• 2025-05-04

Монголын нууц товчоон судлал: домог зүйн хандлагын нэгтгэгч чиг үүрэг

 Монголын нууц товчоон судлал: домог зүйн хандлагын нэгтгэгч чиг үүрэг

Хулуд Ж.Отгонбаяр. МУБИС, Нийгмийн Ухааны Тэнхим

Монголын нууц товчоон бол монголчуудын домог зүйн сэтгэлгээний шид эрдмийг чинадад нь хүргэн ширээж тэрлэсэн үнэмлэхүй дээд Тэнгэрч үзлийн номлол төдийгүй, бас биелэл нь мөн[9] хэмээн өмнө нэгэнтээ илэрхийлсэн санаагаа үргэлжлүүлэн сайхь хөлгөн туульсын судлалд домог зүйн хандлагын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх байр сууриа томъёолохыг зорьж байна.

Манай нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгаанд домог зүйн хандлагын хэрэглээ тийм ч өргөн дэлгэр биш. Эхний байдал ийм. Ер нь энгийн ухамсрын төвшинд ч гэсэн орчин цагийн аясыг дагаад манай олон нийтийн зүгээс монголчуудын язгуур домог, домог зүйн сэтгэлгээнд төдийлөн ач холбогдол өгч ханддаггүй. Гэсэн атлаа элдэв цуурхал, бүлэглэж талцсан хов жив, улс төрийн шинжтэй дуулиан шуугиан, хийрхэл хэнээрхэл, нүд хуурсан арга заль олны санаа бодлыг этгээд төөрөлдүүлж байгаад сайхь олон нийт бас гайхацгаадаг. Энэ бол хоёр дахь байдал. Чухамдаа энэ хоёр байдал үзүүр ёзоортоо холбоотой, тийм болохоор, нэг асуудлын хоёр тал ч гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, домог, домог зүйн ертөнцийн мөнчанарыг хэдий чинээ үл тооно, нийгэмд  үзэл суртлын шинжтэй гаж, сөрөг үзэгдэл төдий чинээ гаардаг аж. Нэгэнт түүх хэмээгч нь мөнхийн буцалт (Ф.Ницше) байдаг утгаар ч домог, домог зүйн ертөнцийн мөнчанар, үнэ цэнийг онцолж тайлбарладаг орчин цагийн арга зүй рүү хандах шаардлага бий юм. ХХ зуунд домог зүйн судалгаанд хоёр томоохон үйл явдал болж, арга зүй, хэрэглээ рүү нэвтэрсэн байдаг. Энэ нь, зууны эхнээс домгийг өөрөөр харах болж[6], зууны хоёрдугаар хагасаас улс үндэстнүүд эртний домгоо бараг урьдах бүх түүхийн үед үзэгдээгүй ихээр сонирхох болсон явдал юм [4. 85].

Монголын нууц товчоонд олон домог, домгийн өгүүлэмж, домогжуулсан түүх, дом ёсны талаар өгүүлсэн байдаг болохоор энэ илтгэлд тус гарчгийг өгсөн мэт санагдаж болох юм. Тийм тал ч бий. Бас өөр учир байна аа. Соёлын антропологи (хүн судлал) эрчимтэй хөгжиж буй эдүгээ цагийн арга зүйн анархизмын нөхцөлд Нууц товчооны судлалд хэрэглэгдэж буй олон янз арга хандлагатай домог зүйн хандлага мөр зэрэгцэн ажиллаж байна.

Гэхдээ миний үзэж буйгаар, энд, өөрөөр хэлбэл, Нууц товчоон судлалд, домог зүйн хандлага нь шинжлэх ухааны болон хүмүүнлэгийн ухааны бусад аргатай нэгэн эгнээнд тэгж ажиллахын сацуу бас нэмэлт “хам үүрэг” гүйцэтгэх учиртай санагдана. Тэгэхдээ домог зүйн хандлага хүчин мөхөстсөнөөс тийм “хам үүрэг” үүсч байгаа бус, харин домог зүйн хандлагын ач тус бусад арга зүйд нь хэрэгтэй учраас тийн үүдэлтэй гэж бодно.

Энэхүү санаагаа лавшруулж үндэслэхийг оролдож үзье. Монголчуудын домог, домог зүйн сэтгэлгээ, тэдгээрт тулгуурласан ертөнцийг үзэх үзэл, Тэнгэр шүтлэг хийгээд Тэнгэр үзлийг үеэ өнгөрөөсөн, хуучны үлдэгдэл, хоцрогдол мэтээр үзвээс бидний хувьд айхавтар алдас болох юм. Язгуур өв соёлын маань голомт руу гаднын тулгалт хийгдэж, дотоодын ухвар мөчид хүчин түүнийг нь хөхүилэн хөөрөгдөж, үндэсний өнгө, өвөр төрхтэй бүхнийг маань тийнхүү “феодалын үлдэгдэл” хэмээн адлан шахаж, хавчиж байсан гашуун түүх тун саяных билээ. Энэ бол бидний зайлшгүй авах ёстой сургамж юм.

Сургамж эс авбал, Их Монгол Улсыг байгуулсан, улмаар хүн төрөлхтний түүхийг дэлхийшүүлсэн, Даяарын Амар Амгалан, Энх Төрийг (Pax Mongolica) тунхаглаж түүхийн тавцанд зуунаас зуунд тодорч магнайлсан монголчуудын оюун сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийн онтологи (бие даасан ахуйлаг) үндэслэгээ эргэлзээтэй байдалд орох юм. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсийн аугаа их түүх, өв соёл, түүний дотор Монголын нууц товчоон ч үгүйсгэгдэнэ гэсэн үг. Загалмайтан европынхны зүгээс монголчуудын их үйл хэрийг харлуулж, нэр төрд нь халдан гутаан доромжилж тараасан цуурхал гүтгэлэг, “хар домог” хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

Нэгэн цагт дэлхийг бүтээж, тодорхойлж асан монголчуудын их хөлгөн судар Монголын нууц товчоон бол дэлхийн судар юм. Тиймээс ч ЮНЕСКО шийдвэр гаргаж, Монголын нууц товчооны 750 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ. Тэр үйл явдалтай утга хоршин монголчууд өөрсдийгөө тодорхойлж, Хэрлэний хөдөө аралд наадамлан эзэн Чингис хаанаараа дахин овоглох болсон билээ.

Монголын нууц товчоон бол монголчуудын Тэнгэр шүтлэг, Тэнгэр үзэл, бэлгэдэл эрхэмнэл, дом ёсонд төвлөсөн домог зүйн сэтгэлгээний бүтээл! Энэ сэтгэлгээ бол Ариун Газарын төлөө “загалмайтны аяныг” удаа дараа өрнөөсөн тэр цагийн шашны суртал сэтгэлгээтэй адил биш. Бас, гагц шинжлэх ухааныг баримжаалан туйлширсан эрс рационал сэтгэлгээ биш гэдэгт эрхбиш эргэлзээ үгүй байх аа.

Ингэж хандаж үзэхэд, монголчуудын домог зүйн сэтгэлгээний дүр төрх, бүтэц бүрэлдхүүн, түүний цөм болох ертөнцийг үзэх домог зүйн үзэл, түүнийг дагалдсан тахилга тайлгын гээд элдэв зан үйл нь  ямар байсан талаар үй түмэн асуудал ундарна. Харин эдгээр чухал асуудлыг нэг бүрчлэн нарийвчлан авч  үзнэ гэвэл үндсэн сэдвээс хазайхад хүрнэ. Учир нь миний энэ удаагийн яриа, дээр дурдсанчлан, Нууц товчоон судлал дахь домог зүйн хандлагын “хам үүрэг” рүү чиглэж байгаа билээ.

Тийм болохоор, аливаа овог аймаг, угсаатан бүрийн сэтгэлгээ, оюун ухаан нь анхнаасаа илбэ дом, домгийн сэтгэлгээнд хөллөн өндийж, өнөөгийн дүр төрхөө олсон тул тэд эртний үндэс язгуураа ямар нэг тотем шүтлэгтэй холбон домогчлон тайлбарладаг гэдгийг л тэмдэглэе. Монголын нууц товчооны эд эс бүхэн нь монголчуудын домог зүйн сэтгэлгээ, түүний утга бэлгэдэл, заншил ёсоор цогцлон бүтсэн болохоор тэрээр домог зүйн судалгааны объект төдийгүй, түүний нууц руу нэвтэрч, учиг тайлах гэсэн хэн боловч түүний энэхүү домог зүйлэг мөнчанарыг харгалзан үзэхээс өөр аргагүй юм.

Эдүгээ монгол судлалыг хөгжүүлэн буй эрдэмтэн судлаачид Нууц товчоог судлан өдий төдий бүтээл туурвиж гайхамшигтай амжилтанд хүрч байна. Харин тэдгээр судалгааны үр дүн зарим тохиолдолд хол зөрөөтэй байна. Үүнийг Нууц товчооны анхдагч эх, эртний монгол хэлний авиазүйн болоод үгийн гарвал зүй, утгын талаарх судалгаа бүтээлүүдээс харж болох юм.

Олон ургальч үзэл, чөлөөт сэтгэлгээ, өнөө цагийн аргазүйн анархист нөхцөлд энэ нь хэв ерийн байдал, зүй зохис боловч манай судлаачид шинжлэх ухааны логик-рационалист арга зүйг хэт туйлшруулан баримталж, үнэлэмжийн хандлагыг орхигдуулж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрдөг юм.

Үнэлэмжийн хандлага гэдгийн дор би энд, юуны өмнө, домог зүйн болон бусад иррационалист арга хандлагыг онцолж байна. Өөрөөр хэлбэл, судалгааны аргууд үнэлэмж-домог зүйн хандлагыг дэвсгэрлэн өөр хоорондоо хоршиж ажиллавал нэгдмэл объектив үр дүн  гаргаж авахад дөхөмтэй гэж бодож байна. Яагаад гэвэл, Нууц товчоон бол монголчуудын домог зүйн сэтгэлгээний бүтээл. Ийн хандаж үзэхэд, ер монголчуудын домог зүйн сэтгэлгээ нь бүр эрт  цагаас Еврази дахины домог зүйтэй холбогдол бүхий байсныг санахад илүүдэхгүй. Өнөө цагийн манай нийгмийн ердийн ухамсар, өдөр тутмын амьдралд шинжлэх ухаанч сэтгэлгээ гол чиг баримжаа болдог бол Нууц товчоон бичигдэх үеийн манай нийгэм, олон нийтийн ердийн үзэл, сэтгэлгээнд домог зүйн хэв маяг зонхилж байсныг нотлох гэх нь илүүц билээ. Тэр цагийн монголчуудын үг яриа, үйлс ажил бүхэн ид шидийн  хүчийг олж, илбэ дом, дом шившлэг, ритуал зан үйл дагалдсан байх учиртай. Үг бол юмсын амин бүрэлдхүүн, үл үзэгдэгч сүнс ид нь юм. Тэр цаг бол сэтгэлзүй, зөн совингийн нөлөөлөл хүчтэй байсан үе. Хаад язгууртан, удирдагч, бөө зайран нарын үг хэл нь цахилгаанд цохиулах мэт, чухамдаа тэнгэр ниргэх мэт онцгой нөлөө, эрчмийг үзүүлдэг байсан цаг.

Тэр учраас үгийн хорио цээртэй, тэр цээрийг зөрчсөн этгээд өөрөө хорио цээр болж, нэг ёсондоо, бузартаж, бусаддаа гай болохгүйн тулд хүний ёсноос гадуурхагдаж, эрт үедээ бол, хорио зөрчсөнөө мэдэрмэгц “ичиж”, татран тусан албинтаж үхдэг байсан (харин одоо бол “ичиж үхэх шахдаг”, тэр ч байтугай, цээр зөрчсөн этгээд “ичих нүүрэндээ илэг наасан” цаг) тухай сайхь цагийн сэтгэлгээний ном зохиолд бишгүй дээ нэг өгүүлдэг. Үгээр хүнийг үхүүлж ч болно, амьдруулж ч болно гэх хэлц чухам тэр цагт илүү бодот утгатай байсан аж. Үхэгсэд хийгээд араатан амьтан, өвчин зовлонгийн нэрийг хэлнэ гэдэг тэдгээрийг дуудлаа гэсэн үг. Мал ахуйн дэргэд тийн хэлэх нь нэн цээртэй. Тийм болохоор, үгийн хүчээр гай зовлонг ч тонилгон зайлуулж, дотоод сэтгэлийн жаврыг үргээж, тайтгарлыг олдог цаг асан. Чухамдаа тэр цагийн нийгэм нь тэр чигтээ бэлгэдэл, эрхэмнэл, домогчлол, хорио цээр, хэв ёс зонхилсон тогтолцоо байлаа. Од эрхэс, орчлон хорвоо, байгаль дэлхий, гол мөрөн, газар ус, уул толгод тэр чигтээ домог, домогчлол байв. Тийм болохоор тэдгээр нь зөнч домоглогч хүн зоны “уншдаг” дэлгээстэй ном байжээ. Ул мөр нь одоо ч хэвээр яригдсаар, бишрэл төрүүлсээр.

Тийм болохоор, Монголын нууц товчооныг монголчуудын домог зүйн хэлээр бичигдэж, домог зүйн сэтгэлгээ нь тусгал биеллээ олсон, домог зүйн сэтгэлгээний эрин цагийн бүтээл хэмээн үзэж буй юм. Нэгэнт үг авиа нь ч ид шид, дүрээр утгажсан байдаг болохоор домог зүйн хэл нь өөрөө ерөөсөө үйлдэллэг, дүрслэн төсөөлөхүйн чөлөөт логиктой (үүнийг мэргэжлийн ном зохиолд алогик учирзүй гэх нь ч буй), уянгалаг найраглаг, бишрэм сүслэм байх билээ. Харин он цаг улирч алсраад, олон хэлээр дамжаад, одоо цагт орчин үежээд, бид ч билгийн мэлмийгүй болоод Нууц товчооныхоо бичгийн хэлний чухам ид шидлэг утгыг нь олж харахгүй болчихсон бус уу! Нууц товчооныг аль болох хуучин, анхны хэл аялгуун дээр нь унших тусам түүнд шингэсэн домогзүйн сэтгэлгээ илүү тод мэдрэгдэнэ гэдэгт итгэж байна.

Бас, илбэ дом, домог зүйг үнэн мөнөөр ойлгоход ангич үзэл суртлаас үүдэлтэй уламжлалт тайлбар ч сөрөг нөлөөлөлтэй санагдана. Тийм нэг жишээг дурдъя. “Үг хэл хүний амьдралд ач тус болж байсан нь үгийг ид шидтэй юм шиг бодож, ямар нэг гай зовлон, аюул заналыг үгийн хүчээр зайлуулж болно гэсэн гэнэн бодол төрүүлж байв. Энэ нь дом шившлэг, бэлэг дэмбэрлийн үгнээс тодорхой харагддаг” [15.19]. Зан үйл, дом шившлэг, бэлэг дэмбэрэлийн үгс бүх ард түмэнд бүхий л цаг хугацаанд байснаар барахгүй шинжлэх ухаанч рационал сэтгэлгээний өнөө үед ч байгаа, цаашид ч байж л таарна. Тэгэхээр, тэдгээрийг “гэнэн бодол” хэмээн “шоовдорлох” явдал үндэслэлгүй нь ойлголмжтой.

Эл дашрамд, Монголын нууц товчооныг Тэнгэрийн судар хэмээн үзсэн эрхэм бээрийн үгийг эш татах нь зохист хэмээн үзэж байна. “Домог бол дом. Дом бол тэнгэрийн сүр хүчийг дуудах, мууг зайлуулах үгийн шид. “Нууц товчоо” ны эхлэл жирийн үг байх учиргүй. Алтан ургийн нууц шүтээн-судар домтой л шившлэгээр эхэлж таарна. Тиймээс Тэнгэрийн хутагт шаньюйн сүр сүлдийг “Чингис хааны узуур”-ын эхэнд дуудсан хэмээн тайлах шалтгаан хангалттай юм… Нууц товчоо бол асар олон хийсвэрлэл бүхий, бичигдсэн цагийнхаа домогзүйн сэтгэлгээг уран сайхнаар амилуулсан, тиймдээ ч хүний сонирхлыг татахуйц болж чадсан зохиол юм” [1. 14, 24]. Үйлийн удирдамж бологч тийм домогчлол сэтгэлгээ болбоос өвөг дээдсийн маань зан үйл, шүтлэг бишрэлд нь хамгаас тод тусгагдсан ажгуу. Монголчуудын язгуурын дээд шүтээн бол Мөнх Тэнгэр юм. Мөнх Тэнгэрт шууд харьцдаг тахилч эзэн нь улсын хаан, түүний элч бөө зайран нар байжээ. Мөнх Тэнгэр бол Тэргүүн Нууц. Түүнд нэвтэрч сүр хүчийг ологч нь гагц Алтан Ургийн Их Хаан бүлгээ. Өөр хэн ч биш. Энэ утгаараа Монголын нууц товчоон Мөнх Тэнгэртэй хэрхэн харьцах тайлга, тахилга хэрхэн хийх төрийн их ёслолын дэг журмыг үлгэрлэн тогтоосон тахилгын судар ч мөн. Тэгэхдээ Алтан Урагийнхны эрхэмлэн дээдлэх их шүтээн, нууц судар юм. Энэ судар бол номонд биелэн хувилсан Мөнх Тэнгэр. Тэнгэр Их Хааныг мөнхөлсөн Мөнхийн Судар. Библид өгүүлснээр, Иисус нь Эзэний хүү юм. Монголын нууц товчоонд өгүүлснээр, Чингис бол Мөнх Тэнгэрийн Хаан-хүү! Тахилга тайлгын тийм ариун дагшин газар нь Бурхан Халдуны сав газар, Хэрлэний хөдөө арал хавь ч  байсан биз. Хорхонагийн  Саглагар мод ч зайран бөө бууж, Мөнх Тэнгэрийн дохио зөн, зарлиг сонсгодог газар байсан бололтой. Тус модыг тойрч орчилдон “Хавиргандаа хуулга болтол, өвдгөндөө өлхөг болтол дэвсэн” хуримлан жаргасан [7. 25] гэснээс үзэхэд тэнд монгол зон сүлдэр тотем, онгод тэнгэрүүдтэйгээ ижилсэн өвөг дээдсийн хийморь хүчийг олж, оройжин шөнөжин хатирдаг ойгүй их хөөрөл наргиа болдог байсан биз ээ. Тэнгэрийг нь тахидаг Их Хайрханууд өнөө цагт ч төрийн тахилгатай хэвээр, хүн зоны ариун дагшин шүтээн болсоор, сүсэг итгэл тээсээр ажгуу.

Монголчуудын домог зүйн сэтгэлгээний цөм бол ертөнцийг үзэх тэдний домог зүйн үзэл юм. Монгол домгийн ертөнцөд Тэнгэр, Газар гэх хоёр их хүрээ байдгийг судлаачид тэмдэглэдэг [4. 87]. Орчлон ертөнцийн үүсэл гарлын талаарх тэдний төсөөлөл нь тэнгэр газар эедсэн бүх “эхлэлийн эхлэл” үүтгэлийг дахин давтан сүр их хүчийг нь сэлбэн, сэргээн шинэчилж, өөрсөддөө ч шинэ хүч эрчмийг олж авахад чиглэсэн домогчлол байв. Энэ сүр их хүч гагцхүү хаанаар дамжин газар дэлхийд түгэх бүлгээ.Тэд орон зай, цаг хугацааны нийлэмжээс эхлээд Мөнх Тэнгэр хүртэл онцгой төсөөлөлтэй ажгуу. Энэ нь юуны өмнө домог зүйн “гэр загварт” төсөөлөл юм. Гэр бол микроорчлон. Энэ төсөөлөлд газар дэлхий дөрвөн зүг, найман зовхис, төвийг эзэгнэх нэг орон гээд есөн оронтой. Төвийн оронд гал голомт бадрах учиртай, энэ орныг Галын Тэнгэр эзэгнэнэ. Тэнгэр эцэг Газар эхтэй эедэхдээ есөн оронд нь бууж хөллөнө. Тэр цагийн домогзүйн ийм төсөөллийн нэгэн хураангуй бэлгэдэл нь эртнээс уламжлалтай есөн хөлт Цагаан Туг болой. Монголын нууц товчооноо их хааныг өргөмжлөн бүхий зүйлд “Төдий сисгэй туургат улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хуриж, есөн хөлт Цагаан туг байгуулаад, Чингис Хаанаа Хан нэр тэнд өгөв” [11. 990] хэмээн өгүүлсэн байдаг. Чингисийн их гүрний үеийн монголчуудын ертөнцийг үзэх үзлийн чухал бүрэлдэхүүн болох шүтлэг бишрэл нь бөө мөргөлөөс илүү өндөрт хөгжсөн байсныг олон судлаач шинжлэн тогтоожээ [3. 319-350].

Домог зүйн сэтгэлгээ нь монголчуудын бүхий л амьдрал үйл, тухайлбал, тоглоом наадгайд ч шингэн бэлгэдэл ёс болон өвлөгджээ. Тийм нэг наадгай нь Цагаан Сарын битүүнд өрөөд шинийн нэгнээ тоглодог “Алаг мэлхий өрөх тоглоом” юм. Энэ тоглоомын утга бэлгэдэл нь ертөнцийн үүслийн тухай монгол түмний домогтой холбоотой. Тэр ч байтугай сайхь тоглоомыг тэнгэрийн дуу, аянга цахилгааны улирал болох зун цагт тоглохгүй гэсэн цээр ёстой аж. Монголын нууц товчоон бол ийм түм түмэн бэлгэдэл эрхэмнэл хийгээд цээр ёсны нэвтэрхий толь билээ.

Бас нэг тэмдэглэх учиртай зүйл бол монголчуудын домгийн сэтгэлгээ, Тэнгэр үзлийг “байлдан дагуулал, эзлэн түргэмгийллээ нуун хаацайлах гэсэн халхавч” байсан мэтээр сурталдсан тайлбарын инерци манай нийгэм-түүхийн сэтгэлгээнээс харьж саармагжаагүй байгаа явдал юм. Чингис хааны шинэ тулгар төрийн гол бодлого бол монгол аймгуудын хооронд өнө удаан үргэлжилсэн дайн самууныг зогсоож, улмаар, даяар  энх тайвныг тогтоох явдал мөн хэмээн ахмад үеийн олон судлаач онцолж тэмдэглэдэг. Тийм ч учраас, “Эзэн хааныг Тэнгэрийн ивээлээр энэ дэлхийд энх амгалан тогтоохоор илгээсэн тэнгэрлэг язгууртан мөн гэсэн үзэл санааг өргөн дэлгэр сурталчилж байжээ” [5. 115]. Ийм объектив үндэслэгээ бүхий дүгнэлтийн ард заавал нэг “үзэл суртал”  дагалдаж, “аливаа байлдан дагуулагчдын нэгэн адил Чингис хаан төвшитгөн тохинуулах, энх амгалан тогтоох хэмээх нэрээр ийнхүү өөрийн байлдан дагууллаа халхлан хаацайлж байжээ” [5. 117] гэсэн шошго зүүх нь монист марксист үзэлтэй цагийн аяс байсан гэхээс өөр аргагүй билээ.

Чухамдаа, дээр дурдсанчлан, монголчуудын бүхий л ажил үйлийг харсан тэнгэр, түүний шид домын далдлаг хүч дагалдаж байдаг хэмээх нь тэр цагийн уламжлалт үзэл. Тэр үзэл ёсоор, тэнгэрийн хаан хүү газар дэлхийн явдлыг төвшитгөн, орчлон хорвоог амар амгалан тогтоон барих учиртай. Тэнгэр Эцэг улаач зараалаар, хаан эзнээр, зүүд зөнгийн дохиоллоор далдуур тэдэнд үйлчилж байдаг. Тэнгэр язгуурт дээд төрөлт хаад нар Дээд Тэнгэрт хандан өргөл тахил үйлдсэнээр амьдралыг залан жолоодож, Тэнгэр Газарыг эетүүлж зохист болгодог гэх нь тэр цагийн домог зүйн сэтгэлгээний жам билээ [13. 12].

Тийм болохоор, түрэмгийллээ нуун далдлах, зөвтгөх гэсэн бус, харин домог зүйн сэтгэлгээний аксиом нь тийм гэдгийг эрхбиш зөвшөөрөх сөн болов уу. Дундад зуун хэмээх эринийг мянган жилийн харанхуй байсан мэтээр үздэг өрнөөс угшилтай үзлийг Монголын мандал бадрал няцаах бүлгээ. Хатуу үйл байсан гэвэл, цаг түүхийн эгшин хатуу догшин байсан билээ. Гэхдээ Их Монгол улсын Их Хаан язгуурын домог зүйдээ суурилсан, аль ч шашны үзлийг хүлцэж тэвчих Тэнгэр үзэл, Тэнгэр шүтлэгийн итгэл үнэмшилтэй байв. Үүнээс өөр итгэл үнэмшилтэй байсан бол хүмүүнлэг ёсны хязгаараас алсарч давсан сүйтгэл болох байсан байж мэднэ. Загалмайтны аян дайн, хүн төрөлхтөнд шинжлэх ухааны сэтгэлгээ давамгайлах болсон “хөгжингүй” хэмээх үеийн дэлхийн дайнуудаас харахад тийм дүр зураг сэтгэлд бууж, сэжгийн хар сэр төрдөг юм. Загалмайтны шашин хийгээд шинжлэх ухааны рационал сэтгэлгээг сүлдэлсэн өрнөдийн хожуу үеийн түүх ч хатуу догшин байсан төдийгүй, хувьсгалт туршилт, пуужинт террор хийсэн билээ. Түүний нэг жишээ нь европт хөллөж дорно тийш зүтгэн боссон ороолон мөн бөгөөд эрт цагаас Энх Амгалангийн номлол (Pax Mongolica)-той монголчууд бүхий л талаар хүч хавсарч, мөнөөх нацист хар хүчийг дарж даяарын энх цагийн үүдийг нээсэн нь түүхэн үнэн билээ.

Монголчууд домог зүйн сэтгэлгээ, итгэл бишрэлийхээ охь ерөнхийлөл болсон Тэнгэр шүтлэгт тулгуурлан тэнгэрч үзлийг бүтээсэн талаарх манай нэр хүнд бүхий эрдэмтний байр суурийг энд толилуулах нь илүүц биш, шаардлагатай юм. Тэнгэрийн үзэл буюу тэнгэризмийг ертөнц дахины шинжтэй, бүхэл бүтэн улс төрийн үзэл суртал болохуйц төвшинд үүсгэсэн хэмээн академич Ш.Бира гуай үзэж байна [5. 5-12]. Тус үзлийг тодорхой хэлбэрээр бүтэцчилэн тайлбарласан сурвалж бичиг үгүй ч, сайхь эрдэмтэн монгол болон бусад хэлээр бичигдсэн эх бичвэрийг мөшгин лавшруулж, уг үзлийг сэргээн тодруулах оролдлого хийж, санал дэвшүүлсэн нь үндэслэлтэй төдийгүй, үнэмшилтэй санагдана. Харин монголчууд түрэмгийлэл ноёрхлоо энэ үзлээр зөвтгөх гэсэн мэт тайлбар санаа дагалдах нь домог зүйн хандлагын байр сууринаас ч, түүх бол дотоод сэтгэлзүйн сэдэлтэй гадаад үйл явц болох тухай өнөө цагийн түүхийн философийн арга зүйн хувьд ч төдийлөн оновчтой бус юм.

Нууц товчооныг, улмаар эх түүхээ философи үндэслэлтэй тайлбарлахад домог зүйн хандлага чухал үүрэгтэй хэмээн үзэж байна. Үүнээс үүдээд, нэр алдартай эрдэмтдийн хувьд ч байх бас нэгэн хуурмаг үнэлгээ санааг анхаарахгүй байж болохгүй юм. Жишээлбэл, Монголын эзэнт гүрэн дэлхийн түүхийг боломжтой болгосон хэмээн үздэг Хидэхиро Окада  “Монголын нууц товчоо” бол Чингис хааны сүмд тахидаг бурхны гарлын тухай зохиол болохоос Монголын эзэнт гүрний албан ёсны түүх биш тул бодит явдалд үндэслээгүй. Ялангуяа монгол угсаатан бичиг үсгийн тэмдэглэлгүй байх үеийн Чингис хааны үйл хэргийн тухайд “Монголын нууц товчоо” бараг л чөлөөтэй хийсвэрлэн зохиосон, итгэж үл болох тул түүхэн сурвалж болгон ашигладаггүй” [8. 256] гээд зохиолын бичлэг нь өөрөө тал нутгийн нүүдэлчдийн амьдралын бодит мэдрэмжийг агуулсан уран сэтгэмж юм хэмээн бичжээ. Чухам үнэндээ 1220-иод онд Чингис хаан Гуулин улсаас их хэмжээний цаас, бэх, үзэг ирүүлэх зарлиг илгээж байсныг л дурдъя [10. 21-26]. Миний үзэхээр, Монголын нууц товчоон бол тэнгэр язгуурт хаадын зарлигаар бичигдсэн, тэдний улс төрийн үйл ажиллагааны албан ёсны түүх, Эцэг Тэнгэрт айлтгах, урин өчих өчил төдийгүй, улс төрийн гэрээслэл-бодлого нь юм [9]. Тиймийн учир энэ их хөлгөн туульс бол чухам Тэнгэрийн Судар ажгуу [1].

Бас, XX зууны нэртэй түүхч Арнольд Тойнби нүүдэлчдийн соёл иргэншлийг төлөвшин тогтоогүй, өрнөх зам зууртаа зогсонги байдалд орж саатсан, давагдашгүй хүчийг сөрж гараагүй агаад нүүдэлчид Их талын  боол  болж, улмаар түүхгүй ард түмэн болж  хувирсан [12. 188-194] гэжээ. Чухамдаа бол, тэд сууршигсад нүүдэллэн аж төрөх ёсыг соёл иргэншил болгож чадаагүй билээ. Европ төвт моноцентрист арга зүйг, формацийн онол хандлагыг дорно дахины түүхийн тайлбар луу шууд экстраполяци хийх гэсэн оролдлого XIII зууны монгол овогтнуудыг балар эртний овог хүйтэй хольж андуурахад хүргэдэг бололтой.

Формацийн онолыг манай түүхэнд холбогдуулан хэрэглэхдээ хүрвэл, Карл Маркс ч монголчууд хийгээд Их талын нүүдэлчдийн түүхийг тайлбарлахад төвөгтэй байдалтай тулгарч, “Азийн үйлдвэрлэлийн арга” хэмээх ойлголт оруулж ирснийг эрхбиш санах хэрэгтэй санж. Харин залгамжлагч нар нь уг ойлголтыг “азийн деспотизм”, дорнын деспотизм гэсэн нэр томъёогоор тодотгон ангич хандлагаас улбаатай сөрөг утга шингээсэн тохиол бий. Тэгвэл, төгс төгөлдөр төрийн тухай платонч үзэл хийгээд шашин соёлд зүй ёсны үнэлэмжтэй хандвал харах өнцөг эерүү болж эргэнэ хэмээн үзэж байна. Тэгэхлээр, монголчуудын домогзүйн сэтгэлгээ, ертөнцийг үзэх домогзүйн үзлийн онцлогийг Евразийн Их Талын түүх, соёлын тодорхой нөхцөл байдалд нь хүлээн зөвшөөрөхгүй өрнөдийн судлаачдын арга, хандлагыг шууд шалгуур болгох аваас бид өөрсдөө соёл иргэншлээ үгүй хийж, тэдний “аманд орж” түүхгүй болох нь ээ.

Монголын нийгэм, монголчуудын соёл, түүхийг гадна талаас нь ажигласан А.Тойнби нарын шалгуурыг харгалзан үзэхийн сацуу монгол соёлыг “дотроос нь”, өөрөөр хэлбэл, тэдний ертөнцийг үзэх үзлийн цөм, онцлогийг тодруулан, өвөрмөц арга хандлага хэрэглэж монгол соёл иргэншлийг үндэслэх оролдлого хийсэн эрдэмтэн судлаач А.Цанжидын санаа энд сонирхолтой санагддаг юм [14. 44-128]. Судлаачийн үзэл ёсоор, монголчууд балар эртний овгийн зохион байгуулалтаар хэсэг бусаг, отог омгоор оршсоор, зөвхөн нүүдэллэсээр нэгэн хэвээр байж эрин зууныг элээсэн нь үгүй, тэд төр улсаа эмхлэн байгуулж, түүхнээ эрт цагт товойж, тодорсон ард түмэн юм. Түүгээр ч зогсохгүй, түүхийг дэлхийн хэмжээнд бүтээх Тэнгэрийн зарлигтай байсан бүлгээ. Тийм ч учраас, монголчууд улс төрийн нэгж болохын хувьд Г.В.Ф.Гегель болон түүний шавь Карл Марксын онол номлолын хараанд тод томруун тусч үлджээ.

Дүгнэлт болгон өгүүлэхэд, бид Монголын нууц товчооныг чухалчлан өргөн дэлгэр судлах болж байн. Энэ их хөлгөн туульст бүхэлд нь, эс ширхэг бүрт нь монголчуудын домог зүйн сэтгэлгээ нэвт шингэжээ. Нэгэнт тийм учраас Нууц товчоон нь домог зүйн судалгааны бие даасан судлагдахуун төдийгүй, түүнийг судлаач хэн боловч домог зүйн арга хандлагыг харгалзах учиртай болж байна. Энэ байдал нь манай өв соёлын учигийг тайлахад суурь нөлөө үзүүлэх Монголын түүхийн философид нэн чухлаар хамааралтай асуудал юм.

Дэлхий дахинаа дундад зуун хэмээн нэрлэсэн тэр цаг үед шашны сэтгэлгээ, суртал номлол зонхилж байхад монголчуудын хувьд домог зүйн сэтгэлгээнд хөллөсөн Мөнх Тэнгэрийн үзэл оройлж магнайлж байв. Тодруулбал, монголчуудын түүхийг тайлбарлахад монголчуудын домог зүйн сэтгэлгээ, ертөнцийг үзэх домог зүйн үзлийн онцлогийг тухайлан харгалзах хэрэгцээ байна.

Нэг үзэл суртал хатуу хяналтаа тогтоон харгалзаж байх үеийн нийгэм-хүмүүнлэгийн судалгаа шинжилгээний бүтээлийг бид шууд хүлээн авах бус, эдүгээгийн олон ургальч арга зүйн нөхцөлд зохицуулж нийцүүлж, судалж сурталчилж байх нь судлаачийн мэргэжлийн үүрэг хариуцлага мөний сацуу ахмад үеийн судлаачиддаа үзүүлж буй эрдэм судлалын болоод ёс суртахууны  хүндэтгэл мөн гэж үзэж байна.

Бурхантны шашинг нийтээр шүтэж байхад ч, марксизмын (чухамдаа тийм нэртэй бурхангүй шашны) суртлыг хүчээр тулгасан он жилүүдэд ч монголчуудын Тэнгэр үзэл, Тэнгэр шүтлэг, домог зүйн сэтгэлгээ устаж үгүй болоогүй, зарим талаар илүү ч утгажсан буй. Язгуурын соёл мөнчанараа хадгалан үлддэг ажгуу. Хэлмэгдлийн хар шуурга айл хотлыг нөмөрч, хувьсгаалч төрийн мэлмий манантан, нүүр буруулсан тэр цаг дор язгуурын Тэнгэр шүтлэг л ард зоны Аврал, дотор сэтгэлийнх нь хань ижил болж ирсэн буюу. Эдүгээ ч монгол түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн Тэнгэр, Хангайд сүүн цацлаа өргөсөөр, Уул Ус, Долоон Бурханаа шүтсээр, “Унасан газар угаасан ус минь” хэмээн бишрэн залбирсаар авай. Энэ бол Монгол нууц товчооныг бүтээсэн мөнөөх домог зүйн сэтгэлгээний хураангуй илрэл юм.

Ном зүй

  1. Аюурзана Г. (2016). Тэнгэрийн судар УБ.
  2. Бира Ш. (2013). Монголын тэнгэрийн үзэл ба эдүгээгийн дэлхийчлэлийн үзэл. – Мөнх тэнгэрийн ухаан. Эмхтгэсэн Ш.Должинсүрэн УБ.
  3. Гумилев Л.Н. (2012) Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд. Орч. Г.Төмөрхадуур. УБ.
  4. Дулам С. (2018). Домог зүй, бөө мөргөлийн судалгаа. Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган. УБ.
  5. Жүгдэр Ч. (2006) Монголын нийгэм-улс төр, философийн сэтгэлгээний хөгжил. УБ.
  6. Мирча Элиаде (2020) Домогзүйн сэтгэлгээ. УБ.

1 Comment

  • Гайхалтай сайхан бичжээ. Бид үнэхээр МНТ-гоо философи талаас нь харах хэрэгтэй.

Comments are closed.