт Оросын шинэ удирдагчид Халимагуудын талаарх хатуу бодлогыг хэвээр нь хэрэгжүүлсээр байв. 1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд И.В.Сталин: “Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой, Монголтой бүр үндэс угсааны холбоотой халимагуудад тайван хандаж байгаа явдал” хэмээн мэдэгдсэн байдаг. Тиймээс Халимагт зөвлөлтжүүлэх бодлогыг маш эрчимтэй зохион байгуулж эхлэв. Тэднийг шашин соёлын хувьд ихээхэн хавчиж байв. Зөвхөн 1924 онд Баруун болон Яндыко-Мочаж хоёр районы 27 сүмээс 17 нь хаав. 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны анхдугаар зөвлөгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагийг хүчээр нүүлгэв. Энэ мөн цөллөг байв.

Энэхүү зөвлөлтжүүлэх бодлогыг Халимагийн ард түмний дотор шашин соёлоо хамгаалах нууц бүлгэм үүсэж, улмаар Оросын эрхшээлээс гарч Баруун монгол (Монголчуудын дотроос хамгийн баруун зүгт байгаа тул) улс байгуулахаар төлөвлөсөн ажээ. 1930-3-22 нд нууц бүлгэмийнхэн үйл ажиллагаагаа ил тод болгон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа мэдэгдэн бослого гаргажээ. Тэд Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй багахан хүчээр Зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохисон юм. Зөвлөлтийн удирдагчид үүнийг сонсоод Сталинград, Астрахань, Ростовоос Зөвлөлтийн 7 мянган хүнтэй моторжуулсан цэргийн нэгтгэлийг Халимаг руу илгээн бослогыг дахин цус урсган дараад бослогын удирдагчид болон үндэсний сэхээтэн, лам нарыг нармай монголыг байгуулахыг санаархагчид, Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, ардын дайснууд хэмээн яллан хороов.

1931 онд Халимагийн Чойрын гүн ухааны дацанг галдан шатааж, бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тепкин лам, Огжаангарма нарыг буудан хороолоо. Мөн “Нарны суварга” хэмээх лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх нэрийн дор олон лам, болон сэхээтнийг баривчилж хэлмэгдүүлэн хороосоор байв.

Энэ үед тухайн бүс нутагт болсон ган гачиг, малыг хоршоололд авснаас болж ард олон өлсгөлөн нэрвэгдэн ард олны амьдрал туйлын хүнд  болжээ.

1935 оны 10 сарын 20-нд Халимагийн өөртөө засах мужийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс болгож, 1937 оны 6 сарын 23-нд Халимагийн Үндсэн Хууль батлав. 1939 оны тооллогоор Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байв .

1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д дайран довтлов. 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд 22 мянган халимаг эрчүүдийг цэрэгт дайчлан галын шугам руу илгээсэн ажээ. Зөвлөлтийн тал Германы танкуудын өмнөөс Халимагийн морьт дивизийг оруулж байсан тул тэд Германы талд  орох үзэгдэл гарч байв. Энэ үед Германы тал халимагуудын дунд суртал ухуулгыг маш сайн хийж, бурхан шашнаа чөлөөтэй шүт, мал хөрөнгөө өөрийн мэдэлдээ авч дураараа өсгө, халимагийн ард олныг алж хороохгүй, хүнсний тусламж олгоно, өөрсдөд нь тусгаар улс байгуулж өгнө гэх мэтээр ухуулж байсан нь шашин шүтлэгээ хориулж, мал хөрөнгөө хамтралд өгөн өлсгөлөнд нэрвэгдэж, тусгаар тогтнолынхоо төлөө удаа дараа тэмцэн цус урсган дарагдсан тэдэнд Германы тал орж Оросын эсрэг байлдахад нөлөөлсөн. Германчууд хамтын хүчээр 1941 оны 8 сарын 12-нд Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авлаа. Энэ үед Элиста хотынхон Германчуудад хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй байсанд Халимагт малын эмч нэрээр сууж байсан Германы тагнуул доктор Долл, мөн тэнд ажиллаж байсан монголч эрдэмтэн, герман үндэстэн Н.Поппе (нэрт монгол судлаач) нар ихээхэн нөлөөлсөн юм. Тэд “Герман улс монгол, манж, япон нарыг тэнгэр язгууртай, азийн ари, анд нөхдөө гэж үздэг. Монгол та бүхэнтэй адил хас сүлдтэй нь тохиолдлын хэрэг бус. Хэдэн зууны Оросын дарлал, Сталины яргаллаас салж, эрх чөлөөт Халимаг улсаа байгуулах цаг чинь ирлээ!” хэмээн ятгасан ажээ. Энэ бүхний дүнд халимагууд доктор Доллын цэргүүдийг 9 цагааны бэлэг барин угтсан ба Гитлер ч “Халимагийн чөлөөт улсыг байгуулах эрхийг тэдэнд олго, онцгой ханд, манай холбоотон халимаг цэргүүдийг тусгай арми болго” гэсэн чиглэл өгч  тэднийг доктор Доллаар удирдуулжээ. Улмаар 5000 хүнтэй холбоотны статустай энэ арми Халимагийн чөлөөт улсын л аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж, Зөвлөлтийн партизан, тагнуул, хорлон сүйтгэгч, десантчидтай үр дүнтэй тэмцэж байлаа. Гитлер Халимагийг тусгаар улс гэж мэдэгдсэн ч, чөлөөт автономийн байдалтай болгосон. “Калмукен Кавалерие Корпус”-ын цэргүүд өөрсдийгөө эх орончид, ариун үйл хэрэгтнүүд гэж баттай итгэсэн байв. Элстэйг эзлэн авсны дараа СС-ийн Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нар Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимагуудтай хамтран шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгах зэрэг ажлуудыг хийж Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ.

Мөн Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот сууринуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажлуудыг эрчимтэй хийхийн зэрэгцээ германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдав.  Нийт 25 зуут байгуулагдсан ба сүүлд энэ нь халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг. Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.

Халимагууд тухайн үед бүгдээрээ Германы талд ороогүй бөгөөд тал нь Улаан армид Зөвлөлтийн талд тал нь байлдаж байв. Энэ дайнд Зөвлөлт холбоот улсын анхны баатар цолыг Халимаг хүн хүртсэн  бөгөөд II дайны явцад нийт 21 халимаг хүн ЗХУ баатар цол хүртсэн . Мөн гэр бүлээрээ зөвлөлт холбоот улсын баатар цол хүртэгсэд ч цөөнгүй  байлаа.

1942 оны 8-р сараас 1943 оны 1-р сарын хооронд Халимагийн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явагдав. 1943 онд Зөвлөлтийн цэргүүд Германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас дайны хувь заяанд эргэлт гарав.  Германчууд ялагдан өрнө зүгт буруулан ухарснаар Зөвлөлтийн цэрэг Халимагийн нутагт орж ирэн хэлмэгдүүлэлт, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов. Германы талд байлдаж байсан Халимагийн морьт цэрэг тэдний хамт ухарсан ба Польш, Югославт Зөвлөлтийн армид ширүүн эсэргүүцэл үзүүлж ихэнх нь дайны дараа Европын орнуудад үлдэж, АНУ руу цагаачилсан юм.

Эх орны дайны үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдээс нь Сталиныг эсэргүүцэн, Германы талд орогсод зөвхөн халимагууд байсангүй. Сталин энэхүү  бага ард түмнүүдийн урвалтыг тэднийг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аятай шалтаг олдов хэмээн, эхний шатанд “Халимаг, Чечен, Ингуш, Карачай, Балкар, Крымийн татар, Герман, Турк, Финланд, Солонгос гэсэн 10 урвагч ард түмэн гарлаа” гэж тунхаглан, депортаци гэгчдээ хамруулж, хүйтэн Сибирь, халуун дундад Ази зэрэгт тарааж цөлөхөөр шийдсэн аж.

Германы тагнуул гэсэн хэргээр 1942 оны өвөл 112000 Германыг сибирь болон казакстанд цөлсөн, 1943 оны 11 сарын 4-нд Карачевуудыг бас цөллөгөнд явуулснаар Халимагуудын ээлж ирсэн юм. Халимагуудыг нүүлгэхэд хэрэгтэй мэдээллийг зөвлөлтийн тагнуулч Л.Бери Халимагт газар дээр нь ажиллан Сталинд мэдээлж  байв. 1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэв. Тэднийг эх орноосоо урван улаан армийн эсрэг зогссон, фашистын армийн хөлөөс нүүлгэн шилжүүлж  байсан мал хөрөнгийг булаан дээрэмдэж фашистын цэргүүдэд хүнс залгасан, үнэнч сэтгэлтэй зөвлөлтийн  иргэдийг фашистын цэрэгт тушаасан,  фашистын цэргийг хөөсний дараах зөвлөлтийн бүтээн босголтыг эсэргүүцэж  хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн ялласан тогтоолд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн нөхөр Сталины тамга дарсан зарлигт, зөвлөлтийн дээд шүүхийн дарга М.Калинин, дээд шүүхийн нарийн бичгийн дарга А.Горькин нар гарын үсэг зурсан. Уг зарлигт зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд оруулж, газар нутгийг нь Астрахань, Дагестан, Ростов, Ставрополь мужид хуваан нэгтгэх, Элста хотын нэрийг Степной болгон өөрчилж, тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргаж, сибирь, хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын шууд удирдлагын дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.

Халимагуудыг  нүүлгэн шилжүүлэх  бэлтгэлийг  генерал И.А.Серов өөрийн биеэр хоёр удаа ирж шалгасан байна. Энэхүү ажиллагааны код  “Улус”. Тэрээр 1943 оны 10 сарын 27 нд Элстэй хотод хурал зарлан тэнд анх удаа цөллөгийн талаар цухас дурдсан бөгөөд намын гишүүдийг яах талаарх асуултад хариулаагүй аж.  12 сарын 28-ны үүр цайтал Халимагийн ард түмэн ямар ч ажиг сэжиггүй байсан юм. Нүүлгэх ажиллагаа 1943 оны 12 сарын 28-аас 12 сарын 31-нд явагдсан. Энэхүү ажиллагааг Б. З. Кобулова, И. А. Серова нар гардан зохион байгуулжээ. Төлөвлөсөн ёсоор бол Халимагуудыг Сибирийн Алтай, Красноярск, Омск, Новосибирск мужид цөлөхөөр байсан  ч дээрх 4 газраас гадна Свердловск, Томск, Казакстан, Тюменьд тараасан ба дараа нь бусад газруудаар тараасан байна. Эдгээрийг харуулбал:

Он 1944-1 1944- Сүүлээр 1946 1949 1950 1952 1954
1 Молотов 26 123 150
2 Свердловск 1178 1072 911 507 482 473 505
3 Тюмень 14174 12509 9596 9648 10165 10378
4 Омск 27158 9530 10128 9732 9573 9783 10070
5 Томск 1687 1320 1020 1075 1113 1131
6 Новосибирск 16436 16720 17135 17026 17109 17590 17810
7 Кемеровск 40 112 172 248
8 Красноярск 24998 21450 19552 16407 16037 16131 17096
9 Эрхүү 93 68 93
10 Сахалын арал 29 52 52
11 Тува 20 20 20
12 Горны алтай 22213 19769 17816 17993 18280 18595 18982
13 Казакстан 2268 2268 1894 2042 2365 2557 2568
14

Киргизстан

143 260 283

308

15 Тажикстан 54 224 212
16 Узбекстан 714 746 805 867

 

Тодруулбал  33809 эмэгтэй, 40157 хүүхэд, 19017 өндөр настан, хөдөлмөрийн чадвараа хагас, бүтэн алдсан иргэд,  мөн бусад газарт байсан 6117 халимаг иргэнийг Уралын нуруунаас Сахалын арал хүртэл тосгон бүрд дараах байдлаар тараасан  байна.

Дээд шүүхээс гаргасан зарлигт өрх бүр 500 кг хүртэлх хувийн эд зүйлсээ авч явж болох, мал хөрөнгө хогшлыг данслан хүрэх газрын орны хамтралын хөрөнгөөс дүйцүүлэн олгож, тохирох ажил хөдөлмөрөөр хангах тухай дурдсан. Гэхдээ “Улус” ажиллагаа цаасан дээрхээс нэлээн өөр байсан бөгөөд тэднийг арван таван минутанд бэлтгэлийг нь хангуулан таван килограмм ачаа авч явахыг зөвшөөрсөн. Өвлийн ид хүйтэн цагаар мал ачдаг байсан ачааны вагонд ачигдсан олон халимагууд замдаа осгож нас барсан. Нас барсан ахан дүүс, үр хүүхдэд, эцэг эхээ  замын зогсоол бүр дээр буулгаж, улаан гараараа цас малтаж, олдсон хэдхэн хоромд баригдан нэрийг нь ч мэдэхгүй мөсөн зогсоолд орхиод явж байв. Хар дарсан зүүд шиг энэ он жилүүдийн ярих нэгэн одоо ч бий.

Мөн энэ үед улаан армид алба хааж байсан Халимагуудыг зөвхөн халимагуудаас бүрдсэн шинэ анги байгуулах гэж байгаа гэсэн нэрийн доор эргүүлэн татаж Широковскийн усан цахилгаан станцыг барих ажилд дайны олзлогсдын хамт хорин ажиллуулсан юм. Тэд Германы олзны цэргүүдтэй хамт өргөст торны дотор улаан гараараа хад нурааж, хөлдүү газар ухаж, амьд үлдэхийн тулд төмсний хальс хүртэл идэн ажиллаж байв. Дайн дуусаж олзны германчууд буцсан хойно ч ажилласаар л тартагтаа тулж өндийх ч чадалгүй болсон нэгнийг нь суллан явуулж байв.

Цөллөгийн эхний жилүүдэд хүнд нөхцөлд амьдарч үл дийлэн нас барах, өөр газар луу дахин шилжүүлэх зэргээс болж хүмүүсийн тоо ихээхэн багасаж байгаа бол, сүүлийн жилүүдэд төрөл болон цэргээс буцаж ирсэн хүмүүс өөрийн өрх бүлийг олж ирэх болсноор бага зэрэг нэмэгдсэн байна. Цөллөгийн жилүүдэд халимагийн хүн амын хорогдол нь төрөлтөөсөө хамаагүй их болсон  байв.

 

1944 1945 1946 1947 1948 1949 1950 1951-1952 Нийт
Төрсөн 351 351 628 757 1135 2058 2914 4242 12436
Нас барсан 11717 3735 2187 2358 2766 1903 2257 3104 30027

Энэ цөллөгийн улмаас Халимагуудын гуравны нэг нь амь үрэгдэж, Халимагийн тухай дурдсан бүх ном зохиол, баримт бичгийг устгав.

Цөллөгт очсон даруйдаа тэд өөрсдийгөө угсаа гарал нэгтэй Буриад болон Монголд цөллөх хүсэлт гаргаж байсан  ба Чойбалсан ч Халимагуудыг Монголд цөлөхийг хүсэж, “ингэх нь хүн хүчээр дутмаг Монгол улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно” хэмээн Сталиныг ятгахад  Сталин “Панмонголизм сэргэж магад” гээд халимагуудыг биш Власовчуудыг монголд  илгээхээр болсон гэсэн аман мэдээ байдаг.

Халимагуудыг цөлсөний дараа Чечень, Ингуш, Балкар, Крымийн Татаруудыг казакстанд болон дундад азид цөлжээ. НКВД-ийн мэдээгээр нийт 3336258 хүнийг цөлсөн байна.

Ж.Бурхинов зэрэг баруунд дүрвэн гарсан халимагууд энэхүү депортацийн үнэнийг дэлхий дахинд ойлгуулж, НҮБ удаа дараалан шаардсан, И.О.Городовиков, Б.Б.Городивков, А.Сусаев Халимагийн төр нийгмийн сэхээтнүүд Зөвлөлтийн удирдагчдад удаа дараа хүсэлт гаргаж байсанд 1953 онд В.И.Сталин нас барсны дараа Оросын шинэ удирдагчид Халимагийн талаар баримтлаж байсан бодлогоо зөөлрүүлжээ. 1957 оны 1-р сард Ставрополийн хязгаарын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах мужийг 12 районтой байгуулах шийдвэрийг ЗХУ-ын Дээд Зөвлөл гаргажээ. Ингэхдээ өмнө нь Халимагийн нутагт тооцогдож байсан Лиман, Приволж дүүргийг Астрахань мужид, мөн Дагестаны мэдэлд 158 га талбай Хар газар үлджээ. Цөллөгт явсан хүмүүсийн хойч үе, үр садыг Халимаг руу эргэж ирэхийг зөвшөөрсөн байна. 1958 онд ЗСБНХалимагийн АУ-ын статусыг сэргээжээ.

Энэх үед бусад цөлөгдсөн ард түмнүүдийн дийлэнх нь өршөөгдөж, буцах эрхтэй болсон ба крымийн татар, месхетийн турк, ижилийн герман зэрэг ард түмнүүд 1980-аад оны эцсээр л цөллөгөөс суллагдсан юм.

Цөллөгөөс эргэж ирсний дараа 1961-1978 онд ЗСБНХалимаг АУ-ын тэргүүнээр ахмад дайчин, ЗХУ-ын баатар Б. Б. Городовиков ажиллаж байв. Тэрээр мөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан. 1974 оноос Халимаг нь Монгол улсын Өвөрхангай аймагтай шефийн харилцаа тогтоосон бөгөөд энэ үеэс Монгол-Халимагийн найрамдлын хамтын нийгэмлэгийн тэргүүнээр манай улсын 1921 оны хувьсгалд ирж оролцож байсан Халимагийн ахмад дайчин М.Т.Бембаев ажиллаж байв.

Ардчилсан өөрчлөлтийн нөлөөгөөр 1990 оны 12-р сард ЗСБНХалимаг АУ-ыг ЗСБНХалимаг Улс гэж нэрлэх болжээ. 1991 оны 4 сарын 26-нд “Хэлмэгдсэн ард түмнийг цагаатгах тухай” хууль баталжээ. 1991 оны 10 сарын 18-нд “Улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах тухай” хууль батлагджээ. Энэ хууль батлагдсанаар дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд цөлөгдөж зовж шаналсан Халимагуудыг цагаатгах ажил эхэлжээ. 1992 оны 3 сарын 31-нд Бүгд Найрамдах Халимаг Улс ОХУ-ын бүрэлдэхүүнд байгуулагджээ. 1993 оны 4 сарын 11-нд Халимагийн анхны ерөнхийлөгчөөр К. Н. Илюмжинов сонгогджээ. 1993 оны 4 сарын 12-нд Халимаг ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах, өөртөө засах улсын статустай болжээ. 1994 оны 4 сарын 5-нд Халимагт шинэ үндсэн хууль баталжээ.

ХХ зуунд халимагийн ард түмэн нь тухайн үеийн дэлхийн улс төрийн өөрчлөлтийн нөлөөгөөр тусгаар улс болохын төлөө 1917, 1930 онуудад бослого гарган дарагдаж, Оросын иргэний дайн, Октябрийн хувьсгал, хоёрдугаар дайнд тулалдаж буй хоёрт талд хуваагдан байлдсан ба энэ бүхнийхээ хариуд 1943-1957 онд Сибирьт цөлөгдөн хүн амынхаа гуравны хоёрыг алдсан юм. Цөллөгөөс буцаж ирсний дараа 1974 оноос эхлэн үеийн үед хүсэн мөрөөдөж ирсэн уг гарал нэгтэй монгол улстай харилцаа тогтоон өргөжүүлж өөрийн эрх чөлөө тусгаар тогтнолд алхам алхмаар амжилт олон одоо ОХУ-ын дотор автономит эрхтэй улс болон оршин тогтнож байна.

 

нийтлэлч Н.Наранжаргал

1 Comment

  • like

Comments are closed.