• 2025-05-05

Жангар туулийн 9 эшлэл

№1. “ТУУЛИЙН ТУЙЛЫН САНАА

Жангарын тууль хоёр зуу илүү жилийн өмнөөс судлагдаж европ, дэлхий дахинд танигдсан Монгол туургатны сэтгэлгээний охь дээж болсон бадрангуй гайхамшигт бүтээл. Европын туулийг багтаасан олонх газар орны туулийн аман уламжлал аль эрт мөхсөн байхад, Азийн туулийг багтаасан нэг хэсэг газар орны тууль нь харин амьд уламжлал хэлбэрээрээ одоо хүртэл оршсоор байх юм (Д.Таяа, 2016). Мэдээж хэрэг жангарын туулийг бүрэн бүтэн, дэг ёсны дагуу хайлах, түүнийг хайлахыг тойрч суугаад сонсох ахуй, орчин үгүй болж байгаа боловч монголын оюуны соёлын нэгэн гайхамшигт эрдэнэ болохынх нь хувьд бид оюун санаа, ухаан бодолдоо эрхэмлэн дээдэлж, сүүлчийн амьсгалыг нь хадгалан үлдэх үүрэг хүлээсэн ийм цаг үед амьдарч байгаа билээ. Зөвхөн баатарлаг тууль гэлтгүй олон зүйлсийг бид нүүдлээс суурин иргэншилд шилжих замдаа гээж байгаа. Бидний нийгэм нийтээрээ зүтгээд зориод байгаа иргэншил хэмээгч зүйл үнэхээр байдаг бол,  тэр нь гайхамшигтай ар бумбын оронд байх Жангарын орд өргөө шиг ЦУЛ МӨНГӨН үүдтэй  бол түүний өмнө бид хүрч очоод сүүлийн нүүдэлчин алхан орохын өмнө түр зогсоод эргээд харах боломж олдвол (олдож гэмээн),  өвөг дээдсийнхээ, монгол түмнийхээ ахуй, үнэт зүйлс, сэтгэлгээний зарим үнэт нандин өвүүдийг туулсан замынхаа дагуу, зарахыг нь зарж, мартахыг нь мартаж, гээхийг нь гээсэн болохыгоо ойлгон зарим нэг нь эргэж гүйхийг хүсэвч ганцхан талтай  тэр үнэт эрдэнэ нь эргэж олдохоосоо өнгөрсөн байна гэдгээс айж байна. Иймийн тул “ШИХЭР ДАЛАЙ”-г шүүрдэн муруй сарий хэдэн санааг эрээчин суух нь үүх түүх, өв соёлдоо хэрхэн хандах талаар бага зэрэг эрэгцүүлсэн хэлбэр юм. Монголчууд балар эртний туулиа манай судалгаанд зориулж яг хөндөлгүй тэр хэвээр нь цээжилж авчирсан биш, харин нийгмийн олон шатыг давж ирэхдээ шат бүрийн шинэ ухамсраар түүнийг өөрчлөн хувиргаж шинэчилсээр иржээ (Буянхишиг & Төгсбаяр , 1990). Нэгэнт зарим эрдэмтдийнхээр монгол туургатны туульс сүүлийн амьсгалаа авч байгаа бол ирээдүй хойч үедээ бид юуг өвлүүлэн үлдээх вэ? гэдэг асуудал тулгарч байна. Туульсаас чухам юу үлдэх вэ? нийгэм цаг үеийн үнэт зүйлс баатарлаг туульд хадгалагдан үлдэж бидэнд ирэх боломж бий юу? Юуны учир эдүй зуу зуун жил Жангар тулийг монгол туургатан нүүдэлчид хайлж сонсож, хүндлэн биширч хадгалан дамжуулж ирсэн бэ? Зөвхөн урлаг, гоо зүйн шаардлагаар эдүгээг хүртэл оршин тогтнож байсан гэвэл өрөөсгөл ойлголт болох нь дамжиггүй. Хэрхэн үүссэн, хэрхэн хувирсан, хэрхэн нүднээ амьд хэл нь мөхөж байгаа зэргийг судалж байгаа нь сайшаалтай хэрэг боловч зөвхөн шүлэглэлзүй, түүхэн үндэс, текст, сэдэв байгууламж  зэргийг шинжлэн судлахаас гадна бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн оюун санааны ой дурсамжийг олж харах нь чухал юм. Гэхдээ үүнийг үлгэрлэг домоглог сэтгэлгээнээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Соёл /culture/ ба иргэншил /civilisation/ хэмээх ойлголт нэр томъёо нь энгийн ярианы төвшинд болон ахуйн хэрэглээний орчинд синоним утгатай нэг ойлголт маягаар хэрэглэгддэг боловч хоорондоо зарчмын ялгаатай ухагдахуун юм. Соёл нь илүү амьдлаг, иргэншил нь хөшүүн царцанги мөн чанартай. Соёл нь чанар иргэншил нь тоон үзүүлэлт. Соёл статик шинжтэй иргэншил динамик шинжтэй. Соёл нь язгуурлиг иргэншил нь ардчилархаг мөн чанартай. Соёл нь хүмүүнлэг бол иргэншил нь технократ хандлагатай. Соёл шашинлаг бол иргэншил нь шинжлэх ухаанч тэмүүлэлтэй (нар, 2006, хууд. 9).  Ингэж үзвэл соёлын нэгэн өв болсон баатарлаг туульсаа хэрхэн иргэншлийн хөшүүн царцанги мөн чанраас тоон үзүүлэлт болгочихолгүй авч үлдэх вэ?

Соёл бол нэн түрүүнд эх монгол хэл, шүтлэг, урлаг, ёс заншил, төрт ёсны тухай тодорхой үзэл, ном бичиг эх дэлхий ба од гаригсийн талаарх ертөнцийг үзэх үзлийн элемэнтүүд зэрэг нэлээд төрөл нь ердийн төвшний бясалгал, тайлбарын чухал чухал үр дүнгийн цогц, тэдгээрийн практик хэрэгжилт юм (Ц.Гомбосүрэн, 2011, хууд. 59) гэж үзвэл Жангар яах аргагүй соёлын нэгэн үнэт зүйл мөн гэдэг нь гүн ухааны үүднээс ч тодорхой байна.

Оросын эрдэмтэн И.Е.Чучайкино, И.А.Акимова нар: “соёл нь мэдээллийг үеэс үед дамжуулах, хадгалах үүрэгтэй ба мэдээлэл дамжуулах хоёр суваг байдаг. Түүний нэг нь уг гарвалын сан хөмрөг (генефонд), нөгөө нь янз бүрийн төрлийн текстэд буй ой санамж буюу дурсамжийн сан хөмрөг (менефонд) юм” гэж тодорхойлоод соёлыг дамжуулдаг дээрх хоёр замын эхнийх нь бие махбодьтой, хоёрдахь нь сэтгэл оюун санаатай холбогдоно. Гэтэл хэл нь уг гарвал ба санамж дурсамжийн аль алиных нь шинжийг агуулах тул тухайн ард түмний соёлын язгуур, эх сурвалж болдог гэж үзсэн байна (нар, 2006, хууд. 10). Тэгвэл аман зохиол, баатарлаг тууль нь генефонд, менефонд хоёрыг цогц шингээсэн монголчуудын өвөг дээдсийн ой санамж, дурсамжийн сан хөмрөг юм. Урьд өмнө бидний домог,  туульс, үлгэрийн хэтрүүлэл, уран сэтгэмж гэж хэмээн тооцож байсан олон зүйл маань өнгөрсөн нэгэн эрин цагийн бодот байдал, түүний тухай  ой дурсамж, мөн ирээдүйн зөгнөл байж болохоор байна (С.Дулам, 2011, p. 7).

Нэгэн зүйл: Ард түмний туйлын хүсэл

Сайн сайхны тухай ойлголт нь олон янз  ард түмний ахуй, түүх, зан заншлаас улбаалаад өөр өөр байх боловч тухайн ард түмний туйлын хүсэл мөрөөдлөөс урган гарч ажиглагдаж илэрч байдаг зүйл ажээ. Нийгмийн түүхийн аль ч үед ард түмэн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийг биежүүлэн тээсээр байдаг билээ. Гэхдээ сайн сайхны хэмжүүр бидэнд байгаа юу? Монгол туургатны сайн сайхны тухай ойлголтын нэгэн оргил нь Жангар тууль дахь Бумбын орны тухай ойлголт юм. Бумбын орон нь бур бур хийсэн хуртай, сэр сэр хийсэн салхитай, өвөлгүй хавраар, зунгүй намраар байдаг. Дээрээ дарлах дарлалгүй, дэргэдээ халдах дайсангүй, ёх гэх өвчингүй, яв гэх заргагүй ийм л  орон. Аян дайны хөл, байгалийн хатуу ширүүн сорил, нүүдэлчин ахуйгаас ийм агуу сайхны тухай ойлголт урган гарчээ. Тансаг бумбын таван сая албат нь таван сарын газарт арай багтмаар буурилсан. Өл манхан цагаан уул нь газар тэнгэрийн хүис болсон, өргөн шартаг далай нь өнгөтэй бадмын гэрэл цацруулсан. Зургаан мянга арван хоёр баатар нь зураг болсон Хонгор нь Алдар ноён Жангар нь амгалан жаргалангийн дээдээр ард олноо алив харь дайснаас сахин хамгаалсан ийм л нутаг.  Энэ хэсгийн / “жангар”-ын эхлэл хэсгийн/ “үхэлгүй мөнхийн оронтой, үргэлжид хорин таван насны дүрээр байдаг” гэдгийг хүмүүний хүсэл мөрөөдөл гэж хэлж болох боловч “өвөлгүй хаврын хэвээр, зунгүй намраар, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр гэсэн салхитай, бур бур гэсэн хуртай  бумбын орон” гэснийг “хүн төрөлхтний сайн сайхны хүсэл мөрөөдлийн дуулал  (У.Загдсүрэн, 1976, хууд. 234), эрдэмтэн С.Дулам нэгэн өгүүлэлдээ: “Жангар”-ын туульд дүрслэгдээд байгаа “даарах хүйтэнгүй, халах халуунгүй, сэр сэр гэсэн салхитай, бүр бүр гэсэн хуртай Бумбын орон” нь чухамдаа ийм халуун орны дүр зураг ч биш, яг энэ хоёрын завсархи (Төв азид гуравдагч галавын сүүл, дөрөвдөгч галавын эхэн үеэр ийм аятай сайхан нөхцөл бүрдсэн гэж үзэх болжээ) шилжилтийн зөөлөн дулаан уур амьсгалт тэр цаг үеийн ой дурсамж бөгөөд тэр нь Жангарын туульд Бумбын орны дүрээр илэрч байж болох юм (С.Дулам, 2011, хууд. 10).   Халимагийн нэрт судлаач Кичиков өөрийн номдоо (Төля, 1974) бумбын орны сүр сүлдүүдийн нэг нь   “Өл манхан цагаан уул” хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд  нь тэрхүү санааг Г.Ц.Пюрбеев дэлгэрүүлэн “…бумбын орны тал дунд нь байх энэхүү ариун шүтээн болсон уулын орой дээр Арслангийн араг улаан Хонгор хүдэр занданаар дөрвөн хөлтэй ширээ урлаж ард нь хурц жад туг хоёрыг нь хатгаж орхиод Алдар Жангарын дуутай нэрийг гурав дуудаж, хаан болгох ёс хийснийг “Жангарын төрөө авсан бүлэгт” өгүүлснийг дурдсан байдаг (Г.Ц.Пюрбеев, 2015). Ерөөс Өл манхан цагаан уул нь  газар тэнгэрийн хүйс болоод өглөө мандах нарны хөлд манхайн байдаг. Энэ мэт  уулын тухай ойлголт нь эртний үлгэр туульст байдаг газрын өр, ариун уул, сүмбэр уул зэргээр дүрслэгдсэн байдаг.    Өргөн шартаг гэдэг далай нь өрүү сөрүү урсгалтай, өнгөтэй бадмын гэрэл гараад байдаг нь “бумба далай”, “бумбын далай” гэх мэтээр орон нутгийнх нь нэрээр нэрэлсэн байдаг. Ийм сайхан бумбын орны туг сүлд нь Алтан баарин шар-цоохор туг агаад Алдар Жангар Арван цагаан хуруундаа Алтан шар цоохор тугаа бариад Амьтай дэлхий цугаар минийх гэж хайрлаж л  суудаг” гэж өгүүлснийг ургуулан бодвол энэ алтан шар цоохор туг  хэмээгч нь Алтан шар наран ажээ. Дээрээ нарнаас өөр туг хиар үгүй сэтгэлгээний эрх чөлөөт ард түмний амгалан жаргалант амьдралын тухай хүслийн дээд илрэл нь ЖАНГАР ТУУЛЬ ажээ.

Нэгэн зүйл: Амьдрал, үхэл  хийгээд ертөнцийг үзэх үзэл

Ертөнцийг үзэх үзэл бол ертөнц гэж юу болохыг, түүнтэй хүн ямар холбоотойг, улмаар хүний амьдралын утга учир ба зохистой байр суурь нь юу вэ гэдгийг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлж буй хоорондоо уялдаатай янз бүрийн үзлийн цогц юм (Ц.Гомбосүрэн, 2011, хууд. 10). Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр байсан юм. Энэ үзлийн төлөвшил нь  овгийн байгууллаас төрт ёсны байгуулалд шилжиж байсан нэн эртний үед голлон хамаардаг (Ц.Гомбосүрэн, 2011, хууд. 99).

Бумбын орныг сахин хамгаалан байдаг  зургаан мянга арван хоёр баатрын дунд шалгарсан арван хоёр баатар ээм далаа шүргэлдэн  элбэг найрын сууринд халамцан  байдаг. Дөрвөн зүг найман зовхисоос хуран цугласан энэ арван хоёр баатар дотор шилдэг сайнаараа магтагдсан Хонгор хэмээх баатар байх агаад  Араг улаан Хонгор, Базаг улаан Хонгор, Баатар улаан Хонгор, Асар улаан Хонгор, Бумбын улаан Хонгор, Дуутын улаан Хонгор, Далай улаан Хонгор, Урьдын улаан Хонгор, Залуу улаан Хонгор, Зоримог улаан Хонгор, Дүүвэр улаан Хонгор, Найтаг улаан Хонгор, Эзэн улаан Хонгор, Эрвэлзсэн улаан Хонгор (Б.Х.Тодаева, 2009, хууд. 383) гэх мэтчилэнгээр олон янзаар нэрлэдэг нь хоосон магтаал  биш бөгөөд “Зуун жилийн зовлон үзэвч ёо гэж үзээгүй, Зургаан сар ташуур султгалгүй гүвдүүлсэн ч гурван аман үг алдаж үзээгүй” зориг тэвчээр тэсвэр хатуужлынх төлөө олгосон алдар нэр ажээ. Хонгор тэргүүтэй бумбын орны баатрууд зорьсон үйлийнхээ төлөөх зориг сэтгэлээ өгүүлэх тангараг нь “Асгарахад аяга цус, Үхэхэд үмх мах, Нагирахад найман чөмөг” (Б.Басангова, 1960, хууд. 65) хэмээх мөн чанарын тухай ойлголт ажээ. Үнэхээр л үхэх цагт үмх мах ч үгүй, асгарах цагт аяга цус ч үгүй, нагирах цагт найман чөмөг ч үйрэх орчлон гэдгийг илэрхийлэн байна. Мөн “Аягаар нэг цус аль уулын бэлд, Асгарахыг мэдэшгүй, Арван цагаан яс аль уулын бэлд Агирахыг /хувхайрахыг/ мэдэшгүй” (Б.Басангова, 1960, хууд. 233) гэх мэтэд эрт цагийн дайны уриа дуудлага лугаа энэ үгэнд нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийн нэгэн үндэс нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Хүн хэмээх усан нүдэт, цусан зүрхт, хоёр хөлт хохимой толгойт амьтны буй чанарыг үүнээс илүүгээр таних боломж үгүй юм.

“Үдээс давуу халуун байдаггүй, Үхсэний хойно жаргал байдаггүй” гэх.  Ерөөсөө үхлийн тухай ойлголт нь урд хойд нас энэ насны буян нүгэл, хүсэл тачаалын үр дагавар гэж бодох сэтгэх, хойд насандаа сайн төрлийг олох, мөнхийн хаанчлалын оронд очих, их шүүлтийг хүлээх, буруу номтнуудыг арилгах гэх мэт олон үзэл баримтлал, эш номуудаас ялгарах нь “Үхсэний хойно жаргал байхгүй” хэмээх ойлголт болой. Үүнийг бидэнд хэлж үлдээсэн нь Жангар тууль юм байна. Үдийн нарнаас халуун нар байхгүйтэй агаар нэгэн зүйл бол үхсэний дараа жаргахгүй хэмээх ойлголт. Гэхдээ Үхсэний дараа жаргахгүй юм чинь гэх өчүүхэн бодол тээхгүй байх аа гэж уншигч таньд найдна. Үхсэний дараа жаргал байдаггүй гэх нь өнөөдрийн жаргалаа бод гэсэн үг бас биш ажээ. Энгийнээр ойлгохыг оролдвол  ирээдүйгээ батлан хамгаалах тухай үзэл гэлтэй. Үүнийг л өвөг дээдэс маань бодож үүнийг шүлэглэсэн  гэж итгэнэ.  Шүлсээр унд хийж, шүдний махаар хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явахдаа үхлийн тухай бодож явжээ. Нүүдэлчдийн амьдрал ахуй сэтгэлгээнд үдийн нарнаас давах халуун үгүй, зайлах ч амьтан үгүй. Үдийн нар гэдэг бол үнэн шудрага, шулуун, чинь зориг юм. Нарны алтан цацраг хийгээд, үхлийн хар савраас нуугдаж чадсан хохимой толгойтон ч үгүй юм. Үнэн шудрага чинь зоригийг барьж үйл бүтээж гэмээн үхсэний хойно жаргах жаргахгүй нь юуны учир.

 

Нэгэн зүйл: Нэр төр, андгай тангараг  

Дараагийн асуудал нь нэр төрийн тухай асуудал гэж үзвэл. Бидний хөөцөлдөн гүйдэг карьер гэх ойлголтоос эрс өөр.  Нүүдэлчид  нэр төрийн тухай асуудалд хэрхэн хандаж ирснийг мөн эндээс үзэж болно. Тэдний хувьд амь нас андгай тангараг юм. Жангар бол дөрвөн талын дөчин хааны нутгийг эрхэндээ оруулж, эзэн ноён Жангар гэх нэрээ их холд дуурьсган дөчин дөрвөн хөлтэй дүнхгэр мөнгөн ширээн дээрээ дүүрэн гарсан арван тавны саран мэт мандаж суудаг. Гэхдээ Жангар эрхэн хоёр настайдаа догшин мангаст нутгаа дайлуулж өнчин ганц биеэр үлдсэн гурав орогч насандаа аранзал зээрдийн үрээ цагт хөл өргөж мордсон гэдэг. Гарснаасаа нааш газар усаа алдаагүй, төрснөөсөө нааш төр шажнаа алдаагүй ч гэдэг. Тэгсэн хэр нь түүний нэр төрийг сахин хамгаалах нь дурдагдах олон баатруудын  үүрэг гэж ойлгож болмоор. Энэ нь нэг талаараа эв нэгдэл, эрх мэдлийг илэрхийлж байгаа ч нөгөөтэйгүүр Жангарын нэр төр алдар гавьяа гэдэг нь Баян хүнхээн Алтан Цээжийн цэцэн мэргэн ухаан, араг улаан Хонгорын эр зориг, орчлонгийн сайхан Миньяны авьяас билэг сайхан төрх, Хүнд гарт Саварын хүч чадал, бумбын орны амгалан жаргалан юм. Гоо үзэсгэлэн, хүч чадал, ур ухаан, авьяас билиг, цаашлаад эрх мэдэл, эд баялаг, төр засаг бүгд нэгэн гар дор  цогцлоно гэдэг нь хэцүү бэрх хувь учир нэг нь нөгөөгөө нөхөх чанартайг  монголчуудын сэтгэлгээний нэгэн тулгуур ойлголт байсаар ирсний илэрхийлэл юм. Иймээс алдар Жангарын нэр төр гэдэг бол бумбын орны энх амгалан, эдгээр олон баатруудын үйл хэрэг бүр Жангарын нэр төрийг харсч хамгаалж буй хэлбэр юм. Мөн туульд “Хәр hазрт оч арhсн, түләнә күн болҗ заргдхин орчд, әгр хар булгин көвәд ааh цусан асхлцнав” /харь газарт очиж аргал түлээний хүн болж зарагдахын оронд, агир хар булгийн хөвөөнд аяга цусаа асгалъя/ (Б.Басангова, 1960, хууд. 98) гэсэн өгүүлэмж байх бөгөөд Айх Догшин Магнай хааны нутагт очиж аргал түлээний хүн болж нэр төр андгай тангарагаа умартсанаас хагсуу хар булгийн хөвөөнд аяга цусаа асгалцсан нь дээр байж. Бас л нэр төр аминаас үнэтэй гэдэг нь илт. Үүнээс Жангарын баатрууд “Энэ яваа насаа буруугүй зөвөөр өнгөрүүлье, эцэс сүнсэндээ сайн оронд хамт төрье” гэх буюу “Энэ яваа насаа буруугүй зөвөөр өнгөрүүлье, эцэс сүнсэндээ жодвын цаас болъё” хэмээн ариун цагаан мирдээ /сахиусаа/ солилцон андгай тангарагаа өргөсөн байдаг ба энэ андгайгаа мартаж, Алдар Жангар, бумбын орноос урваж, дайсан хүчтэй хэмээн айж дутаасан баатар нэгээхэн ч үгүй билээ. Хонгоргүй Жангар, хүнд гарт Саваргүй аян дайн, Жангаргүй бумбын орон, бумбын оронгүй ард түмэн гэж байхад бэрх гэсэн ойлголт гарч ирж байна. Иймийн учир Бумбын орны баатрууд            ЖИЛ НАС ХОЁРОО ЖАДНЫ ҮЗҮҮРТ ӨЛГӨЕ!  ЖИЛБЭ БАХ ХОЁРОО ГАНЦХАН ЖАНГАРТАА ӨРГӨЕ! гэж андгай тангараг өргөсний учир буй за.

Нэгэн зүйл: Гоо сайхны үзэл

Гоо сайханд хандах хандлагын хувьд ч мөн олон зүйлийг ажиглаж болно. Эд хэрэглэл, хувцас хунар, зэр зэвсэг, агт морь зэргийн хүч чадал, өнгө зүсийг олон талаас нь дүрслэн үзүүлсэн нь олонтоо бөгөөд зөвхөн гоо сайхан ч бус хүч чадлын илэрхийлэл болж  байдгаас гадна эд зүйлс зэр зэвсэг нь тухайн түүхэн ахуй нөхцлийг тодруулахад чухал үр нөлөөтэй байж болох ажээ. Цөөнгүй судлаачдын бүтээлд туулийн баатруудын хатад, дагинасын гоо сайхны илэрхийллийг судлан өгүүлсэн байдаг нь тивийн дөрвөн хааны хүүхнийг голоод, түвшин дөчин есөн ноёны хүүхнийг голоод нар гарах үд хоёрын хооронд байдаг ном төгс хааны хүүхэн арван зургаатай агай шавдлыг залсан нь наашаа, цаашаа харахад нь наад, цаад далайн жараахай тоологдом үзэсгэлэнтэй байдаг тухай өгүүлсэн нь эмэгтэй хүний гоо сайхны эрхэм илэрхийлэл болсон дүрслэл гэж үзэл үүнээс гадна эр хүний сайхны тухай ойлголтыг ч мөн агуулж байна гэж үзэж болох юм. Жишээлбэл хүн бүхний мэдэх Орчлонгийн сайхан Миньяныг өгүүлж болох бөгөөд цаашлан өгүүлэх аваас “Хонгорын гэр авлагын тухай бүлэгт” Догшин цагаан Зул хааны албатууд Жангар, Миньян хоёрыг хараад “…бэр хүн үзэхлээд бэлийнхээ гурван товчийг султган дагав, хүүхэн хүн үзээд хөхнийх нь гурван товч тасран дагав, эмгэн хүн үзээд утгуураараа газар шавдан ийм сайхан хүн миний арван таван настайд таарах нь яалаа” (Б.Басангова, 1960, хуудсд. 58-59) хэмээн дагаж байгаа тухай өгүүлжээ. Үүнээс илэрхий тодорхойхоор эр хүний сайхны тухай өгүүлэх боломжгүй ажээ.

Нэгэн зүйл: Ирээдүй хойчдоо итгэх   

Ирээдүй гэдэг ямагт таавар мэт нууцлаг байдаг. Нөгөөтэйгүүр ирээдүйн тухай ажиг таамаг ч цөөнгүй. Жангар туульд ч мөн ирээгүй 99 жилийг тааж мэддэг, ирсэн 99 жилийг тоочиж хэлдэг зөнч баатрын мотив цөөнгүй байх боловч ирээдүйн тухай итгэл найдвар дараах байдлаар илэрч байна. Жангарт эрт цагийн бөө мөргөлийн үлдэл үзэгдэл болон олон янзын хуучин ёс уламжлал, үлгэр-зүйрлэл, тахил  тахилга, тайлга, тарни уншлага, цацал мялаалга зэрэг хадгалагдан үлдсэн байна (Г.Ц.Пюрбеев, 2015, хууд. 167). Үүнээс гадна ирээдүйн тухай хамгийн ерөнхий, баларлаг мотив бол үр удмаа үлдээх, тэдний сайн сайхны төлөө тэмцэх зэрэг болно. Ерөөс ирээдүй гэдэг бол хойч үедээ итгэх итгэл найдвар гэлтэй.  Ард түмнийхээ амгалан жаргалангийн төлөө, Алдар Жангарынхаа алдар нэрийн төлөө, бумбын орныхоо зол жаргалын төлөө агуу үйлсийн төлөө сэтгэл шулуудах цагтаа “надтай адил хүн энэ хараасан хүүхний, хараалд хүрээд үхэвч, ард минь хишиг ихтэй Богд Жанарын оронд, надтай адил нэг хөвүүн, эс төрөх гэж үү? (Б.Басангова, 1960, хууд. 39) хэмээн сэтгэх нь ирээдүй хойчдоо итгэх итгэлийг хураан өгүүлсэн хэлбэр мөн байтал түүний үргэлжлэл болон үлдсэн бидэнд эх орноо гэх ийм агуу сэтгэлийг энд тэндээс эрэх хэрэг байна гэж үү? Нээрэн л ирээдүй хойч үедээ итгэхээс гүн гүнзгий, ирээдүйн тухай бодол сэтгэл үгүй бөгөөд  энэ нь нүүдэлчин ард түмний итгэл найдварыг хадгалж буйн илрэл юм. Үнэхээр сэтгэл байх аваас энэ насыг эх орон ард түмний амгалан жаргалангийн төлөөнөө өргөж болох мэт боловч ямар нэгэн үйлдлээр эс үзүүлвээс сэтгэл гэдэг нь биегүй хоосон чанартай учир тэр бүр нүднээ үзэгдэж гарт баригдах нь үгүй. Иймд тэр сэтгэлээ үйлээрээ батлан үзүүлэх хэрэг гарах нь зүй. Эх орныхоо төлөө хийж буй үйлс бүхэн нь ард түмний амгалан жаргалангийн эхлэл байж болох.  Энэ мэт Бумбын орон нь нүүдэлчин монголчуудын оюун санааны диваажин юм.

Үүгээр ч зогсохгүй үр хүүхдээ хайрлах үзэл хандлагыг, хэдий алтан сүбмэр багана мэт ар бумбын орны амгалан жаргаланг хамгаалагч Араг улаан Хонгор байтал арав таван настай хүүхэд мэт энэрэн хайрлах Шигшрэгийн үйлдлээс харж болно. Жишээлбэл, “Хонгорын гэр авлагын бүлэгт” Догшин цагаан Зул хааны хүүхнийг авах атаа маргаан хийх цагт хоёр хүргэнийг ноолдуулья /барилдуулья/ гэхэд “Жангар зарлиг болов.

  • Хүүхдүүд барилдахаар
  • Гүйгээд байдаг нэг өвгөн байна
  • Түүнийг дарж байх

Таван мянган мангасын хөвүүд өгөгтүн гээд Бөх мөнгөн Шигшрэгийг хасаг төмөр тэргэнд хүлээд, таван мянган мангасын хөвүүдээр даруулж гэнэ. Барилдаад Хонгорыг доройтуулж дийлэх шахахад, хасаг төмөр тэргээ хүү татаад, таван мянган хөвүүдийг тал тал тийш нь шидээд, Малаа цагааныг гар хөлийг нь хугалаад шаржигнуулаад хаяад орхив (Б.Басангова, 1960, хууд. 60) хэмээн үр

хүүхдээ энэрэн хайрлах хэдий далан хааны нутгийг дангаар оруулж өгсөн зориг хүчтэй баатар хөвүүн боловч эцэгтээ энгүй хайран сайхан хүү болж дүрслэгдсэн нь эцэг эхийн үр хүүхдээ хайрлан хүмүүжүүлэх сэтгэлийн илэрхийлэл болжээ. “Хошуун Улаан, Баатар Жилган, Алиа Шонхор гурвын бүлэгт”

Шорооноос нягт эс билүү

Шоргоолжноос олон хишигтэй нутаг эс билүү

Далан хааны ордонд нэг

Атаа маргаан авмаар

Аргатай хүү гарсан байлгүй (Б.Басангова, 1960, хууд. 120) хэмээн өгүүлсэн нь

мөн ирээдүй хойчдоо итгэх итгэлийг илэрхийлж байна.

Дээрх цөөн ишлэлээс дүгнэн үзвэл монгол туургатны баатарлаг тууль тэр тусмаа Жангарын тууль нь аман зохиолын сод бүтээл төдийгүй ард түмний олон зуун жилийн амьдралын гүн гүнзгий мэдлэг ой дурсамж шингэсэн бүтээл болох нь маргаангүй юм.

Номзүй

  1. Б.Басангова. (1960). ДЖАНЪГЪР. Москва: Изд.Восточной литературы.
  2. Б.Х.Тодаева. (2009). Я изучаю “Джангар” Калмыцко-русский словарь. Элиста: ГУ “Издательский дом “Герел””.
  3. Буянхишиг, & Төгсбаяр . (1990). Монгол ардын аман зохиол шинжлэл. Хөх хот: Өвөрмонголын их сургуулийн хэвлэлийн хороо.
  4. Г.Ц.Пюрбеев. (2015). Эпос “Джангар” культура и язык . Элиста: КИГИРАН.
  5. Д.Таяа. (2016). “Жангар”-ын аман уламжлалын буурал доройтлыг судлахын учир. Могол боловсрол утга соёлын чуулган, 91.
  6. нар, Д. (2006). Утга зохиол . Улаанбаатар: Битпресс.
  7. С.Дулам. (2011). “Жангар” туулийн зөн билгийн мэдлэг: уран сэтгэмж, бодот үнэн. BIBLIOTHECA OIRATICA ХХII, 7-19.
  8. Төля, К. (1974). Баатрлг дуулвр Жангр. Элиста: ККИздательство.
  9. У.Загдсүрэн. (1976). Монголын уран зохиолын тойм II. Улаанбаатар : ШУАХэвлэл.
  10. Ц.Гомбосүрэн. (2011). Философи сурах бичиг. Улаанбаатар : Артсофт.

 

Б.Нанжид